| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2019/00101/И |
| Дугаар | 134/ШШ2019/00122 |
| Огноо | 2019-08-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2019/00122
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 2-28 тоотод оршин суух, Б овогт Ч Б /РД:ЕЙ86060309, утас: 99869183, 88039583/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр багт байрлах, “А т” ХХК-ийн Говьсүмбэр салбарт холбогдох
Ажилласан хугацааны цалин болон замын зардлын мөнгө нийт 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А т ХХК-д миний бие 2019 оны 04 дүгээр сарын 01-нд эрхлэгчийн ажлыг хүлээн аваад ажилласан. Энэ хугацаанд миний ажилласан цалинг өгөхгүй байна. Тушаал ч гараагүй гэх мэт ажил хүлээлгэж, надад төдийгөөс өдий хүртэл шөнө өдөргүй ажиллуулчихаад ажил хийж сурахгүй байна. 0,5-ыг бодож сураагүй гэх мэт худал, үнэн мэдэгдэхгүй зүйлээр гүжирдэн, дайрч ажлаас гарах шалтгаан болсон. Г түгээгч сурсан, сураагүй ажиллуулна гэх мэтээр ярьж, би ажлаа орхиод гарахад хүрсэн. Миний нэр хүндэд халдаж, чи ажиллаж чадахгүй гэж, хамт олны өмнө дорд үзэж, зайл гэсэн. Би сэтгэл санаагаар маш их хямарч, цаашлаад гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж байсан. Энэ дарамтаас болж цаг хугацаа, нэр хүндэд халдсан учир миний ажилласан хугацааны мөнгийг буюу цалинг болон зардлын мөнгөө нэхэмжилж байна. Зардлын мөнгөнд Шивээговь сумаас ирж байгаа зардал, улсын татварын мөнгөн хураамж, цалинтай нийлээд 900 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үеийн эрхлэгч Д.О надад хэлэхдээ дээрээс дарга зөвшөөрсөн гээд надад ажлаа хүлээлгэж өгсөн. Тийм учраас би энэ ажлыг хүлээж авсан. Би дуртайдаа нялх хүүхдээ хаяад очиж, энэ ажлыг хүлээж аваагүй. Тухайн үед ямар нэгэн зөрчил, дутагдал гарч байгаагүй. 1 сарын цалинг нэхэмжилсэн. Гэтэл энэ компани хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа. Өнөөдөр л гэхэд би 2 хүүхдээ чирээд, зардал гаргаад явж байна. Энэ бүх зардлаа гаргуулж авмаар байна. Цалин нь 518 130 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж нь 26 150 төгрөг, үлдсэн 355 720 төгрөг нь замын зардал гэж тооцсон. Нийт 900,000 төгрөг болж байгаа. Миний хувьд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 сарын 13-ны өдрийг хүртэл эрхлэгчээр хавсарч ажилласан цалингаа авмаар байна. Ажлынхаа бүх бурууг надад тохоод байгааг би ойлгохгүй байна. Түгээгчээр нэмээд намайг ажиллуулахгүй байх ёстой байсан. Туршлагатай хүнээ ажиллуулсан бол би цаг, заваа гарздаж, мөнгө нэхээд өнөөдөр зогсохгүй байсан. Би тухайн үед эрхлэгчээрээ дагнаад ажилласан бол илүү үр дүнтэй ажиллах ч байсан юм уу. Ажлын ачаалал их байсан. Банкны тооцоог дутаахгүй өгч байсан. Би илүү мөнгө нэхээгүй. Ажилласан хугацааны цалингаа авмаар байна. Би зөрчил, дутагдал гаргаж байгаагүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 05 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд тус компанийн Шивээговь суманд байрлах ШТС-46-д ээлжийн ахлах түгээгчээр ажилласан. Энэ хугацаанд ШТС-ын эрхлэгч Д.О нь гэнэт эмнэлэгт хэвтэх үед нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгө, талон зэргийг түр хүлээлгэн өгсөн. Эрхлэгч болон түгээгч нар эд хөрөнгө хариуцаж, өдөр бүр тооцоо хийдэг тул ажлын зайлшгүй шаардлагаар түр хугацаанд хүлээлгэн өгсөн. Манай байгууллага ШТС-ын эрхлэгчээр ажиллуулахад сургалтанд хамруулж, шалгалт авч, ажлын байрны тодорхойлолт танилцуулж, тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Ч.Б эрхлэгчээр ажиллуулах талаар тушаал, шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт танилцуулж, эрхлэгчийн сургалтанд хамруулаагүй. Д.О эмнэлэгт хэвтэж байх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны хугацаанд Сүмбэр сумаас ШТС-52-ын эрхлэгч Г.О болон салбарын дарга, нягтлан бодогч миний бие орлон ажиллаж байсан. /Шатахууны зардал хүсч санхүүгийн албаны даргад илгээж байсан мэйл болон, шатахуун авсан баримтыг хавсаргав/
2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс Д.О эмнэлгээс гарч 15-ныг дуустал ажил үүргээ гүйцэтгэж, ээлжийн амралт авсан. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөө ШТС-52 ээлжийн ахлах Ж.Б ШТС-46-ын эхлэгчээр ажиллаж байна. Ч.Б нь харилцааны ёс зүйгүй байдал гаргаж байсан учир цаашид анхаарч ажиллаарай гэж сануулахад өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа гээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өргөдөл бичиж, үлдээгээд ажлаа хаяж явсан. Тухайн өдөр амарч байсан түгээгчийг дуудаж ажилд гаргасан. Д.О нь өөрөө жирэмсний амралт авахаар Ч.Б түр хугацаанд эрхлэгчээр ажиллуулах төлөвлөгөөтэй Ч.Б ээлжинд гарсан үед нь эрхлэгчийн ажлыг зааж өгч байсан. Өөрийн түгээгчийн цалингаа авч байсан. Ч.Б нь хамт олны уур амьсгал эвдэж, бусдыгаа зүй бусаар хэлж, тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээж авдаггүй, энэ хүнтэй ажиллахад хэцүү байсан гэж ШТС 46-ын ахлах түгээгч А, Г нар хэлсэн. Миний бие Ч.Б нэр хүндэд халдсан тохиолдол байхгүй. Байгууллага удирдаж байгаа хүний хувьд ажилд хариуцлагатай байх талаар үүрэг даалгавар өгч, шаардлага тавьсан. Энэ нь миний ажлын үндсэн үүрэг, харин Ч.Б нь удаа дараа надад мессеж бичиж, дарамт учруулж байсан. Хууль зөрчсөн, цалингүй ажиллуулсан, дарамталсан үйлдэл гаргаагүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Б эрхлэгчээр ажилласан 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 07-ны өдрийг хүртэл би өдөр болгон Шивээговь орж зааварчилгаа өгч байсан. Зааварчилгаан дээр гарын үсэг зураагүй нь миний буруу. Тийм учраас энэ хоорондох хугацааг би хүлээн зөвшөөрч байна. Үүнээс хойшхи хугацаанд Д.О би өөрөө тохиролцоод Д.О хамт ажиллуулсан. Мөн тушаал гаргаагүй учраас Ч.Б цалин өгөх үндэслэл байхгүй. Гэхдээ 7 хоногийн хугацааг би хүлээн зөвшөөрч байна. Ч.Б нь бүтэн 8 цаг сууж ажиллаагүй. Өглөө ээлж хүлээлцээд л бууж байсан гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь А т ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарт холбогдуулан ажилласан хугацааны цалин болон замын зардлын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эрхлэгчээр ажилласан хугацааны цалин болох 518 130 төгрөг, замын зардалд 355 720 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 26 150 төгрөгийг нэхэмжилсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны давхар ажил гүйцэтгэсний 40 хувийг өгнө, энэ хугацаанд Ч.Б нь ахлах түгээгчийн цалингаа авч байсан, Ч.Б эрхлэгчээр томилсон тушаал гаргаагүй учир цалин өгөх үндэслэл байхгүй, энэ хугацаанд бүтэн 8 цаг ажиллаагүй, өглөө ээлж хүлээлцээд л бууж байсан ...” гэж маргана.
1. Нэхэмжлэгч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг дуустал А т ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын Шивээговь суманд байрлах ШТС-46-д эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн болох нь С М г ХХК-ийн Аюулгүй ажиллагааны даалгавар, С М г ХХК-ийн Говьсүмбэр салбарын “Ээлжийн ахлах түгээгч”-ийн ажлын байрны тодорхойлолтын 1.3, 2.1, 3.3, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно”, 50.2-д “ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно”, 50.3-д “нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно” хэмээн заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийг тус шатахуун түгээх станцын эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж, түүнд нэмэгдэл хөлс олгох нь хуульд нийцнэ.
Тодруулбал, хариуцагчаас Ч.Б эрхлэгчээр хавсран ажиллах талаар тушаал гаргаагүй гэх боловч нэхэмжлэгч нь албан тушаал хавсран ажилласан хугацааны олговрыг шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр ажил олгогч нь олговрыг нөхөн төлөх ёстой.
Нэхэмжлэгч Ч.Б эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн үеийн олговорыг бодохдоо С м групп ХХК-ийн Санхүүгийн албанд гаргасан Шатахууны зардал хүсэх тухай баримт /хх-27/, эрхлэгчийн албан тушаалын үндсэн цалин сард 600 000 төгрөг гэж нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаангүйгээр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнчлэн ажил хавсран гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж хуульд зааснаар тооцож олгов.
Үүнд: 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 13 хоногоор тооцож, олговорт 145 111 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 373 019 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
600 000 х 21.5=27 906 төгрөг /1 өдрийн цалин/
13 хоног х 27 906=362 778 төгрөг
362 788х40%=145 111 төгрөг.
2. Нэхэмжлэгч нь А т ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараас замын зардалд нийт 335 720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Иймд, замын зардалд нийт 355 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 5003 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 50.3-д зааснаар хариуцагч А т ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбараас нэхэмжлэгчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эрхлэгчийн албан тушаал хавсран гүйцэтгэсний олговорт 145 111 /нэг зуун дөчин таван мянга нэг зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Б олгож, үлдэх 728 739 /долоон зуун хорин найман мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 26 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 5003 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА