Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 96

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү Ш.С-г эх З.О асрамжид үлдээсүгэй.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү Ш.С-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг О.Ш-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар нэхэмжлэгч З.О 10,000,000 төгрөг гаргуулах,  Замын-Үүд сум 1 дүгээр баг орон сууцыг хүү Ш.С болон өөрийн өмчлөлдөө авах, гуравдагч этгээд Б.Л-н Замын-Үүд сум 1 дүгээр баг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өөрийн нэр дээр бичилт хийлгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,383 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Л-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426,210 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Ш-с 28,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.О-д олгож, нэхэмжлэгч З.О-с 7,440 төгрөгийг, хариуцагч О.Ш-с 73,210 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, улсын орлогоос 75,820 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Б.Л-д олгосугай.

5. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.Н