| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2019/00103/И |
| Дугаар | 134/ШШ2019/00123 |
| Огноо | 2019-08-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2019/00123
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, эмэгтэй, 31 настай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2 дугаар баг, 335 тоотод оршин суух, Б овогт О С /РД:МН88040169, утас: 88709820/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд төрсөн, эрэгтэй, 31 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 15-13 тоотод оршин суух, М овогт Х Д /РД:МИ88120610, утас: 99207489/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, төрөөс олгосон хүүхдийн мөнгө болох 1 200 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.С, хариуцагч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.С нь Х.Д 2007 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 29-нд охин Д.О төрсөн. 2011 оноос хойш гэр бүл хэрүүл маргаан тасрахаа байж, тусдаа амьдрах болсон. Би Т суманд байж байгаад хотод орж ирж ажил хийсэн чинь охиныг харах хүн олдохгүй болохоор нь аав дээр нь байлгаж байгаад 2013 оны 05 сард өөр дээрээ авсан. Би өөр хүнтэй суугаад 2 хүүхэдтэй болсон. 2013 оны 05 дугаар сараас хойш хүүхдийн 20 000 төгрөгийг Х.Д авч хэрэглэсэн болно. Энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийн баталгааг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, 2013 оноос хойш хүүхдээ өөр дээрээ авсанаас хойш хүүхдийн мөнгө аваагүй. Сар болгон хүүхдэд өгдөг 20 000 төгрөгийг 2014-2018 оныг дуустал нийтдээ 1 200 000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Миний бие Х.Д нь О.С 2007 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Д.О төрсөн. 2011 оноос хойш гэр бүлд хэрүүл маргаан мэр сэр гарч байсан. Охин Д.О 1 нас 6 сартай байхад эхнэр О.С Улаанбаатарт ажил хийхээр яваад хоёр талд амьдрах болсон. Охин Д.О нь аав болох Х.Д миний асран хамгаалалтад 5 нас хүртлээ эрүүл, саруул өссөн болно. Иймээс асрамждаа авах хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч О.С сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие О.С нь охин Д.О 10 нас хүртэл өөрийн гар дээр сурган хүмүүжүүлж ирсэн. Иймд охин Д.О ээжтэйгээ хамт байхыг хүсч байгаа бөгөөд би охин хүүхдээ аавынх нь асрамжид өгөхгүй бөгөөд хойд ээжийн гар харуулахгүйгээр өөрөө өсгөнө. Одоо миний охины өсвөр нас нь эхэлж байгаа тул анхаарал, халамж маш их хэрэгтэй. Би охин Д.О өгөхөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид хоёр 2007 онд танилцаад, 2009 оны 11 дүгээр сарын 29-нд охин төрсөн. Ер нь гэр бүлд бага бага хэрүүл гардаг байсан. Би 2007 оноос эхлээд Ш-О ХК-д ажилласан. Ерөнхийдөө цалин бага байдгаас болж хэрүүл гардаг байсан. Бид хоёр түр маргалдаад О.С Т суманд байдаг гэрлүүгээ явсан. Тэгээд би араас нь яриад охиноо өөр дээрээ өсгөмөөр байна гэж ярьж байгаад охиноо өөр дээрээ авсан. Охиноо өөр дээрээ авснаас хойш бид хоёр нээх их холбоо барьж байгаагүй. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр л ирж уулздаг байсан. Намайг ажлаа хийж байх хугацаанд ээж, аав хоёр хардаг байсан. Би уурхайн нэг өрөө байранд амьдардаг байсан. Би охиноо нэг наснаас нь эхлээд таван нас хүртэл нь өсгөсөн. Хүүхдийн баяраар охинтойгоо уулзмаар байна гээд дүүгээ явуулж охиноо авсан. Тухайн үед 08 дугаар сарын сүүлээр цэцэрлэг орох дөхөхөөр нь над руу буцаагаад явуулна гэж хэлсэн. Би хүүхдээ бусад хүүхдүүдээс дутуу байлгахгүй гэж хичээж л байсан. Бид хоёрын дунд өөр эмэгтэй хүнтэй орооцолдсон асуудал ерөөсөө гарч байгаагүй. Охиноо авсанаас хойш 7 хоног л надтай холбоо бариулсан. Тэрнээс хойш холбогдох гээд ах, дүү хамаатан садантай нь холбоо барихаар хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлдэг. Талийгаач хадам ааваас асуусан чинь Улиастайн тэнд байдаг гээд зааж өгөхөөр нь тэнд нь очиж нэг удаа уулзаж байсан. Хүүхдээ өсгөж байхад хүүхэд ханиад хүрэх, өвдөх гээд янз бүрийн л асуудал гардаг байсан. Тэр болгонд би эм авах, хувцас хунар авах гээд зөндөө л мөнгө зарцуулсан. Ер нь охиноо өөр дээрээ л авах хүсэлттэй байна. Төрөөс олгодог хүүхдийн мөнгийг охиндоо өгөхөд татгалзах зүйлгүй, хүүхдийн мөнгөний дэвтэр надад байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Х.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, төрөөс олгосон хүүхдийн мөнгө болох 1 200 000 төгрөг гаргуулахаар,
Хариуцагч Х.Д нь нэхэмжлэгч О.С холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч О.С хариуцагч Х.Д нар нь 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Д.О төрсөн болох нь түүний эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, Д.О №0247260 тоот төрсний гэрчилгээний хуулбар, О.С, Х.Д нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч талууд эргэн эвлэрэх ямар ч боломжгүй болсон учир эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон талаарх Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл” хэрэгт авагджээ.
Тэдний хэн аль нь гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, нэхэмжлэгч нь тусдаа амьдралтай болсон, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Төрөөс олгодог хүүхдийн мөнгө болох 1 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч нь “... Охиндоо 1 200 000 төгрөг өгөхөд татгалзах зүйлгүй, хүүхдийн мөнгөний дэвтэр нь надад байгаа, мөнгийг хэрэглэсэн нь үнэн, төлж барагдуулна, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...” гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Х.Д нь нэхэмжлэгч О.С холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно”,
14.6-д гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ хэмээн заажээ.
Шүүх эх, эцгийн хайр халамж, хүүхдийн хүмүүжил, түүний эрүүл мэндэд тавих анхаарал, ахуйн нөхцөл, хүүхдийн насны болон биеийн эрүүл мэндийн онцлог, ээнэгшин дассан байдал, охин Д.О шүүхэд гаргасан саналыг харгалзан насанд хүрээгүй хүүхэд Д.О эх О.С асрамжид үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Х.Д хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр зохигч гэрлэлтээ цуцлуулсан боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг тул эцэг Х.Д энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх О.С саад учруулахгүй байх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 042 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д улсын тэмдэгтийн хураамжид 135 042 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.С олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Т овогт Х Д /РД:МИ88120610/, Б овогт О С /РД:МН88040469 / нарын гэрлэлтийг цуцалж,
Хариуцагчаас төрөөс олгодог хүүхдийн мөнгө болох 1 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.С олгож, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Д.О эх О.С асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Д.О 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Х.Д сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигч нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Б даалгасугай.
7. Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 042 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д улсын тэмдэгтийн хураамжид 135 042 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.С олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА