Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 90

 

Т.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0283/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      А.Оргилбаяр

Шүүгдэгч                                       Т.М-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Б.Мөнхгэрэл

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолтой, Т-ийн М-т холбогдох, 1918003200285 дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Т-ийн М-.

Шүүгдэгч Т.М- нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өдрийн 13-с 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Арвин далай" зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талын шороон зам дээр өөрийн өмчлөлийн 30-25 ДАР улсын дугаартай “Тоуоtа Нarriег” маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3.т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”, 1.5.д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, 12 дугаар бүлгийн 12.3.т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М-ыг мөргөж амь насыг нь хохироосон улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5а, 3.5в, 3.5г.д заасан дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт  холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т.М-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Т.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1.т зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Т.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т зааснаар шүүгдэгч Т.М- нь тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж,

Шүүгдэгч Т.М- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дэлгэрцэцэгт 6.300.000 төгрөг төлснийг дурдаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан |йдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн 1918003200285 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 30-25 ДАР улсын дугаартай “Тоуоtа Наrriег” маркийн  машиныг  битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 30-25 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.М-т буцаан олгож, жолоочийн №311998 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад хүргэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул хүлээн авах боломжгүй байна. Шүүгдэгч Т.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй хэдий боловч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнссэн нь үндэслэлгүй буюу анхан шатны шүүхийн 330 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 2., 4 дэх заалтанд өөрчлөлт оруулж зөвтгүүлэх шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 330  дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор А.Оргилбаяр дүгнэлтэндээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.М- тайлбартаа:

           Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.М-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тайлбартаа:

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Прокурортой санал нэг байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.М- нь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр,  “Арвин далай" зочид буудлын  зүүн талын шороон зам дээр өөрийн өмчлөлийн 30-25 ДАР улсын дугаартай, “Тоуоtа Нarriег” маркийн  цагаан өнгийн машин  жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3.т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй зорчино”,  12 дугаар бүлгийн 12.3.т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.М-ыг мөргөж амь насыг нь хохироосон.,  улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5а, 3.5в, 3.5г.д заасан дүрмийн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч Т.М-ын өөрийн  мэдүүлэг болон гэрч Л.Э-, Э.Б-,  Б.С-, Б.Д-, Г.Б- нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2019-4-25-ны өдрийн 42 дугаар дүгнэлт, хохирогчийн цусанд шинжилгээ хийсэн дүгнэлт, /х.хийн 51-52-р хуудас/ Замын цагдаагийн газрын ахлах зохицуулагчийн 2019-5-10-ны өдрийн 28., 2019-05-28-ны өдрийн 29  дугаар  дүгнэлт /х.хийн 71., 75 –р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн  тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд,  үзлэг хийсэн тэмдэглэл / х.хийн 10-11., 13-18., 5-8., 19-22 -р хуудас/ “Капитал зууч”  компанийн  эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн  баримт / х.хийн 87-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогджээ.  

Шүүгдэгч Т.М-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан хор уршиг, хохиролыг зөв тооцож,  гэмт хэргийн шинж, байдал,  хохирогчийн санал, хоирогчид учирсан материаллаг хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй байна.

          Мөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан,  шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, хэрэгт  ач холбогдолтой байж болох  байдлыг шалгаж тогтоожээ.

          Харин анхан шатны шүүх шүүгдэгч Т.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т заасан хорих ял оногдуулж, мөн ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр зааж дараа нь хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.

          Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3.т зааснаар шүүгдэгч Т.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,  гэсний дараах  ..”.3 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг  хасч., тогтоох хэсгийн 3., 4 дүгээр заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

        3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР

                                                               ШҮҮГЧИД                                Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА