| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2019/00104/И |
| Дугаар | 134/ШШ2019/00119 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 134/ШШ2019/00119
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 9-69 тоотод оршин суух, Б н овогт Ю А /РД:ЗВ86070314, утас: 99033786/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр багт байрлах, “Ш О” ХК /РД:204879/-д холбогдох
Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсанаас хойш ажилд эгүүлэн томилох хүртэлх буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 048 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ю.А миний бие нь харуицагч Ш О ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ю.А-О ажлаас чөлөөлөх тухай Б/126 дугаар тушаалын улмаас ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ю.А-О нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 001/ХТ2019/00107 дугаар тогтоолоор Ш О ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерын ажилд эгүүлэн тогтоож, тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан. Хариуцагч Ш О ХК нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлдааны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ю.А-О нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 001/ХТ2019/00107 дугаар тогтоолоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон. Энэ хооронд 2 сарын цалингийн нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийгдэхгүй орхигдож, үүнтэй холбоотой миний эрх зөрчигдөөд байна.
Иймд, хариуцагчаар 2 сарын цалингийн нөхөн олговор нийт 2 048 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ю.А-О нь 2018 онд ажлаас халагдаад, тухайн асуудлыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхээр хянагдаад нэхэмжлэгч Ю.А-О ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Ш О ХК нь нэхэмжлэгч Ю.А-О 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон. Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалин, нийгмийн даатгал, болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нөхцөл байдал бий болж байна. Ш О ХК-д энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод Ю.А-О нь цалингаараа хохирч байна. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр бичилт хийгээгүй нь цаашлаад тэтгэвэрт гарахад болон эрүүл мэндийн үйлилгээ авахад хүндрэл гарах нөхцөл байдал үүсч байна.
Нэхэмжлэлд дудрсан цалингаа өөрөө бодож гаргасан. Ер нь цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу гаргуулах саналтай байна.
Иймд, Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Ю.А 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговор нийт 2 048 000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.
Ю.А-О гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны журмаар шүүхийн шийдвэр гарган шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.А-О нь Ш О ХК-д холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 048 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлдааны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2019/00107 дугаар тогтоолоор Ю.А-О Ш О ХК-ийн Уулын нэгдсэн хэсгийн ээлжийн мастерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Ш О ХК-иас 19 396 297 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. /хх4-14/
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно хэмээн заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Ю.А-О ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тул тэрээр ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр хууль бус шийдвэр гаргаж, ажлаас халсан ажил олгогч ажлаас буруу халсан үеийн олговрыг нөхөн төлөх учиртай тул хариуцагч Ш О ХК-иас ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Нэхэмжлэгч нь 2 048 000 төгрөгийг цалингаасаа бодсон байх, ... Ажилгүй байсан хугацааны цалинг ... Сайдын 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу цалин хөлсийг гаргуулна” гэж шүүх хуралдаанд тайлбарлана.
Ю.А-О ажилгүй байсан хугацааны дундаж цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын А-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасны дагуу тооцож үзэхэд:
Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сард 1 607 076 төгрөг, 2 дугаар сард 1 802 766 төгрөг, 3 дугаар сард 2 619 371 төгрөг авч байсан нь түүний 000217575 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх38-39/ тогтоогдож байх ба нэг сард дунджаар 2 009 737 төгрөгийн цалинтай ажилласан байна.
1 607 076+1 802 766+2 619 371=6 029 213:3=2 009 737 /1 сарын дундаж цалин/
2 009 737:21.5=93 476 /1 хоногийн цалин/
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт ажлын 40 хоног байна.
40 хоног х 93 476 төгрөг=3 739 040 төгрөг болох юм.
Гэвч нэхэмжлэгч Ю.А-О нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 048 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, 2 048 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Тодруулбал, ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын А-д зааснаар бодож олгох хуулийн зохицуулалттай ч шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай.
Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх эрх хуулиар олгогдоогүй юм.
Иймд, хариуцагчаас ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 048 000 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Иймд, нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 718 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47 718 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ш О ХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 048 000 /хоёр сая дөчин найман мянган/ төгрөгийг гаргуулан Ю.А-О олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.А-О нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 718 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47 718 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА