Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 533

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03720 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г" ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35 945 565 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Р.Л,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Г” ХХК-тай Бараа материал нийлүүлэх гэрээ №11/01 байгуулан нийт 114 387 710 төгрөгийн бараа материал нийлүүлж 90 424 000 төгрөгийн барааны төлбөр авсан. Үлдэгдэл төлбөрт 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ №2017/02-01 тоот гэрээ байгуулсан. Хоёр талын нягтлан бодогч нар тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан бөгөөд энэхүү төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй манай компанийг хохироосоор байна. Төлбөр барагдуулах гэрээний 1.3-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангийг хоног тутумд 0,5 хувь байхаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний уг заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг тус тус үндэслэн тооцоход хугацаа хэтрүүлсэний алданга нь 11 981 855 төгрөг болж байна. Иймд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23 963 710 төгрөг, алданги 11 981 855 төгрөг, нийт 35 945 565 төгрөгийг “Г” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 114 387 710 төгрөгийн бараа авсан. Үүнээс 90 424 000 төгрөг төлсөн. Улмаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон төлж чадаагүй. Улмаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч нийлүүлсэн бараанаас доголдол гарч эхэлсэн. 60 гаруй айлаас гомдол ирсэн тул бид алданги төлөхөөс татгалзаж байгаа. Алдангитай гэрээ хийснээс хойш эрхийн доголдолтой болох нь тогтоогдсон. Оршин суугчид угаалтуур, суултуур, ванн нь хэрэглээ даахгүй байгаа тухай гомдол гаргасан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Г” ХХК-иас 35 945 565 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337 678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337 678 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ..."Б" ХХК-ийн бараа материал нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн ванн, угаалтуур, суултуур нь нэг удаагийн хэрэглээгээр хагарч, цөмөрч, цуурсан асуудлууд маш их хэмжээгээр буюу 60 гаруй айлуудаас гомдол гаргаж буцааж солих асуудал үүсээд байгаа бөгөөд энэ нь нийлүүлэгч талаас чанаргүй нэг удаагийн хэрэглээ хангахгүй цаашлаад ямар ч баталгаагүй биет байдлын доголдолтой бараа материал нийлүүлсэнээс болж маш хүнд нөхцөл байдлууд үүссэн. "Б" ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул гэрээнд заасан алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа ба алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Манай тал нийлүүлсэн барааны чанарын доголдолтой холбогдуулж сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги 11 981 855 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 23 963 710 төгрөг, алданги 11 981 855 төгрөг, нийт 35 945 565 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11/01 тоот бараа материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Б” ХХК нь нийт 122 024 000 төгрөгийн бараа материалыг нийлүүлэх, хариуцагч “Г” ХХК бараа материалын үнийг төлөхөөр тохиролцсон байна.                                              /хх-6-8 дахь тал/

 

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 122 024 000 төгрөгийн бараа материалыг нийлүүлэх байснаас 114 387 710 төгрөгийн бараа материалыг нийлүүлж хариуцагч нь гэрээний дагуу төлбөрт нийт 90 424 000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч нь гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр 23 963 710 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин гэрээний зүйл нь доголдолтой байсан учир алданги 11 981 855 төгрөгийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээний үлдэгдэл төлбөр 23 963 710 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2017/02-01 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.3-т “энэхүү хавсралтаар тохирсон хуваарийн дагуу захиалагч тал төлбөрөө төлөөгүй тохиолдолд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцно” гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн шаардснаар алдангид 11 981 855 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.      /хх-5 дахь тал/

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан баримтгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, сөрөг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчиас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 206 659 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ