Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/шш2021/0801

 

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0801

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Э

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/739 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн “ахмад” цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхшаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Э, түүний өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “....Ч.Э миний бие 2006 оны 8 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх хянагчаар ажилд орсон бөгөөд 2011 онд Цагдаагийн академи төгсөөд тус байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд орж , ээлжийн дарга, төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1542 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргаар дэвшин томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар зүтгэж, хууль , тогтоомжоор хүлээсэн үүрэг болон ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Гэтэл намайг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний вдрийн Б/739 дүгээр тушаалаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр албан тушаалаас халж, цэргийн “ахмад" цолыг хураасан тул урьдчилан шийдвэрлэх журмын дагуу Төрийн албан зөвлөлд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргасан. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1864 дугаартай албан бичгээр “... маргаан үүсгэн хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд та тухайн асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлснийг миний бие 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаар хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/739 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 277 дугаар зүйлийн 277.1.1, 280 дугаар зүйлийн 280.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.13, 2.1.14, 2.2.2, 2.2.3, 5.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.8 дахь заалт болон Хяналт шалгалтын газрын саналыг тус тус үндэслэсэн байдаг.

Миний бие хууль, тогтоомжоор хүлээсэн үүрэг болон ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлэн ажиллаж байсан бөгөөд удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”, "гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй, хангалттай тогтоогдоогүй байхад зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан үзэлгүйгээр сахилгын хамгийн хүнд шийтгэлийг ногдуулан албанаас халсан. Үүний улмаас миний эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Мөн миний бие өөрийн гаргасан зөрчилдөө Зөрчлийн тухай хуулиар шийтгэл авсан, уг зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон шүүхийн шийтгэх, ийм шийтгэх тогтоол огт гараагүй бөгөөд тус зөрчлийн улмаас байгууллагын эд хөрөнгөд хохирол учраагүй, сөрөг үр дагавар бий болоогүй.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/739 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн дүгээр зүйлийн 39.1.4-д заасныг үндэслэсэн байдаг. Гэтэл уг заалт нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх” зарчим мөн алдагдаж байна.

2021 оны 5 сард Сэлэнгэ аймгийн шүүхээр баривчлах шийтгэл оногдуулсан бөгөөд түүний дараа 7 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралт дуусаад ажилдаа орсон. 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хамгаалалтын ажилтан Дэд ахлагч А.Нийг миний зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Мөн мөрдөж мөшгөсөн зүйл байхгүй. Албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй ажил болох цагийн бүртгэл бүртгүүлсэн гээд байгаа асуудал нь би биш Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга н.М үүрэг даалгавар өгдөг. Эмэгтэй албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг нь хийлгэх гэхлээр  өөрөө үүрэг гүйцэтгэж чаддаггүй, шөнө унтдаг. Цагдан хорих ангируу гар утастайгаа ордог. Ковид-19 цар тахлын үед амны хаалт зүүдэггүй зэрэг зөрчил дутагдлыг гаргадаг. Тийм учраас цагийн бүртгэл бүртгүүлсэн байгаа. 7 дугаар сард албан хаагчдын цагийн бүртгэл бүртгэж байхдаа 16 цаг өнгөрч байхад ээлжийн даргын өрөөнд орж цагийн бүртгэлийг үзэж шалгахад албан хаагчдыг 17 цаг 30 минутад бүгдийг явснаар бүртгэсэн байхаар нь үүнийг хэн бүртгэсэн юм бэ гэж ээлжийн дарга н.А*******ээс асуухад Дэд ахлагч А.Н бүртгэсэн гэхэд нь хаана байгааг асуухад цагдан хорих газарт кофе ууж байгаа талаар хэлсэн. Хамгаалалтын ажил гүйцэтгэж байгаа А.Н цагийн бүртгэл бүртгэж байгаа болохоос биш Цагдан хорих байранд үүрэг гүйцэтгээгүй. Харин харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч н.Наранцогтод амны хаалтгүй орж саад учруулсан. Цагдан хорих байрлуу дуртай болгон нь ороод байдаггүй. Эрүүгийн хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаа онц ноцтой хүнд гэмт хэрэгтнүүд хоригдож байгаа ба тэдгээр хүмүүсрүү орох шаардлага байхгүй. Цагдан хорих байранд нэвтрэх тохиолдолд надаас зөвшөөрөл аваарай, орсон гарсан бүх хөдөлгөөнийг илтгэл дээр дэлгэрэнгүй бич гэдэг үүрэг даалгавруудыг би харуул хамгаалалтын алба хаагчид өгдөг байсан. Шаардлагыг бичгээр болон амаар аль алинаар нь өгдөг байсан. Түүнээс албан хаагчдыг ямар нэгэн байдлаар миний зүгээс дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй.

Харуул хамгаалалтын албан хаагч нар хорих ангийн харуул хамгаалалтын журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сахилга ёс зүйн дүрмүүдийг удаа дараа ноцтой зөрчсөн. Би өөрөө хяналт шалгалт явуулах эрх бүхий албан тушаалтан байсан. Манай төлөөлөгч 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ажилтнуудыг хяналтгүйгээр хоригдол ажиллуулсан зэрэг зөрчлүүдийг баримтжуулж байсан. Тайлбар өгсөн н.Э, н.А, н.А, н.Б, н.С нарын тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байгаа гэж байгаа. Энэ 5 хүн нь удаа дараа зөрчил гаргадаг албан хаагч нар байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дагаж мөрдөх ёстой хууль журмын дагуу шаардлага тавьж хяналт шалгалтыг явуулдаг байсан. н.Э гэж хүн энд байгаа цагт бидэнд арга хэмжээ аваад байх юм байна гэсэн үүднээс тэдгээр ажилчид нь тайлбар тодорхойлолтыг өгсөн. Ерөнхий газраас гаргасан материалтай танилцахад ширүүн харсан, өмнө нь байдгаасаа ондоо болсон, чанга дуугарч дарамталдаг гэж тайлбар гаргасан байсан. Шүүхэд хандаж хэлэхэд миний зүгээс дарамталсан зүйл байхгүй. Бид цэргийн хүмүүс учраас захирах захирагдах ёс гэж байдаг. Хууль журмын дагуу шаардлагаа тавина. Маска зүү гэх мэт шаардлагыг тавих нь зүй ёсны хэрэг. Би хууль журмыг хэрэгжүүлэхээр шаардлага тавиж энэ чинь буруу байгаа талаар шалгасан материалуудыг төлөөлөгч шалгаад надаар хянуулаад Газрын даргын зөвлөлийн хурлаар оруулж арга хэмжээ авах эсэхийг шийдвэрлэдэг. Заримд нь сануулаад өнгөрч байсан. Эдгээр хүмүүс нь намайг тэнд ажиллаад байвал арга хэмжээ аваад байх юм байна гэсэн үүднээс ийм тайлбар мэдүүлгийг өгдөг. Дэд ахлагч н.Б*******гийн өгсөн тайлбарт баривчлах байрнаас гарчхаад гэртээ дуудаж дарамталсан гэсэн байсан. Би баривчлах байрнаас гарчихаад ээлжийн амралтаа авсан байсан. Би өөрөө хотод төрсөн. Би хот явах гэсэн замын унаа байхгүй, төлөөлөгчтэйгээ М дарга бид хэд тэр орой байж байгаад “даргаа би энд таньж мэдэх хүнгүй юм чинь амралтаа аваад хот явлаа” гэж хэлсэн. Мөн тайлбар өгсөн албан хаагчид бүгд он сар огноог нь санахгүй, мэдэхгүй байна гэж өгсөн байсан. Тэдгээр ажилчид нь тэдэн сарын тэдний өдөр ээлжинд гараад үүрэг авснаа мэдэхгүй байна гэдгийг нь би гайхаж байна. Би өдөр бүр ажлын тэмдэглэлээ хөтөлдөг. Өнөөдөр хэн хэн ээлжинд гарч байгаа болон хэдэн хоригдол хоригдож байгаа талаар байнга тэмдэглэл хөтөлдөг байсан. Гэтэл мэдүүлэг өгсөн хүмүүс он сарыг мэдэн будилж тайлбар өгсөн байсан. Үүнийг яагаад гэдгийг мэдэхгүй байна.

Зөрчлийн тухай хуулиар надад баривчлах шийтгэл оногдуулсан. н.Э шийдвэр гүйцэтгэгч нь манай дээд ангид сурч байсан залуутай бид цуг сууж пиво ууж байгаад А.Нрүү андуурч бичсэн байдаг. Үүнтэй бол би маргахгүй. Харин уг явдлаа хойших албан хаагчдыг дарамталсан, мөрдөж мөшгөсөн гэдэг дээр маргаж байгаа. Мөн эдгээрийг үндэслэж намайг ажлаас халах шийтгэл оногдуулсанд би гомдолтой байна. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 18 наснаасаа эхлэн дэд ахлагч албан тушаалд хянагчаар ажиллаж эхэлсэн.  2006 оны 8 дугаар сараас 2021 онд тушаал гарах хүртэл 15 жил ажилласан. Миний зүгээс бусад сахилгын шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй байгаа ба ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д заасан хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/739 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр д 10 гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргын албан тушаалд эгүүлэн тогтоон, цэргийн "ахмад” цолыг сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж , эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь өмнө гаргасан өөрийн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулиар шийтгэл авсан. Уг зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолсон шүүхийн шийтгэх тогтоол биш ба ийм шийтгэх тогтоол огт гараагүй. Тус зөрчлийн улмаас тухайн хариуцагч байгууллагын эд хөрөнгөнд нь хохирол учраагүй. Сөрөг үр дагавар шууд бий болоогүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Албаны шалгалтыг бүрэн гүйцэт явуулж ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, холбогдох баримтыг дутуу цуглуулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэх хуулийн үндсэн нөхцөл бүрдээгүй байхад урьдчилсан шинж байдлыг харгалзан үзэж албанаас халсан гэж маргаж нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагчийн хариу тайлбар болон нотлох баримттай танилцахад А.Нээс 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хууль  зүйн дотоод хэргийн сайдад гаргасан гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод хяналт шалгалт явуулах журмын 8 дугаар зүйлд заасан нийтлэг болон тусгай аргыг ашиглан Дотоод албаны шалгалтыг явуулсан. Ингэхдээ Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр газрын албан хаагч болох А.Н, н.С, н.*******-н.А*******, н.А, н.Б, н.О нараас тайлбар мэдүүлэг авсан байдаг. Эдгээр мэдүүлгүүдийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад дотоод албан бичгээр саналыг явуулсан. Үүний дагуу ажлаас нь халсан байдаг. Гэрчийн мэдүүлэг өгсөн тухайн хүмүүс нь ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүсээс мэдүүлэг авсан байгаа. Нэхэмжлэгч Ч.Э нь өөрөө удирдах албан тушаалтай, холбогдох хүмүүсийн гаргасан зөрчилтэй холбоотой шалгалтын үйл ажиллагааг явуулдаг эрх бүхий этгээд байсан. А.Нээс албаны шалгалтын ажиллагаа явуулсан баримт болох тухайн гомдол гаргасан, мэдүүлэг авсан хүмүүстэй холбоотой шалгалтуудыг хийгээд баримтжуулаад холбогдох баримтуудыг Ч.Э хянаад албаны дарга н.М гэж хүнд шилжүүлдэг байсан. Тийм учраас эдгээр хүмүүс нь цаашдаа арга хэмжээ авахуулах боломжтой, магадлалтай байх гэж бодоод нэхэмжлэгчийн эсрэг мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

Мөн үүнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэгч н.Б, н.Ж нараас тайлбар мэдүүлэг аваагүй ба мэдүүлгийг дутуу авсан. Энэ талаар албаны шалгалт явуул байх хугацаанд шалгалтын баримтыг н.С гэж хүнд өгсөн. А.Н гэж хүнээс дарамталсан гэдэг дээр цагийн бүртгэлтэй холбоотой баримт байдаг. Үүнтэй холбоотойгоор цагийн бүртгэл, бичлэг, зургуудыг шүүхэд өгсөн. Тухайн үед нэхэмжлэгч нь н.Сд бичлэг, зургийг өгөхөд хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хяналт шалгалтыг дутуу явуулсан, бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэж уг баримтыг гаргаж өгсөн. Бичлэгээс харвал тодорхой харагдана.

Мөрдөж мөшгөсөн гэдэг гомдлын тухайд Алтанбулгийн боомт дээр 24 цагаар үүрэг гүйцэтгэх ётой А.Н нь явж байгаад Ч.Этай тус тусын машинтай зөрсөн байдаг. Ч.Э нь 24 цагийн ээлжийн ажилтай хүн яагаад энд явж байгаа талаар холбогдох хүнээс тодруулахад мөрдөж мөшгөсөн гэж гомдлыг гаргасан байсан. Энэ талаарх хяналт шалгалтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байгаа. А.Нийн гомдол дээр ажлын байрны тодорхойлолтод заагаагүй албан үүргийг гүйцэтгүүлсэн гэж байдаг. Тэр нь цар тахлын үед хурууны хээгээр цагийн бүртгэлийг бүртгэх боломжгүй байсан учраас Газрын дарга н.М гэж хүн А.Нт чиг үүргийг өгсөн байдаг. Дээрх гурван үндэслэлээр Хууль зүй дотоод хэргийн яаманд өргөдөл гаргаж уг чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийгдсэн.

Нэхэмжлэгч Ч.Эыг баривчлах шийтгэл авсантай холбоотойгоор гомдол гаргаагүй ба үүнээс хойших 7 сарын 19-нд гаргасан гомдолтой холбоотой үйл явдалтай маргаж байгаа. Манай зүгээс шалгалтыг дутуу хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод хяналт явуулах журмын 2.1.5-д зааснаар албаны шалгалт явуулсан байгаа ба уг шалгалтыг явуулахдаа тус журмын 4.4-д заасныг зөрчиж тодорхой асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах зорилгоор хийсэн гэж үзэж байна. 9.6-д зааснаар шалгалтын дүнг хамт олны хуралд танилцуулах ёстой. Шалгагч шалгуулагч гэж этгээдүүдийг тус дүрэм дээр тодорхойлсон байдаг юм байна. Шалгагч нь 11.2, 11.1.5-д заасан эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй, 11.2.1-д заасан үйл ажиллагаа сахилга ёс зүйг бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Шалгуулагч этгээд Ч.Эад олгосон 11.3.2, 11.3.3, 11.3.4-т заасан эрхийг эдлүүлээгүй шалгалтыг явуулсан. Ч.Эаас дүрэмд заагдсаны дагуу холбогдох баримтыг өгсөн боловч тэрийг нь аваагүй байдаг.

Шүүхээс гэм буруутайг нь тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад Сахилгын хорооны даргын зөвлөлийн хурлуудад шүүхээс гэм буруутайг нь тогтоосон байна гэдэг үгнүүдийг оруулж үндэслэсэн байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа магадлал, шийтгэвэр дээр маргах дүгнэлт хийхгүй гэм буруутайг нь тогтоогоод шийтгэл авсан. Хүндэдсэн буюу хамгийн хүнд шийтгэлийг оногдуулсан гэдэг дээр л маргаж байгаа. Бусад шийтгэлийг оногдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ хуралдааны явцад илэрхийлсэн. Хяналт шалгалтыг бүрэн гүйцэт явуулаагүй. Бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Журамд заасан ажиллагаагаа шалгагч, шалгуулагч гэж хоёр этгээд байдаг юм байна. Шалгагчийн эрх, үүрэг байдаг юм байна. Шалгуулагчийн эрх, үүрэг ч байна. Үүний дагуу холбогдох баримт материалыг өгөөд байхад тэрийг нь авч хэлэлцээгүй, шалгалтыг дутуу явуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/739 дүгээр тушаалаар Иргэн Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар 15 хугацаагаар баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл авагдсан нь албаны шалтгалтаар тогтоогдсон тул 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас халж, цэргийн “ахмад” цолыг хураасан.

Иргэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021 /3ш/ 87 дугаар шийтгэврээр Ч.Эад Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 1-д зааснаар “Ажил, албан тушаал, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлж бэлгийн дарамт учруулах" зөрчилд 30 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан. Мөн Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар Ч.Эад оногдуулсан 30 хоногийн баривчлах шийтгэлийг 15 хоног болгон өөрчилж шийтгэврийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иргэн Ч.Э Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т "мөрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хундийг эрхэмлэн дээдлэх", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга ёс зүйн дүрмийн 2.1.13-т "мөрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 2.1.14-т "удирдах дээд шатны менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн ажлын байрны шаардлагыг ханган ажиллах, шүүхийн двэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чанд сахин биелүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.8-т " Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь бусдад ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт үзүүлэх, ялгавартай хандахыг хориглоно" гэж заасан төрийн тусгай алба хаагчийн баримталж ажиллах хууль тогтоомжуудыг зөрчсөн нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр нотлогдож байна. Түүнчлэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч А.Нээс гаргасан гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Ч.Эад албаны шалгалтын ажиллаа явуулсан. Тус албаны шалгалтаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргаар ажиллаж байсан иргэн Ч.Эыг төрийн албаны тухай хууль болон байгууллагын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн актуудыг зөрчсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаар дотоод албан бичиг, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сахилга ёс зүйн хорооны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэр, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сахилга ёс зүйн хорооны 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх” заалтыг зөрчсөн нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болох А.А.Н, Г.С, П.Э, Л.А, О.Б, А.А нарын өгсөн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-т "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэж заасан байна. Төрийн тусгай алба буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орсон иргэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч төрийн сүлдэнд: "Монгол Улсын иргэн би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж  амь биеэ үл хайрлан ажиллахаа батлан тангараглая." заасан тангараг өргөдөг.

Иргэн Ч.Э Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргаар ажиллаж байх хугацаандаа гаргасан зөрчлийн талаар www.tac.mn цахим хаягт 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр "Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн Цагдан хорих байрны даргад ШШГЕГ-ынхан хариуцлага хүлээлгэх үү" гэсэн гарчигтай нийтлэл , www.dorgio.mn цахим хуудсанд ижил төрлийн мэдээлэл тус бүр тавигдсан нь Төрийн тусгай албаны тэр дундаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндэд нөлөөлсөн үйлдэл гэж үзэж байна.

Төрийн тусгай албанд тэр дундаа зөрчил нь тухайн хүнийг мөрдөж мөшгөсөндөө гол нь биш. Албан хаагчийн аюулгүй байдал, нөгөө талаараа шууд болон шууд бусаар албан хаагчдын эрхийг бид нар хангаж, аюулгүй байдлыг нь хамгаалж энэхүү тушаал, шийдвэрийг гаргасан. Энэ байдлыг таслан зогсоосон. Төрийн албанд бэлгийн дарамт учруулах гэдэг ч юм уу, ёс зүйн хэм хэмжээ, төрийн албаны баримтлах ёс зүйн хэм хэмжээ түүнчлэн тухайн байгууллагын албан хаагч салбарын хууль, байгууллагын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сахилга ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль эдгээрийг баримталж ажиллах ёстой байтал мэдсээр байж хууль болон бусад ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг тухайн албан хаагч нь зөрчсөн байна. Иймд манайхаас авсан арга хэмжээг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Дээрх гаргасан зөрчлүүдийн шинж байдалд тохируулан арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б / 739 дүгээр тушаалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд хандаж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/739 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн “ахмад” цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Миний бие ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалттай биелүүлж байсан ... “удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй,... хяналт шалгалтыг дутуу явуулсан, бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй сахилгын хамгийн хүнд шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагчаас бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Маргаан бүхий захиргааны акт болох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/739 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Засгийн газрын агентлагийн эрх зүй байдлын тухай хулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 277 дугаар зүйлийн 277.1.1, 280 дугаар зүйлийн 280.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.13, 2.1.14, 2.2.2, 2.2.3, 5.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.8 дахь заалт, Хяналт шалгалтын газрын саналыг тус тус үндэслэн Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны дарга, ахмад Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг зөрчиж Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар 15 хоногийн хугацаагаар баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл авагдсан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон албан тушаалаас халж, цэргийн “ахмад” цолыг хурааж” шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах;”, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Агентлагийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 8.3.5-д “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах;”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж тус тус заасан.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах;”, 277 дугаар зүйлийн 277.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд албанаас хална:”, 277.1.1-д “өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн”, 280 дугаар зүйлийн 280.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд томилогдсон, сонгогдсон тохиолдолд түүний цол, дүрэмт хувцас, үнэмлэх, таних тэмдэг, хувийн дугаар бүхий тэмдэг, галт зэвсэг, тусгай хэрэгслийг хураан авна.” гэж заасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга ёс зүйн дүрмийн 2.1-д “Алба хаагч нь дараах сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллана”, 2.1.13-т “төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 2.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүх шатны удирдах алба хаагч дараах зарчмыг баримтлан ажиллана”, 2.2.2-т “байгууллагын хэмжээнд эвсэг байдал, зөв боловсон харилцах, соёлч харилцааг хэвшүүлэх, алба хаагчидтай зөв харилцаж аливаа дарамт, шахалт үзүүлэхгүй, ялгаварлахгүй байх”, 2.2.3-т “удирдах албан тушаалтан нь алба хаагчдын санал, шүүмжлэлийг хүлээн авч, үйл ажиллагаанаа дүгнэлт хийх, санал, шүүмжлэл гаргасантай нь холбогдуулан хавчин гадуурхах, тэгш бус хандахгүй байх” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх, үүрэг”-ийг заасан байх ба 5.8-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь бусдад ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт үзүүлэх, ялгавартай хандахыг хориглоно” гэж тус тус заажээ.

Дээрхи хуулиуд болон ёс зүйн дүрмийн заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн болох нь дараахь байдлаар тогтоогдож байх тул түүнд “Албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв. Үүнд:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай” шийдвэрлэх тухай 2021/ЗШ/87 дугаар шийтгэвэрээр “...Ч.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны даргаар ажиллаж байхдаа шууд удирдлагад ажиллаж байсан А.Нийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд ажлын байрнаас нь дуудаж гаргаж ирж машинд суулгаж, өрөөндөө оруулж, гар утсаараа цахим шуудан илгээх зэргээр ажил, албан тушаал, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхйлж бэлгийн дарамт учруулах зөрчил үйлдсэн” гэж дүгнэн “Ч.Эад Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 1-д зааснаар “Ажил, албан тушаал, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлж бэлгийн дарамт учруулах” зөрчилд 30 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан”-ыг тус аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр магадлалаар “...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өлрийн 87 дугаартай шийтгэврийн “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Ч.Эад 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсугай” гэж өөрчлөн шийдвэрлэсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Улмаар 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, дэд ахлагч А.Нээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Зд “...Ч.Э дарга надад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж хүчирхийлэхийг завдаж байсан бол одоо энэ талаар нь гомдол гаргаж, өөрхийн эрх ашгийг хамаалсны төлөө ажлын байрны дарамт үзүүлж байна.” гэх тухай өргөдөл гаргасныг үндэслэн тус газрын Хяналт шалгалтын газрын дарга хурандаа М.Аын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Албаны шалгалтын удирдамж”-ийн дагуу албаны шалгалт явуулж, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сахилга ёс зүйн хорооноос 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг “ажлаас халах” саналтайгаар Даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлүүлэхээр, мөн өдөр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Даргын зөвлөлийн хуралдаанаас Ч.Эыг албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхсан зөрчлийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон тул ажлаас нь халах саналтайгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргүүлсэн байна.

Уг саналыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/739 дүгээр “Ч.Эыг албанаас халах тухай” тушаал гаргаж, цэргийн “ахмад” цолыг хураан авахаар шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй ... уг зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон шүүхийн шийтгэх тогтоол огт гараагүй...” гэж маргасан.

Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал болон хэрэгт нотлох баримтаар авагдсан албаны шалгалтын материалаас үзвэл Ч.Э нь Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгч Ч.Э Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох” заалт, мөн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийн 2.1-д заасан “сахилга, ёс зүйн хэм хэмжээ”-г чанд сахин биелүүлээгүй, дүрмийн 2.2.2-т заасан ... “албан хаагчидтай зөв харилцаж аливаа дарамт, шахалт үзүүлэхгүй, ялгаварлахгүй байх” зарчмыг зөрчсөн  байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн дүрмийн 5.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь сахилга, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь тогтоогдвол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийг түүний гаргасан сахилга, ёс зүйн зөрчилд тохируулан ногдуулна”, 5.2-т “Энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Шүүхийн шийдвэр гүйцтэгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д заасны дагуу албанаас хална”, 5.3-т “Энэ журмын 5.2-т заасан “ноцтой зөрчил” гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилгын дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг гутаах, эд хөрөнийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг санаатай бий болгосон, энэ дүрэмд заасан сахилга, ёс зүйн хэм хэмжээг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврээр тогтоогдож, шийтгэлийн хугацаа дуусч ажилдаа орсон боловч үүний дараа тус газрын Харуул хамгаалалтын ажилтан А.Нийг хэл амаар доромжилж, ажлын байрны дарамт үзүүлсэн зөрчил дахин гаргасан болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн Х.Сын явуулсан албаны шалгалтын баримт бичгээр тогтоогдсон, энэ нь дүрмийн 5.2-т заасан “ноцтой зөрчил”-д хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байх хэдий ч тухайн зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл тохироогүй, хүндэдсэн гэж маргасан нь үндэслэлгүй, учир нь түүний гаргасан зөрчлийн шинжтэй үйлдлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан төрийн албан хаагчид хориглох заалтыг зөрчсөний хувьд түүнд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-д зааснаар “Албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдлыг үндэслэн “Албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарч байгаагийн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул уг захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүх маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчээс гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговор гаргуулах, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ____________ тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Эаас гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/739 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байрны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цэргийн “ахмад” цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН