Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

 

 

 

   2023          03          16                                     2023/ШЦТ/210

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Намжил,

Хохирогч: ***, түүний өмгөөлөгч Э.Түмэнжаргал,

Шүүгдэгч: *** өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205038480034 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үүрийн 04-05 цагийн хооронд Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” баарны гадна хохирогч ***тай үл ойлголцож, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “эрүү ясны их бие, эрүүний баруун үений сэртэнгийн хугарал” бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тухайн хэрэг болсон, түүнээс хойш эмнэлэгт хэвтэж гарснаас хойш ахтайгаа ирж уулзсан. Яриад уучлалт гуйгаад, үзүүлж харуулаад явъя гэж хэлэхэд ажилтай байгаа, завтай болохоороо очъё гэж хэлсэн. Эмнэлгээр цуг явъя гэж хэлсэн боловч холбоо бариагүй. Нийт 21.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Цалин 5.280.000 төгрөг. Үүнд 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 10-ныг хүртэлх цалин, эмчилгээний зардал 17.520.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ...23 цаг өнгөрөөгөөд ...найз ***тэй хамт хорооллын эцсийн “***” бааранд орж 2-3 ширхэг 450 граммын Сэнгүр пиво уусан. ...04 цагт баарнаас гараад баарны гадаа 5-6 залуутай муудалцаад ...зүүн шанаа хэсэг рүү нэг хүн цохиод би манараад амнаас цус гараад доошоо суухад тэр залуучууд зугатаагаад гүйлдэцгээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-18/,

Гэрч У.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...01 цагийн үед найз Бямбатулгын хамтаар Баянгол дүүргийн хороолын эцэст байрлах *** бааранд орцгоосон. Би ...тасарсан байсан ...хэсэг залуустай маргалдаад байгаа юм шиг байсан. ...нэг нь манай найз Бямбатулгыг цохиж байгаа харагдсан яг аль нь цохисныг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...04 цагийн үед баар хаах гэж байхад ...Батсайхан нэг залуутай маргалдаад байгаа харагдсан. ...*** гэж өөрийгөө танилцуулсан. ...***, ***гийн хамт явсан найзтай нь маргалдаад байсан. ...тухайн маргалдаж байсан хүнээ цохиод унагаасан. ..хаашаа хэдэн удаа цохисныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...би машинтайгаа тухайн баарны гадаа зам дээр зогсож байхад 2 согтуу залуу ***, *** хоёртой маргалдаж байгаа харагдсан. ...үл таних 2 залуугийн нэг нь дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлаад нэг нэгээрээ үзье гээд манай хэд рүү дайраад байсан. Тэгсэн чинь *** тухайн хувцсаа тайлсан залууг нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Шинжээчийн 16047 тоот дүгнэлтэд: “...***биед эрүү ясны их бие, эрүүний баруун үений сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ /хх-н 52-53/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 6-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 65-73/, хохирогчийн гэмтэл авсан газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 74-76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үүрийн 04-05 цагийн хооронд Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” баарны гадна хохирогч ***тай үл ойлголцож, маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж “эрүү ясны их бие, эрүүний баруун үений сэртэнгийн хугарал” бүхий “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч У.***, ***, Ш.Болор-Эрдэнэ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдаж түүний нүүрэн тус газар нэг удаа цохиж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***гийн хохирогч М.Бямбатулгыг цохисон үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээ хийлгэх 15.720.000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 5.280.000 төгрөг, нийт 21.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт болох 15.720.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх нэхэмжлэх, Шанд Сондор ХХК-нд ажилладаг байсан тодорхойлолт зэрэг баримтад үндэслэн дээрх нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн гаргаж өгсөн 15.720.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх нэхэмжлэх нь нүүр амны их эмч ***гэсэн тамга дарснаас өөрөөр ямар эмнэлэгт, хэзээ тухайн эмчилгээг хийлгэх эсэх нь тодорхойгүй тул тухайн баримтад үндэслэн хохирол гаргах боломжгүй байна.

Мөн хохирогч нь ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилсэн ба нийгмийн даатгал төлсөн эсэх, даатгалын байгууллагаас өвчтэй байсан хугацааны цалин хөлс авсан эсэх зэрэг баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөөгүй, зөвхөн “Шанд Сондор ХХК-ны менежрээр ажиллдаг байсан, 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 2023 оны 02 дугаар сарын 10-ны хүртэл өвчтэй байсны улмаас ажиллаагүй гэсэн” тодорхойлолтоор ажилгүй байсан үеийн цалинг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд хохирогч нь дээрх нэхэмжлэсэн хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгч нь хохирогчид 1.150.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 5 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байна” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид 1.150.000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн дүгнэлтэд заасан ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 5 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс 5 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.150.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч *** нь хохирол, хор уршгийн талаархи баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР