Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин суух У овогт М.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах, “Ч” ХХК-д холбогдох

 “Ажилгүй байсан хугацааны цалин 630,000 төгрөг, хамтын гэрээний дагуу тэтгэмж 3,466,500 төгрөг гаргуулах” тухай үндсэн шаардлагатай,

Хариуцагч “Ч” ХХК нь нэхэмжлэгч М.М-д холбогдуулан “хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж 630,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, С.Г, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь ... оны ... дугаар сарын ...-нд ... шийдвэрээр 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цалингаа тогтоолгосон. Ч ХХК-д 2019 оны 03 дугаар сарын 29-нд ажилд эргүүлэн авах тушаал гаргасан. 03 дугаар сарын 07-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх 16 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 336,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.М нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Ч ХХК нь М.М намайг шүүхийн шийдвэр гарсны дараагаар 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эгүүлэн томилох тушаал гаргаж 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ажилд дуудаж ажил үүргээ гүйцэтгэ гэж ажил үүргийг хуваарилж өгсөн юм. Би ажилдаа буцаж ороход ажлын байрны дарамт учруулж ажил хийх боломжгүй байсан болохоор би өөрийн хүсэлтээ өгч ажлаас чөлөөлөгдөхөөр болж 2019 оны 04 дүгээр сарын 18-аас ажлаас халах тушаал гарсан. Миний хувьд 2019 оны 03 дугаар сарын 08-аас 2019 оны 09 дүгээр сарын 08 хүртэлх нэг сарын цалин болох 630,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. М.М намайг Ч ХХК нь 2019 оны 01-07-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халсан халахдаа байгууллагын дотоод журманд заасны дагуу надад 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө 417,270 төгрөгийг олгосон. Гэвч энэхүү мөнгийг буцаан авахаар суутгаж авахаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ажилд эгүүлэн томилох тушаалын 3 дах хэсэгт тусган оруулсан байсан. Би тусган оруулсан байсан. Би 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр халагдах өргөдлөө өгөхдөө уг өргөдөлд: ... Миний хувьд ажлаа хийж чадахгүй байна. тэтгэвэртээ гарч байгууллагын дотоод журманд заасны дагуу 5 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан юм. Харин надад тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би 2019-2021 онд хэрэгжиж буй байгууллагын дотоод журмын дагуу 5 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж авах шаардлагыг хангасан. Ч ХХК-д анх 2014 оны 05 сарын 14-нөөс 2019 оны 03 дугаар сарын 29 хүртэл ажилласан гэж үзэж байна. Мөн намайг ажилласан хугацаа хүрэхгүй байхад тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж миний эрхийг зөрчсөн. Би ч бүрэн тэтгэвэр авч чадахгүй хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа ба одоо ч энэхүү тэтгэвэрээ авч байна. Миний хувьд 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаалын 4 дэх хэсэгт заагдсан 693,300 төгрөгийг дотоод журамд заасан 5 сараар үржүүлэхэд 3,466,500 төгрөг гарч байгаа ба үүнээс 2019 оны 01 сарын 11-нд олгосон 417,270 төгрөгийг хасч 3,049,230 төгрөгийг нэхэмжилж байна нийт 3,679,230 төгрөг гаргуулах” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “М.М-н нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсны цалин олгуулах шүүх хурал 2019.03.12-нд болж, шийдвэрийг 2019.03.14-нд гардан авсан болно. М.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нэхэмжилсэн байна.

  1. Шүүх хурал болж шүүхийн тогтоол гараагүй байсан.
  2. Энэ дутуу цалин нэхэмжилсэн хугацаа бол ИХШХШТХуулинд заасны дагуу давж заалдах 14 хоног буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх хугацаа юм.
  3.  М.М нь ажилдаа орох талаар холбогдоогүй, өөрийн биеэр ирээгүй.
  4. Манай компанийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах бодолтой байсан боловч М.М-д бүрэн тэтгэвэрт гарах боломж олгохоор 2019 оны 03 дугаар сарын 29-нд гүйцэтгэх захирлын тушаалаар албан ажилд нь эгүүлэн томилсон.

Гэвч М.М нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа ирээд инженерийнхээ өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй үг хэлээр доромжлоод ажлаа хаяж яваад 4 хоног ажил тасалсны дараа 2019 оны 04 дүгээр сарын 15-нд ирж ажлаас өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн байсан. Компанийн дотоод журмын 9-р зүйлийн 9.5.4.7 заалтын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 17-нд захирлын зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэж олон хоногоор ажил тасалсан тул арга хэмжээ авч үүрэгт ажлаас нь чөлөөлж халсан. Хурлын товыг мэдэгдсэн ч ирж оролцоогүй. М.М нь өргөдлөө бичээд л мөнгө нэхдэг ажил хийх ямар ч хүсэлгүй, ямар нэг арга хэрэглэж байгаад л хэдэн төгрөг салгах бодолтой нь илт харагдаж байна. ... Давж заалдах гомдол манайх гаргана гэж байгаад больсон энэ хугацаа учраас цалин олгох боломжгүй. М.М-г шүүхийн шийдвэрийн дагуу хангаж ажилд авсан боловч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа ирээд удалгүй инженерийнхээ үүрэг даалгаврыг эсэргүүцээд үг хэлээр доромжлоод явснаас хойш дахин ирээгүй. Иргэн М.М компанийн захиргаанд 2019 оны 04 дүгээр сарын 15-нд ажлаас халагдах хүсэлтээ өгч, улмаар хурлын товийг М.М-д мэдэгдсэнд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө ирж дахин 1 өргөдөл өгөөд явсан байсан. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн захирлын зөвлөлийн гишүүдийн хурлаар М.М-н өргөдлүүдийн талаар авч хэлэлцээд ажлаас нь халах, тэтгэмж олгох боломжгүй талаар шийдвэрт хүрч тушаал гаргасан. Компанийн дотоод журмын 9.5.4.7-д зааснаар 3 хоног дараалан чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан тохиолдолд ажлаас шууд халахаар заасан байдаг. М.М-н хувьд ажил хийе гэсэн бодол огт байхгүй. М.М нь ажил хийе гэж бодсон бол хэрүүл хийж ажлаа хаях биш эвлэж ажиллаж байгаад бүрэн тэтгэвэрт гарах хугацаа болмогц хүсэлтээ өгөөд албан ёсоор тэтгэвэртээ гарах боломжийг компанийн зүгээс олгосон. Энэ тухай би өөртэй нь уулзаж ярилцсан ойлгосон гэж бодож байсан. М.М-н хувьд ажил тасалсан учраас арга хэмжээ авагдаж ажлаас халагдсан. Өөрөө ч би ажиллаж чадахгүй байна халагдах хүсэлтээ өгсөн. Хамтын гэрээнд ажилтан тэтгэвэртээ гаргах хүсэлтээ гаргасан буюу тэтгэвэртээ гарсан тохиолдолд тэтгэмж өгөхөөр байгаа, арга хэмжээ авагдаад халагдсан хүний хувьд тэтгэмж авахгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. М.М-г 2019 оны 03 сарын 29-ний өдөр ажилд нь эгүүлэн авсан тушаал гаргасан боловч манай хүний нөөцийн мэргэжилтэн хэлээгүй хугацаа алдсан юм билээ. М.М-д 2019 оны 04 сарын 04-ний өдөр тушаал гарсан гэж хэлсэн гэсэн. Ингээд 2019 оны 04 сарын 08-ны өдөр ажилд нь дуудаж тушаалыг танилцуулсан. Манайх байгууллага тэмцээнтэй байсан учраас 08-ны өдрөөс ажилдаа орсон. Би бас М.М гуайтай уулзаж ярилцсан ойлгосон байх гэж бодож байтал тэр өдөр ажилдаа гараад ажлаа хаяад явсан дахиж ажилдаа ирээгүй. 15-ны өдөр ажлаас халагдах хүсэлтээ өгсөн. Энэ хүн ажил тасалсан учраас дотоод журмын дагуу 3 хоногоос дээш ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан учраас ажлаас нь халсан юм...” гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Урьд тэтгэвэрт гарах нас нь болсон гэж ажлаас халсан ингэж халахдаа хамтын гэрээнд заасны дагуу 1 сарын цалин 630,000 төгрөгийг М.М олгосон юм. Хуучин хамтын гэрээнд 1 жилийн тэтгэмж олгохоор байсан юм энэ онд ярилцаад 4 жил болгосон юм. Компаний гүйцэтгэх захирлын тушаалын ажлаас халсан тушаалыг шүүхийн шийдвэрээр бүхэлд нь хүчингүй болгосон. Үүний дагуу манай компани М.М-г ажилд нь авсан. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 07-нд ажлаас чөлөөлөхөд хамтын гэрээний дагуу олгогдсон 1 сарын цалин болох 630,000 төгрөгийг буцаан авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. 630,000 төгрөгийг олгоогүй мөнгөн аяга аваад үлдсэн 417,270 төгрөгийг өгсөн. М.М-д тэтгэмжийн олгосон мөнгөнөөс мөнгөн аяга авч өгч байгаа гэж хэлээгүй л дээ. Гэхдээ ер нь ингэж уламжлал болгож өгдөг юм билээ...” гэв.

Нэхэмжлэгч М.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 1 дүгээр сард байгууллагаас намайг тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж ажлаас чөлөөлөхдөө тэтгэмж гэж 417,000 төгрөг олгосон байсан нь миний харилцах дансанд орж ирсэн. Би тухайн үед гарч байсан “ажлаас чөлөөлсөн тушаал”-ыг нийгмийн даатгалын газарт авч очиход ажилласан жил хүрэлцэхгүй, 10 сар дутуу байна гэсэн хариуг надад өгсөн. Байгууллага ч намайг буцаж ажилд авахгүй болохоор нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгон авч эхэлсэн. Шүүхийн шийдвэрээр намайг ажилдаа эгүүлэн орохыг тогтоож өгсөн шийдвэрийн дагуу ажилдаа буцаж ороод урьд нь тэтгэмжээр олгогдсон 417,000 төгрөгийг өөрт олгогдох цалин хөлснөөсөө суутгуулахаар бодож явсан боловч ажилдаа буцаж ороход ажлын байрны дарамт шахалт маш их байсан болохоор өөрийнхөө “ажлаас халагдах хүсэлтээ бичиж өгсөн. Ч ХХК нь урьд нь намайг тэтгэвэрт гарах нас болсон гэж ажлаас халж тэтгэмж өгсөн хирнээ одоо би өөрийнхөө хүсэлтээр тэтгэвэртээ гарсан учир ажлаасаа халагдъя гэсэн миний хүсэлтээр намайг ажлаас чөлөөлсөн байж энэхүү тэтгэмжээ буцаан нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Харин ч 2019-2021 оны байгууллагын хамтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.4.2-т заасны дагуу надад 4 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгогдохоор байтал энэхүү тэтгэмжийг надад олгоогүй. Энэхүү заалтаар надад олгогдох тэтгэмж 693,000 үндсэн цалинг 4 сараар үржүүлэхэд 2,772,000 төгрөг болж байгаа ба үүнээс 417,000 төгрөгийг хасч тооцохоор 2,355,000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба үүнийг би нэхэмжлэлдээ буруу тооцоолон бодчихсон байсан. Үүгээр ч хоорондоо ярьж тохиролцох боломжтой байсаар байхад хэтэрхий намайг хавчиж, олгох ёстой тэтгэмжийг олгохгүй байгаад гомдолтой байна. Би тус байгууллагад 2013 оны 9 сарын 23-нд анх ажилд орсон./ ашиглалтын өмнөх захиргаа гэж тухайн компани байгуулагдахаар ажлын хэсэг бүрэлдүүлж байх үеэс эхлэн ажилд орсон/ 2014 оны 5 сарын 1-нд Ч ХХК үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулахаар болж байсан юм” гэжээ.

Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд: “... Нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна. Ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 03 сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 сарын 08-ны өдөр хүртэлх 525,087 төгрөг, хамтын гэрээний дагуу 4 сарын тэтгэмж 2,773,200 төгрөгийг нэхэмжилж байна. Би 5 сарын тэтгэмж олгоно гэж андуурсан байна лээ. 2019 оны 04 дүгээр сарын 04-нд Х-с ажилд авах нь уу? гэхэд таныг ажил тасалсан гээд ажлаас халсан гэсэн. Тэгээд 04 дүгээр сарын 08-ны өглөө таныг ажилд чинь оруулахаар болсон гэж хэлсэн. Тэгээд би 04 дүгээр сарын 08-ны өглөө ажилдаа ирсэн. ...-р байрны усыг нь хаасан байгаа, шугам солих гэсэн юм шугамыг нь аваагүй гэсэн. Тэгээд хажуу айлаар нь шугамыг нь авахуулаад шугамыг нь солиулсан. Тэгээд 04 дүгээр сарын 08-нд ажилдаа ирсэн чинь Биржийн тэнд байдаг шугам бөглөрсөн байгаа гэсэн. Манайхан М-н байрны худгаас ус хийгээд аргацаагаад байж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би ерөнхий инженер лүү яриад харагдахгүй болсон худаг нь бөглөрсөн байсан. Механизм кольцоонд яваад ирсэн чинь Д ирсэн байсан. Тэгээд намайг авгай минь хаашаа алга болчихдог юм, ажлаа хийхэд яадаг юм гэж доромжилсон. Урд нь энэ хүн манай ажлыг шалгадаггүй байсан. 2008-2018 оны 08 дугаар сар хүртэл зүрхээр грүппэд гарсан юм. Үүнээс шалтгаалж хэрүүл уруултай үед ажиллах чадваргүй болсон юм. Шүүх 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл цалин бодож шийдвэрлэсэн. Намайг 2019 оны 04 сарын 08-ны өдөр ажилдаа ор гэж хэлээд ажилд эгүүлэн томилсон тушаалыг танилцуулсан учир ажилд орсон өдөр хүртэл цалингаа авах ёстой, мөн намайг тэтгэвэрт гаргах нас болсон гэж ажлаас халж байсан, мөн ажилдаа орсон боловч ажлын байранд маш их дарамттай байсан учраас би хувь тэнцүүлсэн тэтгэвэртээ гарсан. Би 19 жил ажилласан, уг байгууллагад 2014 оноос эхлэн ажилласан 2019-2021 оны хамтын гэрээний 5.4 дүгээр зүйлийн 5.4.2-т заасны дагуу тэтгэмж авах ёстой ... 630,000 нэг сарын тэтгэмж гэж гарсан, 417,000 төгрөг миний дансанд орсон. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Байгууллагын санаачлаагаар намайг тэтгэвэрт гаргасан, хамтын гэрээнд зааснаар нэг сарын тэтгэмж олгосон байгаа. Ажлаас буруу халаад хамтын гэрээний дагуу өгсөн тэтгэмжийг буцааж өгөх үндэслэлгүй зөвшөөрөхгүй. Ажлаас үндэслэлгүй халсан, ажилдаа орсон боловч дарамт их байсан учраас аргагүй эрхэнд хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарч хохирсон. Дурсгал болгож байна гээд нэг мөнгөн аяга өгсөн. Тэгээд тэр мөнгөн аяганы мөнгийг суутгаад авсан гэж хэлсэн. Сүүлд мөнгө суутгаж мөнгөн аяга авсан гэдгийг нь мэдсэн...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд: “М-тай 5 дахь жилдээ хамтран ажилласан. Ариутгах татуургын үндсэн мэргэжилтэй хүн байгаа. Ажиллаж байх хугацаанд шаардлага тавихаар эсэргүүцдэг, гүйцэтгэх захиралтай маргалдаж муудаад хаалгыг нь саваад гарч байсан удаа байгаа. Шаардлага тавихаар хүндээр тусгаж авдаг. Ер нь аль ч байгууллагад удирдах удирдуулах ёс гэж байдаг. Би бодохдоо хүн ёс зүйтэй байх нь зүйтэй гэж бодож явдаг. Инженерийн удирдлаганд энэ хүн ажилладаг. Дотоод журамд заагаад өгсөн байгаа. Тухайн үед ажил хаяж явсан, удирдлагаа хэл амаар доромжилсон байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй ч механизм хэрэгтэй гэж мэдэгдсэн байсан. М-н гүйцэтгэх гэж байсан ажил нь механизм шаардлагагүй байсан. Механизм нь өөр газарт байсан тул завандаа явуулна гэж хариулт өгсөн. Гэтэл ажил хариуцуулагчийг хэл амаар доромжилсон байсан. Манайх 20 мянган хүний цэвэр бохирыг хариуцсан ажил хийдэг, амралтын өдөр дуудах үе гардаг, М ирдэггүй, хариуцлагагүй. Жаахан ажлын ачаалалтай үед өөрийн санаачлагаар яваад өгдөг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд: “...2019 оны 04 сарын 08-ны өдөр ажилдаа ирсэн. Тухайн өдөр ... байрны подволийн  шугам засвартай байсан. Тэгээд нэг чигийн шугам бөглөрөлтэй байна гэхээр нь үзлэг хийлгэсэн байгаа. 04 сарын 08-ны орой нь тэр шугамаа янзлана шүү гэсэн чиглэл өгөөд буусан. Маргааш нь ажилдаа ирсэн чинь өөр ажил гүйцэтгэгч байсан. Хэсэг хугацааны дараа ирэхэд М ажлын байран дээрээ байгаагүй. М-г яасан талаар асуухад механизмд явсан гэсэн. Ирэхээр нь уулзаад механизмын шаардлагагүй юм байна, та цаг алдлаа гэсэн чинь ажлаа мэдэхгүй байна гээд доромжилсон. Энэ хүнийг би дарамталж, хэл амаар доромжлоогүй энэ хүн л намайг доромжилсон...” гэв.   

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 630,000 төгрөг, хамтын гэрээний дагуу 5 сарын тэтгэмж 3,466,500 төгрөг үүнээс хариуцагчаас олгосон тэтгэмж 417,270 төгрөгийг хасч 3,049,230 төгрөг нийт 3,679,230 төгрөгийг гаргуулах,

хариуцагч Ч ХХК нь нэхэмжлэгч М.М-д холбогдуулан хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмж 630,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин 2019 оны 03 сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 сарын 08-ны өдөр хүртэлх 525,087 төгрөг, хамтын гэрээний дагуу 4 сарын тэтгэмж 2,773,200 төгрөг нийт 3,298,287 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.

Нэхэмжлэгч М.М нь “Ч” ХХК-нд ус хангамж ариутгах татуургын ахлах мастераар ажиллаж байгаад 2019 оны 01 сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж ажлаас халсан, М.М нь ажлаас үндэслэлгүй халсан гэж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийдвэрээр М.М-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэлх цалинг гаргуулан шийдвэрлэж, “Ч” ХХК 2019 оны 03 сарын 29-ний өдөр М.М-г ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж, 2019 оны 04 сарын 04-ний өдөр ажилдаа 2019 оны 04 сарын 08-ны өдөр ирэхийг хэлж, ажилд эгүүлэн томилсон тушаал гарсныг танилцуулсан. М.М нь 2019 оны 04 сарын 08-ны өдөр ажиллаад ажилдаа ирээгүй байж байгаад 04 сарын 15-ны өдөр ажлаас халагдах тухай хүсэлтээ өгсөн үйл баримт болсон байх ба уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Мөн уг үйл баримт нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.М нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус шүүх 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэл цалин бодож шийдвэрлэсэн. Намайг 2019 оны 04 сарын 08-ны өдөр ажилдаа ор гэж хэлээд ажилд эгүүлэн томилсон тушаалыг танилцуулсан учир ажилд орсон өдөр хүртэл цалингаа авах үндэслэлтэй, мөн намайг тэтгэвэрт гаргах нас болсон гэж ажлаас халж байсан, мөн ажилдаа орсон боловч ажлын байранд маш их дарамттай байсан учраас би хувь тэнцүүлсэн тэтгэвэртээ гарсан. Би 19 жил ажилласан, уг байгууллагад 2014 оноос эхлэн ажилласан 2019-2021 оны хамтын гэрээний 5.4 дүгээр зүйлийн 5.4.2-т заасны дагуу тэтгэмж авах ёстой...” гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, давж заалдах гомдол гаргах хугацаа байсан учраас цалинг төлөхгүй, хамтын гэрээний 5.4 дүгээр зүйл нь манай компаниас өндөр насны тэтгэвэртэй гарч байгаа ажилчид олгох тэтгэмж юм. М.М нь сахилгын ноцтой зөрчил гаргасан ажил тасалсан гэж ажлаас халсан учраас тэтгэмжийг авах үндэслэлгүй, олгогдох боломжгүй. Дарамталсан зүйл байхгүй, өөрөө ёс зүйгүй харилцааны доголдолтой удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг өөрөө хүндээр тусгаж авдаг...” гэж маргасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн .... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.М-г “Ч” ХХК-нд ус хангамж ариутгах татуургын ахлах мастерын ажил нь эгүүлэн тогтоож, 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэлх цалин 1,260,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрт зохигчдын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1,260,000 төгрөг гаргуулсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох болон шүүх дүгнэх шаардлагагүй.

Харин М.М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасны дагуу ажилдаа орох хүртлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэгч М.М-н ажилгүй байсан хугацааны 2019 оны 03 сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 сарын 08-ны өдөр хүртэлх цалинг бодоход үндсэн цалин 630,300 төгрөг, 2019 оны 03 сарын 29-ний өдөр буюу ажилд эгүүлэн авсан тушаал гарсан өдөр хүртэл /3 сар ажлын 20 хоногтой, үндсэн цалин 630,300 төгрөг хуваах нь ажлын 20 хоног тэнцүү 1 өдрийн цалин 31,515 төгрөг үржих нь ажилгүй байсан 15 хоног/ 472,725 төгрөг, ажилд орсон өдөр хүртэл буюу 04 сарын 08-ны өдөр хүртэл /4 сар ажлын 22 хоногтой, үндсэн цалин 693,300 төгрөг хуваах нь ажлын 22 хоног тэнцүү 1 өдрийн цалин 31,513.63 төгрөг, хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан цалингийн тооцооны картнаас харахад 04 сарын 08-ны өдрийн цалин бодогдсон учир 04 сарын 07-ны өдөр хүртэл ажилгүй байсан 5 хоног/ 157,568.18 төгрөг нийт 630,0293.18 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. /хх 36-37, 39, 40-41/

Нэхэмжлэгч М.М-г ажилд эгүүлэн тогтоосон тушаал нь 2019 оны 03 сарын 29-ний өдөр гаргасан боловч хариуцагч тал тушаал гарсан талаар 2019 оны 04 сарын 04-ний өдөр мэдэгдэж 04 сарын 08-ны өдөр ажилдаа орох талаар мэдэгдэж, М.М нь 08-ны өдөр ажилдаа орсон энэ талаар зохигчид маргаагүй тул шүүх М.М-н ажилдаа орох хүртэлх цалинг бодох үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Гэвч нэхэмжлэгч М.М нь ажилгүй байсан хугацааны цалин гэж 525,087 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин 525,087 төгрөгийг хариуцагч Ч ХХК-иас гаргуулж, Ч ХХК-ний захиргаа ҮЭ-ийн хороотой байгуулсан 2019-2021 оны хамтын гэрээний 5.4 дүгээр зүйлийн 5.4.2-т заасны дагуу тэтгэмж 2,773,200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.М нь ажилдаа орсон боловч ажлын байрны дарамт их байсан, удирдлагууд дарамталсан, инженер Д.Д хэл амаар доромжилсон ажиллахад хүнд байсан, аргагүй эрхэнд хувь тэнцүүлэн тэтгэвэрт гарсан, хамтын гэрээний дагуу тэтгэмж авах ёстой гэж тайлбарлах боловч 04 сарын 08-ны өдөр 1 хоног ажилласан, 2019 оны 01 сарын 02-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон /хх94/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Ч ХХК-ны захирлын 2019 оны 03 сарын 29-ний өдрийн ... дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.М-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилсон боловч нэхэмжлэгч М.М нь 2019 оны 04 сарын 08-ны өдөр  ажиллаад ажилдаа ирээгүй байж байгаад 2019 оны 04 сарын 15-ны өдөр ажлаас халагдах хүсэлтээ өгсөн байх ба Ч ХХК-ны захиралын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн ... дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүсэлт, тушаалуудаар нотлогдож байна. /хх-ийн 37-38, 42/

Ч ХХК-ны захиралын 2019 оны 04 сарын 18-ны өдрийн ... дугаар тушаалд Монгол Улсын компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1,  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5.4.7, 9.10, Захиралын зөвлөлийн 2019 оны 04 сарын 17-ны өдрийн хурлын шийдвэр, Ус хангамж, ариутгах татуургын инженер Д.Д-н тодорхойлолт, цагийн бүртгэл зэргийг үндэслэн 2019 оны 04 сарын 08-нй өдөр инженер Д.Д-н үүрэг, шаардлага тавьсанд эсэргүүцэн маргаж, үг хэлээр доромжилж ажлын байраа орхиж яваад 04 сарын 18-ны өдөр хүртэл ирээгүй, ажил тасалсан гэсэн үндэслэл заасан байх бөгөөд тус  компаний дотоод журмын 9.5.4-т “Дараах болон дурдагдаагүй бусад ноцтой зөрчил гаргасан тохиолдолд компаний ажилтныг хуульд заасныг үл хамааран ажлаас шууд халах эрхтэй. Үүнд...” 9.5.4.7-д “урьдчилан мэдэгдэлгүйгээр буюу зөвшөөрөлгүй 3 хоног дараалан ажил таслах ...” гэж тус тус заажээ.

Мөн Ч ХХК-ний захиргаа ҮЭ-ийн хороотой байгуулсан 2019-2021 оны хамтын гэрээний 5.4 дүгээр зүйлд “Тус команиас өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтануудад тухайн байгууллагад ажилласан хугацааг харгалзан доорх тэтгэмжийг нэг удаа олгоно. Үүнд ... 5.4.2-т 3-5 жил ажилласан бол 4 сарын үндсэн цалинтай тэнцэх...” гэж заасан байна.

Ч ХХК нь М.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа байгууллагын дотоод журманд заасан сахилгын зөрчил гаргасан гэж цуцалсан байх тул хамтын гэрээний дагуу тэтгэмжийг нэхэмжлэгч М.М нь шаардах эрхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 01 сарын 07-ны өдрийн М.М-г ажлаас халсан тушаал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон учир уг тушаалаар олгосон 630,000 төгрөгний тэтгэмжийг авна...” гэж, нэхэмжлэгч М.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа “... ажлаас буруу халаад хамтын гэрээний дагуу өгсөн тэтгэмжийг буцааж өгөх үндэслэлгүй зөвшөөрөхгүй. Ажлаас үндэслэлгүй халсан, ажилдаа орсон боловч дарамт их байсан учраас аргагүй эрхэнд хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарч хохирсон...” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... компани 630,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэцэх хугацаа дууссан...” гэж маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.М-г Ч ХХК-ний захирлын 2019 оны 01 сарын 07-ны өдрийн ... дугаар тушаалаар ажлаас халахдаа тэтгэмж 630,300 төгрөгийг олгохоор заасан байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч М.М-г “Ч” ХХК-нд ус хангамж ариутгах татуургын ахлах мастерын ажил нь эгүүлэн тогтоож, 2019 оны 01 сарын 07-ны өдрөөс 2019 оны 03 сарын 07-ны өдөр хүртэлх цалин 1,260,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн тул “Ч” ХХК нь нэхэмжлэгч М.М-д дээрх ... дугаартай тушаалаар олгосон 630,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Гэвч Ч ХХК нь нэхэмжлэгч М.М-н Г банкны дансанд 417,270 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч М.М-с 417,270 төгрөгийг гаргуулан Ч ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 212,730 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч 630,300 төгрөгийг өгсөн, 417,270 төгрөгийг данс руу нь шилжүүлж үлдэгдэл мөнгөөр нь мөнгөн аяга авч өгсөн гэх боловч хэдэн төгрөгийн аяга авсан нь тодорхойгүй, мөн компани нь ажилчдын цалин хөлс, тэтгэмжээс ажилтандаа мэдэгдэлгүй буюу түүний зөвшөөрөлгүйгээр суутгах, өөр зүйлд зарцуулах эрхгүй юм. 

Нэхэмжлэгч М.М нь улсын тэмдэгтийн хураамжид шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин 336,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж 10,730 төгрөгийг, нэмэгдүүлсэн шаардлага гаргахдаа цалин 630,000 төгрөг, хамтын гэрээний дагуу 5 сарын тэтгэмж 3,466,500 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс компаниас өгсөн тэтгэмж 417,270 төгрөгийг хасаад нийт 3,679,230 төгрөгийн шаардлага гаргаж 73,818 төгрөгийг тус тус төлсөн ба шүүх хуралдаанд тэтгэмж 417,270 төгрөгийг төлөхгүй гэж маргасан ба шүүх нэхэмжлэгчийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалин 630,000 төгрөг, тэтгэмж 3,466,500 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлага тус бүрт тэмдэгтийн хураамжийг бодох үндэслэлтэй юм. Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан ба шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн тул бууруулсан шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг бодох үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 84,548 төгрөгийг, Ч ХХК-ний сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ч ХХК-ниас 16,402.61 төгрөгийг гаргуулан М.М-д, нэхэмжлэгч М.М-с 13,168.1 төгрөгийг гаргуулан Ч ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар хариуцагч “Ч” ХХК-иас 525,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-д,  нэхэмжлэгч М.М-с 417,270 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ч” ХХК-нд тус тус олгож, нэхэмжлэгч М.М-н нэхэмжлэлийн шаардлагаас 2,773,200 төгрөгний, хариуцагч “Ч” ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 212,730 төгрөгний хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 84,548 төгрөгийг, “Ч” ХХК-ний сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Ч” ХХК-ниас 16,402.61 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.М-д, нэхэмжлэгч М.М-с 13,168.1 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ч” ХХК-нд тус тус олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н