| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2023/0171/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/206 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/206
2023 03 28 2023/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Одонтуяа,
хохирогч ***,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303000250067 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын *** -ны өдөр *** аймгийн *** сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр хоёр хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай боловч *** тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/1376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, ялыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр биелүүлж дуусгавар болсон, *** (РД:*** ).
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 07 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпын гүүр дэх замд *** улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ийн жолоодож явсан *** улсын дугаартай “Axio” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар ***ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн мэдүүлэгт:
1. Шүүгдэгч ***ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй.гэсэн,
2. Хохирогч ***ээс: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хагалгаа оройтож, эхнэр хүүхдээ гэрт буулгаж өгсөн. Маргаашийнхаа хагалгаанд бэлдэх гээд буцаад өөрийн эзэмшлийн машинаар Хан-Уул дүүргийн Олимпын гүүрэн дээр хойноос урд зүг рүү явж байх үед урсгал сөрж Бонго маркийн машин орж ирсэн. Би доошоо уруудаж явсан учраас халтиргаатай байсан. Тухайн машин баруун тал руугаа дараад 2 эгнээ хааж, урсгал сөрөн орж ирсэн учир ямар ч аргагүй араас нь мөргөсөн. Би хэсэг хугацаад ухаан алдалтын байдалтай байж байгаад машинаасаа бууж ирсэн. Тухайн үед өвдөгний гэмтэл, хавирганы хугаралтай Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хамгийн гол зүйл нь надад хохирлын хэмжээ маш их байгаа. Энэ асуудлаас үүдэж сарын хугацаанд хийх байсан хагалгаанууд хойшлогдсон, сарын хугацаанд ажлаа хийгээгүй. Шүүгдэгч энэ хэргийг хийе гэж хийгээгүй ч гэсэн дараа нь үүсэх үүрэг хариуцлагаа ухаарахгүй байгаад гомдолтой байна. Рентген зураг авхуулсан төлбөрийг төлчихгүй яасан юм бэ, би өвдөгний гэмтэлтэй, хавирганы хугаралтай хэр нь хэдэн сар машингүй явсан. Машины эвдрэл гэмтэл их байсан учраас 2,000,000 төгрөгөөр сэлбэгт өгөхөөс өмнөх журмын хашааны төлбөр 400,000 гаруй мянган төгрөг болсон. Би ***эд “журмын хашаанд байхаар өдрийн 5,000 төгрөгөөр тооцогдож байна шүү, эртхэн гаргаж авсан нь дээр байх” гэж хэлж байсан боловч утсаа таслаад алга болсон. Машины одоогийн үнэлгээ нь 21,000,000 төгрөг байгаа. Би адилхан эр хүн учраас ***ийг “үнэлгээгээр гарсан 14,000,000 төгрөг, компьютер томографын 800,000 төгрөгийг өгчих” гэж хэлсэн боловч одоо болтол ганц ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Мөн байгууллагын машинаар шөнийн 01 цагт явж, өгсүүр замд шарваж, осол гаргасан байхад тухайн байгууллагаас нь нэг ч хүн залгаж яриагүй. Байгууллагын хувьд тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Энэ тал дээр мөн гомдолтой байгаа. гэсэн,
3. “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ээс иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: Шүүгдэгч *** нь *** компанид жолоочоор ажилладаг. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр машинаа компанийн гараашинд байрлуулж тавиад харуулд бүртгүүлсэн. Буцаж гарахдаа харуулд худлаа хэлж, өөрийн барьж явсан *** улсын дугаартай Киа Бонго маркийн машиныг авч гараад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Олимпын гүүрэн дээр уг ослыг гаргасан. Үүний улмаас компанийн машинд 475.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн машиныг зогсоолд байрлуулж тавьсан учраас ажил үйлчилгээнд авч гарах боломжгүй байхад авч гарсан байсан. Энэ хэргийн улмаас учирсан 475,000 төгрөгийг *** өөрийн цалингаас суутгуулаад бүрэн төлсөн. Компанийн зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн,
Иргэний хариуцагчаар мэдүүлэхдээ: Иргэний хариуцагч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Дорж, бид хоёрыг иргэний хариуцагчаар татсан. Дорж бол гарааш хариуцсан механик хийдэг. Тухайн хүнд танай компанийн машин учраас хариуцах ёстой гэж ойлгуулж байгаад гарын үсэг зуруулсан байх магадлалтай. Иргэний хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь компани шөнийн 01 цагаас хойш ажил үйлчилгээ явуулдаггүй, машин гаргадаггүй. Гэрээт харуул хамгаалалтын компани ажилладаг, тухай харуулд машин гаргах эрх байхгүй. Тийм учраас хариуцах зүйлийг харуул хамгаалалтын алба хариуцах ёстой. Гэтэл хэргийн материалд тухайн гэрээт харуул хамгаалалтын албыг нэг ч удаа дуудаагүй, тухайн үед харуулаар ажиллаж байсан хүнийг асуугаагүй. Ийм байхад “***” компанийг иргэний хариуцагчаар татаж болохгүй гэж тайлбарлаж байна. Тухайн *** гэсэн машин хэзээ гарсан талаар рапортын дэвтэр байхгүй. гэсэн тус тус мэдүүлгүүдийг гаргасан болно.
Хоёр. Эрүүгийн 2303000250067 дугаартай хэргээс:
1. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “***, *** жолооч гэмтсэн гэх” бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 2-3 дахь тал),
2. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Олимпын гүүрэнд хийсэн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 5-12 дахь тал),
3. Хяналтын камерын бичлэгт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн: ...Хурц гэрэлтэй бүхээгтэй бага оврын ачааны автомашин урдаас хойш, чиглэлтэй хөдөлгөөнд оролцож яваад эсрэг урсгал руу орж замын 2, 3 дугаар эгнээнд зүүн гар тал руугаа бүтэн эргэх үйлдэл хийх үед 2 минут 40 дэх секундэд хойноос урагш чиглэлд хөдөлгөөнд оролцож явсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл зүүн хойд талаас нь мөргөж байгаа нь бичлэгт харагдаж байв. гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
4. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 13-14-ний өдөр шилжих шөнө 5 дугаар сургуулийн хажуу талаас гэрээсээ гараад Зайсангийн Энхжин хотхон орохоор өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай Toyota Corolla Аxio маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байсан. Тэгээд Олимпын гүүрэн дээр хойноос урагш чиглэлтэй 3 эгнээ замын 3-р эгнээгээр уруудаад явж байтал эсрэг урсгалаас цагаан өнгийн “Бонго” маркийн машин урсгал сөрөөд бүтэн эргээд ороод ирсэн. Би уг машиныг хараад баруун гар тал руугаа дараад тоормосоо гишгэсэн боловч яаж ч амжилгүй нөгөө машины араас нь хүчтэй мөргөөд зогссон. Буугаад ирэхэд *** улсын дугаартай цагаан өнгийн Бонго маркийн бүхээгтэй машины жолооч буугаад ирчихсэн “ Та зүгээр үү ” гээд зогсож байсан. Миний машины аваарын дэр задарсан, урд хамар хэсэгт тэр чигтээ чихэгдэж орсон. Хамрын доод хэсэгт тос, масло нь асгарчихсан байсан. Би Бонго машины жолоочоос яагаад урсгал сөрөөд оров ирэв ээ гэж асуухад хааз тоормосоо андуурчихлаа, халтиргаатай байсан учраас халтираад ороод ирлээ гээд байх шиг байсан. Тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгөөд гэмтэл дээр очиж үзүүлж, КТГ авхуулахад 2 хавирга хугарсан, өвдөгний зөөлөн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Тухайн үед гүүр уруудаад 50 орчим км/ цагийн хурдтай явж байсан байх. Хурдаа сайн анзаарч хараагүй. Замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Унаж явсан машин миний өөрийнх юм. Уг машиныг 2020 онд гаалиар орж ирэхэд нь худалдаж авч, түүнээс хойш унаж байна. 2016 онд үйлдвэрлэгдсэн. Машины хувьд ямар нэгэн асуудалгүй. Тоормос, гэрэл дохио болон бусад эд анги хэвийн ажиллагаатай байсан. Тэр жолооч гэнэт урсгал сөрж ирснээс болж энэ осол гарсан гэж бодож байна. Миний хувьд гомдолтой байна. Машиндаа үнэлгээ хийлгэсэн боловч нөгөө жолооч төлбөрийг нь төлөөгүй учраас үнэлгээгээ авч чадахгүй байна. Машины хохирлын үнэлгээ болон эмчилгээний зардлуудаа нэхэмжилж гаргуулж авна. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
5. “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө байгууллагын жолооч *** нь компанийн өмчлөлийн *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож 01 цагийн үед Олимпын гүүрэн дээр машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байсан. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Компанийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэлд 475,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Энэ мөнгийг жолооч ***ээс нэхэмжилнэ. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Иргэний хариуцагчаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Уг авто машинаар манай компани нь борлуулалт, түгээлт хийдэг бөгөөд жолооч *** хариуцан унадаг юм. Тухайн өдөр жолооч *** нь Багануур дүүрэг рүү түгээлтэд явчхаад буцаж ирээд 00 цаг 10 минутад компанийн хашаа руу орж үлдэгдэл бараагаа няравт хүлээлгэн өгсөн байсан. Машинаа унаад буцаад 00 цаг 30 минутад компанийн хашаанаас зөвшөөрөлгүй гарсан байсан. Уг нь бол машинаа ажлын байранд тавьж орхичхоод явах ёстой байсан. Ажил тараад ажлын машиныг гараашит байрлуулж тавих үүрэгтэй боловч хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн унаж явж байгаад осол гаргасан байсан. Мөн манай компани харуул хамгаалалтын байгууллагатай гэрээтэй бөгөөд шөнө ***ийг машин аваад гарч байхад тэр чигт нь гаргаад явуулсан байсан. Харуул хамгаалалтын ажилтан гаргах ёсгүй байдаг. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №202 дугаартай:
- ***ийн биед зүүн өвдөгний дотор жийргэвчийн урагдал, урд чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, баруун 3,4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр авто ослын үед үүсэх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
7. Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №39070417 дугаартай шинжээчийн:
- Уг авто машиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, зогсоолын тоормос, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа, дугуйн хээний гүн, баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, хойд оврын гэрэл сууриараа байхгүй, хойд бүртгэлийн дугаар байхгүй, хойд бүртгэлийн дугаар бэхлэгддэг хэсэг сууриараа чихэгдсэн, зүүн гар талын хаалганы бариул байхгүй, урд буфер зүүн талдаа 15х10 см орчим талбайд будаг нь халцарсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна.
- Уг авто тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, хойд оврын гэрэл сууриараа байхгүй, хойд бүртгэлийн дугаар байхгүй, хойд бүртгэлийн дугаар байхгүй, хойд бүртгэлийн дугаар бэхлэгддэг хэсэг сууриараа чихэгдсэн, зүүн гар талын хаалганы бариул байхгүй, урд буфер зүүн талдаа 15х10 см орчим талбайд будаг нь халцарсан байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна.
- Уг авто тээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
- Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АBS тоормосын системтэй ба урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсож байсан.
-Уг авто тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд зам орчны нөхцөл байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.
-Уг авто тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 3-6 мм буюу урд хойд тэнхлэгийн дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Дугуйнууд өвлийн улирлын дугуй байсан болно.
-Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 19-нд, 2021 оны 03 дугаар сарын 13-нд техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.
-Уг авто тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Үзлэгийн хугацаа 2023 оны 01 сарын 18-ны өдөр дуусахаар байна.
-Асуултад дурдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал үүсээгүй болно. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн хавсралтууд (хавтаст хэргийн 46-51 дэх тал),
8. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2345 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Киа бонго-3g маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 475,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
9. Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2225 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр Toyota Axio маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 13,998,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-60 дахь тал),
10. Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дугаартай:
- *** улсын дугаартай “Kia Bongo” маркийн тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3.Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, Мөн дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
- *** улсын дугаартай “Corolla Axio” маркийн тээврийн хэрэгслийн жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. гэх магадалгаа (хавтаст хэргийн 63 дахь тал),
11. *** улсын дугаартай Тoyota Corolla Axio маркийн тээврийн хэрэгсэл ***ийн, *** улсын дугаартай Kia.Bongo маркийн тээврийн хэрэгсэл *** ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй талаарх гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 97-98 дахь тал),
12. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Таван богдын ар талд ажлынхаа байр дээр машинаа бүртгүүлчхээд, буцаалтын ачаагаа буулгачхаад байж байтал эхнэр залгаад бага хүү халуураад байна гэхээр нь гэртээ харихаар яараад унаа олдохгүй болохоор нь ажлынхаа машиныг унаж гарч яваад Олимпын гүүрэн дээр осол гаргасан. Уг нь машинаа ажил дээрээ орхих ёстой байдаг юм. Эхнэр түргэн дуудаад ирэхгүй байна гэхээр нь яараад ажлын машиныг унаад гарчихсан юм. Осол 01 цаг өнгөрч байхад гарсан. Би ажлаас Бонго-3 маркийн цагаан өнгийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа хөдлөөд Олимпын гүүрний замаар урдаас хойш чиглэлтэй давхиж явтал гар утас дугарахаар нь хартал эхнэр залгаж байсан. Утас хажуу талын суудал дээр байсан бөгөөд утас руу гаа харчхаад зам руу харахад машин шарваад бөгсөө баруун гар тал руу шидэхээр нь тоормосоо гишгэх гэтэл хальт хаазан дээрээ гишгээд машин улам хурдаа нэмсэн. Зам халтиргаатай байсан учир бүтэн эргээд эсрэг урсгал руу ороод зогсох үед хойноос урагш чиглэлтэй явж байсан. Цагаан өнгийн Toyota Axio маркийн машин баруун хойд талаас мөргөөд зогссон. Буугаад ирэхэд мөргөсөн машины жолооч машинаасаа бууж ирээд машиныхаа хажууд суухаар нь очоод гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлээд цагдаа, эмнэлэг дуудсан. Ослын улмаас биед учирсан бэртэл, гэмтэл байхгүй.Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Осол миний буруутай үйлдлээс болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан бодит хохирлыг төлж барагдуулна. ...сарын 1,2-1,5 сая төгрөгийн орлоготой. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал),
13. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1376 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 83-85 дахь тал), Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 87 дахь тал), Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт, *** ХХК-ийн тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, *** ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 100-106 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 07 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Олимпын гүүр дэх замд *** улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ийн жолоодож явсан *** улсын дугаартай “Axio” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар ***ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас хохирогч ***д баримтаар эмчилгээний зардалд 810,000 төгрөг, журмын хашааны төлбөр 335,000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд үнэлгээгээр 13,988,000 төгрөг, нийт 15,143,000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах саналтай. гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм бурууд маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Олимпын гүүр дэх замд *** улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цаг 07 минутын үед жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна., мөн дүрмийн 3.4-т заасан Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ***ийн жолоодож явсан *** улсын дугаартай “Axio” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар ***ийн бие, эрүүл мэндэд зүүн өвдөгний дотор жийргэвчийн урагдал, урд чагтан холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, баруун 3,4-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:
- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 2-3 дахь тал),
- 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Олимпын гүүрэнд хийсэн хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хуудас (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
- Хяналтын камерын бичлэгт 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн нэхэмжлэгч, хариуцагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30, 33 дахь тал),
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №202 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
- Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №39070417 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн хавсралтууд (хавтаст хэргийн 46-51 дэх тал),
- Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2345 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
-Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2225 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 58-60 дахь тал),
- Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 104 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 63 дахь тал),
- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн дүгнэлт:
Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.
Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.
Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй болон хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгч ***ийн үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хуульд нийцсэн байх ба хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардал нь хор уршигт тооцно гэж тус тус заасан.
Түүнчлэн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хуульчилжээ.
1.Тус зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч ***ээс 2022 оны12 дугаар сарын 14-ний өдрийн Лазер Мед эмнэлгийн 240,000 төгрөгийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Бриллиант эмнэлгийн 300,000 төгрөгийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн STM MED ХХК-ийн 240,000 төгрөгийн баримт, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Дабль Эйт ХХК-ийн 335,000 төгрөгийн буюу нийт 1,145,000 төгрөгийн баримтыг ирүүлж нэхэмжилсэн байна..
Мөн түүний эзэмшлийн Toyota Axio маркийн *** улсын дугаартай авто машинд “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 13,998,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон.
Дээрх баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч нөхөн төлөөгүй байх тул хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршгийн зардалд шүүгдэгч ***ээс 15,143,000 төгрөгийг гаргуулж, хохирогч ***д олгуулж, хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Мөн Хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04/395 дугаартай албан бичгээр 209,000 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан гэх төлбөрийн мэдээллийг ирүүлжээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заажээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн 209,000 төгрөгийг шүүгдэгч *** нь Төрийн сангийн 100900020080 тоот данс руу 2023 02 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн баримт хэрэгт (хавтаст хэргийн 112 дахь тал) авагдсан байгааг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгчийн жолоодон явсан *** улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэл нь “***” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон ба Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2345 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “Киа бонго-3 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 475,000 төгрөгөөр тогтоожээ. (хавтаст хэргийн 55-56 дахь тал).
Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ээс байгууллагын автомашинд учирсан хохирол 475,000 төгрөгийг шүүгдэгч ***ийн цалингаас суутган авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул иргэний нэхэмжлэгчид шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгч *** нь “***” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж зам тээврийн осол хэрэг гаргасан бөгөөд “***” ХХК иргэний хариуцагчаар татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.
Шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний шөнө ажил үүргээ гүйцэтгэж дууссан атлаа хүүхэд өвдсөн гэх шалтгаанаар байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгслийг албаны ажилд бус хувийн хэрэгцээндээ ашиглах зорилгоор жолоодон явсан талаар шүүгдэгч мэдүүлэх бөгөөд мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***ээс “...*** нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний 00 цаг 10 минутад компанийн хашаа руу орж үлдэгдэл бараагаа няравт хүлээлгэн өгсөн байсан. Машинаа унаад буцаад 00 цаг 30 минутад компанийн хашаанаас зөвшөөрөлгүй гарсан байсан. гэж мэдүүлсэн.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд иргэний хариуцагч “***” ХХК-аас тээврийн хэрэгслийг тухайн үед зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлэн өгөөгүй байх бөгөөд байгууллагын ажил үүрэг дууссан байхад *** нь өөрөө дур мэдэн байгууллагын тээврийн хэрэгслийг жолоодон хашаанаас авч гарсан, өөрөө хор уршгийг хариуцах үүрэгтэй гэсэн иргэний хариуцагчийн тайлбар үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн бусдад учруулсан хор уршгийн зардлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч төлөх үүрэг үүсээгүй байна. Иймд *** ХХК-г иргэний хариуцагчаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.
Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагч санал, дүгнэлтдээ шүүгдэгч ***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. гэсэн дүгнэлтийг гаргасан ба хохирогч нь улсын яллагчийн ялын саналд хэлэх зүйл байхгүй, хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 2022 онд ял шийтгүүлж байсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ***ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, хууль дүрмийг мөрдлөг болгон хэрэгжүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн зардлыг нөхөн төлөөгүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх буюу эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой учир өөр төрлийн ял сонгон хэрэглэхэд хохирогчийн эрх улам зөрчигдөх үндэс болно гэж үзсэн.
3.Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний нэхэмжлэгч “***” ХХК-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч ***ээс 15,143,000 (арван таван сая нэг зуун дөчин гурван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***д олгож, “***” ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН