| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/00305/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/334 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/334
2023 03 16 2023/ШЦТ/334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Э.Оргилбат,
шүүгдэгч В.Н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос В.Ныг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, В.Н, 1979 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух урьд 5 удаа ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч В.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” авто вокзал дээр явж байсан Э.Агийн эзэмшлийн “Ред ми ноте-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 466.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Н “мэдүүлэг өгөхгүй” гэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “...гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Э.Агийн мэдүүлэг, “Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт зэргийг шинжлэн судална”,
- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.
1.3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгч В.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” авто вокзал дээр явж байсан Э.Агийн эзэмшлийн “Ред ми ноте-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 466.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.Агийн “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Архангай аймгаас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” авто вокзал дээр ирсэн. Автобуснаас буучхаад ачаагаа авчхаад Дархан явах автобусны билет бичүүлэх гээд гар утсаа үзтэл миний гар утас байхгүй байсан. Би хүний гар утсыг гуйгаад гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан. Уг гар утсыг 2022 оны 10 дугаар сард худалдаж авсан, ямар нэгэн сэв зураас байхгүй, тунгалаг цилконон гэртэй цайвар саарал өнгийн “Ред ми ноте-10” загварын гар утас байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал),
- Эд зүйл хураан авсан тухай мөрдөгчийн “...В.Наас “Redmi 5G” загварын цайвар саарал өнгийн тунгалаг гэртэй гар утсыг хураан авч тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр тал),
- “Дамно“ ХХКомпанийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Redmi Note-10 загварын гар утас 457.000 төгрөг, өнгөгүй резинэн гэр 9000 төгрөг, нийт 466.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч В.Н нь амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдан, гэм буруугийн санаатай хэлбэрээр иргэн Э.Анхбаярын эзэмшлийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 466.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч В.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч В.Н нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүйг” дурдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.
1.4 Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Агийн эзэмшлийн эд хөрөнгөд 466.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “...гар утсаа биет байдлаар хүлээн авсан, хулгайлсан этгээдэд хариуцлага хүлээлгэх саналтай” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 11 дэх тал), Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал) зэргээс үзэхэд шүүгдэгч В.Ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас(хавтаст хэргийн 28 дугаар тал)-аар В.Н нь урьд таван удаа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь шүүхийн шийдвэрийн хуулбар, тодорхойлолт(хавтаст хэргийн 31-53 дугаар хуудас) зэргээр тогтоогдсон нөхцөл байдал нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд В.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт(хавтаст хэргийн 67 дахь тал)-ийг гаргасныг Прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 85 дугаар тогтоол(хавтаст хэргийн 68-69 дэх тал) үйлдэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүхээс шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахай сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдаж, гар утас хулгайлсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хулгайн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар.
Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нт дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч В.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд прокурор, оролцогчид шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч В.Нт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР