Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/шш2021/0782

 

 

 

 

 

  2021              11               22                                            128/ШШ2021/0782      Улаанбаатар хот

  

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Б” ХК

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Д

Гуравдагч этгээд: Т.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “...Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дгийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, М.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Зшүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б” ХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ” байгуулсан билээ. Уг гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-т зааснаар “Даатгуулагч гэрээнд заасан эрсдэлийн /гэнэтийн осол, гэнэтийн өвчлөл/ улмаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа нас барсан тохиолдолд ... нөхөн төлбөрийг олгоно" гэжээ. Тодруулбал, Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9, 2.1.10-т "гэнэтийн осол" гэж хүлээгдэж байгаагүй, гэнэтийн гаднын шинж чанартай хүчин зүйлийн шууд үр дүнд даатгуулагчийн амь нас болон бие эрхтний гэмтэл , өвчлөлд хүргэх ослыг", "гэнэтийн өвчлөл” гэж хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай өвчнийг” гэж тус тус тодорхойлсон байна. Тиймээс гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлөөс бусад "архаг хууч" өвчинтэй холбоотой аливаа зардалд нөхөн төлбөр олгохгүй бөгөөд Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-т "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэдэг. Даатгуулагч нь "хэвлийн гялтангийн мезотелиома хавдар" -ын улмаас нас барсан нь эмнэлгийн баримтуудаар тогтоогдож байсан учир Б ХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзаж, шийдвэрээ даатгуулагчийн хүү Т.Дд танилцуулсан болно. Иргэн Т.Днь нөхөн төлбөр олгохоос татгалзсан Б ХК - ийн шийдвэртэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооноос иргэн Т.Дгийн гомдол болон Б ХК-ийн хариу тайлбар, холбогдох баримтуудыг судлан үзээд "Б” ХК ийг нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж үзэж, маргаан бүхий захиргааны акт болох Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай "Даатгалын нөхөн төлбөрийн тухай" мэдэгдлийг Б ХК-д ирүүлсэн болно. Уг мэдэгдэлд "... даатгуулагчийн нас барсан шалтгаан нь талуудын хороонд байгуулсан даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарах үндэслэлтэй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтад заасан зохицуулалтыг баримтлан нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн хариуцагч нь "хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж, нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон шийдвэр гаргасан" нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт , зохицуулалтын газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай "Даатгалын нөхөн төлбөрийн тухай" мэдэгдэлд зааснаар Б ХК-д нөхөн төлбөрийг олгож, хариу мэдэгдэхийг үүрэг болгосон нь нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан захирамжилсан шийдвэр байх тул уг мэдэгдэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулсан болно.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ... тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэх”-ээр тус тус зохицуулжээ. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо нь зөвхөн өөрийн эрх хэмжээ, чиг үүрэгт хамаарах асуудлаар гарсан маргааныг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр байна. Даатгалын үйл ажиллагаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хооронд ямар эрх хуулиар олгогдсон болохыг судалж үзвэл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар "хяналт шалгалт хийх”, “...маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх” нийтлэг бүрэн эрхийг эдлэхээс гадна мөн хуулийн 6.2, 6.2.3-т үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр Даатгалын тухай хуульд заасан тусгай бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна. Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар Санхүүгийн зохицуулах хороо нь "даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих", "даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих", "Даатгалын багц дүрмийг батлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих", "даатгалын дотоод, гадаад зах зээлийг судлах, даатгалын талаарх албан ёсны мэдээлэл гаргах", "даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн нэгдсэн бүртгэл хөтлөх” зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дээрх зохицуулалтаас дүгнэж үзвэл, Санхүүгийн зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хороонд гарсан маргааныг шийдвэрлэх бүрэн эрхтэй хэдий ч тухайн "шийдвэрлэх асуудал” нь хариуцагч байгууллагын хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхэд хамааралтай, түүний хүрээ хязгаараас хэтрэхгүй байх ёстой. Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн дугаар зүйлийн 6.1-д заасан нийтлэх бүрэн эрх, чиг үүргийг, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан тусгайлсан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд эдгээр зохицуулалтад "Даатгалын нөхөн төлбөрийг олгохыг даатгагчид үүрэг болгох" талаар нэг ч үг, үсэг агуулга тусгагдаагүй болно. Иймд хариуцагч байгууллага нь даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэл, хохирол, төлбөртэй холбоотой асуудлаарх маргааныг шийдвэрлэх, хохирол төлбөрийг гэрээний аль нэг талд хариуцуулахаар тогтоох эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгоогүй байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид "... төлбөр төлж, хариу мэдэгдэх"-ийг даалгасныг захиргааны байгууллагын өөрийн "эрх хэмжээний хүрээнд" гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо иргэдийн гомдол өргөдлийг хянан шалгах, тухайлбал даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж тогтоох, захиргааны шийтгэл оногдуулах, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг түр зогсоох эрхтэй боловч" нөхөн төлбөрийг олгохыг даалгах" шийдвэр гаргах эрхгүй болно.

Маргаан бүхий захиргааны актад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсон ч "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй эрсдэлүүд”-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтад заасан зохицуулалтаар хэвээр үргэлжлүүлэн зохицуулж байна" гэжээ. Хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-д “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан...." гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоор даатгалын гэрээнд тусгагдсан, харин 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дугаар зүйлд өмнөх хуулийн зүйл заалтаас “бэртэх, гэмтэх” гэдэг үгнүүдийг хасч, “эрүүл мэндэд нь хохирол учирсан” хэмээн өөрчлөн тусгасан болно. Тодруулбал, Гэнэтийн осол, гэнэтийн өвчлөлийн улмаас нөхөн төлбөр олгодог байсан бол шинэ хуулиар энэхүү хязгаарлалт (бэртэх, гэмтэх) байхгүй болж, эрүүл мэндэд нь ямар нэгэн шалтгаанаар хохирол учирсан л бол нөхөн төлбөр олгох зохицуулалттай болсон. Гэтэл хариуцагч байгууллага нь дээрх нөхцөл байдлыг үл харгалзан 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан нөхцөлийн дагуу даатгалын гэрээгээр тохиролцоогүй эрсдэл, шалтгааны улмаас үүссэн нөхөн төлбөрийг олгох ёстой хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй", 5.2-т "Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна", 5.3-т "Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно” гэж тус тус заасан учир 2021 оны 01 сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зохицуулалтыг уг тохиолдлыг шийдвэрлэхэд буцаан хэрэглэхгүй болно. Даатгалын гэрээг 2020 оны 12 сарын 22-ны өдөр байгуулсан бөгөөд тухайн үед үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар эрсдэлийг тодорхойлсон. Хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бүрдээгүй байхад хариуцагч нь" хууль буцаан хэрэглэж, шийдвэр гаргах"-ыг даатгагчаас шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн болно. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай" Даатгалын нөхөн төлбөрийн тухай" мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрх зүйн үр дагавар нь Сангийн яамнаас даргын шийдвэрийг үндэслээд бид нарын эрхийг хязгаарлах шийдвэр гаргах үндэслэл болгож тайлбарлаж байгаа учраас үүнийг бид эрх зүйн үр дагавар үүсгэж байна гэж үзэж байна. Албан бичгийн агуулгыг унших үзэхээр иргэний хууль тогтоомжийг буцааж хэрэглэх болоод талууд харилцан тохиролцсон байна гэдэг агуулгатай. Иргэний хууль тогтоомжоор буцаан хэрэглэх ямар ч боломжгүй захиргааны хэм хэмжээг төрийн байгууллага шууд буцааж хэрэглэхийг шаардаж байгаа нь хууль бус байна гэж үзэж байна. Тийм учраас эрх зүйн үр дагавартай ч бай, дагаваргүй ч бай хууль зөрчсөн шийдвэрийг бид хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Мэдэгдлийг нь үндэслээд өөр нэг төрийн байгууллага манай байгууллагыг хар жагсаалтад оруулах гээд шалгаад байгаа. Шалгах гэж байгаа үндэслэлээ Санхүүгийн зохицуулах хорооны энэ шийдвэр байна гэж байгаа. Манайхаас байцаагчаас та энэ шийдвэр хүчингүй болгочих юм бол танай хар жагсаалтад орж байгаа асуудал нь хүчингүй болно гэж байгаа. Тэгэхлээр энэ нь манайд үр дагаврыг үүсгэж байгаа.” гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Тодруулбал Даатгалын нөхөн төлбөрийн тухай Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын дарга 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий акт гэж үзэж байгаа. Энэхүү акт дээр юу гэж бичээд байна вэ гэхээр “...дээрхээс үзэхэд даатгуулагчийн нас барсан шалтгаан нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтад заасан зохицуулалтыг баримтлан нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзлээ гэж байгаа. Энэ өгүүлбэрээс харах юм бол захирамжилсан шинжтэй буюу та нарын нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй юм байна ш дээ гэдэг агуулгаар явж байгаа юм шиг харагдаж байна.

Хариуцагчийн зүгээс энэ нь өөрөө гадагшаа чиглэсэн биш юм байна. Маргаан бүхий асуудлыг урьдчилан шийдвэрлүүлж байгаа тийм л асуудал байна гэж тайлбарыг өгдөг боловч түрүүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар буюу хэрвээ үүнийг биелүүлэхгүй бол зөрчлийн хэрэг үүсээд явдаг эрх зүйн үр дагавартай.

Өмнөх шүүх хуралдаан дээр мөн тайлбар гаргаад явсан. Сангийн яамны улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан Тэр нь өөрөө нэхэмжлэгчийн даатгалын гэрээнд заасан үр дүнгийн гэрээг биелүүлээгүй учраас Төрийн худалдан авах ажиллагааны газрын хар жагсаалтад бүртгүүлэх саналыг гаргаж байгаа. Ийм санал гаргаж байгаа нь улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь маргаан бүхий албан бичигт үндэслэж гарсан. Энэ албан бичиг нь өрөө эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа шинжтэй. Мөн захирамжилсан шинжтэй байгаа учраас захиргааны акт мөн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж маргаж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны энэ албан бичгийн хууль зүйн үндэслэлийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тодорхой үндэслэлүүдийг тайлбарласан үүн дээр өмгөөлөгчийн зүгээс тодруулаад нэмж хэдэн зүйл хэлье. Талуудын хооронд байгуулагдсан дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан зохицуулалтад ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн буюу шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-2-3 дахь хэсэгт заасан ослоос үүдэлтэй эрсдэлүүд гэж гэрээн дээрээ даатгалын гэрээний эрсдэлийг тодорхой заагаад өгсөн. Гэрээний эрсдэлүүд гэж хуулийн заалтыг ишилж байгаа боловч энэ ишилж бичиж байгаа агуулга нь хуулийн зохицуулалтыг даатгалын гэрээн дээр давхардуулж бичихгүйгээр шууд тэр хуулийн зохицуулалтыг энэ гэрээн дээр бичсэн мэтээр ойлгоно гэдэг агуулгаар гэрээн дээр хуулийн заалтыг ишилсэн. Тэрнээс биш тэр хуульд заасны дагуу тухайн хууль нь магадгүй хүчингүй болоод өөрчлөгдлөө гэхэд дараагийн хуулийг дагаж мөрдөх байдлаар гэрээн дээр тусгасан зүйл биш.

Мөн даатгалын гэрээний эрх зүйн харилцаа нь өөрөө иргэний эрх зүйн харилцаа. Иргэний эрх зүйн харилцаанд гэрээ байгуулах нь өөрөө иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу талуудын хүсэлт зоригийн дагуу нэгдэл байхыг зааж, шаардаж байгаа. Нэг талаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-2.3 дахь хэсэгт заасан эрсдэлийг даатгуулъя гэдэг санал тавьж байгаа. Нөгөө талаас тухайн саналыг хүлээж аваад энэ эрсдэлүүдийг чинь бид нар даатгалаа гэдэг тийм л харилцаа. Энэ хууль өөрчлөгдөнө үү, хүчингүй болно уу, гэдэг нь энэ даатгалын гэрээний асуудал дээр яригдахгүй буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтын дагуу гэрээн дээр бичигдсэн тийм учраас тухайн эрсдэлээс хамгаалсан гэдэг нөхцөл байдлыг хариуцагч ойлголгүйгээр хуулийг буцаан хэрэглэсэн шинжтэй, даатгалын нөхөн төлбөрийг олгох нь үндэслэлтэй гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Зүй нь бол энэ хууль 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, дагаж мөрдөгдөх огноо нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр. Энэ хооронд 1 сар гарангийн хугацаа байгаа. Хууль өөрөө өөрчлөгдөж байгаа учраас даатгалын компанид хандаад хууль өөрчлөгдсөн, гэрээний нөхцөл өөрчлөгдөж байна. Шинэ хуулийн зохицуулалтын дагуу гэрээний эрсдэлийг дахин тодорхойлъё гэдэг байдлаар хандаад гэрээний зохицуулалт өөрчлөгдсөн бол өнөөдөр шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа буюу Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийн зохицуулалтыг ашиглаж, даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг өгөхгүй гэдэг асуудал тавиад яригдах боломжтой.

Гэтэл гэрээ нь хамгийн анх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлбэрээрээ зөвхөн шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-2.3-д заасан эрсдэлийг зохицуулаад тухайн эрсдэл нь даатгалын нөхөн төлбөр олгоно гэдэг байдлаар зохицуулагдсан байхад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шүүхийн тухай хуулийг шууд үндэслэж, тухайн нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх гэсэн заалтыг зөрчсөн шинжтэй байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн маргаан бүхий акт хуульд заасныг зөрчсөн учраас уг маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс хууль буцаан хэрэглэсэн шинжтэйгээр нэхэмжлэгч компанид үүрэг үүсгэсэн албан бичгийг явуулсан гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр тогтоогдож байна. Маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг нь нэхэмжлэгч компанид эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа гэдэг нөхцөл байдлыг асуулт хариултын үе шатанд хангалттай тодорхой тайлбар хэлчихлээ гэж бид ойлгож байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс гаргаж байгаа тайлбар нь “энэ бол та нар хэрвээ эс зөвшөөрвөл иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой” гэдэг байдлаар тайлбар хэлдэг. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болоод даатгалын тухай хуулийн шүүхэд ханд гэдэг зохицуулалт нь иргэний шүүхэд ханд гэдэг байдлаар аль ч зохицуулалт нь бичигдээгүй. Шүүхэд хандах эрхтэй гэж зааж өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан шийдвэрийг захиргааны байгууллагын гаргасан хоёр дахь шийдвэр байна гэж үзэх юм бол захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрх нь нээлттэй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.” гэв.

Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөртэй холбоотой маргааныг Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлэсээр ирсэн. Статистикийг товчхон дурдъя. 2018 оноос 2021 оны 3 дугаар улирлын хооронд даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн нөхөн төлбөртэй холбоотой маргааны талаар 786 өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Манай зүгээс ирсэн бүх маргааныг өөрийн бүрэн эрхийн хүрээний хэмжээнд нөхцөл байдал, талуудын ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Тухайлбал, үндэслэлтэй буюу даатгагч нь нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан үндэслэлээр 196 тохиолдлыг даатгагч талын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь зөв байна гэж үзсэн байдаг. Харин үндэслэлгүй буюу даатгагч даатгуулагчийн эрх ашгийг зөрчсөн учраас төлөх нь зүйтэй гэж 229 шийдвэрийг манайх гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хороо 2018-2021 оны одоог хүртэл нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан нь нийт 3.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 864 сая төгрөг төлсөн байдаг. Эдгээрийг дурдаж байгаа нь нэхэмжлэгч талаас Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлэсэн шийдвэр буруу гэж тайлбар гаргасан учраас дурдсан.

Маргаан бүхий албан бичиг маш тодорхой зааж өгсөн. Та нар олгох нь зүйтэй. Бид нар олгохоор шийдвэрлээгүй. Хэрвээ олгохоор шийдвэрлэсэн бол шийдвэрийг манайд мэдэгдэж болно. Олгохооргүй байсан бол иргэний хэргийн шүүхийн журмаар хандаад маргаад гарсан маргаанаа шийдвэрлүүл гэдэг ийм л албан бичиг.

Манайх зөрчлийн хэрэг нээж шалгадаг ажиллагаа хийгддэггүй. Энэ нь шүүхийн журмаар шийдвэрлэгддэг маргаан. Иргэний шүүх дээр иргэний журмаар хянагдаж байгаа маргаан дээр Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үздэггүй. Бид зөвхөн шүүхийн урьдчилсан маргааныг шийдвэрлэсэн. Шүүх зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос урьдчилан шийдвэрлэсний дараагаар маргааныг хүлээн авч байгаа. Манай зүгээс шүүхийн урьдчилсан маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хороонд Иргэн Т.Дгээс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрийн маргаан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийн дагуу "Б*******" ХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэл бүхий тайлбар болон түүнийг нотлох холбогдох баримтыг ирүүлэх тухай хугацаатай албан бичгийг Хорооны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9/2780 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Нэхэмжлэгч "Б" ХК-аас 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02/288 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай тайлбар, холбогдох баримтыг тус тус нотлох баримт болгон ирүүлсэн бөгөөд даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байсан.

Талуудын ирүүлсэн нотлох баримтыг судлан үзэхэд, талууд 2020 оны 12 дугаар сарын 22-ны дор Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын №NHIA01C20160007 тоот гэрээг харилцан тохиролцож байгуулахдаа уг гэрээний 4.1.5-д даатгалын эрсдэлээ ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн буюу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй эрсдэлүүд" гэж тодорхойлсон байсан боловч гэрээний хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болсонд тооцож Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга батлагдаж мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байв.

Хэдийгээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 3 дугаар зүйлийн 01-ний өдрөөс хүчингүй болсон ч "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй эрсдэлүүд"-ийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь заалтад заасан зохицуулалтаар хэвээр үргэлжлүүлэн зохицуулж байсан тул даатгуулагчийн нас барсан шалтгаан нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд заасан эрсдэлд хамаарах үндэслэлтэй гэж үзэн даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж урьдчилан шийдвэрлэсэн шийдвэрийг гаргаж, даатгуулагчид цахимаар болон цаасаар Хорооны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/3278 тоот албан бичгийг хүргүүлсэн.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооноос Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д "Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно" гэж, мөн Санхүүгийн зохицуулах хорооны эрх хүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д " Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ", 33.2-д " Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно” хэмээн зохицуулсан.

Энэ хэргийн хувийн даатгуулагч буюу үйлчлүүлэгчээс тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч "Б" ХК-тай "даатгалын нөхөн төлбөр" -ийн асуудлаар маргаж, улмаар уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн "Даатгалын нөхөн олговрын тухай" 9/3278 дугаар албан бичиг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хоорондын энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлэсэн.

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан "даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргаан" нь хоёр үндсэн төрөлтэй. Үүнд, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан даатгалын харилцаанд Санхүүгийн зохицуулах хороо захиргааны чиг үүргээ хэрэгжүүлэн оролцох үед гаргасан шийдвэр байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл өөр бусад эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд шүүхэд хандах боломжтой. Энэхүү харилцаа нь Санхүүгийн зохицуулах хороо захиргааны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргаан тул захиргааны хууль тогтоомжоор зохицуулагдах төдийгүй, шүүхэд хандах тохиолдолд захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Харин даатгуулагч, даатгагчийн хооронд үүссэн даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаарх маргааныг Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх бөгөөд энэ журмаар гомдлыг хянасан Хорооны шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч гомдол гаргах тохиолдолд иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байгаа.

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д болон даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан маргаанаас даатгуулагч, даатгагчийн хооронд даатгалын гэрээний үүрэгтэй холбогдож үүссэн маргаан нь иргэний эрх зүйн гэрээний маргаан байна.

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд үүссэн даатгалын гэрээний маргааныг урьдчилан шийдвэрлэхдээ "захиргааны чиг үүрэг хэрэгжүүлж, нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон шийдвэр гаргаж буй хэрэг биш юм.

Тодруулбал, Хорооны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9/3278 тоот албан бичгийн "... Дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасны дагуу гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд холбогдох тайлбарыг баримтын хамт 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор тус Хороонд ирүүлэхийг мэдэгдье" гэсэн нь тухайн маргаан аль шүүхэд хэрхэн хянан шийдвэрлэгдсэн, шүүхийн процесс ажиллагаа явагдаж байгаа эсэх гэх зэрэг тухайн хэрэг маргааны мэдээллийг Хороонд эргэж мэдээлэхийг тодорхойлсон бөгөөд төрийн байгууллагын зүгээс өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэсэн үйл ажиллагаа юм.

Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл үйлчлүүлэгч даатгалын гэрээний үүрэгтэй холбогдож үүссэн маргааныг урьдчилан шийдвэрлэсэн Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрт гомдолтой бол иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Харин Захиргааны хэргийн шүүх нь Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ба Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. Гуравдагч этгээд Т.Дгийн ээж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.П******* нь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хорвоогийн мөн бусыг үзүүлсэн. Түүний ар гэрээс “Б” ХК-д холбогдох даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Компанийн зүгээс нөхөн төлбөрийг олгох боломгүй гэдэг хариуг албан бичгээр өгсөн. Үүний дараагаар эвлэрэх боломжтой юм байна, нэмэлт материал ирүүлээч гэдэг ийм байдлаар хандсан. Үүний дагуу “Б” ХК-ийн байранд Т.Дочиж тодорхой уулзалт хийсэн. Тус уулзалтад би өөрийн биеэр оролцсон. Нэмэлт материал хүргүүлэхээр болоод нэмэлт материалаа хүргүүлээд хариу хүлээгээд байж байтал дахин нөхөн төлбөрийг өгөх боломжгүй гэдэг нөхцөл байдал хариуг өгсөн. Өгөөд байгаа хариуг харахлаар товчхондоо дурдах юм бол тухайн даатгалын гэрээг байгуулж байх үеийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Даатгалын тохиолдол гарсан үед үйлчилж байсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зүйл заалт нь хоорондоо ялгаатай гэж маргаж эхэлсэн. Энэ нь гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд яг энэ нөхцөл байдал, даатгалын тохиолдолтой холбогдуулаад нэхэмжлэл гаргасан.

2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгээд хариуцагч “Б” ХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх” гэж зааснаар бүрэн эрхийг хэрэгжүүлэгчийнх нь хувьд гомдол гаргаж байгаа. Энэхүү гомдлын агуулга нь бид иргэний шүүхэд гомдол гаргахад шүүхээс өмнө нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн байх шаардлага заавал тавигддаг. Энэ шаардлагыг хангуулах үндэслэлээр гомдлыг гаргасан. Гомдолд ерөнхий мэргэжлийн байгууллагын хувьд хуулийн хэрэгжиж байсан болон одоо хэрэгжиж байгаа хуулийн талаар маргаан байгаад байгааг нь анхаарч үзнэ үү гэдэг нөхцөл байдлаар өргөдөл гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн үйлдлийг ойлгоход ерөнхийдөө хүндрэлтэй.

Өөрөөр хэлбэл энэхүү мэдэгдэл хүчинтэй байгаа бол өнөөдөр даатгалын төлбөрийг өгөх гээд байгаа юм уу? гэж ойлгогдож байсан. Өнөөдөр зөрчлийн хэрэг үүсгэчих юм байна гэсэн айдастайгаар л энэ асуудлыг шийдвэрлүүлэх гээд байгааг ойлголоо. Өмнөх хуралдаан дээр гаргаж байсан тайлбар зэрэг нь 360 градус эргэсэн нь зохимжгүй байна. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороо нь нэгэнт хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн. Хариу албан бичгээс иргэний шүүхээр явах нь ээлтэй гэдгийг тайлбарласан. Хариуцагчийн тайлбар нь өөрөө үндэслэлтэй гэж үзэж байна. Хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Үүрэг болгосон зүйл харагдахгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Б” ХК-ийг төлөөлж, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Зтус шүүхэд хандаж “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дгийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...даатгуулагч нь гэнэтийн өвчлөлөөр нас бараагүй гэж үзэж даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрт гаргасан Т.Дгийн гомдлыг хянаад уг мэдэгдлээр даатгалын нөхөн төлбөр олгохыг даатгагчид үүрэг болгосон нь хариуцагч байгууллагын эрх хэмжээнд гэж үзэх боломжгүй байна...2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгох ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас “...хуульд заасан хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн, Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Т.Дгийн гомдлыг хянасан тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, уг мэдэгдлийг зөвшөөрөхгүй тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй..., мэдэгдэл хууль зөрчөөгүй...” гэж тайлбарлан маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Иргэн Т.Дгээс 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Б*******д хандаж “...Миний ээж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч асан С.П******* нь 2000 оноос хойш Шүүгчээр тасралтгүй ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ өвчний улмаас нас нөгчсөн...Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.3-д заасны дагуу нөхөн төлбөр авах эрхтэй, энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Б ХК-д мэдэгдсэн боловч Б ХК татгалзсан...нь үндэслэлгүй, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан...хэрэв даатгагчийн тайлбарлаж байгаа шиг гадны хүчин зүйлээс улбаатай бэртэл гэмтэл даатгалын тохиолдол байх ёстой гэж үзвэл шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал нь гэнэтийн ослын даатгалаас ялгагдах зүйлгүй болохоор байна..., дээрх үндэслэлээр “Б” ХК-иас нөхөн төлбөрийг гаргуулахаар арга хэмжээ авч шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл гаргаж, уг өргөдөлдөө даатгалын гэрээ болон Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан өргөдөл холбогдох бусад баримтуудыг хавсарган хүргүүлсэн байна.

Уг өргөдөлд хавсаргасан баримтуудаас үзвэл Т.Днь 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Б” ХК-д даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт гаргаж, уг хүсэлтдээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Ээлжийн  амралтын хуваарь батлах тухай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/9 дүгээр тушаал, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан өргөдөл, нас барсны гэрчилгээ, даатгалын гэрээний хувь, төрөл садангийн лавлагаа зэргийг хавсаргаж хандсан боловч “Б” ХК-ийн Нөхөн төлбөрийн газрын захирал Ж.Дгийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 02/166 дугаар албан бичгээр “...даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй”-г мэдэгджээ.

Үүний дараа буюу 2021 оны 7 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд “Б” ХК-ийн Хууль, эрх зүй нөхөн төлбөрийн газрын захирал Ж.Д нь Т.Дд цахим шуудан хүргүүлж “...нөхөн төлбөрийн тодорхой дүнгээр эвлэрэх боломжтой, нэмэлт материал ирүүлэх”-ийг хүссэн гэх ба үүний дагуу нэмэлт баримтуудыг хүргүүлсэн боловч 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02/253 дугаар албан бичгээр “...даатгуулагчийн өвчлөл нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “эрсдэл”-д хамаарахгүй...тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй талаар Т.Дд хариу өгсөн, мөн Иргэн Т.Дгийн гомдлыг хянах явцдаа Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9/2780 дугаар албан бичгээр “Б” ХК-д хандаж нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийн үндэслэл бүхий тайлбар, түүнийг нотлох баримтыг...ирүүлэхийг мэдэгдсэн ба 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02/288 дугаар бүхий албан бичгээр Б ХК хариу тайлбар бусад нотлох баримтыг хүргүүлсэн, уг хариу тайлбар нотлох баримтуудыг хянаж үзээд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дгийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” мэдэгдлийг  нэхэмжлэгч компанид хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдов..

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 6.1.6-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх;”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ.”, 33.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно”, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Зохицуулах хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 13.1.1-д.”энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих;”, 13.1.2-т “...тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч “Б” ХК-д хүргүүлсэн, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дгийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” мэдэгдэл нь Даатгалын тухай хууль, Хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн аль алинд тусгайлан заасан хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар уг мэдэгдэл нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон” шийдвэр байх ба тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул уг мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж үзсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тухайн мэдэгдлийг захиргааны байгууллагаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан шийдвэр болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан “захиргааны акт” биш, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх нь харьяалал зөрчсөн асуудал хэмээн маргасан боловч  уг мэдэгдэл нь нэхэмжлэгчид тодорхой үүрэг ногдуулсан, тухайлбал даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлтэй гэсэн агуулгаар гарснаараа нэхэмжлэгчид дарамт учруулсан шинжтэй, нөгөө талаар хариуцагч захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, гадагш чиглэсэн захиргааны актад хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж анхнаасаа маргасан, гуравдагч этгээд Т.Днөхөн төлбөрийг авах үндэслэлтэй гэж тайлбарласныг тухайн гомдлын хүрээнд холбогдох нотлох баримтад үндэслэн хянаснаараа захиргааны байгууллагын урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан баримт бичиг болох хэдий ч энэ нь даатгалын гэрээний оролцогч талуудын хооронд үүссэн маргаан биш харин уг гэрээний асуудлаар гарсан захиргааны байгууллагын шийдвэр болохын хувьд Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн тул энэ талаархи хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн уг мэдэгдэлд “...Монгол улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.2 дугаар зүйлд заасан зохицуулалтыг баримтлан нөхөн олговрыг олгох нь зүйтэй...” гэж заасан нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлд зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс батлагдсан Монгол улсын Шүүхийн тухай хуулийн зохицуулалт нь уг тохиолдлыг шийдвэрлэхэд буцаан хэрэглэхгүй байхад хариуцагч хуулийг буцаан хэрэглэж шийдвэр гаргахыг даатгагчаас шаардсан нь үндэслэлгүй гэж маргасны тухайд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:”, 24.2.1-д “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх”-өөр,

Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.2-т “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал дараах хэлбэр, хэмжээтэй байна:”, 47.2.1-д “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас амь насаа алдсан бол даатгалын нөхөн төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн гэр бүлд олгох”-оор,

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.1.9-д “гэнэтийн осол” гэдэгт хүлээгдэж байгаагүй, гэнэтийн гаднын шинж чанартай хүчин зүйлийн шууд үр дүнд даатгуулагчийн амь нас болон бие эрхтний гэмтэл, өвчлөлд хүргэх ослыг”, 2.1.7-т “даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг” 4.1.5-д “Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн буюу шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй эрсдэлүүд” 6.2.3-т “Даатгуулагч нь гэрээнд заасан эрсдэлийн улмаас албан үүргээ гүйцэтгэх явцдаа нас барсан тохиолдолд сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр буюу даатгалын үнэлгээний 100 хувиар түүний өв залгамжлагчид нөхөн төлбөрийг олгоно”...гэж тус тус заасан байна.

Дээрхи хуулийн болон гэрээний заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан нөхцөлийн дагуу олговол зохих даатгалын нөхөн төлбөрийг зөвхөн даатгалын гэрээгээр тохиролцоогүй эрсдэл, шалтгаан гэх үндэслэлээр хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актад Монгол улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 47 дугаар зүйлийн 47.2 дугаар зүйлд заасны дагуу нөхөн төлбөр олгохыг заасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл Даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх, олгох бол хэдэн төгрөгний нөхөн төлбөр олгох, тухайн тохиолдол нь даатгалын тохиолдол мөн эсэхийг Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх бөгөөд энэ талаар тухайн мэдэгдэлд тусгайлан зааж өгсөн нь захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн буюу буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

 Нөгөө талаар Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” 5.2-т “Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна.” 5.3-т “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно” Гэж заасан ба нэхэмжлэгчээс хуулийн энэ заалтыг баримтлан Шүүхийн тухай хуулийг /шинэчилсэн найруулгыг/ буцаан хэрэглэхгүй гэж маргасан боловч энэ нь тухайн гэрээний талаар иргэний хэргийн шүүхийн дүгнэлт өгөх асуудал тул Захиргааны хэргийн шүүх энэ талаар дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй.  

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.6, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-ийн гаргасан, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дгийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09/3278 дугаартай “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” мэдэгдлийг” хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН