Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 100

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороонд оршин суух Ч овогт Ц.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт Ж.Э-д холбогдох,

“13,786,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2019 оны 01 дүгээр сарын 06-ны 18 цагийн үед миний эзэмшлийн Н дэлгүүрийн барилгыг Ж.Э нь мөргөж машинтайгаа дотор нь цөмлөн орж надад тодорхой хэмжээний хохирлыг учруулсан. Хохирлыг үнэлгээний “А” ХХК-иар үнэлүүлэхэд 13,320,000 төгрөгийн хохирол 466,000 төгрөгийн ажлын хөлс гарсан. Нийт 13,786,000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт Ж.Э-с нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Э миний бие Ж.Э-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх явцад эвлэрсэн болно. Ж.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж-н санал болгосноор нийт 13,786,000 төгрөг нэхэмжилснээс 11,000,000 төгрөгөөр эвлэрч 2,786,000 төгрөгнөөсөө татгалзаж байна. 11,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний дотор сар бүр 1,000,000 төгрөг өгч барагдуулахаар тохирч эвлэрч байна. Үүнийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Э-н нэхэмжлэлтэй Ж.Э-д холбогдох гэм хорын хохирол 13,786,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Ж.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж миний бие дараах тайлбарыг гаргаж байна. нэхэмжлэгч Ц.Э-тэй харилцан ярилцаж 11,000,000 төгрөгөн дээр эвлэрсэн. Уг мөнгийг сард 1,000,000 төгрөгөөр төлж 2020 оны 05 сарын дотор төлж барагдуулахаар болсон” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан эд хөрөнгөд  учирсан гэм хорын хохирол 13,786,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,786,000 төгрөгнөөс татгалзаж, зохигчид 11,000,000 төгрөгөнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 226,880 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, уг төгрөгийн 50 хувь болох 113,440 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 11,000,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 190,950 төгрөгнөөс 50 хувь болох 95,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Ж.Э нар нь харилцан тохиролцож 11,000,000 төгрөгөнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226,880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 113,440 төгрөг, хариуцагч Ж.Э-с 95,745 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-т олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                              Б.Н