Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү

 

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

 

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/505 дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0937 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр

Хэргийн индекс: 128/2024/0502/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/505 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0937 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг баримтлан “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/505 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/505 дугаар тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон.

Энэ зохицуулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёроос дээш жил ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналаар нотлогддог.

Тус захиргааны 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хязгаарлалтын бүсэд суурин болон хээрийн судалгааны ажил хийсэн тэмдэглэлээр “С” ХХК нь газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхлээгүй, хашаа, барилга байгууламж бариагүй болох нь фото зургаар тогтоогдоно.

3.2. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтыг яаманд ирүүлээгүй.

3.3. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ Хамгаалалтын захиргаанд гаргаагүй ба газар ашиглах эрх олгосноос хойш нэг жилийн дараа гэрээг байгуулсан. Сайдын 2023 оны А/505 дугаар тушаал гарах хүртэл тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хуанлийн бүтэн 2 жилийн хугацаанд ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

3.4. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг цахим арга хэлбэрээр явуулсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0937 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3. “С” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/505 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ... аялал жуулчлалын зориулалттай цогцолборын зураг төслийг гүйцэтгүүлж, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зургийг батлуулах зэргээр газраа зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулж, санхүүгийн зардал гаргасан, захиргааны байгууллагын удаашралтай үйл ажиллагаанаас үүдэж барилгын ажлыг эхлүүлж чадаагүй, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан бол

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Хамгаалалтын захиргааны хээрийн үзлэгээр тухайн газар хоосон, хашаа татаагүй болох нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан, Улсын дээд шүүхийн тайлбарт нийцүүлэн газар ашиглах эрхийг цуцалсан, сонсох ажиллагааг цахим арга хэлбэрээр явуулсан” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргажээ.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдын 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/523 дугаар тушаалаар “С” ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Бумбатын горхийн хязгаарлалтын бүсэд “Бумбатын хяр” хэмээх газарт аялал жуулчлалын зориулалтаар 9.0 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэж, 0201702 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр олгож, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2021/41 дүгээр гэрээг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар байгуулсан.  

4.2. “С” ХХК нь газар ашиглах эрх олгосон эдгээр хугацаанд:

- тухайн газарт “Б т” аялал жуулчлалын цогцолбор барилгуудын загвар зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх №05/21 тоот гэрээг “Х к” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан.

- мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр МЗХ2022/07-028 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж авсан.  

4.3. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны зүгээс маргаан бүхий актад дурдсан үндэслэлээр цахим хэлбэрээр сонсох ажиллагаа явуулж, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгийг нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах санал гаргаснаар, маргаан бүхий захиргааны акт гарчээ.

5. Анхан шатны шүүх, дээрх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын үндэслэлд холбогдуулан  “... нэхэмжлэгч нь 2021-2022 онд хариуцагч захиргаатай тодорхой асуудлаар харилцаатай байсан нь тогтоогдсон, захиргаа шийдвэр гаргахдаа аль хугацаанаас тооцож 2 жил өнгөрсөн гэж үзсэн нь тодорхойгүй, нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг судлаагүй” гэх дүгнэлтийг хийж, маргаан бүхий тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын маргаан бүхий 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/505 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарлажээ.

8. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар ашиглуулахаар гаргасан шийдвэрийн үндсэн дээр эрх бүхий этгээдүүдийн хооронд газар ашиглах гэрээ хийгдсэн тохиолдолд шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг заасан хэм хэмжээний нөхцөл нь Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх тайлбар ёсоор гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн тооцно.

Түүнчлэн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох энэ зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

9. Нэхэмжлэгчийн хувьд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2021/41 дугаартай “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг даргатай байгуулсан ч ийнхүү гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий актаар уг газрын ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл хугацаанд тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай бариагүй, хашаа барьж бодитоор газраа ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичиг, тус хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хязгаарлалтын бүсэд суурин болон хээрийн судалгааны ажил хийсэн тэмдэглэл, маргаан бүхий газрын талбайн зураг /2023.09.11-ний өдрийн байдлаар/, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар батлагдсан зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр хуралдааны тэмдэглэл, тус хуралдааны шийдвэрийн тойм, маргаан бүхий газарт анхан шатны шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан фото зургууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

10. “С” ХХК нь газар ашиглах эрх олгосон тухайн газарт энэ хэсгийн 4.2-т заасан үйл ажиллагаа явуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс энэ байдлаар газар ашиглахад чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа гэж тайлбарлах хэдий ч энэ хэсгийн 7-8-д заасан хуулийн зохицуулалт, түүний агуулга,  тайлбарласан хэм хэмжээтэй харьцуулан үзэхэд бусад хуулийн этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, архитектур төлөвлөлтийн даалгаврын хугацаа дууссан зэрэг нь тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх урьдчилсан нөхцөлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

11. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд газар ашиглах эрх үүссэнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдохгүй, аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг үргэлжүүлсэн зүйлгүй, газрыг анх олгосон зориулалтын дагуу ашигласан, эсхүл тийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үйл баримтын хүрээнд цар тахлын хүчин зүйлс нөлөөлсөн эсэх талаар талууд маргаагүй болно.

12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллагын болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулан хийснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд,

13.1. Хэргийг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэнгээс шүүгч М.Батзоригт шилжүүлсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 961 дүгээр тогтоол, мөн шүүгч М.Батзоригоос шүүгч А.Ганзоригт, дараа нь шүүгч М.Батзоригт буцаан шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1074, 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1106 дугаар тогтоолд тухайн шүүхийн 16 шүүгчээс хэд нь оролцсон нь тодорхойгүй, ердөө 5-6 нь гарын үсэг зурж, албажуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “...  Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэй байна...” гэж шүүгчдийн зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох ирцийн босгыг тогтоосон хуулийн шаардлагад нийцээгүй,  

захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн бүртгэлээс үзэхэд, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ЗТ2024/1216 дугаар тогтоолоор, хэргийг шүүгч М.Батзоригоос Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэнд буцаан шилжүүлсэн боловч уг тогтоолыг хэрэгт хавсаргаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах болох хэдий ч анх хэрэг хуваарилагдсан шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн энэ тохиолдолд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц ноцтой алдаанд тооцсонгүй.  /Хэргийн I хавтасны 52-53, 87-94, 116 дахь талд/

13.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан, шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн тамга дарж албажуулаагүй гэх мэт зөрчлийг цаашид анхаарвал зохино. /Хэргийн I хавтасны 214-215 дахь талд/

13.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шийдвэрийг хүлээн авч, давж заалдах гомдлоо 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр цахимаар, дараагийн өдөр нь цаасаар тус тус хүргүүлсэн, анхан шатны шүүхийн захиргааны ажилтан нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгт сольж хавсаргасан гэх үйл баримт хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан уг гомдлыг хугацаа хэтрээгүй гэж дүгнэн, хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0937 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1/, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/505 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ