Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 001/2020/00139/И |
Дугаар | 001/ХТ2021/01475 |
Огноо | 2021-12-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2021/01475
2021 12 02 001/ХТ2021/01475
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00139 дүгээр шийдвэр,
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 201/МА2020/0009 дүгээр магадлалтай,
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“............” ХК-д холбогдох
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210,492,762 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаярын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болдрагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “............” ХХК нь “............” ХК-тай 2018.04.01-ний өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан. Гэрээг цуцлах тухай саналыг “............” ХХК-ийн талаас 2018.02.01-ний өдөр өгч, хамтран ажиллах гэрээ цуцлагдсан. Энэ хугацаанд “............” ХХК-иас нүүрс олборлох ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Сүүлд ............ ХХК, “............” ХК-иуд нь хамтран ажиллах гэрээ байгуулж хамтарч ажилласан. ............ ХХК нь үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжгүй тул 2018.06 дугаар сарыг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Улаанбаатар хотод лицензтэй холбоотой асуудал хөөцөлдөж байгаад ирэхэд “............” ХК-ийн тоног төхөөрөмж “............” ХХК-ийн талбайд ажилласан байж болзошгүй байдалтай байсан. Бид яагаад манай талбайд орсон талаар лавлахад тухайн өдрөө нэг экскаватор машинаа татаж авсан. Тухайн асуудалтай холбоотой тэр дор нь буюу 2018.06 сард Цагдаагийн байгууллагад бусдын эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, нүүрс хулгайлсан хэрэгт шалгуулах хүсэлт гаргасан бөгөөд эрүүгийн хэрэг бүртгэлтийн 182100396 тоот хэрэг нээгдсэн. Ингээд бүтэн нэг жил гаруйн хугацаанд цагдаагийн хүний нөөцийн асуудал, ээлжийн амралт гэх мэт асуудлаас болж байцаагч дамжин явж мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны дараа Дорнод аймгийн Прокурорын газраас 2019.07 сард хэргийг хааж, зөрчлийн хэрэг байна гээд харъяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн. Энэ тогтоол 2019.07.19-ний өдөр гарсан. Үүнд: “............” ХК нь зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан тул Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсүгэй гэсэн. Энэ талаар хохирогч талд тайлбарлахдаа хуулийн этгээдийг хулгайн хэрэгт буруутгах хуулийн санкци байхгүй, хулгайн гэмт хэрэг нь хүн дээр үүсгэгддэг. Энэ бол тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлсэн үйлдэл байх тул Мэргэжлийн хяналтын газар шийдвэрлэнэ гэж хэлсэн. Мэргэжлийн хяналтын газар дээрх материалыг хүлээж аваад хууль зөрчсөн үйлдэл тогтоогдож байна гээд 2019.08.30-ны өдөр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 10,0 сая төгрөгөөр торгосон. “............” ХК зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч 10,0 сая төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан байдаг. Хэрэг бүртгэлтийн шатанд нотлох баримтууд цугларч байсан ба шинжээчийн дүгнэлтээр манай компанийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон. 02 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлтэд нийт 730 дугаар түвшинд 7380.49м3, 710 дугаар түвшинд 5275.4м3 нүүрсний дүнг нэгтгэн 12655.89м3 нүүрсийг ............ы хүрэн нүүрсний нягтад /12655.89*1.2/ харьцуулж, нийт 15187.07 тонн нүүрс олборлосон болохыг тогтоосон байгаа. Нүүрсийг ДБЭХС ТӨХК-нд 12600 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ бол бидний талбайгаас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч хулгай хийж олборлосон нүүрсээ борлуулсан хулгайн үйлдэл юм. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар “............” ХК нь өөрсдийн гэсэн тусгай зөвшөөрлийн талбай байхгүй нь харагддаг. ДБЭХС ТӨХК-тай байгуулсан гэрээгээ зөрчихгүйн улмаас манай газарт халдаж олборлолт хийсэн байгаа нь өөрсдийнх нь баримтаар нотлогдож байна. ............ ХХК-иас 2018.05.10-ны өдрийн 10 тоот албан бичигт “............” ХК-ийн үйл ажиллагааг зогсоолгох тухай албан бичгийг явуулсан. Ингээд Мэргэжлийн хяналтын газраас Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж, үйл ажиллагааг нь зогсоож байсан. “............” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ш.Бямбасүрэн нь Мэргэжлийн хяналтын газарт Манай компани бусдын газар руу зөвшөөрөлгүйгээр орж олборлолт хийгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үгэнд орохгүй байна. Энэ үйлдлийг зогсоож өгнө үү гэсэн албан бичгийг хүртэл явуулж байсан. Энэ үйл явдлаас харахад ............ ХК нь 1364А, 14892А тоот тусгай зөвшөөрлийн талбайд орж ажиллаж байгаа боловч өөрсдийнх нь газар огт биш юм. Үүнтэй холбоотой захиргааны байгууллагын шийтгэлүүд оногдуулж байсан ба бүгдийг нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулж байсан. ............ ХХК-тай хамтран үйл ажиллагаа явуулж байх үедээ манай компанийн газарт цөмөрч үйл ажиллагаа явуулсан. Мөн манай компанийн зүгээс өөрсдийн эзэмшлийн газар руу машин оруулахгүй гэж машинаар зам хааж зогсоосон үйлдэл байдаг. Энэ талаарх асуудлыг өмнө нь иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэж байсан. “............” ХК-иас өөрсдийн үйлдлээ нуухын тулд хуурамч нотлох баримт бүрдүүлж, хуурамч гарын үсэгтэй бичиг гаргаж өгсөн үйлдэл байгаа. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт хавсаргагдсан. Бүхий л баримтууд бүрдсэн, үйлдэл нь тогтоогдож байгаа. Бид шүүхэд хандахын өмнө эвийн журмаар “............” ХК-д хандаж байсан. Үүний хариу нь хавтаст хэрэгт хавсаргагдсан. ...Хамтран ажиллах гэрээний хугацаанд бид хөрсийг нь хуулж өгсөн тул нүүрсийг авах ёстой гэсэн хандлага гаргаж байсан. Өмнө нь хамтран ажиллах гэрээний дагуу “............” ХК жилд 9 тэр бум төгрөгийн ашиг олдог байсан. Үүнээс бид 2.5 хувийн ашиг авдаг байсан. Бүх ажлыг “............” ХК өөрөө гүйцэтгэдэг байсан. Ингээд эцэст нь хэлэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2014.12.03-ны өдрийн 223 дугаар тогтоолоор нэг тонн нүүрсний газар дээрх үнэ 12600 төгрөг байдаг учраас бид 15187,07 тонн нүүрсний үнийг 12600 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн. Нэмэгдсэн өртгийн татварыг шингээж 210,492,762 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Н.Болдрагчаа, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “............” ХХК-тай хамтарч ажиллах гэрээний дагуу хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллах хугацаандаа буюу 2018.04 сар хүртэл өөрийн техник, хүн хүч болон санхүүгийн нөөцөөр “............” ХХК-ийн МV-1364А талбайд хөрс хуулалтын ажлыг хийж байсан. Манай компани Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй болохыг Прокурорын газраас тогтоосон... Манай компани дээрх хулгайлсан гэх 730 дугаар түвшингийн нүүрсийг 2018 оны 2,3,4 дүгээр саруудад олборлосон бөгөөд энэ үед “............” ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Харин 2018.06 сард 730 дугаар түвшингээс ямар ч нүүрс олборлоогүй бөгөөд 750 дугаар түвшингээс олборлож байсан нүүрс нойтон чийгтэй байсан учир 2,3,4 дүгээр саруудад олборлогдож үлдсэн 730 дугаар түвшингийн хоосон орон зай буюу мөргөцөгт буулган хурааж хатааж байсан. Уг хурааж хатаасан нүүрсээ 6,7 дугаар саруудад манай компани ачиж борлуулсан. Энэ нь манай өөрийн нүүрс юм. Харин “............” ХХК энэ процессийг мэдсээр байж манай хилрүү нэвтрэн орж нүүрс хулгайлсан мэтээр ярьж явааг хоёр компанийн ажилчид бүгд мэднэ. Мөн 710 дугаар түвшингийн нүүрсийг 2018 оны 4,5 дугаар саруудад доороос устай, нойтон нүүрс байсан тул мөргөцгийн ойролцоо нүүрсний уланд штабельдаж нуруулдан хурааж хатаасан. Нүүрсийг штабельдаж нуруулдаж хураах нь тодорхой хугацааны дараа нүүрсний чийг буурч хуурай болдог. Энэ үед нь ачиж борлуулдаг технологи ажиллагаа юм. Уг штабельдсан нүүрсийг 2018 оны 6 сард ачиж байхад “............” ХХК нь манай нүүрсийг зөвшөөрөлгүй ачлаа гэж анх гомдол гаргасан. Манай компанийн өмнө нь хатааж бэлтгэсэн нүүрсийг ачих процессыг хулгай хийсэн мэтээр тайлбарлаж байгаа нь илт гүтгэлгийн чанартай хэрэг юм. Манай компани 2018.04 сард “............” ХХК-ийн МV-1364А талбайгаас гарч, ............ ХХК-ийн MV-14892А талбайд орж нүүрс олборлосон. 2018.05.11-ний өдөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай компанийн үйл ажиллагааг зогсоож лацадсан бөгөөд 5 сарын 23-ны өдрөөс ............ ХХК-тай хамтарч ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа сэргээж ажилласан. Энэ нь 5 сард “............” ХХК-ийн 1364А талбайд манай компани ажиллаагүйг нотолж байна. Манай компани тус компанийн талбайгаас нүүрс олборлох боломжгүй бөгөөд 2018.04,05,06 саруудад 1364А талбайд манай машиныг нэвтрүүлэхгүй, карьер дахь нүүрс тээврийн замыг хааж боох зэрэг үйлдлүүдийг тус компаниас гаргаж байсан... 2018.06 сард нүүрс олборлолттой холбоотой хилийн маргаан үүссэн тул “............” ХХК-ийн 1364А талбайн хилийн заагийн дагуу нүүрсний мөргөцөгүүдэд нүүрсээр, хөрсний мөргөцөгүүдэд хөрсөөр далан хийж хилийн зааг тогтоож ямар ч хүнд ойлгогдохоор хэлбэрт оруулсан байдаг. Үүнээс өмнө 1364А болон 14892А лицензтэй талбайнууд тодорхой хилийн зааг байгаагүй, зөвхөн 4 булангийн цэгүүд хөдөлгөөнгүй шав тэмдэгтэй байсныг дурдах нь зүйтэй. Шинжээчийн дүгнэлтээр 15000 орчим тонн нүүрс олборлосон нь тогтоогдож байна гэж тайлбарлаж байгаа. Авсан байх боломжтой гэсэн дүгнэлт болохоос аль нэг байгууллага авсан байна гэдгийг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Хөрсийг нь “............” ХК хуулсан бэлэн нүүрсийг бид нар ашиглаж байгаа гэж ярьж байна. Ингэж байгаа бол хийсэн ажлынхаа хөлсийг ч гэсэн “............” ХК авах ёстой. Ашиг тооцсон үнийн дүнг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгааг харуулж байна. 15000 орчим тонн нүүрсийг олборлож авахын тулд 730, 740, 750 дугаар түвшингийн газруудын хөрсийг бүхэлд нь хуулах ёстой байдаг гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Мөн дээрх зургийг мэргэжлийн аль ч хүн хуулбарлаж аваад өөрчилж зурах боломжтой гэж ярьж байна. Гэрч нар ч энэ талаар тайлбарлаж хэллээ. Хэрэг бүртгэлийн ажиллагаа нээсэн хэрэгт бичгийн хэлбэрээр уулын ажлын төлөвлөгөө гаргаж өгөөгүй байгаа нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ч гэсэн хэн ч энийг хийж болно хэн ч гарын үсэг зурж болно гэж тайлбарлаж байна. Гэрч Э.Давааням хэлэхдээ тухайн зураг “............” ХК-ийн уулын ажлын төлөвлөгөө биш гэж хэлж байна. Хулгайн асуудлыг мөн нэг мөр ойлгох хэрэгтэй. Нэхэмжлэгч гэм хорын хохирол нэхэж байгаа нь хулгайн үйлдэлтэй холбож байгаа үйлдэл болж байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдээгүй нь баримтаар тогтоогдож байна. Мэргэжлийн хяналтын газар тусгай зөвшөөрлийн талбай хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан зөрчилд шийтгэл оногдуулсан. Хулгайн үйлдэл гараагүй байхад гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь эргэлзээтэй байна. Хэрэв зөрчлийн улмаас гэм хор учирсан байна гэж шүүх үзэх юм бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар адил хэлбэрийн эд хөрөнгөөр гэм хорыг өгөх боломж байгаа. Гэхдээ манай үйлчлүүлэгчийн хувьд хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, нойтон нүүрсийг хатаасан л үйлдэл гаргасан гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00139 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ............ ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 191 357 082 /нэг зуун ерэн нэгэн сая гурван зуун тавин долоон мянга наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 135 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.81 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 114 735.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ............ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч ............ ХК-ийн ХААН банкин дахь 5405073701 тоот дансыг 210 492 762 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авсан тус шүүхийн 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШТ2019/00025 дугаартай тогтоол нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж, ...шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 201/МА2020/0009 дүгээр магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00139 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч ............ ХХК-ийн хариуцагч ............ ХК-иас бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210 492 762 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 413.81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаяр хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “............” ХХК-ийн хариуцагч “............” ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 210,492,762 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа: 1. Нэхэмжлэгч “............” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хууль эрх зүйн үндэслэл тодорхойгүйгээс гадна нэхэмжлэлийн хэмжээг бодит бус тооцоонд тулгуурласан нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүйд хүргэж байна гэжээ. - Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль эрх зүйн үндэслэл бол бусдын эд хөрөнгөд хууль бусаар /зөрчил үйлдэж- Зөрчлийн тухай хуулийн 7.11.2.3 тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан/ санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. /Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1/ гэсэн маш тодорхой хуулийн зүйл, заалт байхад үндэслэл тодорхойгүй гэснээрээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. 2. Мөн нэхэмжлэлийн хэмжээг бодит бус тооцоонд тулгуурласан нь нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүйд хүргэсэн гэж тодорхойлсон боловч бодит бус тооцоо гэж юуг хэлээд байгаагаа тайлбарлаагүй. Бодит бус гэвэл үндэслэлгүй байхыг ойлгох бөгөөд тооцоо гэдэг бол тоогоор илэрхийлэгдсэн байх харин хавтаст хэрэгт авагдсан нэг тонн нүүрсийг борлуулах Эрчим хүчний зохицуулах хорооноос хянагдан батлагдсан тогтоол, нэхэмжлэгчийн 1998 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа 1364А ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний төлбөр, ТЭЗҮ, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, “............” компаний улс, орон нутагт төлсөн татвар, уурхайн эдэлбэр газар дээр гаргасан бодит бүхий л зардлуудаар нотлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх бодит бус тооцоо гэдэг нэр томъёог өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэсэн байна. 3. Мөн шүүхийн үзснээр нэхэмжлэгч нь боловсруулсан бүтээгдэхүүн болох нүүрсний үнээр тооцож нэхэмжлэлийг шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тооцож буй үнээр борлуулах боломжтой бүтээгдэхүүн болохын тулд газрын хэвлийд байгалийн байдлаараа байгаа нүүрсний нөөц буюу байгалийн баялаг, түүнийг олборлох, боловсруулах ажил шаардлагатай. Үүнээс үзэхэд байгалийн баялаг нь Монгол улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, Ашигт малтмалын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1 дэх хэсгийн “Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэсний дагуу төрийн өмчид хамаарна. гэжээ. - Давж заалдах шатны шүүх маш явцуу утгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг ойлгож байна. Олборлохын тулд түүнийг ашиглах зөвшөөрөл авах, олон зүйлийн бүрдүүлбэрийг хангах ажиллагаанууд явагддаг. Тэр бүрт зардал гардаг юм гарсан зардал сонгодог утгаараа талбайн нийт нүүрсний нөөцөд зардал болон шингэж байдаг. Иймд ИХШХШТХ-ийн 176-р зүйл, 176.2.3-т заасны дагуу магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч “............” ХК-иас эд хөрөнгөд учруулсан гэм хор 210,492,762 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргасан байна.
“............” ХХК нь “............” ХК-ийг 2018 оны 04-06 сард компанийн эзэмшлийн 1364А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бусаар нэвтэрч, 15,187 тн нүүрс олборлож, бусдад 1тн-ыг нь 12,600 төгрөгөөр борлуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.
Хариуцагчийн хууль бус ажиллагаа болон гэм буруугийн талаар хоёр шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага бодит бус тооцоонд тулгуурласан тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо аль аль нь зохигч энэ талаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг анхаараагүй нь учир дутагдалтай болсон байна.
Хуулийн уг зохицуулалт нь гэм хор учруулснаас үүсэх үүргийн нийтлэг хэм хэмжээ бөгөөд гэм хорыг арилгуулах шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байх, хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм хорын шалтгаант холбоо, хохирлын хэмжээ тогтоогдсон байх явдал юм.
Талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн бол шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэх нь зүй ёсных. Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг тогтоохдоо хууль бусаар олборлосон гэх 15,187 тн нүүрсний 1тн-ыг нь 12,600 төгрөгөөр тооцож нэмэгдсэн өртөгийн албан татварыг нэмж 210,492,762 төгрөг гэж тодорхойлсон бол хариуцагч хөрс хуулах, нүүрсийг тээвэрлэхэд зардал гарах нь тодорхой гэж тайлбар гаргасан, үүнээс өөрөөр талууд мэтгэлцээгүй, шүүх энэ талаар тодруулж, ач холбогдол бүхий маргааны зүйл тодорхой бус, орхигдсон байна.
Хариуцагчийг буруутай гэж үзсэн атлаа нэхэмжлэгчээс зардал гаргаагүй, нөгөө талаар ашигт малтмал төрийн өмч гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт эрх зүйн зөрчилтэй болжээ. Нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч тул хуулийн дагуу эд хөрөнгийн эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхээс гадна өөрийнх нь эзэмшлийн зүйлийг хууль бусаар авснаас эрх зөрчигдсөн үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч маргасан байхад давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон эсэх, зохигч мэтгэлцсэн эсэхийг анхаараагүйгээс гадна эд хөрөнгийн эрх, уг эрхээр гэрчлэгдсэн хөрөнгийг тусдаа зүйл гэж тайлбарласан нь хууль хэрэглээний алдаатай болжээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан. “............” ХХК уг хэмжээний нүүрсийг борлуулах тохиолдолд зардал гаргах нь зайлшгүй бөгөөд зохигч гэм хорын хохирлын асуудлаар мэтгэлцэж чадаагүй тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй юм.
Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00139 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 201/МА2020/0009 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 1,114,735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД