Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга А.Болор,

    Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          Шүүгдэгч Б.Батболд, түүний өмгөөлөгч З.Ганчимэг /1625/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батболдод холбогдох эрүүгийн 2016 2501 2767 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 22 дугаар гудамжны 345 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Боржигон овогт Баатарсүхийн Батболд /Регистрийн дугаар: НИ89070134/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Б.Батболд нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайзын 16 дугаар гудамжны 185а тоотод оршин суух хохирогч Т.Мөнхбаярын өвлийн сууцны хаалганы цоожыг эвдэн орж 49 инчийн “Haier” брендийн зурагт, марк тодорхойгүй ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батболдын өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.” гэх мэдүүлэг,

 

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-8/,

          Эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх.17-19/,

          Ял шийтгэлийн хуудас, шийтгэх тогтоол /хх.24, 28-41/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Т.Мөнхбаярын өгсөн:  “... тэгээд 20-30 минутын дараа над руу залгаж танай гэрт чинь хулгай орсон байна яах вэ зурагт чинь байхгүй байна гэхээр нь би цагдаа дууд гэж хэлээд 16 цаг өнгөрч байхад гэртээ очиход манай гэрээс 49 инчийн “Haier” брендийн зурагт, марк тодорхойгүй ДВД тоглуулагч зэрэг алдагдсан байсан. Тухайн үед манай гэрийн хамаг эд зүйлийг онгичсон байсан боловч дээрх 2 зүйл алдагсан байсан. Би зурагтаа 2015 оны 12 сарын 09 сард 480.000 төгрөгөөр авч байсан. Мөн ДВД-гээ 2009 онд манай охин дүү өгч явуулж байсан одоо зах зээлийн ханш нь 50.000 төгрөг байгаа байх. Манай гэрийн эд зүйлсийг хулгай хийсэн хүнийг Баатарсүх овогтой Батболд гэдэг. Энэ хүн манайд хүргэн болох гээд ирж очин байсан юм. Хэрэг гардаг өдөр манай гэрт Батболдыг зурагт аваад явж байхад нь таксигаар хүргэж өгсөн хүн ирээд сэжиг бүхий хүн эхнэртэйгээ хэрэлдээд зурагтаа аваад явж байна гэж танай гэрээс надаар Дэнжийн мянгад айлд хүргүүлсэн гэж хэлсний дагуу уг газарт нь цагдаатай очиж зурагтаа хурааж авсан” гэх мэдүүлэг /хх.14, 62/,

 

          Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэдалайн өгсөн: “Энэ өдөр би гэртээ байж байхад Баярхүү орж ирээд нэг залуу зурагт зарах гэж байна та үзэх үү гэхээр нь уг зурагтыг нь үзэхэд “Haier” брендийн 49 инчийн зурагт байсан. Хэдэн төгрөгөөр зарахыг асуухад 300.000 төгрөг гэхээр нь би 200.000 төгрөг гээд 200.000 төгрөгөөр нь уг зурагтыг авсан. Би урьд нь тэр залууг огт харж байгаагүй танихгүй хүн байсан” гэх мэдүүлэг /хх.65/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баярмаагийн өгсөн: “... Цайзаас хойш өгсөөд 16-185а тоот хашаанд хүргүүлээд та түр хүлээж байгаарай би орчихоод гараад ирнээ гэж хэлээд орсон тэгээд удалгүй гарч ирэхдээ зурагт, ДВД тоглуулагч барьчихсан гарч ирээд машинд суухаар нь та хүний юм хулгай хийгээд байгаа юм бишүү гэж асуухад би эхнэртэйгээ муудалцаад өөрийнхөө эд зүйлсийг аваад явж байна гэж хэлээд Баянхошуу явья гээд явсан. Тэгээд Баянхошуунд нэг газарт очоод таньдаг ломбардны хүн байхгүй байна. Баянбүрд явья гээд Баянбүрд байх нэг үсчин, халуун ус гэсэн газар луу зурагт ДВД-гээ авч ороод зарчихлаа гэж 200.000 төгрөг барьж гарч ирээд надад таксины мөнгөний хөлсөнд 30.000 төгрөг өгчихөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх.66/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Я.Амгаабазарын өгсөн: “Батболдын ээж нь надад хандаж манай хүү Батболд хамаатны хадам талынхаа нэг айлаас зурагт, ДВД тоглуулагч авчихсан байна. Одоо цагдаад шапгагдаж байгаа юм байна та уулзаад батлан даалтанд аваадхаа гээд би ирсэн юм” гэх мэдүүлэг /хх.67/,

          Мөрдөн байцаалтанд гэрч Ё.Баатарсүхийн өгсөн: “Батболд өөрөө надад хэлэхдээ хадам ахынхаа гэрээс зурагт, ДВД тоглуулагчийг нь хулгайлчихсан гэж ярьж байсан. Энэ хэрэгт холбогдохоос өмнө Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хулгайн хэргээр шалгагдаад шүүхээр орж таслагдаад тэнсэн харгалзах ял авсан. Баянзүрх дүүргийн шүүхээр 2016 оны 04 сарын 20-ны өдөр таслагдсан” гэх мэдүүлэг /хх.68/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Гаамаагийн өгсөн: “Батболд сая 3 сар гаран алга болоод ирсэн. Гэтэл Батболд айлаас зурагт хулгайлсан хэрэгт холбогдсон байсан. Өөрөө надад хулгайн хэрэгт холбогдсон л гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх.69/,

 

          Мөрдөн байцаалтанд Б.Батболдын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.73-74,76/,

 

  Хохирогчийг хэргийн материалтай танилцуулсан баримт /хх.88/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Б.Батболд нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цайзын 16 дугаар гудамжны 185а тоотод оршин суух хохирогч Т.Мөнхбаярын өвлийн сууцны хаалганы цоожыг эвдэн орж 49 инчийн “Haier” брендийн зурагт, марк тодорхойгүй ДВД тоглуулагч зэргийг хулгайлж 380.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-8/, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх.17-19/, ял шийтгэлийн хуудас, шийтгэх тогтоол /хх.24, 28-41/, мөрдөн байцаалтанд хохирогч Т.Мөнхбаяр /хх.14/, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэдалай /хх.65/, гэрч Б.Баярмаа /хх.66/, Я.Амгаабазар /хх.67/, Ё.Баатарсүх /хх.68/, Д.Гаамаа /хх.69/, нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд шүүгдэгч Б.Батболдын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.73-14,76/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Б.Батболдыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батболд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэн шийтгүүлж байгаа тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн гэмт этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Б.Батболд нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.

 

Шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Баатарсүхийн Батболдыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдод эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 425 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт хорих ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Батболдод оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Батболдод урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч Б.Батболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Батболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР