Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

  2023          03          07                                     2023/ШЦТ/176

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Баярмаа,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209020731931 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпараци”, Нийслэлийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 7.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “Төрийн орон сууцны корпараци”, Нийслэлийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 5.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 14-нээс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

-  “Нийслэлийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж урьдчилгаа бага, хямд үнэтэй байранд оруулж өгнө, орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн ***ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.660.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хороонд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “хямд үнэтэй, нөхцөл сайтай орон сууцанд зуулчилж оруулна, цагаан сараас өмнө оруулж өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 11.160.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “түрээсийн байранд хамруулж өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулж өгнө” хэмээн иргэн ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 12 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 31.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-наас 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хоронд Х.Номин-Эрдэнэ эзэмшигчтэй “хаан” банкны 5429565662 тоот дансаар,

-  “Төрийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж хөнгөлттэй нөхцлөөр байранд оруулж өгнө, газар зарна” хэмээн иргэн *** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.060.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 23-наас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачуурт, Шар хоолойн ам гэх газарт газар зарна” хэмээн иргэн ***г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 1.120.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 05-наас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “Гачууртад байрлалтай газар зарна, 1.000 залуучуудыг байртай болгох төсөлд квот авч өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-наас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 88.500.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Энэ хүн манай найзын хуурай эгч. 2021 оны 8 дугаар сард “НОСК, ТОСК” түрээсийн байр, орон сууцанд хамруулж өгнө гэж холбоо тогтоож байсан. Тухайн үед Носк, Тоск-ын даргаар ажилладаг Сүхбаатар гэдэг хүн манай хамаатны ах гэж хэлсэн. Монголын залуучуудын холбоонд ажиллаж байгаа, надад материалаа авчраад өгчих гэж хэлсэн. Урьдчилгаа 5.000.000 төгрөг, сүүлд 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг өгч нийт 10.000.000 сая төгрөг шилжүүлсэн. Хохирол төлбөрөө нэхэмжилж авмаар байна” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилаараа дамжуулан *** овогтой *** гэх хүнтэй танилцсан. Энэ хүн “Төрийн орон сууцны корпораци”, Нийслэлийн орон сууцны корпораци”-н хөтөлбөрийн хэмжээнд түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй байрууд байгаа, эдгээр орон сууцууд нь нийслэлийн 9 дүүрэгт байршиж байгаа бөгөөд өөрөө сонгож болно, урьдчилгаа 5.000.000 төгрөг, барьцаанд 2.000.000 төгрөг нийт 7.000.000  төгрөг шаардлагатай” гэж хэлсэн. Үүний дагуу би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хаан” банк дахь 5034429105 дугаарын данснаас ***ын өөрийнх нь эзэмшлийн “Хаан” банк дахь 5076561348 дугаарын данс руу 5.000.000 төгрөгийг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол 14а-8 тоотоос шилжүүлж өгсөн. Түүний хэлснээр “2021 оны 12 дугаар сар гэхэд байрандаа орчихсон байх болно”  гэсэн боловч, үүнээс хойш дараа 7 хоног удахгүй бүтлээ” гэхээр өдийг хүрсэн. ...*** нь ямар нэгэн баримт бичиг үзүүлсэн зүйл байхгүй, өөрт нь таньдаг хүн байдаг 100 хувь баталгаатай гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг  /хх 1-н 28, 32/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 5 дугаар  сард танилаараа дамжуулан *** овогтой *** гэх хүнтэй танилцсан. Энэ хүн “Төрийн орон сууцны корпораци”, Нийслэлийн орон сууцны корпораци”-н байранд түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй байртай болох боломжтой гэж уулзаж хэлсэн юм. Нэг удаа уулзсан бөгөөд 5 сая төгрөг шаардлагатай гэж хэлсэн бөгөөд 4.000.000 төгрөгийг нь орон сууцны урьдчилгаа гэж хэлсэн харин 1.000.000 төгрөг нь орон сууцанд орсны дараа эд зүйлс эвдэлж хэмхэлбэл барьцаа болгож авч байгаа гэсэн бөгөөд өмчлөлдөө авсны дараа буцаагаад өгчихнө гэж хэлсэн юм. Тэгээд би 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг би 5300604030 дугаарын данснаас ***ын 5076561348 дугаарын дансанд шилжүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5024589922 дугаарын данснаас  5076561348 дугаарын дансанд шилжүүлж, нийт 5.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. *** амалснаараа мөнгө шилжүүлж өгсний дараагаар 2021 оны 7 дугаар сард орон сууцанд оруулчихна гэж байсан. Тэр цагаас хойш шалтаг хэлж хойшлуулж байгаа бөгөөд ***тай 95655364 дугаарын утсаар холбогдоход “ойрын хугацаанд бүтээнэ, 7 хоногийн дараа бүтээнэ” гэж хэлсээр өдийг хүрсэн бөгөөд мөнгөө буцааж авъя гэхээр мөнгийг чинь удахгүй буцааж өгнө би бас хүнд өгөөд залилуулчихсан” гэж хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 72/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эхнэрийн хамт хамаатны эгч Э.Уянгатай очиж уулзахад “надтай урьд өмнө хамт ажиллаж байсан эгч *** нь хямд үнэтэй, урьдчилгаа багатай боломжийн байранд хүмүүс оруулж байна, эгч нь урьдчилгаа мөнгө төгрөг өгчихлөө миний дүү боломжтой байгаа бол энэ хүнтэй уулзаад үзэхгүй юу” гэсэн тэгэхээр нь би “за” гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эгчийг мөнгөө шилжүүлчихсэн гэхээр би цаад хүнийг нягталж үзэлгүйгээр итгээд ***ын 5076561348 данс руу 3.160.000 төгрөг шилжүүлчхээд би ***ын 95655364 дугаар руу залгаад “Уянгын дүү байна урьдчилгаа мөнгөө шилжүүлчихлээ” гэж хэлсэн чинь “оо за өнөө маргаашгүй оруулна” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Цамбагаравын автобусны буудлын хойно байдаг тахианы газарт ***тай байранд орно гэсэн 10 гаран хүний хамт уулзсан. Тэгсэн *** нь байр хөлслөх гэрээг зарим нэгтэй нь хийсэн, зарим хүмүүс нь яагаад хийгээгүй гэхээр ийм гэрээ хийхгүй гэж хэлсэн, тэгсэн *** нь цаад газар эх гэрээгээ өгөхгүй байна байранд оруулах хүн мөнгөө гүйцээж өгөөгүй гээд байсан. Тэгээд *** нь “эх гэрээгээ аваад ирье” гэж хэлээд явсан. Тэгээд би тухайн өдөр мөнгөө гүйцээд өгчихье гэж бодоод гадуур явж байгаад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийнхөө 5031744914 тоот данснаас 2 удаагийн гүйгээгээр эхлээд 6.000.000 төгрөг ...нийт 10.660.000 төгрөг шилжүүлсэн. Би тэрнээс хойш нэг найздаа байранд орох гэж байгаа талаараа хэлсэн. Тэгээд тэр найз минь бас уг эмэгтэйд мөнгө өгсөн. Тэгээд *** нь өнөө маргаашгүй оруулна гээд яваад байдаг байсан тэгж байтал цагаан сар болоод хэсэг чимээгүй байж байгаад цагаан сарын дараа *** руу яриад “юу болж байна, цагаан сараас өмнө гэсэн цагаан сар өнгөрчихлөө” гэж хэлсэн чинь “бүтэх гэж байна, болох гэж байна” гэж худлаа хэлээд яваад байсан. Тэгээд *** нь 3 дугаар сарын 01-ний өдөр гэхэд байранд оруулчихна болгоно, бүтээнэ гэсэн. Тэгэхээр нь би ***аас “яг хаана ямар байранд оруулах гэж байгаа тэр баримт материалаа үзүүлээ тэгэхгүй бол итгэх арга алга эсвэл та мөнгө буцааж өг” гэсэн чинь “заа мөнгийг чинь буцааж өгье, тэгэхдээ хугацаа орно цаад газраасаа мөнгөө 2022 оны 03 дугаар сарын 12-ны дотор буцааж авч өгнө” гэсэн тэгэхээр нь “та миний мөнгийг хаашаа хэнд өгсөн юм” гэсэн чинь “байр захиалсан газартаа та нарын мөнгийг шууд нэг төгрөг ч голоос нь авалгүйгээр бүгдийг нь шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд хэлсэн хугацаа нь болоод мөнгөө нэхсэн чинь утсаа унтраагаад, нэг бол худлаа яриад байдаг байсан. Тэгээд би цаад газар гэж ямар нэртэй ямар компани байгаа гэж асуусан чинь огт хэлдэггүй байсан. Тэгээд мөнгөө авъя гээд нэхсэн чинь “эгчээсээ аваад өгчихье” гэж худлаа хэлээд алга болоод тэгээд би найз ***тай хамт хайж явж байгаад олж уулзаад “мөнгөө авъя” гэсэн чинь “надад ямар ч мөнгө байхгүй, мөнгө орж ирэхгүй байна”  гэсэн. Тэгснээ 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр над руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Дараа машинаа зараад 500.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. *** нь худлаа хий хоосон зүйлийг болох бүтэх мэтээр надад итгэл төрүүлэн надаас мөнгө залилж авсан байх тул цагдаад хандаж байна. ...Би 10.660.000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө хаан банкны 5031744914 тоот данснаасаа ***ын 5076561348 тоот данс руу шилжүүлсэн. ...нисэхийн Буянт-Ухаа хоёрт оруулж өгнө гэж хэлсэн. 10 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд дуртай байрандаа сонголтоо хийгээд орж болно гэсэн...” гэх мэдүүлэг /хх 1-н 158-160/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр найз *** залгаад “хямд үнэтэй, урьдчилгаа багатай байранд орохоор захиалга өгчихлөө, чи өгөх үү” гэж ярихаар нь “заа” гээд уг байранд оруулж өгнө гэсэн гэх ***ын *** гэх эмэгтэйгийн 95655364 гэсэн дугаарын утсанд холбогдоод тодруулахад “хямд үнэтэй, нөхцөл сайтай орон сууцанд зуучилж ойрын хугацаанд буюу цагаан сараас өмнө оруулж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би “ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ” гэсэн чинь “И Монголиагаас иргэний үнэмлэхнийхээ хуулгыг явуулчих” гэсэн тэгснээ “заза чи зүгээр регистрийн дугаараа явуулчих” тэгээд байранд ороход шаардлагатай 11.600.000 төгрөг шилжүүлээрэй гээд өөрийнхөө *** 5076561348 тоот данс явуулсан. Тэгээд би тухайн өдрөө 10.000.000 төгрөгийг “tulbur uridchilgaa” гэсэн утгаар шилжүүлсэн, тэгсэн *** над руу залгаад тэмдэгтийн хураамж “160.000 төгрөг шилжүүлээрэй” гэхээр нь би за гээд уг данс руу “temdegtiin huraamj” гэсэн утгаар бичиж шилжүүлсэн. Тэгээд холбоогүй байж байгаад *** нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр над руу залгаж “үлдэгдэл мөнгөө хий” гэхээр нь би ***ын данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ***д Баянзүрх дүүрэгт байранд орно гэдгээ хэлсэн чинь “асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд цагаан сар болоод хэд хоног хүлээж байгаад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ***д “байрандаа хэзээ орох вэ, бүрдүүлсэн баримт материалаа үзүүл” гэж шаардлага тавьж эхэлэхэд “удахгүй оруулнаа, түр хүлээж бай, жаахан хугацаа өгчих” гээд эхэлсэн, тэгэхээр нь би хэд хоног хүлээж байгаад ахин холбогдоод “мөнгөө буцааж авъя” гэсэн чинь “чиний мөнгийг цааш нь өгөөд захиалгын гэрээ хийгдчихсэн байгаа тэгэхээр шууд аваад өгөх боломж байхгүй 03 дугаар сарын 12, 13-ны өдрийг хүртэл хүлээж бай” гэж хэлсэн. Тэгээд 03 дугаар сарын 13-ны өдөр болоод “мөнгөө авъя” гэсэн чинь мөнгө чинь буцаж орж ирээгүй байна гэсэн. Тэгэхээр нь “уулзъя” гээд ярихаар уулзахгүй зугтаагаад, залгахаар утсаа авахаа больсон. ...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин зах дээр байхдаа шилжүүлсэн. ...Би 11.160.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр өөрийнхөө голомт банкны 1705110106 тоот данснаасаа ***ын 5076561348 тоот дансруу шилжүүлсэн. ...*** нь өөрийн приус 20 маркын тээврийн хэрэгслээ зарж тэрнээсээ надад 2.300.000 төгрөгийг барагдуулсан. ...үлдэгдэл 8.860.000 төгрөгөө нэхэмжилж байна....” гэсэн мэдүүлэг /хх 1-н 214-216/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сард *** гэх эмэгтэйг мэддэг болсон. Манай найзын хуурай эгч нь байгаа юм. *** намайг “түрээсийн байранд төрийн албан хаагч нарыг оруулж өгдөг юм, байранд орохын тулд хувийн хэргээ цуглуулаад өгчих, тэгээд байрны урьдчилгаа болох 5.000.000 төгрөг өгөөд, дараа нь 3.160.000 төгрөг дансанд байршуулна” гэж хэлсэн. Би тухайн үед түрээсийн байранд хамрагдах гэж материалаа бүрдүүлээд *** гэх эмэгтэйд өгсөн. 2021 оны 12 дугаар сард намайг түрээсийн байранд оруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд 10-р хороолол Голден парк хотхонд байхдаа Хаан банкны *** эзэмшигчтэй 5076561348 дугаарын данс руу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөг, 2021 оны 09 сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 10 сарын 11-ний өдөр 2.000.00 төгрөгийг тус тус "Bair uridchilgaa" гэсэн утгатай шилжүүлж, нийт 10.000.000 төгрөгийн хохирол учирсан. Түүнээс хойш байрандаа ч орж чадаагүй, “мөнгөө авъя” гэхээр “одоо удахгүй шилжүүлнэ” гэж хэлсээр байгаад өдийг хүрлээ. *** тухайн үед Монголын залуучуудын холбооны нарийн бичгийн дарга хийж байсан. Мөн түрээсийн байранд ээжийгээ оруулж өгсөн гэж хэлж байсан. ...Надад байрны сонголт байгаа гэж хэлсэн. Надад Голден паркын хажуу талд байрлах улаан тоосгон 12 давхар байранд оруулж өгнө гэж хэлж байсан. ...Зарим айл өрх нь төлөлтөө хийж чадахгүй болохоор байрнаасаа гарах болж байгаа юм байна лээ. Тэгээд нэг айлынх нь оронд оруулж өгнө гэж байсан юм. ...Би ***ын данс руу шилжүүлсэн 10.000.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 250/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны Улсын их хурлын сонгуулиар манай найз нэр дэвшсэн учир би ажилд явсан юм. Энэ үеэр *** гэх эмэгтэйтэй хамт ажилласан, тэр үед манай найзын туслах хийж явсан байх, нийт 20 хоног хамт ажилласан. Ажиллаж байхдаа манай ах зээл гаргадаг гэж яриад байсан, би тэрийг огт тоогоогүй юм. Улмаар сонгууль дуусаад над руу *** 4-5 удаа залгасан “бэлэн зээл байна, чи зээл авахгүй юм уу” гэсэн улмаар би “зээл авахгүй, надад тийм мөнгө байхгүй” гэж хэлсэн.Тэгвэл хүнээс мөнгө зээлээд авчихаач гэсэн, улмаар би хүүтэй мөнгө зээлдэг хүнээс 20.000.000 төгрөг зээлсэн юм. Сүүлд намайг дуудсан тэгээд би очсон юм. Тэгээд ахтай нь уулзах байх гэтэл манай ах хүнтэй уулздаггүй юм. Надаар дамжуулаад мөнгөө өг гэсэн. Би эхлээд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 0 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдер 7.000.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдер 3.000.000 төгрөг нийт 31.000.000 төгрөг өгсөн. Улмаар ямар учиртай зээл вэ гэж асуухад “манай ахын найз Солонгос зээл гаргачихсан, тэгээд буцаад явчихсан, зээлээ авахгүй гэсэн чи авчих” гэж байсан...” би 100.000.000 төгрөгийн авна үлдсэнийг нь чи авчих” гэж байсан. нийт 250.000.000 төгрөгийн зээл гарсан гэж ярьж байсан, сүүлдээ 500.000.000 төгрөгийн зээл гэж ярьж байсан. ...анх ярихдаа л зээл гарсан нэр шилжүүлж аваад боллоо, нэр шилжүүлэхийн тулд хүмүүст мөнгө өгдөг тэр мөнгийг нь өгчих гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 46-47, 49-50/,

Хохирогч ***мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сар хүртэл “М интернэшнл” компанид борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа тус компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан *** гэх хүн “төрийн орон сууцны корпрацид байранд орох уу” гэж асуухаар би “тэгье” гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 3.000.000 төгрөг 5076561348 тоот дансанд шилжүүлэн өгсөн. Мөн “гачууртын шар хоолойн аманд 0.7 га газар авах уу” гэж асуухаар нь би тэгье гэж хэлээд 560.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нийт 3.560.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш 4 удаагийн үйлдлээр 2.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. ...2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөр данснаас 450.000 төгрөг,  2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөр данснаас 500.000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өөр данснаас 550.000 төгрөг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3.560.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн “Содон” хороолол дотор байдаг Хаан банкны  АТМ-с манай эхнэр ***шилжүүлсэн. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг манай аав П.Нэргүй интернэт банк ашиглаж шилжүүлсэн. ...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн 450.000, 500.000 төгрөгийг манай ээж Алтанцэцэг Дархан-Уул аймагт байхдаа АТМ-с шилжүүлсэн. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн 550.000 төгрөгийг манай эхнэр ***интернэт банк ашиглан шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 186-187/,

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2021 онд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж” төвийн 4 дүгээр давхарт Олон улсын эрүүл мэндийн “Эм интерншнл” ХХК-д менежерийн ажил эрхэлдэг байсан. Тэгээд 2021 оны 3 дугаар сард тус байрны 4 дүгээр давхарт 405 тоот өрөөнд захирлууд газар авах талаар ярьж байсан. Тэгэхээр нь би сонирхоод хаана байгаа газар талаар асуухад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачууртын шар хоолойн ам гэх газар” гэж хэлсэн. Тэгээд би Ганбаатар захирлаас энэ газрыг хэн зарж байгаа талаар асуухад *** гэх эмэгтэй зарж байгаа гэж надад хэлсэн. ...тэгээд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр *** гэх хүний “Хаан” банкны 5076561348 тоот дугаарын дансанд урьдчилгаа гэж 560.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би ахиж нэг газар авъя гээд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр мөн *** гэх хүний 5076561348 тоот дансанд урьдчилгаа гэж 560.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд над руу “үлдсэн мөнгөө шилжүүл, чи ганцаараа мөнгөө өгөөгүй үлдчихлээ” гэх мэтээр байнга залгадаг байсан. Мөн 6%-ийн төрийн орон сууцны зээлэнд хамрагдах хүн байвал “олж өг” гээд байнга залгадаг байсан. ...би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэхэд явж байхдаа *** гэх хүний Хаан банкны 5076561348 тоот дансанд 1.120.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 32-33/,

Хохирогч ***гийн мөрдөн байцааалтад өгсөн: “...би Олон улсын хөрөнгө оруулалттай “Эм интерншнл” ХХК-д менежерийн ажил ажилтай юм. ...тухайн үед Өнөрөө гэх эмэгтэй манайд менежер хийдэг байсан юм. Тэгээд бид хоёр нэг байгууллагад ажилладаг учраас дотно байдаг байсан. Тэгээд анх 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу битүүний өдөр Өнөрөө эгч над руу орой 20 цагийн орчимд өөрийнхөө ашигладаг 95655364 гэх дугаараасаа миний ашигладаг 94921000 дугаарын утас руу залгаад “газар авах уу, Гачууртад байрлах агаар сайтай 0.7 гар газар байна” гэж асуухаар нь би нөхөртэйгөө зөвшилцөж зөвшөөрөөд урьдчилгаа мөнгө болох 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5063555329 дугаарын данснаас Өнөрөө эгчийн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд нэг сар орчмын дараа ажил дээрээ байж байхад Өнөрөө эгч надад хандан “1000 залуучуудыг байртай болгох төсөл гарсан байна, байранд орох уу, би чамайг байранд оруулаад өгье, би оочергүй квот /эрхийн бичиг/ авч өгч чадна, 3.000.000 төгрөг надад өгөх юм бол би чамайг оочергүй байрны бүртгэлийн программд чамайг оруулаад өгье” гэхэд нь би мөн нөхөртэйгөө ярилцаж байгаад зөвшөөрөөд урьдын адил өөрийнхөө данснаас Өнөрөө эгчийн данс руу шилжүүлсэн. Тэгээд ахиад 1 сар орчмын дараа буюу 4 дүгээр сард “гачууртад газар захиалсны үлдсэн төлбөр шилжүүлээрэй, газрын гэрчилгээ гарчихсан шүү” гэхэд нь би үлдэгдэл төлбөр 1.500.000, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 99/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...550.000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр манай том хүү болох М.Тэмүүлэлийн данснаас аваад өөрийн “Хаан” банкны 5677084009 гэх данс руу хийгээд ***ын 5076561348 гэх данс руу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, тахилтын 1 дүгээр буудлын 301 тоотод өөрийн ээж Хосбаярынд байхдаа өөрийн утсаар “Хаан” банкны интернэт банк ашиглаад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 190/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...манай найз ***т Баянзүрх дүүргийн шар хоолой гэх газарт зуслангийн 10 айлын газар байсан юм. Намайг зараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зарж өгөх санаатай л ***аас асуусан юм. Тэгтэл *** надад нэг айлын газрыг 3.500.000 төгрөгөөр зарж өгье гэж тохироод 2021 оны хавраас эхлээд намар хүртэл гэж санаж байна. Миний данс руу бага багаар 31.000.000 орчим төгрөг хийсэн. Тэгээд л тэр 10 хүн газраа авсан. ... 15 сая төгрөг орж ирэхээр нь 4 айлынхан газрыг л зарсан... мөнгө нь орж ирэхгүй байхаар нь би нөгөө газар үзсэн хүмүүс рүү залгаад “мөнгөө өгөөч ээ” гэж хэлэхэд тухайн хүмүүс нь “би ***д мөнгөө өгчихсөн шүү дээ” гэж хэлсэн... би мөнгөгүй болсон үедээ ***аас мөнгө зээлсэн, буцааж өгсөн хоорондын гүйлгээнүүд байгаа” гэсэн мэдүүлэг /хх 2-н 246-247, 3-н 101/,

Гэрч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний хувьд газрын төлбөр нийт 31.000.000 төгрөгийг найз Оюун-Эрдэнээс авч дууссан. ...би ***д хариуцуулж өгсөн, би бол мөнгөө авсан учраас миний хувьд наймаа дууссан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 249-250/,

Яллагдагч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тус тогтоолд дурдсан 9 хүнээс нийт 88.500.000 төгрөгийг хууран мэхэлж авснаа хүлээн зөвшөөрч байна. ...би бүх мөнгийг өөрийнхөө дансаар авдаг байсан бөгөөд тухайн мөнгийг бүгдийг нь өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан юм. Би өрөнд орчихсон байсан учраас өрөө өгсөн.  Энэ нь миний 5076561348 дугаарын дансны хуулга дээрээс харагдана. ...энэ мөнгөөр ЖДҮ болон ТОСК, НОСК-ийн орон сууцанд оруулахтай холбоотой зарцуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 179/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 17, 41, 177/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 18, 246, 2-н 39-40, 178/, Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 60-61, 194-195, 240-241, 2-н 24-25, 167-168/,   *** *** эзэмшигчтэй “Хаан” банкны 5076561348 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 35-48, 79-92, 2-н 194-234, 3-н 43-45, 119-139/, Төрийн орон сууц корпраци ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/825 дугаартай “...тус компани нь иргэдээс хувь хүний дансаар урьдчилгаа төлбөр авдаггүй компанийн дансанд төвлөрүүлдэг болно. Мөн тус компанид ***ын *** /РД:УЕ81011121/ гэх хүн ажилладаггүй болно...” гэх албан бичиг /хх 1-н 50/, ***эзэмшигчтэй “Хаан” банкны 5024589992, 5300604030 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 73-74/, ****** эзэмшигчтэй “Хаан” банкны 5031744914 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 73-74/, ** эзэмшигчтэй “Голомт” банкны 1705110106 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 207-208/, ***эзэмшигчтэй 5034839621 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 10-12/, Цэрэнсодномын Цэрэнбат эзэмшигчтэй Хаан банкны 5027361438 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 60-61/, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр *** эзэмшигчтэй Хаан банкны 5027361438 тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /хх 2-н 57-58/, ***эзэмшигчтэй “Хаан” банкны 5429565662 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 88-104/, Хосбаяр Баярцэцэг эзэмшигчтэй “Хаан” банкны 5677084009 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 179, 183/, Пүрэвсүрэн Нэргүй эзэмшигчтэй “Хаан” банкны 5925300984 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 180/, *** эзэмшигчтэй “Хаан” банкны 5925319612 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 181-182/, ****эзэмшигчтэй Хаан банкны 5034424469 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 3-н 46-47/, хохирогч ***гийн “Unuruu Uunuu” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй харилцсан фэйсбүүк зурвасын хуулбар /хх 3-н 48-68/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 101, 2-н 62-69, 142, 3-н 36, 181-187/, зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр “Төрийн орон сууцны корпараци”, Нийслэлийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 7.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “Төрийн орон сууцны корпараци”, Нийслэлийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 5.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 14-нээс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

-  “Нийслэлийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж урьдчилгаа бага, хямд үнэтэй байранд оруулж өгнө орон сууцтай болгож өгнө” хэмээн иргэн ***ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.660.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хороонд өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “хямд үнэтэй, нөхцөл сайтай орон сууцанд зуулчилж оруулна, цагаан сараас өмнө оруулж өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 11.160.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “түрээсийн байранд хамруулж өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 4 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 10.000.000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулж өгнө” хэмээн иргэн ***ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 12 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 31.000.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 30-наас 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хоронд Х.Номин-Эрдэнэ эзэмшигчтэй “хаан” банкны 5429565662 тоот дансаар,

-  “Төрийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж хөнгөлттэй нөхцлөөр байранд оруулж өгнө, газар зарна” хэмээн иргэн *** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.060.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 23-наас 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачуурт, Шар хоолойн ам гэх газарт газар зарна” хэмээн иргэн ***г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 1.120.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 05-наас 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар,

- “Гачууртад байрлалтай газар зарна, 1.000 залуучуудыг байртай болгох төсөлд квот авч өгнө” хэмээн иргэн ***г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн нийт 6.500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-наас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд өөрийн эзэмшлийн “хаан” банкны 5076561348 тоот дансаар тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэргүүдийг үйлдэж бусдад нийт 88.500.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, ***, ***, ***, ***, ***, ***, ***, *** нарын мэдүүлэг, гэрч ***, Т.Оюун-Эрдэнэ, Б.*** нарын мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “***д холбогдох өөр хохирогчтой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн тул хэргийг нэмж нэгтгэж, 60 хүртэл хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг дахин үйлдсэн, эсхүл урьд нь үйлдсэн өөр гэмт хэрэг илэрсэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтад шүүгдэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урд үйлдсэн гэмт хэрэг илэрсэн, дахин гэмт хэрэгт холбогдсон бол шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж хууль тогтоогчоос тодорхой хуульчилсан тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар нотлох баримт байхгүй зөвхөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс “тус хэлтэст хэрэг бүртгэлтийн 221102120 дугаартай хэрэгт *** нь хоблогдон шалгагдаж байгаа...” гэж албан тоотод үндэслэн дахин гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хууль тогтоогчоос хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалт нь шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу уг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлыг зөвтгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах ойлголт байх ба шүүгдэгч дахин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн холбогдсон хэргийг нэмж нэгтгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах эрх хэмжээг шүүхэд олгоогүй байна.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.*** нь “Төрийн орон сууцны корпараци”, Нийслэлийн орон сууцны корпараци”-н хөтөлбөрт хамруулж “түрээсээ төлөөд өмчлөх эрхтэй орон сууцтай болгож өгнө”, Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулж өгнө, “Гачууртад байрлалтай газар зарна...” гэх мэтээр хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.***ын үйлдэл нь их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь хохирогч ***д учирсан 6.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч ***ид учирсан 10.660.000 төгрөгийг хохирлоос 3.000.000 төгрөг, хохирогч ***ад учирсан 31.000.000 төгрөгийг хохирлоос 16.530.000 төгрөг, хохирогч ***д учирсан 11.160.000 төгрөгийн хохирлоос 2.300.000 төгрөг тус тус төлсөн тул дээрх хохирогч нарын хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч ***аас нийт 60.170.000 төгрөг гаргуулж, хохирогч ***д 7.000.000 төгрөг, хохирогч ***д 5.000.000 төгрөг, хохирогч ***ид 7.660.000 төгрөг, хохирогч ***д 8.860.000 төгрөг, хохирогч ***д 10.000.000 төгрөг, хохирогч ***ад 14.470.000 төгрөг, хохирогч ***д 6.060.000 төгрөг, хохирогч ***д 1.120.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “5 жил, 8 сар хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ч.*** нь хохирогч нарт их хэмжээний хохирол учруулсан, уг хохирлын заримыг төлж барагдуулаагүй байхад түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал зэргийг харгалзсан улсын яллагчийн оногдуулах хорих ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар доод хэмжээгээр буюу 02 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 2205013942367, 2205030432340, 2205030432343, 2106026883516, 2203024231932, 2210011201789 тоот хэргүүдийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***ыг 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 02 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын урьд цагдан хоригдсон 08 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас нийт 60.170.000 төгрөг гаргуулж, хохирогч ***д 7.000.000 төгрөг, хохирогч ***д 5.000.000 төгрөг, хохирогч ***ид 7.660.000 төгрөг, хохирогч ***д 8.860.000 төгрөг, хохирогч ***д 10.000.000 төгрөг, хохирогч ***ад 14.470.000 төгрөг, хохирогч ***д 6.060.000 төгрөг, хохирогч ***д 1.120.000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР