Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/166

 

   2023        03          07                                   2023/ШЦТ/166

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Г.Тамир,

шүүгдэгч Б.У  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Б.У т холбогдох эрүүгийн 2211010590049 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.У , 1996 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ахмадын өв” сууц өмчлөгчдийн холбооны талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 158 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорихыг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар ..........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У  нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ........ тоотод байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Д гийн нүүрэн тус газар заазуураар зүсэж, түүний биед хуйх, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи зүүн хацар, баруун хацар, хүзүү, зүүн шуу сарвуу, баруун сарвуу, зүүн тавхай, эрхий хуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Нялх хүүхэдтэй ажил хийж ар гэрээ тэжээдэг...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.У  нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Д гийн нүүрэн тус газар заазуураар цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

Хохирогч Б.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн орой 18 цагийн үед би ажлаа тараад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо ....... тоотод ирсэн. Би гэртээ орохоосоо өмнө гэрийн ойролцоох хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Цагаан гэх нэртэй архи болон 2.5 литрийн савлагаатай Сэнгүр гэх нэртэй пиво худалдаж аваад гэртээ орсон. Би гэртээ ороод архийг задлаад уугаад сууж байтал гаднаас манай дүү болох А  гэрт орж ирсэн. А  гэрт орж ирээд манай гэрийн цэвэрлэж өгөөд надтай хамт байж байх үед А  рүү найз нь болох У  залгаад тамхины мөнгөгүй болчихлоо мөнгө байна уу? гэх утгатай зүйл хоорондоо ярьж байхыг нь би сонссон. Ингээд би А т хандаж “Чи У  найзыгаа манай гэр рүү такси бариад хүрээд ир гэж хэлээ, би таксины мөнгийг өгчихье” гэж хэлсэн. Тэгээд А  У г дуудаад 17 цагийн үед У , У , Загарзүсэм нар гэрт ирсэн. Манай гэрт тэр хэд орж ирэхээр нь би архинаас задлаад У  бид 2 хувааж уугаад, У , Загарзүсэм, А  нар пиво уусан. Бид нар архи, пиво ууж байхдаа шагайгаар тоглоод хоорондоо юм ярьж сууж байгаад архи дуусах үед би нилээн согтоод орон дээр гараад ганцаараа унтаад өгсөн. Би хэсэг унтаж байгаад сэрэхэд гэрт У , Загарзүсэм, А  нар байхгүй, У  миний унтаж байсан орны доод хэсэгт ганцаараа пиво уугаад сууж байсан. Би У аас нөгөө хэд хаана байгаа талаар тодруулж асуухад “У , Загарзүсэм 2 гэр рүүгээ харихаар явсан. Харин би А ийг хаана байгаагийн мэдэхгүй байна. Та А ийг хаана нуусан. Би А тэй багын найзууд та яахаараа өөрөөсөө насаар дүү хүнтэй суудаг юм бэ?” гээд над руу уурлаад агсраад байсан ба У  баруун гартаа манай гэрт байдаг бор шаргал өнгийн модон иштэй заазуурыг барьчихсан байж байгаад миний нүүрний зүүн талыг заазуураар нэг удаа зүсээд, миний нүүрнээс их хэмжээгээр цус гарсан. Тэгээд би гар утсаа барьж аваад цагдаад дуудлага өгөх гэтэл миний нүүрнээс цус гараад гар утас нилэнхүүдээ цус болсон. Би цагдаагийн байгууллагын тусгай 102 дугаарт дуудлага мэдээлэл өгтөл У  гэрээс гараад зугтаах гэхээр нь би У ын 2 хөлөөс нь зуурч, яваад У  зугтах гээд тийчлээд байхаар нь би У ын өмсөж байсан өмднөөс нь тас зуурсаар байгаад авч үлдсэн. Тэр үед гаднаас эргүүлийн офицерууд орж ирээд У ыг Эрүүлжүүлэн саатуулах байр луу саатуулахаар машиндаа суулгаад авч яваад, тэр хооронд түргэний эмч хүрч ирээд миний нүүрний зүүн талын язарсан хэсэгт 14 ширхэг оёдол тавьж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Гэрч Э.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д  орон дээр унтаж байгаад сэрээд У тай хамт пиво уусан. Би гэрээсээ гарахаас өмнө нь тэр 2-т хандаж “Та 2 пиво ууж дуусгачхаад эртхэн унтаарай. Би хүүхдээ авчхаад гэр рүү нь хүргэж өгчхөөд, буцаж хүрч ирээд хоол хийж өгье” гэж хэлээд хөргөгчнөөс хоол хийх махаа гаргаж тавиад мөн гал тогооны шүүгээнээс бор, шаргал өнгийн модон иштэй хутгыг махны хажуу талд нь тавьж үлдээгээд орой 20 цаг өнгөрч байхад Д  ахын гэрээс гарсан. Тэр үед Д  ах, У  2 пиво уугаад үлдсэн. Би хүүхдээ өдөр өнжүүлэхээс аваад гэр рүү нь хүргэж өгчхөөд буцаад Д  ахын гэр рүү нь 22 цаг өнгөрч байх үед очиход Д  ахын зүүн талын чамархай, хөмсөг, хацар хэсэг нь ярагдаад арьс нь унжчихсан цус их хэмжээгээр гараад байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

Гэрч Д.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-4786 тоотод “миний хөмсгийг зад цохичихлоо” гэх дуудлага мэдээлэл 2022 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 23 цаг 28 минутад ирсэн бөгөөд би тухайн дуудлага мэдээлэл дээр 23 цаг 55 минутад очиж шалгасан. Тухайн тоотод Д  гэгчийн нүүрнээс цус гоожсон байдалтай байсан ба мөн У , А  нар нь хамт байсан. Тэгээд Д  гэгч нь “У  нь намайг заазуураар нүүрийг маань зүсэж ийм болгосон” гэж хэлээд заазуураа гал тогооны өрөөний шүүгээнээсээ гаргаж ирсэн. Би тухайн дуудлага мэдээлэл дээр очоод жижүүртээ мэдэгдэж, жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж, нүүрээ зүсүүлсэн гэх Д , А  гэх эмэгтэй нарыг хүлээлгэж өгөөд. Д гийн нүүрийг зүссэн гэх У  гэгчийг эрүүлжүүлэх саатуулах төвд эрүүлжүүлсэн. Тухайн хэргийн газар очиход Д , У , А  нар архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хэргийн газар очиход 2022 оны 6 дугаар сарын 16-ны шөнийн 01 цагийн орчимд очиход, авто эргүүлийн офицер Б.Батбаатар тухайн хэргийн газар түрүүлж оччихсон байсан. Д  гэгчийн нүүрнээс цус их хэмжээгээр гарсан, хажууд нь А  гэх эмэгтэй байсан. Тухайн Д г заазуурдсан гэх У ыг эрүүлжүүлэх саатуулах төв рүү авч явсан. Тухайн хэрэг явдал болсон гэх байшинд ороход хаалганы урд хэсэгт нилэнхүүдээ цус болсон байсан. Д г заазуурдсан гэх заазуурыг хэргийн газраас хураан авч, гэрэл зургаар бэхжүүлсэн. Д г нийслэлийн түргэн тусламжийн төвд хандан, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №8725 дугаартай “...Б.Д гийн биед хуйх, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи зүүн хацар, баруун хацар, хүзүү, зүүн шуу сарвуу, баруун сарвуу, зүүн тавхай, эрхий хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №615 дугаартай: “...Б.Д гийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт татагдаж хонхойсон сорив гэмтэл тогтоогдлоо. Уг сорвины улмаас нүүр засрашгүй гэмтэж, нүүрний төрх алдагдаагүй байна. Зүүн нүдний зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт татагдаж хонхойсон соривыг гоо сайхны мэс заслаар эмчилнэ. Гоо сайхны мэс заслын улмаас уг сорви ердийн явцаараа бүдгэрнэ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-64 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээч Г.Ц-ын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №3232 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

Шүүгдэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 33-478 тоотод байх Д гийн гэрт нь Д , А , манай эхнэр Загарзүсэм, У  бид хэд орой архи ууцгаасан. Тэгээд Д  ах бид хоёр архи уусан бөгөөд харин эмэгтэйчүүд пиво уугаад байсан. Тэгсэн Д  ах нэг дөрвөлжин шилтэй архи гаргаж ирээд бид хоёр тухайн архийг хувааж ууж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 272.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяаг томилсныг зөвтгөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилж, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Д.Гантуяа болгож өөрчлөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.У т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Д  нь баримтаар 42.900 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяа нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 272.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.У аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 272.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 27.5 см, ажлын хэсгийн урт 15.5 см, ажлын хэсгийн өргөн 6.5 см, бариул хэсгийн урь нь 6.5 см, бор шаргал өнгийн модон иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.У аас нийт 314.000 төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ......... тоотод оршин суух Бямбаагийн Д  /РД: .../-т 42.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд 272.000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 27.5 см, ажлын хэсгийн урт 15.5 см, ажлын хэсгийн өргөн 6.5 см, бариул хэсгийн урь нь 6.5 см, бор шаргал өнгийн модон иштэй 1 ширхэг заазуурыг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН