Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/168

 

     2023        03          07                                   2023/ШЦТ/168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Батцэцэг,

шүүгдэгч Н.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Н.А д холбогдох эрүүгийн 2211011541633 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Н.А , 1994 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 3-8 насны 2 хүүхдийн хамт  Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А  нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо “Акума” авто угаалгын төвөөс Д.Тийн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 959.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

- шүүгдэгч Н.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.А  нь Д.Тийн эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.   

Дээрх үйл баримт нь:

Хохирогч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Акума авто угаалгын төвд ажил дээрээ унтаж байгаад сэрэхэд миний ширээн дээр байсан Самсунг А52 загварын утас байхгүй байхаар нь угаалгыг ажиллуулдаг ах Б од хэлээд хяналтын камер шүүлгэхэд урьд нь цуг ажиллаж байсан Н.А  гэх ах орж ирээд ширээн дээр байсан миний утсыг аваад гарч байсан. Тэгээд Б  ах фэйсбүүкээр Н.А тай холбогдоод 39 дүгээр сургуулийн хажууд байдаг PC тоглоомын газар очоод уулзаад дагуулаад ирэхэд миний утсыг зарчихсан байсан. 354704170370018 гэсэн имей дугаартай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Гэрч О.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажил дээрээ ирэхэд Д.Тийн утас алга болсон гээд байж байхаар нь ажлынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд манай угаалгад ажилладаг байсан Н.А  гэх хүн манай угаалгын газарт орж ирээд Д.Тийн утсыг ширээн дээрээс аваад гарч байсан. Тэгээд би фэйсбүүк хаягаа үзэж байхад Н.А  сэвтэй самсунг а52 загварын гар утас зарна гээд зар тавьсан байхаар нь би авах гээд 39 дүгээр сургуулийн урд талын рс тоглоомын газарт тоглоод сууж байсан тэгээд Д.Тийн утсыг авах гэтэл хүнд зарчихсан гээд надад улаан хартай кейс болон төрийн банкны Д.Т гэсэн картыг өгсөн тэгээд цагдаагийн байгууллагад дагуулж ирсэн юм. Миний ажиллуулдаг авто угаалгад ажиллаж байгаад ажиллахаа больсон юм. Н.А ы гэрийн хаяг нь Баянзүрх дүүрэг Дарь-Эх дунд буудлын ард талын нийтийн байранд сүүлд таарсан. Утасны дугаарыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “...самсунг А52 гар утас 959.920 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 24-28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Н.А ы дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Н.А д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Тт 959.920 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Н.А аас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хуураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.А  нь 2023.02.20-ноос 2023.03.07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоногийн түүний эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Н.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.А ы цагдан хоригдсон нийт 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.А аас 959.920 /есөн зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан Налайх дүүргийн ... дугаар хороо .... тоотод оршин суух Д.Т /РД: ....../-т олгосугай.  

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Д.Т болтол шүүгдэгч Н.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН