| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2019/02033/И |
| Дугаар | 184/ШШ2019/02114 |
| Огноо | 2019-08-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2019/02114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Мон лаа 17-36 тоотод оршин суух, Б.Ц-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчин 2 дугаар гудамж, 38а тоотод оршин суух, П.А-д холбогдох
Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.А-тай 2011 онд танилцаад 2012 онд том охин А.Э төрсөн. Бага охин А.А нь 2015 онд тус тус төрсөн. П.А нь учир шалтгаангүйгээр олон удаа зодож байсан. 2012 оны 12 дугаар сард гэрийнхээ зуух руу өшиглөж эд зүйл эвдэж зодсон. 2013 оны хавар нялх биетэй байхад согтуугаар агсарч гэрийнхээ эд зүйлийг эвдэж миний хоолойг боож унагаж байсан. Үүнийг эгчийн нөхөр салгаж, хадам ээж нь ээжид мэдэгдсэн. 2014 оны эхээр миний бие жирэмсэн өрхийн эмнэлэгийн хяналтанд байх үед зодож ураг амьгүй болж авахуулсан. 2014 оны 8 дугаар сард ээжийнхээ хамтаар элдэвээр хэлж, хөөж зодсон. Цагдаад хандсан. 11 хоног баривчлагдсан. 2015 оны хавар жирэмсэн байхад мөн л зодож хана мөргүүлж, үсдэж зодож 2 гарын шууны мах тасарчихсан байна гэж хадам ах барьж өгч байсан. 2015 оны 7 дугаар сарын 13-нд хадам ээжийн ахтай нийлж архи уучихаад хашаа, хана мөргүүлж, нүдэн тус газар цохиж хөхрүүлсэн. 2016 оны хавар хөдөө явж ирчихээд тодорхой шалтгаангүйгээр зодож 2 хөл хөхрүүлсэн. 2016 оны 6 дугаар сард охин Эгшиглэнг зодож мөн намайг охин бид хоёрыг хоёуланг минь зодсон. 2016 оны 11 дүгээр сард А-ын эгч А зодож гэмтэл учруулсан учир цагдаад хандаж Эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2017 оны хавар миний түрүүвчтэй мөнгийг булааж аваад, намайг зодож, нүүрээр газар мөргүүлсэн. Цагдаад хандсан. Зөрчлийн тухай хуулиар шүүхээр шийдвэрлүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 07-нд зодож, баруун хөлний чигчий хуруу хугалсан. Мөн 2018 оны 3 дугаар сарын 20-нд зодож гэрийн эд зүйл эвдсэн. Цагдаад хандаж, гэмтэл учирсан учир шүүхээр шийдвэрлэгдсэн. 2018 оны 5 дугаар сарын 04-нд гар утас, карт булааж авч ширээн дээр байсан шилэн савтай ус нуруу руу шидэж хагалж, чамайг алаад хаяад явсан ч багадна гэж заналхийлж гэрийн гаднаас хаалга түгжээд явсан. 2018 оны 5 дугаар сараас хойш гэрээсээ гарч яваад өнөөдрийг хүртэл гэртээ ирээгүй. Энэ хугацаанд өөрийн найз Отгонбаатарын эхнэр Уранзаяатай гэр бүлийн харьцаатай болж хамтран амьдарч байгаа. 2018 оны 8 дугаар сард Уранзаяа нь намайг дуудаж уулзая гэхээр нь очсон чинь дүү нарынхаа хамт ирээд намайг бүлэглэн зодсон. Энэ асуудлаараа эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл манай хамтран амьдарч, хоёр хүүхдийн эцэг П.А-тай нийлээд намайг байнга дарамталж чамайг ална гэж, мөн миний цахим хуудсанд хууль бусаар нэвтэрч өнөөдрийг хүртэл цахимаар буюу утсаар заналхийлж байгаа. Иймээс миний байнгын гэр бүлийн хүчирхийлэлд 2 хүүхдийн хамт байдаг байдлыг харгалзан үзэж 2 хүүхдийг минь миний асрамжинд өгч, 2 хүүхдэд минь тэтгэлэг тогтоож өгнө үү.
Би А-тай 8 жил амьдрахад гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсан. Цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Өөрөө найзынхаа гэр бүлийг үймүүлсэн. Бидний амьдарч байсан хашаа байшин ямар ч бичиг баримтгүй хоосон газар байсныг бид бичиг баримттай болгож байшин барьсан. Хашаа байшинд одоо амьдрахгүй байгаа. Хүүхдийн тэтгэлэгээ ямар хэлбэрээр ч өгч болно гэв.
Хариуцагч П.А шүүхэд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П.А нь Б.Ц-той 2011 онд танилцаж, 2012 онд том охин А.Э төрсөн. Бага охин А.А нь 2015 онд тус тус төрсөн. 2012 онд хүргэн ах Анхбаясгалангийн хашаанд ээж аавын гэрийг барьж тусдаа гарсан. Энэ хугацаанд түрээслэж байсан павилоноо худалдаж авна гэж миний ээж аав хоёроос 2012 оны 3 дугаар сарын 21-нд бэлэн 4,800,000 төгрөг зээлж 2 сарын дараа эргүүлж өгнө гэж авсан. Эргэн төлөөгүй. Ц-той хамт амьдарч байх хугацаанд байнгын мөнгөний хэрүүл гарч, мөнгө олж ир гэж дарамталдаг байсан. 2012 оны 9 дүгээр сарын 15-нд Төв аймгийн Цээл суманд аавыг байхад Ц бид хоёр очиж эмээгийн тэтгэврийн зээлийг 500,000 төгрөгөөр авахуулсан. 2012 оны 2 дугаар сарынд 11-нд ахин мөнгөний хэрүүл хийж дарамталж дахин ээж ааваас үхрийг нь заруулж 6,000,000 төгрөгийг Ц өгсөн. 2014 онд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 17-37 тоот хашаа байшинг ээж Д.А, аав Ц.Б нар газрыг худалдан авч хашаа хатган байшин барьж, нийт 7,500,000 төгрөгөөр барьж бэлдэж өгсөн. 2014 оны 8 дугаар сард миний ээж А-ыг хүүдээ мөнгө төгрөг өгч чадахгүй гэж загнаж зандарч энгэр хоолойг нь зулгааж урчихаад ээж цагдаа дуудна гэсэн чинь гүйгээд явсан. Маргааш өглөө гэртээ унтаж байхад цагдаа дагуулж ирж хэлтэс дээр очиж юу болсныг нь асууна гээд дагуулж очоод 111-т шууд 14 хоногоор баривчлуулсан. Тухайн үед архи уугаагүй, эрүүл, зодож нүдсэн зүйлгүй гэмгүй байхад ачуулсан. 2014 оны намар мөн ээж ааваас үхэр аван зарж 820,000 төгрөг болгож бараанд оруулсан. 2012 онд унаж байсан аксент маркийн машин 1,800,000 төгрөгөөр зарж мөн бараанд оруулсан. 2012 оноос 2018 оны хугацаанд Ц нь эхнэр хүний үүрэг хариуцлага байхгүй миний ээж байнгын цүнх дүүрэн хувцсыг нь угааж гэрийг нь цэвэрлэдэг байсан. Намайг ажилд орохоор өдөр шөнөгүй хардаж утсаар дарга цэрэг рүү залгаж ажил дээр очиж ажлаас байнга гаргадаг байсан. 2014 онд баривчилгаанд хүчээр явсанаас хойш сэтгэлзүйн байнга дарамтанд орж ахиж чамайг цагдаа дуудаж баривчлуулна гэж дарамталж толгой тархигүй зодож нүдэж байсан. Би цагдаад дуудлага өгч 2 цагдаа ирж Ц сануулга өгч явсан. Энэ хугацаанд байнга мөнгө олж ир ээж аавынхаа машиныг зар гэж дарамталж 2014 оны 5 дугаар сард цөхрөнгөө бараад гэрийнхээ тоононоос дүүжилж үхэх гэж байхад Ц миний буруу дахиж дарамтлахгүй гэж намайг болиулсан. 2015 онд миний төрсөн аав болох П-оос 1,500,000 төгрөг авахуулан бараандаа оруулсан. 2016 онд ээжийн цалингийн зээлийг авахуулж санни 15 машин 11 сард 2,500,000 төгрөгөөр авахуулсан. Мөнгөний хэрүүл байнга хийж сүүлдээ тэр болгондоо цагдаа дуудаж өргөдөл өгдөг байсан. 2 хүүхдээ дуртай үедээ орхиод дургүйгээ хүрэхээр цагдаа дагуулж ирж авдаг байсан. Хэд хэдэн удаа хүүхдүүдээ хаяж явсан олон хоногоор Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст байцаагч А Ц энэ айлд хүүхдээ битгий үлдээж бай битгий ахиж энэ айлд орж хэрүүл хий гэж сануулж байсан. Энэ хэрүүлээс бол ээжийн даралт ихэсдэг болсон. 2017 онд Говь хувьцаат компанид ажиллаж байх хугацаанд сарын 500,000 төгрөгийн цалин авдаг байсан. Энэ ажлаас мөн хардаж сэрдэж ажлаас гаргасан. 2018 онд “Талст” эрчим хүчид галчаар ажиллаж байх хугацаанд 900,000 төгрөгийн цалин авч өгч байсан. 2018 оны 3 дугаар сарын 7-нд ажилдаа явах гээд мөн 2 охиноо замдаа цэцэрлэгт нь өгөх гээд хувцаслаж дуусаад цайгаа уух гээд хөргөгчнөөс идэх юм авах гээд хөргөгч онгойлгох гэтэл хэрүүл хийгээд, тэгэхээр нь хөргөгчөө онгойлгох эрхгүй болоо юу гээд хөл рүү нь жийсэн. Тэгээд хоёр охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Энэ эцэс төгсгөлгүй мөнгөний хэрүүл дарамт шахалтаас айж, гэрээсээ дайжиж зугтсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст байцаагч цагдаа нар хүртэл намайг өөрөө хол яваад өг гэж хүртэл зөвлөгөө өгч байсан. Энэ хугацаанд хөдөө эмээ дээрээ очиж эмээгээ асарч байсан. 2018 онд намар Ц-той холбогдож харилцан тохиролцож том охин Э-г авч намар хичээлийн хэрэгсэл хувцас хунар бэлдэж охиноо өөрөө хичээлд нь өгч байсан. 2018 оны 10 сард манайд ирж ээжийг алгадаж хэрүүл хийж охиноо аваад явсан байсан. Ээж цагдаа дуудаж эргүүлийн цагдаа ирж Ц-ыг явуулсан. Үүнээс болж ээжийн даралт ихсэж харвах дөхсөн, хэд хоног зүрх нь өвдөж даралт нь буугаагүй, ажлаасаа чөлөө авсан. 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ц-ын өргөдөл өгсөний дагуу шүүх хурлаар орж 1 жил 3 сар тэнсэн ял авсан. Уг нь бид хоёр ярилцаж 2 охиноо нэг нэгээр нь авахаар тохирч, хашаа байшингаа Ц-ын нэр дээр болгож өгсөн. Эцэг хүнийхээ үүргийг гүйцэтгэж, тэтгэвэр тогтоолгоход татгалзах зүйлгүй. 2 охиныхоо тэтгэлэгийг энэ хүнд биш, нэр дээр нь данс нээгээд өөрсдөө насанд хүрэхээрээ авахаар өгмөөр байна. Надад эхнэр хүүхэдтэйгээ хамт амьддрах, эвлэрэх хүсэлт байвч одоо энэ хүнээс айж байна. Ц хүний үгийг сонсдоггүй, өөрийнхөөрөө зүтгэлэг учир эвлэрч хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Одоо би барилгын компанид ажиллаад, ээж аав дээрээ амьдарч байгаа. Хүүхдүүдтэйгээ наадмаас хойш уулзаагүй, уулздаг байхыг хүсч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч П.А-т холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.Ц, П.А нар нь 2011 онд танилцаж, 2012 оноос хойш хамт амьдарсан бөгөөд, тэдний дундаас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин А Э, 2015 оны 6 дугаар сарын 02-нд охин А нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин А.Э №0000858109, Г-7309 дугаартай төрсөний гэрчилгээний хуулбар /хх-12/, охин А.А 1116004117 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-11/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах боломжгүй болсон ба хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тэдний дундаас төрсөн охин А.Э, А.А нь төрсөн цагаасаа эхлэн эхийн асрамжинд байж, түүнд илүү ээнэгшин дассан байдлыг болон өсөж дассан орчныг солих нь хүүхдэд муугаар нөлөөлөх боломж үүсгэх талтайг харгалзан үзэж, эх Б.Ц асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Ц нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор хариуцагч П.А-аас шаардах эрхтэй, хариуцагч П.А нь охин А.Э, А.А нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Талууд хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцоогүй боловч хариуцагч П.А хүүхдийн тэтгэлэгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно” гэж заасан тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг П.А 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин А.Э, 2015 оны 6 дугаар сарын 02-нд төрсөн охин А.А нарыг 11 нас хүртэл хүүхдүүдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэдний амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-аас 71,736 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан охин А.Э, А.А нарыг төрсөн эх Б.Ц-ын асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар П.А/-аас 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин А.Э, 2015 оны 6 дугаар сарын 02-нд төрсөн охин А.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-аас 71,736 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар П.А, Б.Ц нар нь хүүхдүүдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт адил тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН