Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/204

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Янжиндулам, шүүгдэгч Л.Б, Т.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 0101 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б овгийн Л-ын Б, 1984 оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

2. Монгол Улсын иргэн, И овгийн Т-ийн У, 1996 оны ** дүгээр сарын **-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокед хохирогч Т.У-ыг “хажуугаар зөрөхдөө шүргэлээ” гэх шалтгаанаар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар харилцан зодолдож, Т.У-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, зодон, биед нь доод зүүн 1 дүгээр шүдний булгарал, дух, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокед хохирогч Л.Б-тай “хажуугаар зөрөхдөө мөрлөлөө” гэх шалтгаанаар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар харилцан зодолдож, Л.Б-ын нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, зодон, эрүүл мэндэд нь хамрын нурууны хугарал, дээд уруул, баруун завжинд, баруун гуянд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацрын шонтод, нурууны баруун хэсэгт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч, Б овгийн Л-ын Б, И овгийн Т-ийн У нар нь 2022 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” караокед согтуурсан байхдаа маргалдаж, улмаар харилцан зодолдож, хохирогч Т.У-ын биед “доод зүүн 1 дүгээр шүдний булгарал, дух, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Л.Б-ын биед “хамрын нурууны хугарал, дээд уруул, баруун завжинд, баруун гуянд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацрын шонтод, нурууны баруун хэсэгт, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус бүр учирсан болох нь хохирогч Л.Б (хавтаст хэргийн 8-11 дэх тал), хохирогч Т.У (хавтаст хэргийн 17 дахь тал) нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 640 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал), 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 794 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), шүүгдэгч Т.У (хавтаст хэргийн 92-93 дахь тал), шүүгдэгч Л.Б (хавтаст хэргийн 82-83 дахь тал) нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь бүрэн дунд боловсролтой, Т.У нь дээд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэд шүүх хуралдаанд өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно. Мөн тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөд бусдын дарамт шахалт, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, гаднын хууль бус хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

1.2. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Л.Б, Т.У нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Б, Т.У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Хохирогчийн хувьд Л.Б, Т.У нар нь харилцан нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул тэднийг шүүгдэгчийн хувиар бие биедээ төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Б, Т.У нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын санал болгосон бөгөөд яллагдагч Л.Б, Т.У нарын хүлээн зөвшөөрсөн ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, гэм буруу, хувийн байдалд нь тохирсон байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хянан шийдвэрлэлээ.    

Иймд прокурорын саналаар шүүгдэгч Л.Б, Т.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох 3 сарын дотор төлүүлэхээр тогтов.

Хэрэв шүүгдэгч Л.Б, Т.У нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг сануулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Л-ын Б, И овгийн Т-ийн У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Т.У нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Т.У нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б, Т.У нарт сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Талууд, оролцогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээс бусад үндэслэлээр гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй

7.Оролцогч дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Т.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА