Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0225

 

 

 

 

 

 

 

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э” ХХК

Хариуцагч Д аймгийн ТГД

Хариуцагч Д аймгийн Д сумын ЗД

Нэхэмжлэлийн шаардлага: Д аймгийн ТГ-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах, Д аймгийн Д сумын ЗД-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч “Э” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Д аймгийн ТГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Хариуцагч Д аймгийн Д сумын ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б

Хэргийн индекс: 115/2024/0027/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Д аймгийн ТГ-ын дарга, хариуцагч Д аймгийн Д сумын ЗД нарт холбогдуулан “Д аймгийн ТГ-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах, Д аймгийн Д сумын ЗД-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч “Э” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 45 дугаар зүйлийн 45.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д аймгийн ТГ-т холбогдуулан гаргасан “Д аймгийн ТГ-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “Д аймгийн Д сумын ЗД-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч “Э” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн тухайд: Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүлээн авахаас татгалзсан шийдвэрт 122.1-д заасны дагуу гомдол гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Захиргааны шүүхийн зорилго захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, эрх зүйн үр нөлөөтэй, өргөн хүрээтэй хамгаалалтыг баталгаажуулах, ингэснээр төрийн үйл ажиллагаа хууль ёсны байх эрх зүйт төрийн зарчмын хэрэгжилт илүү бодит байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Шүүгч захирамждаа Захиргааны шүүхийн хэргийн харьяалал биш гэж дүгнэсэн. Хэргийн харьяалал гэдэг нь ямар шүүхэд ямар маргаан хамаарах вэ гэдгийг илэрхийлдэг. Захиргааны шүүхийн хянан шийдвэрлэх захиргааны маргааны үндсэн шинжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-д “ ... ерөнхий нөхцөл”-ийн зарчмаар зохицуулсан. 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”, 5.1.2-т “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, 5.1.3-т “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд”, 5.1.4-т “үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа”, 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан.

Хариуцагч Д аймгийн Д сумын ЗД нийтийн албан тушаалтан тул захиргааны байгууллагын төлөөлөл гэж үзэх бөгөөд түүнээс гарч буй шийдвэр, эрх зүйн акт нь төрийн байгууллагаас гарч буй захиргааны үйл ажиллагаа мөн. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дугаартай шүүхийн шийдвэрээр Д аймгийн ЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд: “Д аймгийн ТГ-т холбогдуулан тус ТГ-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дугаартай “өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/*** дугаартай “газар эзэмшүүлэх тухай” Д сумын ЗД-ын захирамжаар “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж, газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгон газрыг зориулалтын дагуу эзэмшүүлэх”-ийг даалгасан захирамж гарсан.

Газрын тухай хууль болон ашигт малтмалын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа Д аймагтай газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй. Газрын асуудалтай холбоотой маргаан 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хууль, шүүхийн байгууллагын маргаантай буйн улмаас үйл ажиллагаа алдагдсан. Ийнхүү ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад Д аймгийн татварын хэлтсээс 357.811.475 төгрөгийн газрын төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ашиглана гэж хуульчилсан.

Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-т зааснаар “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хотын бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцно”, 9 дүгээр зүйлийн 1-д “газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-8 заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж гэж заасны дагуу манай компани уурхайн эдэлбэр талбайд өнөөдрийг хүртэл ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хууль тогтоомжийн дагуу газрыг ашиглаагүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Нэхэмжлэгч шүүхэд Д аймгийн Д сумын ЗД хэмээн нэг бие даасан субъектийг хариуцагчаар татсан. Гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Н.О нар шүүх хуралдаанд орсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг төлөөлөгчийг нэг л этгээд төлөөлнө. Гэтэл хариуцагчаар татагдсан нэг субъект болох Засаг даргыг хоёр этгээд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны байх зарчмыг зөрчсөн ноцтой зөрчил. Иймд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан “Д аймгийн ТГ-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан “Д аймгийн Д сумын ЗД-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч “Э” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Д сумын ЗД нийтийн албан тушаалтан тул захиргааны байгууллагын төлөөлөл гэж үзэх бөгөөд түүнээс гарч буй шийдвэр, эрх зүйн акт нь төрийн байгууллагаас гарч буй захиргааны үйл ажиллагаа мөн... ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа Д аймагтай газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гардаж аваагүй. Газрын асуудалтай холбоотой маргаан 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хууль, шүүхийн байгууллагын маргаантай буйн улмаас үйл ажиллагаа алдагдсан. Ийнхүү ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй байхад Д аймгийн татварын хэлтсээс газрын төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргасан.

          3. Д аймгийн ТГ-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэр /албан бичиг/-ийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараах үүрэг хүлээнэ”, 35.3.3-т “ газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ” гэж тус тус заасан.

          5. Д аймгийн Д сумын ЗД-ын 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/*** дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар[1] тус сумын нутаг дэвсгэрт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч /газар эзэмших тухай хүсэлтээ ирүүлсэн/ аж ахуй нэгжүүдэд газар эзэмшүүлж, хавсралтаар “Э” ХХК-д уурхайн ашиглалтын зориулалтаар Э багт Шивээ-1, MV-****** газарт 129.8518 га газар, Шивээ-1, MV-****** газарт 72.6566 га газар, Шивээ-1, MV-****** газарт 1781.3827 га газар, Шивээ-1, MV-****** газарт, 193.3873 га газар, Шивээ-1, MV-****** газарт, 59.6112 га газар, Шивээ-2, MV-****** газарт 13.148 га газрыг тус тус 24 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон байна.

          6. Д аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[2] “...хууль тогтоомжийн хүрээнд танай байгууллагын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн газар ашиглах эрх Д сумын ЗД-ын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар захирамжаар баталгаажиж, холбогдох мэдээллийг сумын газрын даамал 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дундын мэдээллийн сангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт илгээн, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн А-************, А-*************, А-********** дугаарыг олгож, улмаар газрын төлбөрийг ногдуулж, нэхэмжлэх үүсгэсэн болно” гэжээ.

          7. Улмаар Татварын албанаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр DNP********************** дугаар нэхэмжлэхээр[3] Татварын өрийн мэдээлэл нь 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх газрын төлбөр болох 357.811.475 төгрөг буюу татварын өрийн нийт дүнг “Э” ХХК-д хүргүүлсэн байна.

          8. Д аймгийн ТГ-ын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/*** дугаар албан бичгээр[4] “Аймгийн ГХБХБГ-ын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот албан бичгээр “Танай байгууллагад ашиглаж буй газарт ногдуулсан газрын төлбөрийн ногдуулалт, татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүдэд хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал байхгүй” тухай танай байгууллагад мэдэгдсэн байна. Иймд татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүд нь Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д зааснаар татварын өр үүссэн тул, Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т зааснаар татварын нэхэмжлэлийг хүргүүлсэн. Татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүдийг төлж барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн дагуу татварын өр хураах үйл ажиллагаа эхлүүлэхийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

          9. Нэхэмжлэгчээс дээрх албан бичгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газарт гомдол гаргасны дагуу Татварын ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 09/**** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[5] дээрх татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь хууль, эрх зүйн үндэслэлтэй байна гэх хариуг нэхэмжлэгч “Э” ХХК-д хүргүүлсэн байна.

          10. Анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан эсхүл явуулаагүй байхаас үл хамааран улсын бүртгэлд газар ашиглах эрх нь бүртгэгдсэн өдрөөс газрын төлбөр төлөх үүрэгтэй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай компани уурхайн эдэлбэр талбайд өнөөдрийг хүртэл ашиглалт хийж үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хууль тогтоомжийн дагуу газрыг ашиглаагүй, төлбөр төлөх үүрэг үүсээгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

          11. Д аймгийн Д сумын ЗД-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэгч “Э” ХХК-д “Хариу хүргүүлэх тухай” 01/*** дугаар албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          12. Д аймгийн Д сумын ЗД-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/*** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[6] “...танай байгууллагын газрын төлбөрийг уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээгээр бус “Газрын төлбөрийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон “Хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөр”-ийн хувь хэмжээ болох нөөц газрын хувь хэмжээг баримтлан тооцож ногдуулсан байна. Иймд танай байгууллагад ногдуулсан газрын төлбөрийн ногдуулалт, татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэлүүд хууль тогтоомж зөрчсөн нөхцөл байдал байхгүй байна” хэмээн “Э” ХХК-д хариу хүргүүлжээ.

          13. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасан.

          14. Д аймгийн Д сумын ЗД-ын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/*** дугаар албан бичиг нь “Э” ХХК-ийн газрын төлбөрийн ногдуулалт, татварын удирдлагын системд үүсгэсэн нэхэмжлэхийг хуульд заасны дагуу үүссэн эсэхийг мэдээлсэн буюу мэдээллийн шинжтэй албан бичиг байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй, шууд үр дагавар бий болгосон шинжийг агуулаагүй байна.

          15. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...хариуцагчаар татагдсан нэг субъект болох Засаг даргыг хоёр этгээд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн хууль ёсны байх зарчмыг зөрчсөн ноцтой зөрчил” гэж маргасан.

          16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг хэдэн ч хүн төлөөлж болох ба хуулиар хязгаарласан зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

17. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 115/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

[1] Хавтаст хэргийн 45-46 хуудас

[2] Хавтаст хэргийн 41-43 хуудас

[3] Хавтаст хэргийн 10-13 хуудас

[4] Хавтаст хэргийн 34 хуудас

[5] Хавтаст хэргийн 33 хуудас

[6] Хавтаст хэргийн 17-18 хуудас