| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2023/0173/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/217 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/217
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч Ц.А, шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01438 1675 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн С-ийн Э, 1976 оны ** дугаар сарын **-ний өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл нэг, *** гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоогоор *** оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч С.Э нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ц.А-ын аж ахуйн хашаанаас 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ц.А-ын итгэмжлэн хариуцуулсан түүний өмчлөлийн 9000 ширхэг хонины гүзээг бусдад зарж завшин 5,400,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн С-ийн Э нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн аж ахуйн хашаанд манаачаар ажиллаж байхдаа хохирогч Ц.А-ын итгэмжлэн хариуцуулсан эд зүйлсээс 9000 ширхэг хонины гүзээг бусдад зарж, хувьдаа завшсаны улмаас бусдад 5,400,000.0 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
- Хохирогч Ц.А-ын “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай аж ахуйн хашаа байдаг юм. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр манай эхнэр Н худалдан авсан хонины гүзээгээ тоолоод тооцоогоо гаргасан чинь 9,000 ширхэг хонины гүзээ дутсан. Тэгэхээр нь би ажилчдаа цуглуулаад хонины гүзээ дутсан талаар хэлчхээд хүнсний дэлгүүр орчхоод буцаад аж ахуйн хашаандаа ирэхэд хамт ажилладаг. Ц надад хэлэхдээ манай аж ахуйн хашааны манаач С.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шөнө цагаан өнгийн *** улсын дугаартай амьжиргаа цагаан машин үл таних залуугийн хамт хонины гүзээ ачиж байхаар нь С.Э-ыг юу хийж байгаа талаар асуухад Ц.А-т битгий хэлээрэй гэж гуйгаад ачиж байсан хонины гүзээг буулгаад машин нь явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-47 дахь тал);
- Гэрч Б.Ц-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Ц.А-ын хувийн гүзээний үйлдвэрт хонины гүзээ цэвэрлэдэг ажил хийдэг юм. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цагийн үед байх, ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь манай хашаанд байдаг хөлдүү хонины гүзээний хажууд цагаан өнгийн амьжиргаа цагаан машин зогсож байхаар нь би очсон чинь манаач С.Э нь үл таних хоёр залуугийн хамтаар *** улсын дугаартай машинд хөлдүү хонины гүзээ ачиж байхаар нь би С.Э-д хандан “чи яаж байгаа юм бэ, Ц.А энэ олон хүнд цалин мөнгө тавьж байна. Наад хонины гүзээг чинь өчнөөн мөнгө төгрөгөөр авч байна. Цалинжуулж байна, яагаад хулгай хийгээд байгаа юм бэ” гэсэн чинь С.Э-тай хамт байсан хоёр залуу “чи хулгайн юм зарж байсан юм уу, эгчээ энэ ах бид нарыг гүзээ авах уу гэж дуудсан шүү” гэж хэлчхээд машин дээр ачсан гүзээгээ буулгачхаад тэр залуус яваад өгсөн. Тэгээд маргааш С.Э нь ирээд “надад 50,000 төгрөг байгаа, чи авах уу. Ц.А-т битгий хэлээч” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);
- Гэрч Б.Н-ийн “...Би нөхөр Ц.А-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хонины гүзээ худалдан аваад цэвэрлээд, давслаад, хатаагаад бусдад зардаг юм. 2021 оны 07 дугаар сард С.Э-тай танилцсан юм. Ингээд С.Э нь өөрөө “би танайд ажилд оръё. Гэрээ авч ирээд танай хашаанд барина” гэхээр нь нөхөр бид хоёр зөвшөөрөөд С.Э-ыг өдрийн 30,000 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм. Ингээд С.Э 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай өөрийнхөө таван ханатай монгол гэрийг бариад манай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны аж ахуйн хашааны манаач болсон юм. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 16 тонн 500 кг худалдан авсан хонины гүзээг бусдаас худалдан авсан. 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр миний худалдан авсан хонины гүзээнээс эрс мэдэгдэхээр дутсан. Тэгэхээр нь би манайд ажилладаг Б.Ц болон бусад хүмүүсээс худалдан авсан хонины гүзээ дутаад байна гэж хэлсэн чинь манай ажилтан Б.Ц өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр С.Э машинд танихгүй хоёр хүний хамт хөлдүү хонины гүзээ ачиж байхаар нь би боль, яаж байгаа юм, яагаад хулгай хийгээд байгаа юм гэж ачиж байсан хөлдүү хонины гүзээг буулгасан гэж хэлсэн. Тэгээд С.Э байж байснаа хонины гүзээ дутсаныг мэдчихээд хүүхдийн маань хүүхэд нас барсан гэж хэлээд 100,000 төгрөг аваад, үдээс хойш миний цалинг хийчхээрэй гэж хэлчхээд гэртээ ирэхгүй хэд хоног алга болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 180-182 дахь тал);
- Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 662 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “...үнэлгээний дүн 5,400,000 төгрөг” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 57-58 дахь тал);
- Шүүгдэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 203-205 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж байна.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Э нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтийг бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан явуулсныг дурдах нь зүйн хэрэг.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Э-ын үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Гэмт хэргийн улмаас биет байдлаар 5,400,000.0 төгрөгийн хохирол учирсан болох нь Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 662 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдож байх тул шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 5,400,000.0 төгрөг буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Э-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч ашиглан шамшигдуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар авч өөрийн дураар захиран зарцуулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Э-ыг “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч С.Э-ыг бусдад төлөх төлбөргүй болсныг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,800 нэгж буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.
Хохирогч Ц.А: “...хэлэх саналгүй...” гэв.
Шүүгдэгч: “...Миний буруу...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 40-43 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 63-66 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 403, 410 дугаар лавлагаа (хавтаст хэргийн 71, 75-79 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 471 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 471 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 592 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 81 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 84 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч С.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.
Шүүгдэгч С.Э-д оногдуулсан хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, түүнд торгох ялаа арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь зохистой байна.
Хэрэв шүүгдэгч С.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг төлж барагдуулахгүй бол шүүх түүний эдлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Б овгийн С-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА