| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2017/02056/И |
| Дугаар | 184/ШШ2019/01918 |
| Огноо | 2019-07-24 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2019/01918
| 2019 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 184/ШШ2019/01918 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух Х овогт Дын Сийн /регистрийн дугаар ..../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..... тоотод оршин суух Ж овогт Эийн Мд /регистрийн дугаар ...../ холбогдох
“Хөлсөөр ажилласны гэрээний үүрэг зөрчсөн хохиролд 910,000 төгрөг” гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хөлсөөр ажилласны төлбөр 120,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, нарийн бичгийн даргад М.Оюу-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С миний бие 2016 оны 05 сарын 08-ны өдөр Э.Мэд 11 эм хонь, 10 хурга, 2 эр хонь, нийт 23 тооны малыг сард нэг толгой хонийг 1000 төгрөгөөр бодож, нийт сарын 20,000 төгрөгөөр маллуулахаар тохиролцож, малаа хүлээлгэж өгөхдөө хоёр сарын хөлс болох 40,000 төгрөгийг бэлэн төлсөн. Тэгээд 2016 оны 07 сарын 10-ны өдрөөс 2017 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл нэг жилийн хөлс гээд 360,000 төгрөгийн үнэтэй 60 ваттын нарны толь 1 ширхэг, 200,000 төгрөгийн үнэтэй 100 ваттын аккумлятор 1 ширхэг зэргийг өгсөн. Гэтэл Э.М нь 2016 оны 10 сарын эхээр Мөнхөө гэгч хүнд миний малыг дамжуулан өгсөн. Тэгэхдээ миний 2 тооны нас гүйцсэн, ууцанд хэрэглэх санаатай байсан хоёр эр хонины нэгийг, мөн сувиа эм хониноос нэгийг нь хүлээлгэж өгөөгүй байсан. Учрыг нь асуутал эр хонийг хүнд дамжуулан зарсан гэдгийг хонь хүлээн авсан Мөнхөө гэгч нь гэрчлэн хэлдэг. Нэг эм хонийг нь алдсан гэдэг. Малчин Мөнхөө нь надаас мал хариулсаны хөлс нэхсэн. Тэгэхэд нь миний бие Э.Мэд нэг жилийн хөлсийг тооцож өгсөн. Тиймээс Э.Мээс ав гэж хэлсэн. Миний хувьд малын хөлсөө жилээр боож төлсөн учир Э.Мээс дээрх эд хөрөнгийн үнэ болох 560,000 төгрөг, эр хонины үнэ 200,000 төгрөг, сувиа эм хонины үнэ 150,000 төгрөг, нийт 910,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Би 2016 онд Мтэй тохиролцоод малаа маллуулах болсон. 1 хонь маллах хөлс нь 1000 төгрөг байсан, ингээд би 2016 оны 05 сарын 08-ны өдөр хонио хүүхэдтэйгээ хамт аваачаад авгайд нь өгсөн. М хонь хариулдаг хүүтэйгээ яриад хөлс мөнгөө аваад явсан. Ингээд сүүлдээ таны нарны самбар, аккумлатор, шар хөргөгч авъя гэсэн.60 ваттын нарны самбар,100 ваттын аккумляторыг Мэд хэдэн хонио бүтэн жил харуулах болоод хөлсөнд өгөхөөр болж, харин шар хөлдөөгчийг тугалтай үнээгээр авахаар тохирсон байсан. Ингээд миний нарны самбар, аккумлятор, шар хөлдөөгчийг авсан. Ингээд миний малыг маллаж байгаад намар нь миний малыг хүнд тавьсан байсан, тэр өвөл би юу ч авч чадаагүй, очиж ч чадаагүй. Би тэр хүн чинь хаана байгаа талаар асуухад нарийны фермд нутаглаж байгаа гэсэн. Тэгээд би мотоциклтой яваад очсон. Мөнхөө гэдэг хүнд миний хонийг өгсөн байсан, тэр хүн нь надаас хөлс нэхсэн. Би Мээс ав.Мэд бүтэн жил харуулах гэж хөлсөнд нарны самбар, аккумлятор өгсөн гэж хэлсэн. Гэтэд Мөнхөө гэх залуу, авгай хоёр хөлсөө Мээсээ ав, бидэнд хөлс өгөхгүй бол ялгаад туу гэж хэлсэн. Би тэднийг муу юм өгөхөд тэд нар яагаад ийм мал өгч байгаа юм бэ гэхэд тэд бид нар мэдэхгүй ,Мийн өгсөн нь энэ гэсэн.Миний Мэд анх өгсөн зүстэй хонь байхгүй болооод зүсгүй, ядарсан муу мал хүлээж авсан даа. Би 500 гаруй толгой хониноосоо аятайхан гэсэн 20 гаруй хонь шилж аваад л Мэд өгсөн байсан. Би Мээс 4-5 хонь дутуу авсан. 17 төлөө тэр хүнд өгсөн. Одоо аккумлятор, нарны зай, эр хонь, сувиа хонины мөнгөө авна. Нэхэмжлэгч:Би Мэд 20 хонь үлдээсэн.Хэдэн хонь Мөнхөөд өгсөн бол би мэдэхгүй.Мөнхөө дээр байхад М 1 эр хонийг зарсан байсан.Би өөрөө 1хонь идсэн.1 эм хонь алга болсон л байсан даа.Тэгээд Мөнхөөгөөс 17 хонь авсан.Мөнхөөд мал хариулсаны хөлсөнд 17 төлийг нь өгсөн. Миний эр хонийг дүүтэйгээ хүнд зарсан байна лээ. Надад зарсан гэж юу ч хэлээгүй, чоно идээ биз гэж малын эмч хэлж байсан. Би хонио олоод авъя гэтэл М зарсан гэсэн. Сувиа эм хонь маань том хонь байсан бас идсэн.Мөнхөөд би мал хариулсаны хөлсөнд 17 ширхэг хонь өгсөн. Хариуцагч тал өмнө нь 1 ч хонь аваагүй гээд байсан. Мөад хэдэн хонь өгснийг би мэдэхгүй. Самбар бол жил л болсон, 4 сар л ажилласан, ингээд би хайрцагт нь хийгээд тавьчихсан. 23 хонь тавиад хөх толгойтой эр хонио найранд хонь хэрэгтэй байна гээд манайд хүн ирээд би хамт яваад 6 сарын 20-ны хавьд цагаан микротой хүнд 1 хонь өгсөн. Наана нь гилжгий өвчин туссан хургаа Мээс авсан. Хойно нь очиж 1 төлөг очиж идсэн. Тэгээд 20 мал үлдсэн.20,000 төгрөг өгсөн . М хүнд 1 эр хонийг маань зараад 19 үлдсэн, бор толгойтой эм хонь алга болсон байсан.1 төлөг идсэн. Түүнээс 17-г нь би авсан .2017 оны 5 сард аажуу авсан.Дандаа эм хонь авсан, хургануудыг нь хөлсөнд нь би авна гээд Мөнхөө авчихсан. 11 хонь 6 төлөг авсан байгаа. Энэ 2 хэн дутаасанг мэдэхгүй. М 1 л эр хонь хэрэглэсэн гээд байдаг гэв.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С гэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 1 сард 20,000 төгрөгөөр мал малладаг малчин монголд байхгүй. 1 ширхэг малыг 2000 төгрөгөөр маллахаар тохиролцож малаа авчирч өгсөн боловч ажлын хөлсөнд өгсөн нарны толь, аккумлятор, хөргөгч зэрэг нь ажиллахгүй байсан. Эвдэрхий эд хөрөнгөө ав, малаа ав гэж удаа дараа шаардсан боловч ирэхгүй байсан. Аргагүйн эрхэнд 3 сар маллаад Мөнхөөд шилжүүлж өгсөн. иймд 3 сар мал малласан 120,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гаргах болно. Эвдэрхий эд хөрөнгийг одоо ч ирж авч болно. иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн өмгөөлөгч авч эрхээ хамгаалах болно. Д.С гэгч этгээд нь хүнд мал зарчихаад зарсан малаа надаас аваад явчихдаг аюултай этгээд болно. Гэрч нар ч байгаа болно. Өмгөөлөгч авах хүсэлтэй тул эрхийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд бид үнэн зөв тайлбар гаргах ёстой, бид нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг зөвшөөрч байгаа тайлбараа гаргаж байгаа. Эр хонины үнэ 110,000 төгрөгийг зөвшөөрнө. Анх Хөрөнгийн үнэлгээний төвөөс энэ дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх шинэ Эрүүгийн хууль сануулаагүй гэсэн үндэслэлээр хэрэг буцаж ирсэн байдаг. Эм хонь гээд байгааг зөвшөөрөхгүй, 23 тооны толгой малыг авсан гэдгийг зөвшөөрнө, 1 хонийг нь өөрсдөө аваад явсан гэдэг. Мө 22 тооны толгой мал хүлээн авсан гэж өөрөө бичиж өгсөн, гэрчээр мэдүүлсэн байгаа. С гэдэг хүн нь Мөтай уулзаад 22 тооны толгой мал авсан байдаг учраас энэ хүний яриад байгааг зөвшөөрөхгүй. Нарны толь, аккумляторын тухайд хүний хэрэгцээ шаардлага хангахгүй, хөлдөөгч нь ажилладаггүй. Нарны толь нь хэвийн ажиллаж байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Хөлдөөгчийн тухайд жил гаран ашигласан, хөлдөөдөгүй учраас ажиллахгүй байна гэхээр С нь юмаа буцааж өгөх гэж байна гээд түүнээс нь өмнө үхрийг нь авчихъя гээд бэлчээр дээрээс үхрийг нь авчихсан байгаа. Хөргөгч нь ажиллахгүй байгаа юм чинь бусад эд зүйл ч гэсэн ажиллахгүй байгаа. Малыг нь М 10 сар хүртэл маллаж байгаад Мөад өгсөн, эндээс 1 эр хонийг малын эмчид өгсөн байгаа. Харин С нь одоо нарны толь, аккумлятороо авах хэрэгтэй тэр нь шинжээчид байгаа. Мэд байхгүй. Малчны шар хөргөгчөө буцааж ав гэдэг зүйлийг энэ хүнд зөндөө хэлж байгаа. Хөргөгч нь эвдэрхий учраас нөгөө 2 нь ч гэсэн эвдэрхий л байгаа. Нарны зай нь хүний хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа гэдгийг 2017 онд ажилладаггүй гэдгийг шинжээч тогтоосон. Хавтаст хэргийн 31-р хуудаст 320, 120 ватт гээд бөөн зөрүүтэй үнийн дүнтэй юм авч ирээд өөрийнхөө юмыг цоо шинэ гээд нэхээд байдаг. Бид нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгөөс бусад зүйлийг зөвшөөрөхгүй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр эр хонь маш өндөр үнэлэгдсэн байна лээ. Сонгинохайрхан дүүрэг нь Баруун бүсд харьяалагдах статистикаар бол Баян чандманьд эр хонь 130,000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Тухайн үед эр хонь тийм ч өндөр үнэтэй байгаагүй. Статистикийн үндэсний хорооноос гарсан дүгнэлтийг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байх... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.М нь Д.Сгийн 11 эм хонь, 10 хурга, 2 эр хонь нийт 23 толгой малыг маллах, Д.С нь мал малласны хөлсөнд Э.Мэд нарны толь, аккумлятор /малчны шар хөргөгч/ зэргийг өгөхөөр хэлцэл хийгдсэн байна. Ажлын хөлсөнд өгсөн гэх аккумлятор нь цэнэг авдаггүй, малчны шар хөлдөөгч нь бүрэн хөлдөөдөггүй байсан тул “Хүний хэрэгцээ шаардлага хангахгүй эд зүйлээ буцаан авах”-ыг Д.Сгээс шаардсан байна. Гэтэл Д.С нь 2016 оны 08 сард бэлчээрээс Э.М, Уранчимэг нарын үхрийг дураар аашлан, хулгайлан явсан бөгөөд шүүх хуралдааны хүсэлт, мэтгэлцээний шатанд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн болно. Нэгэнт эвдэрхий эд зүйл болох нарны толь, аккумлятор /малчны шар хөргөгч/ 23 толгой малаа Д.С нь буцааж авахгүй байсан тул 2018 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Бурхантын 4-1 тоот суух, малчин С.Мөад /хх-48-р тал/ 23 толгой малыг хүлээлгэн өгсөн бөгөөд Д.С үүнтэй огт маргаагүй болно. Иймд 2016 оны 07 сараас 2016 оны 10 сар хүртэлх олгогдвол зохих хөлс 120,000 төгрөгийг гаргуулж өгнө үү Ер нь ямар ч хүн, хүний мал малласан бол хөлсөө авах ёстой. Анх С 40,000 төгрөг өгсөн гэдэг, тийм юм байхгүй, өгөөгүй. М малыг нь маллаж байгаад Мөад өгсөн гэдэгт нэхэмжлэгч тал маргадаггүй, М 5-10 сар хүртэл хүний мал малласан байна. Ийм учраас 120,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Сгийн нэхэмжлэлтэй Э.Мэд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож буй Б.Б би сөрөг нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Э.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 23 толгой малыг маллахаар Д.Сгээс авсан болохыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажлын хөлсөнд нарны толь, аккумлятор, малчны шар хөргөгч зэргийг өгөхөөр хэлцэл хийгдсэн байна гэжээ. Гэтэл малчны шар хөргөгчтэй холбоотой хэлцлийн маргааныг Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэсэн тусдаа хэлцлийн маргаан юм. Мөн сөрөг нэхэмжлэлдээ ажлын хөлсөнд өгсөн гэх аккумлятор нь цэнэг авдаггүй, малчны шар хөлдөөгч нь бүрэн хөлдөөдөггүй байсан тул “хүний хэрэгцээ шаардлага хангахгүй эд зүйлээ Д.Сгээс буцаан авахыг шаардсан байна гэжээ. Дээрх эд хөрөнгүүдийг Д.С нь Малчин компаниас худалдан аваад удаагүй бөгөөд хэвийн ажиллагаатай байсан. Тухайн үед Э.М нь эд хөрөнгийн доголдлын талаар Д.Сд огт мэдэгдэж байгаагүй, хэвийн ашиглаж байсан бөгөөд Д.Сгийн өөрт нь холбогдуулж гаргасан нэхэмжлэлд өсөрхөн, нэхэмжлэл гаргаснаас хойш эвдэрхий зүйл өгсөн мэтээр түүнийг удаа дараа гүтгэж шүүхэд худлаа тайлбар, нэхэмжлэл гаргадаг. Д.Сг үхэр хулгайлсан гэх бөгөөд уг хэрэг үйлдэл нь хулгай биш талуудын хооронд байгуулагдсан арилжааны хэлцэл болохыг тогтоосон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг иргэний хэрэгт ямар зорилгоор тусдаа хэлэлцэгдэж буй асуудал маргааныг хольж хутгаад байгааг ойлгохгүй байна. Нэгэнт эвдэрхий эд зүйл, 23 толгой малаа Д.С буцааж авахгүй байсан тул 2018 оны 10 сард С.Мөад 23 толгой мал хүлээлгэн өгсөн гэжээ. Гэтэл М нь үнэн хэрэгтээ С.Мөаар 182 тооны малаа түр маллуулсан. Мө нь Д.Сгийн 23 тооны малаас 22 тооны малыг Мээс авсан гэдгийг бичгээр нотолсон байдаг. М нь хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, Д.Сгийн эд хөрөнгийг завшиж, зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн атлаа Д.Сгээс ажлын хөлс 120,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Э.Мэд холбогдуулан “Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зөрчсөн хохиролд эр хонины үнэ 200,000 төгрөг, сувиа эм хонины үнэ 150,000 төгрөг, 60 ваттын нарны дэлгэцийн үнэ /толь/ 360,000 төгрөг, 100 ваттын аккумляторын үнэ 200,000 төгрөг, нийт 910,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Э.М нь “Хөлсөөр ажилласны төлбөрт 120,000 төгрөг” гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ./хх 1-3, 108/
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Э.Мэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа: 2016 оны 5 сарын 08-нд 23 толгой малыг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр маллуулахаар тохиролцож, ажлын хөлсөнд нь өгсөн 60 ваттын нарны дэлгэцийн үнэ /толь/ 360,000 төгрөг, 100 ваттын аккумляторын үнэ 200,000 төгрөг болон дутагдуулсан эр хонины үнэ 200.000 төгрөг, эм хонины үнэ 150,000 төгрөг, нийт 910 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа, хариуцагч тал эс зөвшөөрч мал малласны хөлсөнд 120,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж талууд маргав.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд: нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Э.Мтэй 23 тооны хонийг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр маллуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 5 сарын 08-нд хүлээлгэн өгсөн ба ажлын хөлсөнд нь тооцож 60 ваттын нарны дэлгэц, 100 ваттын аккумлятор зэргийг өгсөн болох нь тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд хийгдсэн аман хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Д.С нь малаа нэг жилийн хугацаатай маллуулахаар тохиролцсон гэх боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Мээс Мөад 2016 оны 10 сарын эхээр Сгийн малыг шилжүүлж өгсөн үеээс талуудын хоорондох мал маллах гэрээний хугацаа дуусгавар болсон байна гэж шүүх үзэв.
Талууд Мө гэгчид хэдэн тооны хонь шилжүүлсэн талаар буюу хонины тооны талаар маргадаг ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс ... 23 хонь тавиад хөх толгойтой эр хонио авсан, наана нь гилжгий өвчин туссан хургаа Мээс авсан. Хойно нь очиж 1 төлөг идсэн. Тэгээд 20 мал үлдсэн. Хэдэн хонь Мөнхөөд өгсөн бол би мэдэхгүй. Мөнхөө дээр байхад М 1 эр хонийг зарсан байсан. Би өөрөө 1хонь идсэн. 1 эм хонь алга болсон л байсан даа. Тэгээд Мөнхөөгөөс 17 хонь авсан тухай тайлбарлаж байна.
Гэвч хариуцагч Мээс Мө гэгчид хэдэн тооны хонь шилжүүлсэн асуудал нь маргааны гол зүйл биш бөгөөд нэхэмжлэгч Д.С нь хариуцагчид 23 тооны хонь маллуулахаар өгснөөс түүнийг маллаж байх үедээ дутагдуулсан гэж 1 эр хонь, 1 эм хонины үнэ, ажлын хөлсөнд өгсөн нарны дэлгэц, аккумляторын үнэ зэргийг нэхэмжилж байгаа тул шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л дүгнэлт хийсэн болно.
Иймд нэхэмжлэгчээс хариуцагч Э.Мэд 40.000 төгрөг бэлнээр өгсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Сс 2 сар хонь малласны хөлс 40.000 төгрөг бэлнээр аваагүй тухай болон малчны шар хөлдөөгчний талаар тайлбарладаг боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад тооцогдоогүй болохыг дурдаж байна.
Мөн хавтаст хэрэгт хариуцагч Э.М нь “хулгайлж авсан эр үхрийн үнэ 2000.000 төгрөг” гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасанг шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-нд 184/ШЗ2017/10246 дугаар захирамжаар “үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй“ гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ./хх 28,30/
Нэхэмжлэгч талаас хариуцагч Э.Мэд мал маллуулахад хөлсөнд нь өгсөн 60 ваттын нарны дэлгэцийн үнэ 360,000 төгрөг, 100 ваттын аккумляторын үнэ 200,000 төгрөг, нийт 560,000 төгрөгийг шаардаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан эдгээр эд зүйлийг худалдаж авсан гэж “ Малчин “ ХХК-ийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн ба хэргийн 31-р талд авагдсан “Малчин” ХХК-ийн 2017.10.16-ны өдрийн 17/99 тоот албан бичигт: 2015 оны 3-р сарын 22-нд иргэн Дулам овогтой С нь хөлдөөгч 800,000 төгрөгөөр, 120 ватт толь 300,000 төгрөгөөр,100 ватт аккумлятор 200,000 төгрөгөөр худалдаж авсан гэж, хэргийн 53-р талд “Малчин “ХХК-ийн 2015 оны 3-р сарын 22-ны өдрийн худалдааны баталгаат чек 6616-д хөлдөөгч 95 л 800,000 төгрөг, аккумлятор 100 А 360,000 төгрөг, нарны дэлгэц 140 вт 350,000 төгрөг бүгд үнэ 1500,000 төгрөг гэсэн тодорхойлолтууд авагдсан ба эдгээрт эд зүйлийн үнэ, ваттын хэмжээ зөрүүтэй байна. / хх 31,53/
Хариуцагч талаас шүүх хуралдаанд...С нь одоо нарны толь, аккумлятороо авах хэрэгтэй тэр нь шинжээчид байгаа. Мэд байхгүй. Малчны шар хөргөгчөө буцааж ав гэдэг зүйлийг энэ хүнд зөндөө хэлж байгаа. Хөргөгч нь эвдэрхий учраас нөгөө 2 нь ч гэсэн эвдэрхий л байгаа. Нарны зай нь хүний хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа гэдгийг 2017 онд ажилладаггүй гэдгийг шинжээч тогтоосон. Хавтаст хэргийн 31-р хуудаст 320, 120 ватт гээд бөөн зөрүүтэй үнийн дүнтэй юм авч ирээд өөрийнхөө юмыг цоо шинэ гээд нэхээд байдаг. Бид нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгөөс бусад зүйлийг зөвшөөрөхгүй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтээр эр хонь маш өндөр үнэлэгдсэн байна лээ. Сонгинохайрхан дүүрэг нь Баруун бүсэд харьяалагдах статистикаар бол Баян чандманьд эр хонь 130,000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Тухайн үед эр хонь тийм ч өндөр үнэтэй байгаагүй. Статистикийн үндэсний хорооноос гарсан дүгнэлтийг нэхэмжлэгч тал үгүйсгэхгүй байх гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь татгалзлаа хуульд зааснаар нотолж чадаагүй байна.
Хавтаст хэргийн 73-81-р талд “ Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийн 2018 оны 3-р сарын 23-нд шүүхэд ирүүлсэн 137 тоот үнэлгээнд...100 А аккумлятор нь ямар ч ажиллагаагүй, цаашид ашиглах боломжгүй, нарны дэлгэц цаашид ашиглах боломжтой, 60 ваттын нарны дэлгэц 2016.7.10-ны байдлаар 150,000 төгрөг, хэвийн ажиллагаатай 100 А аккумлятор 2016.7.10-ны байдлаар 50,000 төгрөг, 2015-2016 оны үед нас гүйцсэн эр хонь 110,000 төгрөг, сувиа эм хонь 100,000 төгрөгний үнэтэй талаар дүгнэлт авагдсан.
Мөн хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2393 дугаар магадлалаар тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/02472 дугаар шийдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн 184/ШЗ2017/13108 дугаар захирамжаар “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан, шүүхээс шинжээч Ж.Уртнасанд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан ажиллагааг хийхдээ хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн, Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг тайлбарласан боловч 2015 оны Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулгад/ заалт байхгүй тул шинжээчид Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг тайлбарласан, сануулсан гэж үзэхгүй, уг ажиллагааг бүрэн хийгдээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 –т зааснаар эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан хуулийн хүчин төгөлдөр магадлал байна/ хх 15-159/
Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ийн 2018 оны 3-р сарын 23-ны өдрийн 137 тоот үнэлгээнд дурьдсан “100 А аккумлятор нь ямар ч ажиллагаагүй, цаашид ашиглах боломжгүй гэсэн хөргөгч нь эвдэрхий учраас нөгөө 2 нь ч гэсэн эвдэрхий л байгаа, нас гүйцсэн эр хонийг 110,000 төгрөгөөр үнэлсэнээр нэхэмжлэлийн шаардлагаас 110,000 төгрөгөөс бусад зүйлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
Тухайлбал дээрх “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-с гаргасан шинжээчийн дүгнэлтийг хуульд зааснаар үнэлэх боломгүй талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн магадлал хэрэгт авагдсан тул энэ Хөрөнгийн үнэлгээний төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлтийг мөн Статистикийн үндэсний хорооноос гарсан хонины үнийн талаарх тодорхойлолт бол шүүхээс шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шинжээч томилогдож, шинжээчид Эрүүгийн хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан эрх үүрэг танилцуулах ажиллагааг хийгдээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй болно.
Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” талаар зохицуулсан атал хариуцагч Э.М нь Д.Сгийн маллуулахаар өгсөн хонийг бусдаар маллуулахаар түүнтэй тохиролцоогүй атал дур мэдэн Мөад 2016 оны 10 сард шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь түүний ажлын хөлсөнд тооцож өгсөн эд зүйлийн үнийг шаардах эрхтэй байна.
Шүүгчийн захирамжаар “Арвижих эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсоны дагуу 2019 оны 5 дугаар сарын 30-нд 01/64 тоот дүгнэлт ирүүлсэн ба тус дүгнэлтэд:
а/-2016 оны 7 сарын байдлаар 60 ваттын нарын дэлгэц /шинэ/-180,000 төгрөг, 100 ваттын аккумлятор /шинэ /-320,000 төгрөг, эр хонь-180,000 төгрөг, эм хонь- 130,000 төгрөг гэсэн,
б/-2014 онд худалдаж авсан гэх хуучин, нуралт үүссэн аккумлятор -80,000 төгрөг, 2014 онд худалдаж авсан гэх хуучин 2 жил хэрэглэсэн 60 ваттын нарны толь 50,000 төгрөг гэсэн,
в/ -2015 онд 60 ваттын нарны дэлгэц / шинэ/-160,000 төгрөг, 100 ваттын аккумлятор- 350,000 төгрөгний зах зээлийн дундаж үнэтэй байсан талаар дүгнэлт гаргаснаас шүүх Д.Сгийн эд зүйл худалдаж авсан үеийн 2015 оныхоор, эр хонийг хариуцагч Э.Мийн хонь маллалж байх үеийн 2016 оны 7 сарын байдлаар үнэлсэн үнээр тооцож, гаргуулахдаа нарны дэлгэц, аккумляторыг хэрэглэж байсан тухай нэхэмжлэгч Д.Сгээс тайлбарладаг ба гэрч Э.Гансүх шүүхэд өгсөн мэдүүлэгтээ...С нь өөрөө 2 жил хэрэглэсэн тухай мэдүүлсэн тул эдгээр эд зүйлийн эдэлж хэрэглэсэн хугацааны элэгдэл, хорогдолыг хасаж тооцов.
Үүнд: 60 ваттын нарны дэлгэц үнэ 160,000 төгрөгнөөс 60,000 төгрөгийг хасаж 100,000 төгрөгийг, 100 ваттын аккумляторын үнэ 350,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг хасаж 250,000 төгрөгийг, эр хонийг 180,000 төгрөгөөр үнэлсэнээр нь тооцож, нийт 530,000 төгрөгийг хариуцагч Э.Мээр төлүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагчаас 1 эм хонь алга болгосон гэж 150,000 төгрөг шаардсан боловч хариуцагч энэ эм хонийг үрэгдүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй тул эм хонины үнэ 150,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Ингээд шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас эм хонины үнэ 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн 60 ваттын нарны дэлгэц үнэ 160,000 төгрөгнөөс 60,000 төгрөгийг, 100 ваттын аккумляторын үнэ 350,000 төгрөгнөөс 100,000 төгрөгийг элэгдэл хорогдолд нь тооцон хассан ба эр хонины үнэ 180,000 төгрөг, 60 ваттын нарны дэлгэц үнээс 100,000 төгрөгийг, 100 ваттын аккумляторын үнээс 250,000 төгрөгийг нийт 530,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох 380,000 төгрөгийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг шаардлагын талаар:
Хариуцагч талаас “Хөлсөөр ажилласаны төлбөрт 120,000 төгрөг” гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасанг шүүх бүхэлд нь хангах нь
зүйтэй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд: нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Э.Мэд холбогдуулан 2016 оны 5 сарын 08-нд 23 толгой малыг маллуулахаар тохиролцож, ажлын хөлсөнд нь өгсөн 60 ваттын нарны дэлгэцийн үнэ /толь/ 360,000 төгрөг, 100 ваттын аккумляторын үнэ 200,000 төгрөг болон дутагдуулсан эр хонины үнэ 200,000 төгрөг, эм хонины үнэ 150,000 төгрөг, нийт 910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал эс зөвшөөрч мал малласны хөлсөнд 120,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Э.Мтэй 23 тооны хонийг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр тооцож маллуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 5 сарын 08-нд түүний эзэмшилд шилжүүлсэн ба ажлын хөлсөнд нь 60 ваттын нарны дэлгэц, 100 ваттын аккумлятор зэргийг өгсөн нь, хариуцагч Э.М нь Д.Сгийн маллуулахаар өгсөн хонийг Э.Мөад 2016 оны 10 сард шилжүүлсэн болох нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу талуудын хооронд хийгдсэн аман хэлцэл хүчин төгөлдөр болсон тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн байна.
Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй” гэж заасан.
Түүнчлэн Д.С нь 5, 6 сарын хөлсөнд нь 40,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Сгээс 2 сар хонь малласны хөлс 40,000 төгрөгийг бэлнээр аваагүй талаар тайлбарладаг боловч энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдоогүй, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д...гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж заасан ба талуудын хоорондох хонь нэг бүрийг 1000 төгрөгөөр маллуулах аман хэлцэл нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр юм.
Хариуцагч Э.М нь нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу түүний 23 тооны малыг 2016 оны 5 сарын 08-наас өөрийн эзэмшилдээ байлгаж 2016 оны 10 сарын 10 хүртэл малласан ба нэхэмжлэгч Д.С нь Э.Мөаас малаа 2017 оны 5 сард авсан болох нь зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэгээр нотлогддог.
Иймд хариуцагч Э.Мийн нэхэмжлэгчийн малыг 2016 оны 5 сарын 8-наас 2016 оны 10 сарын 10 хүртэл малласан хөлс 120,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг нь хангав.
Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчийг мал маллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, өөрийнх нь зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн гэж хөлсөндөө өгсөн нарны дэлгэц, аккумляторын үнэ 560,000 төгрөг гаргуулахаар шаардсанаас тухайн эд зүйлийн ашигласан хугацааны элэгдэл, хорогдлыг тооцож 350,000 төгрөгийг хариуцагч Э.Мээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байх тул түүний дээрх хугацаанд мал малласны хөлсийг нэхэмжлэгчээр төлүүлэх зүйтэй гэж шүүх үзлээ. /нэхэмжлэгч дээрх мал маллах хугацааны хөлсөнд өгсөн эд зүйлийнхээ үнийг гаргуулж байгаа тул/
Хариуцагч Э.Мээс “хулгайлж авсан эр үхрийн үнэ 2000,000 төгрөг” гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасанг шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-нд 184/ШЗ2017/10246 дугаар захирамжаар “үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй“ гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ба энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Улсын Дээд Шүүхийн тогтоол хэрэгт авагджээ./хх108/ ,
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу шүүх үнэлсэн ба харин хэргийн 48, 168-р талд авагдсан С.Мөын гараар бичсэн гэх тодорхойлолт нь нотлох баримтын шаарлага хангаагүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байх тул шинжээчийн зардалд нэхэмжлэгч Д.Сгээс 15.000 төгрөг, хариуцагч Э.Мээс 15,000 төгрөг, нийт 30,000 төгрөг гаргуулж “Арвижих-Эстимейт” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Мээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан 530,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 16,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч Э.Мээс сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118,119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Мээс 530,000 / таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 380,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Сгээс 120,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.Мэд тус тус олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сгээс 15,000 төгрөг, хариуцагч Э.Мээс 15,000 төгрөг, нийт 30,000 төгрөг гаргуулж “Арвижих-Эстимейт” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Мээс улсын тэмдэгтийн хураамжид 16,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагч Э.Мээс сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Сс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дах хэсэгт зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ