Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 87

 

Ц.А-, Г.Х- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0139/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Г.Уянга

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 361 дугаар шийтгэх тогтоолтой, Ц-гийн А-, Г-ы Х- нарт холбогдох, 1918004600322 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Ц.А-, Г.Х- нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь :

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1.д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Х- овогт Ц-гийн А-,

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь :

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.2.т зааснаар 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,  РД: ********** регистрийн дугаартай, Б- овогт Г-ы Х-,

Шүүгдэгч Ц.А- нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн “Нарантолгой" гэх газраас иргэн Ө.А-ий эзэмшлийн 223 толгой буюу олон тооны бог малыг хулгайлж 31.640.000 төгрөгийн хохирол,  Хонгор сумын 2 дугаар багийн “Бага сэртэн” гэх газраас иргэн Б.П-ийн эзэмшлийн 1 толгой адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.,

Шүүгдэгч Г.Х- нь 2019 оны 6 дугаар сарын 26-нд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж Ц.А-гийн хулгайлсан 223 толгой хониноос 1 толгой хонийг авч ашигласан., хохирогч Ө.А-д мал туусан хүн 96 явна гээд локатар чиглээд хойшоо яваад өгсөн.., гэж  Ц.А-гийн хулгайлсан 223 толгой хонийг нуун далдалсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 361 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х- овогт Ц-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б- овогт Г-ы Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 3 /гурав/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Х-ыг 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Ц.А-, Г.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Ц.А-гийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох,

Шүүгдэгч Г.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.А- нь 130.500 /нэг зуун гучин мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж, хохирогч Б.П-ийн гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-, Г.Х- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.А-, Г.Х- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.А-, Г.Х- нарын өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Ц.А- нь ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг хэдий ч түүний төрсөн эх нь бие муутай өндөр настай, шүүгдэгч Г.Х- нь 55 настай, ам бүл 2, эхнэрийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлын талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Х-т хорих ялын дээд хэмжээгээр ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд үл нийцэж, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр боллоо.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгч нар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.А-, Г.Х- нарын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Давж заалдах гомдлоо  дэмжиж байна., Миний үйлчлүүлэгч Г.Х-ын хувьд анхан шатны шүүх хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч сайн дураараа хохирол төлбөрөө төлсөн байхад шүүх хамгийн хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдол гаргасан.

Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Ц.А-, Г.Х- нарт оногдуулсан ял шийтгэл хуульд нийцсэн байх бөгөөд гэм буруу ял шийтгэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй.

Шүүгдэгч нарын өмгөөлөгийн гаргасан давж заалдах гомдолд тусгайлсан санал байхгүй. Энэ асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг хэрэгт  авагдсан  нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.А- нь 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн “Нарантолгой” гэх газраас иргэн Ө.А-ий эзэмшлийн 223 толгой буюу олон тооны бог малыг хулгайлж 31.640.000 төгрөгийн хохирол, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Бага сэртэн гэх газраас иргэн Б.П-ийн эзэмшлийн 1  адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.,

Шүүгдэгч Г.Х- нь, хохирогч Ө.А-д “мал туусан хүн 96-гийн /локатар/ чиглээд хойшоо яваад өгсөн” гэж Ц.А-гийн хулгайлсан 223 толгой хонийг нуун далдалсан, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Ц.А-гийн хулгайлсан 223 толгой хониноос 1 хонь авч ашигласан  үйл баримт болжээ.

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болох :

- Шүүгдэгч  Ц.А-гийн  ...06 дугаар сарын 23 өдөр  өдөр хулгайлсан хонио туугаад явж байхдаа Г.Х-тай таараад хулгайлсан хонио Г.Х-ын хоньтой нийлүүлсэн.., 2019 оны 06 дугаар сарны 26-ны үдээс хойш Г.Х- хүн амьтан малаа алдсан гээд асуугаад байна.., Энэ хулгайн малаа ав гэхээр нь  шөнө нь ирж туугаад явахад Г.Х- махгүй болсон алж идэх юм байна уу гэхээр нь 1 хонь өгсөн... гэсэн мэдүүлэг.,

-Хохирогч Ө.А-гийн  өгсөн  ...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 223 тооны хонь, ямаа алдсан...  гэсэн мэдүүлэг.,  /1 хх 25-30/  хохирогч Б.П-ийн өгсөн  ...2019 оны 06 дугаар сарын 22-ны орой гэрийн гадаа аргамжаатай байсан зээрд морио алдсан... гэсэн мэдүүлэг., /1хх-199/., гэрч Б.Саранцэцэгийн өгсөн ...Би Ц.А-г сайн танихгүй. манай нөхөр л мэдэх байх., 2019 оны 06 дугаар сарын 23-ны 16 цагийн орчим Ц.А- манай нөхрийг локатар дээр хүрээд ир гэж утсаар дуудсан юм билээ..,  Яваад очсон чинь хурга, ишиг нийлсэн 200 гаруй тооны малыг манай хоньтой нийлүүлсэн байна лээ... гэсэн мэдүүлэг., /хх39-44/ гэрч Г.Х-ын  ...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бүрэн толгойн урдуур хонио хариулж явтал хамар даваад зайдан морь унаж, баахан хонь туусан Ц.А- ирсэн. Ц.А- хүнээс авах ёстой хонио аваад явж байна., танай хонинд түр нийлүүлье гэж хэлсэн., Орой гэртээ байж байхад машинтай 2 эрэгтэй хүн ирж Хонгороос 200 орчим хонь алдчихлаа., Энэ орчим хонь туусан хүн явсан уу гэж асуухад нь “96-гийн чигт хойшоо туугаад явсан” гэж худлаа хэлсэн.., тэр үед Ц.А-гийн манай хонинд нийлүүлсэн хонь хулгайнх юм байна гэж мэдсэн... гэсэн мэдүүлэг., гэрч Б.Саранцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны шөнө ...Ц.А-, нөхөр бид 2-т нэг шөлний юм өгсөн.., Тэр хонь хар толгойтой, хязаалан насны байсан.., Нэхий, арьсийг нь Ц.А- өөрөө аваад явсан... гэсэн мэдүүлэг.,  /1хх 46/.,

-2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл., гэрэл зургийн үзүүлэлтүүд., /1хх 4-12/ Хөрөнгийн үнэлгээний тайлан., /1хх 200/, /1хх-85, 212/  зэргээр нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд  шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн., Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн  мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тогтоосон., оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан  байдал  тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А- бусдын олон тооны мал хулгайлсан хулгайлсан үйлдэлд нь 3 жил хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж,  хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

 Харин шүүгдэгч Г.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн    болон  гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа, мөн  шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн амьдрал ахуй зэргийг харгалзан  үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дугаар зүйлийн 1.д зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой  байна.

           Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан ... анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-д 3 жил, шүүгдэгч Г.Х-т 1 жил хорих ял оногдуулсан.,  шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлөгдсөн., хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байгаа бөгөөд шүүгдэгч Г.Х- одоо 55 настай, түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.., гэсэн  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 361 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт :

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Х-т хорих ял оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3.,  7.3 дугаар зүйлийн 2., 3.т зааснаар түүнийг оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй гэсэн.,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч  Г.Х- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол    мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8., 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй... гэсэн заалт тус тус нэмж, тогтоох хэсгийн 2., 3 дугаар заалтын шүүгдэгч Г.Х-т холбогдох  хэсгийг хүчингүй болгож,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.       

          2. Шүүгдэгч Г.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,  түүнийг нэн даруй сулласугай.

3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатарын гаргасан  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.     

         4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ТУЯА

                                                                  ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МАНЛАЙБААТАР