| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2023/0129/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/167 |
| Огноо | 2023-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тамир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/167
2023 03 07 2023/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Г.Тамир,
шүүгдэгч Д.С /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.С т холбогдох эрүүгийн 2211018790028 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Д.С , 1999 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2022 оны 10 дугаар сарын 9-ний шөнө 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ...... тоотод хохирогч Т.Б той үл ялих зүйлээс маргалдаж, нүд хэсэгт 1 удаа гараараа цохиж, цохилтын улмаас газар унахад зүүн шанаа хэсэгт 2 удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, дух, зулай, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би зүүн шанаа руу нэг удаа цохиод, унагаагаад цохисон гэж яриад байгаа боловч худлаа. Нэг цохиод тээгэлдэж унасан. Салгаад байж байтал эхнэр нь орж ирээд согтуу нүүр лүү өшиглөсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нь хүртэл хажууд байсан. Эмээгийн гэрийг түрээслээд агсан тавиад шатаах гээд байсан болохоор уг үйлдлийг гаргасан...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.С нь Т.Б ыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Хохирогч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би хүүхдийн цэцэрлэгийн эцэг эхчүүдийн зугаалганд “Тэрэлж” амралтын газар явсан. Тухайн үед би эхнэр Д.Ш мөн 2 хүүхдийн хамт явсан. Амралтын газар байхдаа согтууруулах ундааны зүйлийг эхнэр Д.Ш болон бусад хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хамт хэрэглэсэн. Тэгээд “Тэрэлж” амралтын газраас нэгдсэн журмаар автобусаараа буцахаар болоод замдаа явж байсан. Манай эхнэр замд бусад хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй нийлээд нэмж архи уугаад байсан тэгэхээр нь 2-3 удаа боль гэж хэлсэн боловч болихгүй болохоор уур хүрээд явж байсан автобуснаас Баянбүрд дээр буугаад гэртээ алхаж очсон. Тэгээд гэртээ очих замдаа АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь эхнэр банкны карт хаалгасан байхаар нь залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын 612-348 тоотод гэр рүүгээ явж байгаад эхнэрийн дугаарт залгасан чинь утас холбогдохгүй байсан тэгэхээр нь хүү Д ы дугаар руу залгаад “Ээж нь байна уу” гэж асуусан “Байна гадаа байгаа” гэж хэлэхээр нь “Ээжтэйгээ яриулаадах” гэж хэлсэн чинь гар утсаа таслаад авахаа больсон. Тэгээд би гэртээ алхаад очсон. Манай эхнэр гэрт байхгүй хүүхэд худлаа ярьсан байсан. Тэгээд хашаандаа байж байсан чинь Д.С гарч ирээд “Чи манай эгчийг олон хүний дунд эвгүй байдалд оруулсан байна” гээд над руу уурлаад миний нүд хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би цохилтын улмаас газар унасан байхад зүүн шанаа хэсэгт 2 өшиглөсөн. Тэгсэн хадам ээжийн гэрээс хадам ээж гарч ирээд Д.С ыг надаас салгаад аваад орсон. Тэгсэн эхнэр гаднаас хашаан дотор согтуу орж ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Гэрч Д.Д.Ш ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд тухайн зугаалга 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр 16 цагийн үед дуусаад янзага зуслангаас Улаанбаатар хот руу хөдөлсөн тэгээд явах замдаа надтай хамт явж юм цуглуулсан нэг цэцэрлэгийн хүүхдийн аав архи тойруулаад би араас нь ундаа өгөөд явсан. Тэгсэн нөхөр дахиж хардаад уурлаад замдаа буюу Баянбүрдийн тойрог дээр автобуснаасаа буугаад явсан. Тэгээд би гэртээ хүүхдүүдтэйгээ хамт нөхрөөсөө түрүүлээд ирсэн. Тэгсэн тухайн өдөр манай хорооны хэсгийн ахлагч хороон дээр үйл ажиллагаатай ирээрэй гээд байсан болохоор Баясмаа гэх нэртэй эмэгтэйтэй хамт хороон дээр болсон үйл ажиллагаанд оролцсон. Тэгээд хороон дээр 30 минут орчим болоод тухайн газраас гараад Баясмаа гэх хүнтэй нэг газар ороод хүний 2 лааз пиво уусан. Тэгээд гэртээ ирсэн чинь гэрт манай нөхөр, ээж дүү нарын хооронд маргаан болсон байдалтай манай нөхөр Т.Б ыг газар унагаасан байж байсан. Тэгсэн ээж Д.Д “Танай нөхөр гэрээ эмх замбараагүй болгоод бараг гэрээ шатаах гэж байсан юм шиг байсан” гэсэн тэгэхээр нь гэр лүү орсон чинь гэрийн эд зүйлс замбараагүй мөн шалан дээр будаг шингэлэгч асгарсан байдалтай байсан. Мөн манай Д гэх том хүүд манай нөхөр Т.Б биед нь халдсан байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
- Гэрч Д.Д.Д ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд зугаалгаар яваад буцаад ирэх замдаа цэцэрлэгийн хүүхдийн аав нь архи хундагалаад Д.Ш араас нь ундааг нь аягалаад явсан чинь нөхөр Т.Б эхнэрээ хардаад хоорондоо маргалдсан гэж надад хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн “Амгалан” гэх нэртэй газар байж байсан чинь манай гэрээс охин О байсан уу О байсан нэг нь над руу залгаад Т.Б Д аас “Ээж чинь хаана байна” гэж асуусан чинь “Гадаа байгаа” гэж хэлсэн чинь хүүхдээ худлаа хэлсэн байна гээд цохисон байсан. Тэгэхээр нь би тухайн зүйлийг сонсоод Д.С ын хамт машинтай гэртээ ирсэн. Тэгээд нойл орсон чинь нойлд лак асгасан байсан. Тэгэхээр нь би юу болов гэж бодоод Т.Б ын гэрт яваад орсон чинь гэртээ зуухны урд лак асгасан байдалтай байж байсан. Тэгээд энд юу болчихсон бэ гээд орилсон чинь Д.С араас гүйж орж ирээд юу болсон юм бэ гэж хэлээд гараад явсан. Тэгсэн чинь хоёр хүний маргалдаж байгаа чанга дуу чимээ гарах шиг болохоор нь гарсан чинь Д.С , Т.Б нар нэгнийхээ куртикнээс заамдаж зуурсан байдалтай байсан. Тэгсэн чинь Т.Б борооноос хамгаалах сувагт тээглээд газар унасан. Тэгсэн Д.С , Т.Б ын зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Гэрч Г.Ч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 115 дугаар чиглэлийн авто эргүүлийн офицероор үүрэг гүйцэтгэж байсан. Тус өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ..... тоотод “Д.С намайг зодсон” гэх гомдол мэдээлэл ирсний дагуу тус дуудлагад очсон. Тухайн газар гэр хороолол дунд байсан ба тус дуудлагад очиход хохирогч гэх Т.Б нь хашаандаа сууж байсан. Намайг очоод ямар шалтгааны улмаас цагдаагийн байгууллагад дуудлага өгөх болсон талаар асуухад эхнэр Д.Ш ийн дүү Д.С намайг зодсон гэж тухайн үед хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
Шүүгдэгч Д.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ээж Д.Д ын хамт гадуур явж байгаад гэртээ ирсэн. Манай хашаанд байдаг төрсөн эгч Д.Ш ийн нөхөр Т.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ гал тогооны шал хэсэгт лак, будаг шингэлэгч асгасан байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарсан чинь Т.Б манай гэрийн араас гараад ирсэн. Тэгэхээр нь уур хүрээд зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиод цамцнаас заамдаж аваад унагаагаад ноцолдож байхад ээж, хоёр дүү нарын хамт гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №14490 дугаар “...Т.Б ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа, дух, зулай, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмтлүүдээс нүүрний хэсэгт учирсан тухайлбал зүүн нүдний дээд, доод зовхи хамар хацар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болно. Бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэг хамаарсан гэмтлүүдтэй нэг цаг хугацаанд учирсан боловч тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн нүүрний хэсэгт үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Д.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Д.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.С т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Т.Б нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН