Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/54

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                        

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бид холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 03 сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Н.Б, ...

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багт байрлах Гэр бүлийн талбайн автомашины зогсоол дээр А.Сыг зодож, түүний биед 11 дүгээр шүдний булгарал, 21, 31 дүгээр шүдний ганхаа, дээд уруулын дотор салстын шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: С эхлээд намайг түлхээд  намайг цохихоор нь зөрүүлээд цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид ийм алдаа гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

           хохирогч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2023 оны 02 дугаар сарын 01, 02-ны өдөр  таксинд явах гээд зогсоод байхаар нь би Бид таны машин он хөгшин буруу талдаа жолоодлоготой, стандартад нийцэхгүй ээ та эсвэл машинаа солиод манай компанид ороод таксинд яваа гэхэд танай дампуурсан компанид би очих уу,та нар бас хулгайгаар явж байгаа. Чамайг энд хуц ухнаар тавьсан юм уу, нохойн шээс минь, та нараар заалгах юм уу гэж байсан 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн талбай дээр Замын-Үүд рүү хүн авч явах гэж байхад Б согтуу өөр хүний машинд сууж ирээд намайг шууд заамдаад хэл амаар доромжлоод би энд таксинд явна чи энд хуц ухна юм уу, та нарыг харахаар дургүй хүрээд байна, нохойн гөлөг минь гээд байхад өөр жолооч нар салгаад сууж ирсэн машинд нь суулгасан чинь буцаад том чулуу барьж ирээд намайг машин тойрч хөөгөөд машины чинь аль цонхыг чинь хага шаах уу гэж дайрч байхаар нь би цагдаа дуудаад өгсөн тэгээд зөрчлөөр шалгагдаж эхэлсэн юм тэгсэн маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 09, 10, 11 -ны өдрүүдэд намайг өргөдлөө цагдаагаас буцааж ав гээд над дээр ирээд өдөр болгон үг хэлээр доромжилж байсан тэгээд өнөөдөр ийм асуудал болсон... 2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд өөрийн амьдардаг 6 дугаар баг Дампилийн 16-24 тоотод байх гэрээсээ өөрийн эзэмшлийн машин болох ... улсын дугаар Соната-8 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон нийтийн эзэмшлийн талбай болох гэр бүлийн талбай дээр очиж Замын-Үүд явна гэж зогсож байсан. Өдөр 12 цагийн орчимд зүс таних Б нь ... улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ирээд талбай дээр зогссон тэгээд Нямдорж ахын машинд суугаад байж байснаа намайг хараад Б нь хөөе өргөдлийн хаан гөлөг минь гэснээ хашхираад эд нарыг харахаар зэвүүн хүрээд байх юм гэх шиг болсон тухайн үед бол тэр хавиар дайвраа авч байгаа хүмүүс болон зорчигч нар жолооч нар байхад намайг бүр доош нь хийж дарж авах гэж бархирч байсан тэгснээ над дээр ирээд чи тэгээд яах гээд байгаа юм намайг оролдоод байгаа юм уу андуураад байгаарай өргөдлөө авахгүй юм уу гэсэн тэгэхээр нь би өргөдлөө цагдаагаас авахгүй ээ танд өдөр болгон дарамтлуулж байж чадахгүй гэсэн чинь хажууд зүгээр зогсож байснаа Б нь баруун гараа зангидаж миний ам руу цохисон тэгсэн чинь миний дээд талын голын шүд хугарч цус гарахаар нь би цустай шүлсээ тонгойгоод хаясан чинь баруун гараараа зангидаж духны зүүн гар талын чамархайнд 1 удаа цохиж ахиад баруун чихний яг ар талд 1 цохисон тэгээд тэр хавьд байсан Эрдэнэхүү гэж жолооч болон өөр хүмүүс салгасан, тэгсэн чинь Б нь хашхирч ирээд одоо наад мууг чинь энд гүйцээчихье гэж хэлээд дайраад байсан  Сувдаа гэж эмэгтэй жолооч надад нойлын цаас авчирч өгөхөөр нь би тэрүүгээр нь амаа арчиж байхад Б нь би чамайг шоронд явж, ирчихээд ч ална гөлөг минь гэсэн тэгэхээр нь би машинаа асаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дугаар тал ),

 

           хохирогч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Намайг Б 3 удаа цохисон. Эхлээд миний хажуу талд зогсож байгаад баруун гараараа шүд хэсэг рүү савчихсан. Тэгээд дараа нь намайг тонгойсон байхад дахиж цохисон... надад гаргах гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),

 

           гэрч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим өөрийн эзэмшлийн соната 7 маркийн тээврийн хэрэгсэл дотроо утсаа оролдоод сууж байсан тэгээд харахад хоёр хүн ноцолдсон юм шиг нэг нь доошоо цусаа шүлсээ хаяад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод харахад Сын амнаас цус гарчихсан байсан, нөгөөдөх нь Б байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал),

 

           Дорноговь аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн .... дугаартай “...А.Сын биед 11 дүгээр шүдний булгарал, 21, 31 дүгээр шүдний ганхаа, дээд уруулын дотор салстын шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 27 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт байрлах гэр бүлийн талбайн автомашины зогсоол дээр хохирогчтой А.Стай такси үйлчилгээнд явах асуудлаас маргалдан муудалцан улмаар түүнийг зүй бус үгээр доромжлон түүний нүүр лүү цохисноос 11 дүгээр шүдний булгарал, 21, 31 дүгээр шүдний ганхаа, дээд уруулын дотор салстын шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймаг “Шүүх шинжилгээний хэлтэс”-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/076 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Бийн хохирогч А.Сын биед учруулсан гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн болно.        

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч А.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ  “шүүгдэгчид санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-40/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Бид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч Н.Бид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Н.Бид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Н.Бийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 

         Бусад асуудлаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  дурдсугай.

       

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Д.АДЪЯАСҮРЭН