Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0535

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2016/0535

Улаанбаатар хот

 

Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Нямцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гуравдагч этгээд Ж.Банзрагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Албан тушаалд жинхлэн томилох тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд томилохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Ж.Банзрагч давж заалдах гомдолдоо: ...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6, 39 дүгээр зүйлийн 39.6, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Газрын даамлын албан тушаалд томилохыг тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад даалгасан шийдвэр нь нэг талыг барьсан хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэж заасан. Тэгвэл уг зүйл заалтад заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад орсон иргэдээс уг албан тушаалд тавих албан хаагчдаас шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавьсан зүйл байдаггүй. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасны дагуу уг хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас сонгож авах нөхцөл боломж үүссэн байдаг. Ч.Отгонжаргал нь тухайн ажилд ажиллаж байсан дадлага туршлагыг нь үндэслэн тухайн ажил дээр түр тушаалаар ажиллаж байсан миний биеийг томилсон нь хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үздэг.

Миний бие Архангай аймгийн Их тамир сумын газрын даамлаар түр ажиллаж байгаад үргэлжлүүлэн тус аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлаар ажиллах хүсэлтийнхээ дагуу хүсэлтээ өгч Эрдэнэбулган сумын газрын даамлын ажилд түр томилуулсан нь 2015 оны 01 дүгээр сарын 21, 24-ний өдрийн тушаалаар нотлогдоно.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу намайг жинхлэн томилсон гэж үзэж байгаа. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар төрийн албан тушаал эрхлэх хүсэлтэй, тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага дадлага, ур чадвартай, мэргэшсэн байх ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан төрийн жинхэнэ албан хаагч болохыг нь нотолсон баримтууд ч иргэний хэрэгт авагдсаныг дурдахад нэгд, тухайн албан тушаалыг эрхлэх “Эдэлбэр газрын кадастр, зураглал” мэргэжлээр дээд боловсролыг эзэмшсэн баклавр диплом, Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн шалгалтад орсон жагсаалт, тухайн мэргэжлээрээ ажиллаж мэргэшснийг нотлох 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалын тушаал, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 6/04 тоот Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын 03/50 тоот тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор батлагдсан Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарласан тайлбараар “Сонгон шалгаруулах” гэсэн үгийн утгыг ...Төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан, өрсөлдүүлэн судалж, тэдгээрийн дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулахыг ойлгоно” гэжээ. Тэгвэл Ц.Нямцэцэгийг шууд томилуулахаар үүрэг өгөөд байгаа шүүхийн шийдвэр нь өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байна. Ц.Нямцэцэгийг сонгох эсэх асуудал нь тухайн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын хуулиар олгогдсон эрх юм. Төрийн албаны тухай хуульд зааснаас харахад нэхэмжлэгч Ц.Нямцэцэгийг шууд сонгоно гэсэн утга биш юм.

Дээд шүүхийн тайлбарт “ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтайг анхаарвал зохино” гэжээ. Үүний дагуу намайг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд жинхлэн томилсон.

Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Ц.Нямцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд миний гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Ц.Нямцэцэг нь “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Газрын даамлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд Ц.Нямцэцэгийг томилохыг хариуцагчид даалгах, мөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Албан тушаалд жинхлэн томилох тухай” Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргажээ.

Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал “Эрдэнэбулган сумын газрын харилцаа асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд төрийн албаны мэргэжлийн шалгалт зарлуулахаар” 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 211 тоот албан бичгийг, “Эрдэнэбулган сумын газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний 2 албан тушаалд төрийн албаны мэргэжлийн шалгалт зарлуулахаар, тухайн албан тушаалд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор төрийн албаны мэргэжлийн сонгон шалгаруулалтыг зарлаж өгнө үү” гэсэн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 384 тоот албан бичгийг Архангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байна.

Улмаар дээрх хүсэлтийн дагуу Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэбулган сумын Газрын даамал хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, уг сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Ц.Нямцэцэг оролцож, бүх оролцогчдоос хамгийн өндөр оноо буюу 72 оноо авсан тул Ц.Нямцэцэгийг Эрдэнэбулган сумын Газрын даамал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд томилуулахаар дүгнэлт гаргаж, саналаа хүргүүлсэн болох нь Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох, мэргэжлийн шалгалт авах комисс томилох тухай” 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 196 дугаар тогтоол, түүний хавсралтаар нотлогдож байна.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн саналыг үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх”, 39.6-д “төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэжээ.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “...Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын 2.6-д “Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5 дахь хэсэгт заасныг хангах үүднээс сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдэд 10-аас доошгүй хоногийн  хугацаанд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ”, 2.7-д “Энэхүү журмын 2.6-д заасны дагуу нөхөгдөөгүй тохиолдолд сул орон тоог мэргэшлийн шалгалтаар нөхнө” гэж заасан.

Гэтэл Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Байгаль хамгаалагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, нэр дэвшсэн Ж.Банзрагчийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Газрын даамал хариуцсан мэргэжилтнээр жинхлэн томилсон Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаал хууль бус болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Өмнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга “сумын газрын даамлаар томилсон Ж.Банзрагч нь Төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлд бүртгэгдээгүй...” гэх 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01/328 тоот албан бичгийг сумын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлж байхад, мөн сумын Байгаль хамгаалагчийн албан тушаалын Төрийн албаны Т-2 зэрэглэлтэй ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтад тэнцсэн Ж.Банзрагчийг Төрийн албаны Т-3 зэрэглэлтэй сумын Газрын даамал хариуцсан мэргэжилтнээр шууд томилж байгаа нь буруу юм.

Шүүхэд ирүүлсэн хариуцагчийн “... шалгалт зарлагдахгүй байсан хугацаанд сумын газрын даамлаар ажиллаж байсан Ж.Банзрагч нь туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд орох мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн, Ж.Банзрагч нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тухайн албан тушаалд жинхлэн томилуулахаар хүсэлт гаргасныг судлан үзээд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/49 тоот тушаалаар жинхлэн томилсон болно” гэсэн хариу тайлбараас үзэхэд Архангай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 87 тоот албан бичгээр Сумын газрын даамал хариуцсан мэргэжилтнээр Ц.Нямцэцэгийг санал болгосон ажлын байрны сул орон тоонд Ж.Банзрагчийг хариуцагч томилсон болох нь тогтоогдсон гэж үзлээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын газрын даамлын албан тушаалд өөрийг нь томилохгүй байгаа хариуцагчийн үйлдлийн талаарх гомдлыг нэхэмжлэгч Ц.Нямцэцэг нь Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж байсан, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргалд удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь аймгийн Газрын харилцаа, хот барилга, хот байгуулалтын газрын “Ирсэн бичиг бүртгэх дэвтэр”, “Өргөдөл, гомдол бүртгэх дэвтэр”, хариуцагчаас иргэн Ц.Нямцэцэгт хүргүүлсэн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 33 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.

Тиймээс гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “сумын газрын даамлаар хоёр хүн ажиллаж байгаа бөгөөд нөгөө мэргэжилтэн Ж.Банзрагчийг жинхлэн томилохоос 4 хоногийн өмнө томилогдсон байхад зөвхөн Ж.Банзрагчийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан нь буруу юм. Мөн Ц.Нямцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Банзрагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

        ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

        ШҮҮГЧ                                                                 Э.ХАЛИУНБАЯР