Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0219

 

 

 

 

“Дя” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Дя” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дя” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.ЧО /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/1020/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаар шийдвэрээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-ийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Дя” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/*** тоот тушаалыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

         “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/*** дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

           “Дя” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. 

            Анхан шатны шүүх “Дя” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №2022/*** дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах гэрээ байгуулахаар гэрээний төсөл бэлдсэн боловч эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байна” гэжээ. Нэхэмжлэгч нь тухайн газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн газрын төлбөр төлөөгүй ба эдгээр зөрчил нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй болно. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газар ашиглах гурвалсан гэрээг хуулийн хугацаанд байгуулахаар хандаагүй байдаг. “Дя” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд /тухайн үеийн нэршлээр/ гэрээ байгуулахаар бичгээр хүсэлт, эсхүл шийдэхгүй байгаа талаар гомдол зэрэгт огт гаргаж байгаагүй байхад хариуцагч захиргааны байгууллага гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, Хан-Уул дүүргийн засаг даргад нэхэмжлэгчтэй байгуулах Газар ашиглах гэрээний төслийг хүргүүлээгүй хэмээн дүгнэсэн.

Түүнчлэн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгахдаа БОУАӨ-ийн яамыг буруутгахдаа хүчингүй болсон Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3,4 дэх хэсгийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т заасан “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг зөрчиж, хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргасан.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй буюу сайдын хуулиар олгосон эрх хэмжээнд нийцэхгүй шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, гуравласан гэрээний төсөл нь тус яаманд ирээгүй байхад ирээгүй төсөл дээр ямар хууль тогтоомжийн дагуу сайдыг гарын үсэг зуруулахыг даалгаж, гэрээний төслийг ХУД-ийн Засаг даргад хүргүүлэхийг даалгасан нь тодорхойгүй, хуульд үндэслээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч “Дя” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/*** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.

1.1.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2021 онд анх “Амралт сувилал” цогцолбор бариулахаар төсөл[1] боловсруулж, улмаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 03/02 дугаар албан бичгээр “...эх хүүхдийн эрүүл мэндийн сахин хамгаалах үүднээс төрсний дараах хүндрэлтэй эхчүүд болон өсөлт бага, ургийн гажигтай, дутуу бойжилттой хүүхдэд зориулсан эмчилгээ, асаргаа, сувиллын иж бүрэн амралтын төвийг хотын төвөөс 20 км-ын зайд байрлах Дархан цаазат Богдхан уулын орчимд байгуулахаар төсөл боловсруулж бэлэн болголоо. Иймд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дархан цаазат Богдхан уулын захиргааны эзэмшлийн бүсэд 1 га газар эзэмших, ашиглах эрхийг зохих журмын дагуу олгохыг хүсье” гэх хүсэлтийг[2] гаргажээ.

1.2.Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт “Дя” ХХК нь 3 дугаар сарын 1, 2-нд Газар ашиглах хүсэлт ирүүлсэн талаар бүртгэсэн байна[3].  

1.3.“Дя” ХХК нь 2021 онд “С” ХХК-иар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг Богдхан уулсын ДЦГ-ын Жын аманд хэрэгжүүлэх, “Амралт сувиллын цогцолбор” байгуулах төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ[4] хийлгүүлсэн байна. /Үнэлгээний тайлан/

1.4.Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 738 дугаар албан бичгээр[5] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт “...“Дя” ХХК-иас газар ашиглах хүсэлт ирүүлээд байна. Иймд “Дя” ХХК-д газар ашиглуулах асуудлыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт, 36 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох тухай түр журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.7 дах заалтын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг, мөн өдрийн 739 дугаар албан бичгээр[6] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст “...солбицол бүхий газартаа “С” ХХК-иар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд тайлантай танилцсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэх саналыг тус тус хүргүүлжээ.

1.5. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/*** дугаар тушаалаар[7] “...“Дя” ХХК-д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Жын ам нэртэй байршилд ****м.кв газрыг “Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах отоглох зориулалтаар барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахыг зөвшөөрч”, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 0***** дугаар бүхий гэрчилгээ[8]  олгосон байна.

 1.6.Нэхэмжлэгчээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01/22 дугаар албан бичгээр[9] Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “...*** регистрийн дугаартай “Дя” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ, тусгай хамгаалалттай газар нутгийн Жын аманд байрлах 1 га газар дээрээ төслөө хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан газар ашиглах гуравласан гэрээг шинээр байгуулах хүсэлтэй байна. Иймд та бүхэн бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.

1.7.Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Ирсэн бичгийн бүртгэл-хяналтын картад[10] “Дя” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг “Мөрөнд ...судалж хариу өгөх” гэж тэмдэглэн бүртгэж авчээ.

1.8.Мөн захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр[11] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан “..Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлэн хариу тайлбарыг авсан. Иймд дээрх иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг уламжилж байна” гэжээ.

1.9. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулах, ажиллах журам батлах” тухай тушаалаар[12] “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн газрын харилцаатай холбоотой хүсэлтийг судалж, газрын ашиглах эрхийн хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, ...зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зөвлөлийн ажиллах журмыг хоёрдугаар, хурлын шийдвэрийн тэмдэглэлийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсан”.

Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн XI хурлаар хэлэлцсэн асуудлын шийдвэрийн 2. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох. 39-т “Дя” ХХК, Талбайн хэмжээ-10297, Тайлбар-хариу тайлбар өгөөгүй, Шийдвэр-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтаар хүчингүй болгохыг 100% дэмжив.” гэжээ.

1.10.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар[13] “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/*** дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн “Дя” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн ****м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

1.11.Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1126 дугаар албан бичгээр[14] “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Жын аманд ****м.кв газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасны дагуу “Дя” ХХК-ийн төлөөлөл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор хүлээлгэн өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлжээ.

2.Нэхэмжлэгч “Дя” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...манай компанийн зүгээс гуравласан гэрээ байгуулахаар хэд хэдэн удаа биеэр хандсан боловч гэрээ байгуулаагүй өдий хүрсэн бөгөөд үүнээс шалтгаалж газрын төлбөрөө төлөх гэхээр газрын нэхэмжлэх үүсэхгүй, хаана хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй биднээс үл шалтгаалах захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүйд хүрсэн” гэж тайлбарлан маргаж байна.

2.1.Нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариуцагч захиргааны байгууллагаас “...Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах гуравласан гэрээг байгуулж, эрхийн гэрчилгээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь тухайн компанийн үүрэг юм. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар газар ашиглах гэрчилгээ гарснаас хойш 90 хоногийн дотор гуравласан гэрээ байгуулах ёстой байтал нэхэмжлэгч тал 90 хоногтоо багтааж гуравласан гэрээг байгуулж, төлбөрөө төлөх үүргээ гүйцэтгэж явах ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй” гэж маргасан.  

3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, мөн хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж,

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.

4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь маргаан бүхий газартаа амралт сувиллын цогцолбор байгуулахаар төлөвлөж байсан болох нь  “Дя” ХХК нь 2021 онд “С” ХХК-иар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг Богдхан уулсын ДЦГ-ын Жын аманд хэрэгжүүлэх, “Амралт сувиллын цогцолбор” байгуулах төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ[15] хийлгүүлсэн Үнэлгээний тайлан,  “Дя” ХХК-ийн Жын аманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн *** төгрөгийн нийт төсөвтэй “Амралт сувилал”-ын цогцолборын төслийн зураг[16] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ.”, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4 дэх хэсэгт “...Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно, ….олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гуравласан гэрээ байгуулна” гэж заажээ.

6.Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь газар ашиглах гэрчилгээ авснаас хойш Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гуравласан гэрээ байгуулахаар зохицуулжээ. Гэтэл “Дя” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/22 тоот хүсэлт гаргаж гуравласан гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлж байсан бөгөөд үүнд хариуцагч тал “Богдхан уулсын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”[17]-г боловсруулж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.П гарын үсэг зурсан байх боловч гэрээний бусад талуудаар гарын үсэг зурагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

7.Газар ашиглах гуравласан гэрээ нь газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа, газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгадаг үндсэн баримт бичиг юм.

8.Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй газар ашиглах гуравласан гэрээ байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй атал нэхэмжлэгч компаниас газар ашиглагчийн үүргийг шаардах нь үндэслэлгүй бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэхээр байхад хариуцагчаас маргаан бүхий А/*** дугаар шийдвэрийг гаргасан нь уг акт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болжээ.

9.Нөгөөтэйгүүр, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 10-17/967 дугаар албан бичигт[18] “...Хуулийн этгээд “Дя” ХХК нэрээр газрын кадастрын нэгдсэн системд газар эзэмшдэг, ашигладаг бүртгэлгүй тул ногдуулалт, нэхэмжлэл үүсээгүй байна. Газрын төлбөр төлсөн гэх мэдээлэлгүй байна” гэснээс үзвэл нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө төлөх нөхцөл бүрдээгүй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрээ байгуулаагүйгээс шалтгаалж газрын төлбөрөө төлөх гэхээр газрын нэхэмжлэх үүсэхгүй, хаана хэдэн төгрөг хэрхэн төлөх нь тодорхойгүй...газрын төлбөр төлөх боломжоор хангаагүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.  

10.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“Дя” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд /тухайн үеийн нэршлээр/ гэрээ байгуулахаар бичгээр хүсэлт, эсхүл шийдэхгүй байгаа талаар гомдол зэрэг огт гаргаж байгаагүй байхад хариуцагч захиргааны байгууллага гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, Хан-Уул дүүргийн засаг даргад нэхэмжлэгчтэй байгуулах Газар ашиглах гэрээний төслийг хүргүүлээгүй хэмээн дүгнэсэн.” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

11.Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/*** тоот тушаал хүчингүй болсноор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/*** дугаар тушаал нь хүчинтэй хэвээр үлдэж байх тул уг тушаалын 2 дахь хэсэгт  ““Дя” ХХК-тай ...“Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г байгуулан, газар ашиглалтын байдалд нь хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, “Нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага”, “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” зэрэг стандартыг мөрдүүлэн ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргад үүрэг болгосугай” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “Дя” ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулах үүрэгтэй байна.

12.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн маргаж буй агуулгын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

13.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/*** тоот тушаалыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгуулах” гэсэн байтал анхан шатны шүүх “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/*** тоот тушаалыг хүчингүй болгуулж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн буюу гэрээний төслийг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй юм.

14.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагад зохих өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/*** тоот тушаалыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газар ашиглах гэрээнд гарын үсэг зурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгаж, гэрээний төслийг Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлэхийг хариуцагчид даалгасугай” гэснийг “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/*** тоот тушаалыг хүчингүй болгож, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                            Т.ЭНХМАА

 

        ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

 

   ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 49-72 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 79 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 124 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 10-43 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 125 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтас 126 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 89 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 44 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 59 дэх талын ар тал

[10] Хэргийн 1-р хавтас 59 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 86-88 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 203 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 8 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 7 дахь тал

[15] Хэргийн 1-р хавтас 10-43 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 49-72 дахь тал

[17] Хэргийн 2-р хавтас 66-67 дахь тал

[18] Хэргийн 2-р хавтас 56 дахь тал