| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2019/0277/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 83
Ж.Б-, О.Л- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0277/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Г.Яндаг
Шүүгдэгч Ж.Б-
Шүүгдэгчдийн өмгөлөгч А.Мөнхбат
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолтой, О-ын Л-, Ж-ын Б- нарт нарт холбогдох, 1918002890267 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд нь 1980 онд Цэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109а-д зааснаар 1 жил 6 сар хорих ял., 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ********** регистрийн дугаартай, Б- овогтой О-ын Л-.,
Монгол Улсын иргэн, урьд нь:
2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн,
2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1.т зааснаар 2 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Б- овогтой Ж-ын Б-.
Шүүгдэгч О.Л-, Ж.Б- нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2019 оны 4 цүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 цүгээр багт байрлах “Тана” хүнсний дэлгүүрийн лангуунаас 12.500 төгрөгийн үнэтэй, 0.75 литрийн “Хараа” шошготой 1 шил архийг худалдагч С.Ө-д хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, дээрэмдэх гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт О-ын Л-, Б- овогт Ж-ын Б- нарыг согтуурсан үедээ бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтоллж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч О.Л-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1., 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 1 /нэг/ жил 3 /гурван/ сар хорих ял,
шүүгдэгч Ж.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 ., 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Л-д нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 4 /дөрвөн/ сараар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3., 4.т зааснаар шүүгдэгч О.Л-, Ж.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 .т зааснаар шүүгдэгч О.Л-гийн урьд цагдан хоригдсон 15 /арван таван/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч О.Л-, Ж.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй, 1 СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,
шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Л-, Ж.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Б- давж заалдах гомдолдоо:
...Тухайн өдөр би О.Л-тэй 16 цаг өнгөрч байхад “Краб” дэлгүүрийн өмнө таарахад “мөнгө байна уу, ганц шил архи авч уух” гэхээр нь “мөнгө байхгүй” гэтэл “бичиг баримт байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “цахим үнэмлэх л байна” гэж хэлтэл “Тана” дэлгүүр ороод тавьчих” гэхээр нь ортол худалдагч нь “архи зээлэхгүй, орой тооллоготой” гэхлээр нь гараад О.Л-д хэлсэн.
Гэтэл надад эрүүл мэндийн дэвтэр байна хамтад нь тавъя гэхлээр нь дагаад ортол нөгөө худалдагч охин зээлэхгүй гэж хэлтэл О.Л- лангуун дээрээс нь нэг шил “Хараа” нэртэй 0.75 грамм архи аваад архийг надад өгөөд гараад байж бай гэж хэлсэн.
Би архийг авч гараад хүлээж байтал гарч ирэхгүй байхаар нь яваад ортол нөгөө худалдагч охин, түүний нөхөр болон нярав хоёртойгоо байж байсан.
Би архийг өгч наад ахаа явуулчих хоёр ах нь буруу юм хийлээ гэхэд нөгөө охин энэ ах урд нь бас нэг удаа ингэж байсан, та явж бай гэсэн, гэтэл нөгөө нярав нь байж бай гээд цагдаад дуудлага өгсөн.
Би ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би өндөр настай эхийн хамт амьдардаг, мөн биеийн байдал “пара” өвчин буюу бүдүүн гэдэсний өвчний улмаас цагдан хорих байранд өвчин намдаах эм ууж байгаа бөгөөд хагалгаанд орох шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Б- тайлбартаа:
Би давж заалдах гомдлоо дэмжиж байна., тухайн үйлдэлд би оролцоогүй., өгсөн архийг авсан буруутай., миний биеийн эрүүл мэндийн байдал болон хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж үнэн зөв шийдэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат тайлбартаа:
Шийтгэх тогтоол үндэслэл муутай. Өмгөөлөгчийн хувьд энэ тухай саналаа анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан. Тэр дэлгүүр нь өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүр байсан ба О.Лхамсүрэн нь дэлгүүрийн худалдагчтай ноцолдож байхад Ж.Б-ын хувьд тухайн архийг аваад гараад явсан байдаг. Ж.Б- нь дээрмийн гэмт хэрэгт оролцсон гэдэг нь эргэлзээтэй юм. Түүний үйлдэл нь зөрчлийн гэмт хэрэгт хамаарах үйлдэл гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ж.Б-т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг дүгнэлтдээ:
Шүүгдэгч нарын үйлдэл тогтоогдсон., Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч О.Л-, Ж.Б- нарыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тана” хүнсний дэлгүүрийн лангуунаас 12.500 төгрөгийн үнэтэй, 0.75 литрийн “Хараа” гэсэн шошготой 1 шил архийг худалдагч С.Ө-д хүч хэрэглэхээр авч дээрэмдэж авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1., 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч О.Л-д 1 /нэг/ жил 3 /гурван/ сар хорих ял., шүүгдэгч Ж.Б-т 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судалж үзвэл:
2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд шүүгдэгч Ж.Б- О.Л-тэй санамсаргүй тааралдсан бөгөөд О.Л- түүнээс “мөнгө байна уу, ганц шил архи авч уух” гэхэд нь “мөнгө байхгүй” гэтэл “ дэлгүүрт тавих бичиг баримт байна уу” гэж асуухад нь “цахим үнэмлэх л байна гэхэд дэлгүүрт тавьчих гэж хэлсэн., Тэгээд Ж.Б- “Тана” дэлгүүр ортол худалдагч нь “архи зээлэхгүй, орой тооллоготой” бичиг баримт авахгүй гэхлээр нь гараад О.Л-д хэлсэн..,
Гэтэл надад эрүүл мэндийн дэвтэр байна хамтад нь тавъя гээд ороход нөгөө худалдагч охин танд зээлэхгүй гэж О.Л-д хэлсэн., Энэ үед шүүгдэгч О.Л- тэр лангуун дээрээс нь нэг шил “Хараа” нэртэй 0.75 грамм архи авсан., Ж.Б-ыг орж ирэхэд түүнд архиа өгөөд гадаа байж бай гэж хэлсэн.., Ж.Б- гараад хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь дэлгүүрт ортол худалдагч охин, О.Л-г гаргахгүй гээд О.Л- гарах гээд ноцолдож байсан байхаар нь шүүгдэгч Ж.Б- худалдагчид архийг өгөөд наад ахаа явуулчих хоёр ах нь буруу юм хийлээ.., гэхэд нөгөө охин энэ ах урд нь бас нэг удаа ингэж байсан.., та явж бай гэж Ж.Б-т хэлсэн., үйл баримт болсон байна.
Энэ нь үйл баримт нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:
- Шүүгдэгч О.Л-гийн өгсөн: Би хэргээ хүлээж байна., дэлгүүрт бичиг баримтаа тавиад архи авах гэтэл өгөхгүй гэхээр нь лангуун дээр байсан архинаас нь нэгийг автал худалдагч охин надтай зууралдаад архи өгөхгүй гээд байсан., энэ үед надтай цуг явсан Ж.Б- гаднаас ороод ирэхээр нь нөгөө архиа өгөөд гарч бай гээд худалдагтай зууралдаад үлдсэн... үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.., гэсэн мэдүүлэг.,
Шүүгдэгч Ж.Б-ын өгсөн ... Тэр өдөр бид хоёр гудамжинд тааралдаад О.Л- чамд бичиг, баримт байна уу дэлгүүрт тавиад ганц юм ууя гэсэн., Тэгээд дэлгүүрт ортол худалдагч охин бичиг баримтаар архи зээлээр өгөхгүй гэж хэлсэн., О.Л- лангуун дээр байсан архинаас нь нэгийг авахад нь худалдагч охин архиа өгөхгүй тэд маргалдаж зууралдсан байсан., энэ үед нөгөө архиа надад өгөөд гарч бай гээд худалдагтай зууралдаад үлдсэн... Тэгээд гарч ирэхгүй болохоор нь би буцаж орж архийг нь өгсөн .., үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг.,
Хохирогч С.Ө-ын өгсөн ... бичиг баримтаа тавиад нэг шил архи зээлээч гэхээр нь үгүй гэтэл тэр О.Л- нь яагаад зээлээр өгөхгүй байгаа юм бэ гээд намайг түлхэж холдуулаад лангуунаас 1 шил хараа архи авсан., би архи өгөхгүй гээд ноцолдож байсан чинь нөгөө ахдаа архиа өгсөн., би О.Л-г гаргахгүй гээд зууралдсаар гадаа гарсан., гадаа гараад зууралдсаар байгаад буцаж орж ирсэн .., гэсэн мэдүүлэг, / х.хийн 16-17-р хуудас/
Гэрч Ц.Г-ын өгсөн ...С.Ө- над руу лангуунаас согтуу хүн архи авлаа гэхээр нь очиход С.Ө- тэр архи авсан хүнтэй зууралдаад дэлгүүрийн гадаа зогсож байсан., гэсэн мэдүүлэг, /х.хийн 19-р хуудас/ болон дэлгүүрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэгээр нотлогджээ.
Эдгээр нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл тухайн үед шүүгдэгч О.Л- дэлгүүрт орж архи зээлэх гэсэн ., зээлэхгүй гэхэд нь дэлгүүрийн бараа /эд зүйл/ болох 1 шил, 12.500 төгрөгийн үнэтэй, ” Хараа” архийг авсан., худалдагч түүнд өгөхгүй гэхэд нь зууралдаж ноцолдсоноор дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж ял оногдуулсан хуулийн үндэслэл бүхий болжээ.
Харин шүүгдэгч Ж.Б-ын үйлдлийн хувьд дэлгүүрийн лангуунаас архи авсан дээрх үйлдэлд оролцоогүй бөгөөд түүнийг дэлгүүрт буцаж ороход шүүгдэгч О.Л- Ж.Б-т лангуунаас авсан архиа өгөөд чи гарч бай гэж хэлээд худалдагчтай зууралдаж үлдсэн., Ж.Б- гараад түүнийг гарч ирэхгүй болохоор нь дэлгүүрт буцаж ороод тэр хоёрыг зууралдаж байхад нь худалдагчид архийг буцааж өгөөд ...бид буруу зүйл хийлээ наад ахыгаа явуулчих... гэж хэлэхэд худалдагч та явж бай энэ хүн өмнө нь бас ингэсэн ... гэсэн үйл баримтаар шүүгдэгч Ж:Б- нь О.Л-д мөнгө байхгүй., мөн худалдагч бичиг ,баримт барьцаалж зэээлээр архи өгөхгүй гэхэд нь лангуунаас архи дээрэмдэж авсны улмаас тэдний хооронд маргаан гарч зууралдаж байгааг мэдсээр байж түүний өгсөн архийг авсан үйлдэл нь О.Л-гийн гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлийг мэдсээр байж авсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Мөн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар санамсаргүй тааралдсан нь тогтоогдсон бөгөөд харин дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, урьдчилж тохиролцсон, эсхүл үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх нөхцөл байдал, үйл баримт байхгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.д зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ж-ын Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1., 3.1 дүгээр зүйлийн 3.т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1., болгон өөрчлөн зүйлчилсүгэй... гэсэн заалт нэмсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дугаар заалтыг .,
- Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж өөрчлөн, тогтоох хэсэгт :
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Ж.Б-т хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 2., 3.т зааснаар түүнийг оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй гэсэн.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч Ж.Б- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй... гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 2., 3., 4 дугаар заалтын шүүгдэгч Ж.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Ж.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Ц.ТУЯА