Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 

 

2023              03           16                                       2023/ШЦТ/336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Ундрах

шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Хыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн 2308000000328 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Х, 1999 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто машины засварчин мэргэжилтэй, Хорих - дугаар ангид хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл-4, эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 60 дугаар байрны 213 тоотод оршин суух(иргэний үнэмлэхийн хаяг: Дорнод аймаг Баян-Уул сум, 2 дугаар баг, Хар чулуут),урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Яллагдагч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах - худалдааны төвийн гадна хохирогч Г.Бтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь дээд баруун 1, 2-р шүд, доод баруун 1-р шүдний сулрал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Х “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “...хохирогч Г.Бгийн мэдүүлэг, гэрч О.С, С.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судална”,

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.

1.3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч С.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “- худалдааны төв”-ийн гадна хохирогч Г.Бтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

            - Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.Бгийн “...Би - дугаар ангид хамгаалалтын ажил хийдэг. 2023 оны 01-р сарын 20-ны өдөр манай анги нэгдэж, хичээл сургалт орж 16 цагийн үед тарсан. Манай ажлын Б, Я, С.Х, О.С, Б нарын хамт Бийн машинд суугаад Улаанбаатар хот руу явах замдаа 361-р гарам дээр-дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Тайг нэртэй архийг би худалдан аваад дэлгүүрээс зүүн урагшаа гараад задгай талбайд архиа хувааж уусан. Тэгээд хот руу явах замдаа баруун туруун гэх газарт дэлгүүрээс С.Х нэг ширхэг, 0.75 литрийн Экс нэртэй архи аваад машинд явах замдаа хувааж уусан. Хоёр дах шил архийг уугаад би тасарсан. Тэгээд нэг сэрэхэд С.Хтай зууралдаад маргаснаа хальт санаж байна. Нэг ухаан ороход Бийн машинд суучихсан О.С, Б нар намайг гэрт хүргэж өгөх гээд Сонгинохайрхан дүүргийн буудал орчим явж байсан. Энэ үед С.Х, Я хоёр байхгүй байсан. Тэгээд Бэс юу болсон талаар асуухад Таван шарын - худалдааны төвийн гадна С.Х ах та хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ цохиод байсан гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

            - Гэрч О.Сын “...анги нэгдэж, сургалт ороод 17 цагийн үед тараад ажлын ах нар болох Я, Б, Б, Г.Б, С.Х нарын хамт хот руу явсан...- худалдааны төвийн ойролцоо ирээд ах нар гадаа гарсан. Би машинд утсаараа оролдоод үлдсэн. Гадаа шуугаад явчихаар нь машины цонхоор хартал Г.Б ах С.Х ахыг нүүр хэсэг рүү нэг удаа цохиж газар унаган 2-3 удаа өшиглөсөн. С.Х ах Г.Б ахын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Б салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

- Гэрч Бийн “...- худалдааны төвийн ойролцоо ирээд ах нар гадаа гарч, машинд О.С бид хоёр үлдсэн. Удалгүй гадаа Г.Б ах С.Хад хандан ахархаад оны ялгаа гаргаад дээрээс хойш чи намайг өдөө байгаа шүү гэхэд та яагаад байгаа хэдүүлээ гоё л явж байна шүү дээ юунд муудалцах вээ дээ гэж хэлсэн. Г.Б ах С.Хын нүүр рүү нэг удаа цохиж газар унаган 3-4 удаа өшиглөсөн. Тэгээд салгатал С.Х босож ирээд Г.Б ахын нүүр рүү 2-3 улаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1743 дугаартай “Г.Бгийн биед дээд баруун 1, 2-р шүд, доод баруун 1-р шүдний сулрал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Х нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан хохирогч Г.Бд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тиймээс шүүгдэгч С.Хыг гэм буруутайд тооцуулахаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Х нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв. 

1.4 Хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “...ямар нэгэн гомдол байхгүй, миний бие эдгэрсэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт(хавтаст хэргийн 6, 48 дахь тал)-ийг гаргасан байна.

Иймд шүүгдэгч  С.Хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, АСАП сан(хавтаст хэргийн 26-27 дугаар тал)-аар С.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Х нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт(хавтаст хэргийн 50 дахь тал)-ийг гаргасныг прокурор “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 91 дүгээр тогтоол(хавтаст хэргийн 51,53 дахь тал)-оор хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг илэрхийлсэн), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурортой ял тохиролцсон, ажил хөдөлмөр эрхэлдэг) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар.

Эрүүгийн  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 7, 8 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хад зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Хад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд прокурор, оролцогчид шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Хад авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БЯМБААБААТАР