Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

       Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Сд холбогдох 2316000200019 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...-ны өдөр төрсөн, ...настай, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, ээж, аав, дүү нарын хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, ... регистрийн дугаартай, О овогтой А-н С.

Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Сг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... хашааны гадна 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө хамтран амьдрагч Б.Мг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.С нь тус аймгийн Есөнбулаг сумын ... тоот хашааны гадна 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Мг хувийн таарамжгүй харьцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан гараараа 1 удаа хүчтэй цохисон үйл баримт тогтоогдож байна.  Дээрх үйл баримтын улмаас Б.М нь нүүрэн тус хэсгээрээ газар унаж улмаар эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтээр баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан байх тул энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

          1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.С гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч А.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Эхнэртэйгээ таарамжгүй харилцаа үүсээд архи уугаад тиймэрхүү зүйл болсон. Хувийн асуудал байсан. Би ажилгүй байсан учир зээл мөнгө төгрөгийн асуудал байсан. Өөрийнхөө бурууг ойлгож байгаа. ...Өмнө нь маргалдаад 2022 онд цагдаагаар шалгагдаад би ажлаас халагдаж байсан. Хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад торгуулийн арга хэмжээ авч өгнө үү. Би торгуулийн ял төлж чадна. Орлогогүй ч гэсэн торгуулийг төлж чадна. Манай эхнэр ч гэсэн шүүхийн шийдвэрт ажилладаг учир хэцүү байна. Торгуулийг төлж чадна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найз нөхдөөрөө спорт заал аваад тоглож байгаад 22 цаг өнгөрч байхад заалнаас манай найз залуу А.Стай гарсан. А.Сгийн найз Н таараад манай гэрт хүргүүлээд гэрийн гадаа очоод юм ярьж байгаад буцаж дэлгүүрийн гадаа очоод А.С нэг шил архи аваад манай гэрийн гадаа очоод хувааж уусан. Би уугаагүй. Тэр архиа А.С, Н хоёр ууж дуусгаад машинаас буухад А.С Нтайгаа архи ууна гээд явах гээд байхаар А.Сг авч үлдсэн. А.С уурлаад байсан. Би тэгэхээр нь оръё оо, манай хашаанд ах ирчихсэн байна гэж хэлсэн. А.С танай ах дүү нар намайг архичин гэдэг гээ биз дээ гэж хэлээд уурлаж байснаа гараараа миний баруун хөмсөг орчим нэг удаа хүчтэй цохисон. Би нүүрэн хэсгээрээ газар унасан. Тэгээд босож ирээд суухад миний хөмсөгнөөс цус гараад нүүр нэлэнхүүдээ цус болсон. ...А.С миний баруун хөмсөг орчим нэг удаа гараараа хүчтэй цохисон. Гэхдээ тэр үед харанхуй байсан. Түүний дараа би нүүрээрээ газарт унасан. Өөр намайг цохиогүй...” гэх мэдүүлэг /ХХ72/,

 

          Гэрч Х.Он мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 01 сарын 05-ны орой 20 цагийн үед Есөнбулаг сум ... тоотод аавынхаа хашаанд очсон. Тэгээд гэртээ очоод байж байтал ээж Т.Х утсаар яриад Б.М тонгойчхоод ёолоод хэвтээд байна гэж хэлсэн. Тэгээд би шөнийн 01 цагийн үед буцаж аавын хашаанд очоод А.С, Б.М хоёрын байдаг гэр рүү нь ортол гэр нь нэлэнхүүдээ цусанд будагдсан, бас Б.Мгийн өмсөж явсан хувцас нь нэлэнхүүдээ цус болсон байсан. Б.М толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Би хөнжлийг нь очиж сөхөөд хартал нүүр нь цус болчихсон, баруун нүд хөмсөг тойруулаад язарсан, мах нь харагдаж байсан. Тэгээд би болсон талаар асуухад А.С юу ч дугараагүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шөнө Д.Б.Мг дагуулж очоод эмчид үзүүлэхэд доод уруулын дотор хэсэгт язарсан байна. Баруун хөмсөг язарсан байсан ба оёо тавиулсан. А.Сгаас болсон явдлын талаар асуухад юу ч хэлээгүй. Б.М болохоор хардалтаас болж зодсон гэж надад хэлсэн. Удаа дараа Б.Мгийн биед гэмтэл учруулж, амь насыг нь хохироохыг завдаж байна...” гэх мэдүүлэг /ХХ76/,

 

          Гэрч Т.Хын мөрдөн байцаалтад өгсөн:  “...Тэгээд О бид 2 гэр рүү нь ортол Б.М хөнжил нүүрэн дээрээ дарчхаад ёолоод хэвтээд байсан. Тэгээд О хөнжлийг нь сөхөөд хартал нүүр ам гар хөл нэлэнхүүдээ цус болсон, нүднийх нь дээд талд нэлээн урт гурвалжин хэлбэртэй язарсан байсан..." гэх мэдүүлэг /ХХ80/,

 

          Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай “1.Б.Мгийн биед баруун хөмсөгний дээд хэсэгт шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, эрүүнд цус хуралт, зулгаралт, хамрын нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт /ХХ84-85/ болон эрх бүхий албан тушаалтын хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ4-12/, аюулын зэргийн үнэлгээ тогтоосон тэмдэглэл /ХХ20-22/, аймгийн нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хохирогч Б.Мгийн 139 дугаартай өвчний түүхийн хуулбар /ХХ32-68/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Уг гэмт хэргийн улмаас Б.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Б.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүхээс шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

  Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.Сгийн шүүх хуралдаанд гаргасан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч О овгийн А-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

          2. Шүүгдэгч А.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

        4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Сд мэдэгдсүгэй.

      5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА