| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2023/0157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
2023 03 09 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч П.Ж /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн П.Ж ид холбогдох эрүүгийн 2311000000098 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэгсэл үедээ 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байрны 4 тоотод байхдаа хохирогч Б.Д гийн нүүрэн тус газарт цохиж зодон биед нь хоншоор ясны дээд, доод ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч П.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэгсэл үедээ хохирогч Б.Д гийн нүүрэн тус газарт цохиж зодон түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- Хохирогч Б.Д н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн үед миний багын найз П.Ж над руу фэйсбүүкээр видеокалл хийж залгаад гэртээ жоохон уусан байна юу хийж байна хүрээд ирэх боломж байна уу гэхээр нь би П.Ж ийн гэрт буюу Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд тасганы гудамжинд байрладаг нийтийн байранд уулзахаар очсон. Би П.Ж ийн гэрт очсоны дараа П.Ж гарч 2.5 литрийн хэмжээний Нийслэл нэртэй 2 пиво авч орж ирээд бид 2 тухайн пивыг хувааж уугаад, юм ярьж суусан...Тэгээд тэр пивоо хувааж ууж байгаад П.Ж бид 2 маргалдаж эхэлсэн... Гэтэл П.Ж гэнэт баруун гараа атгаж байгаад миний хамар хэсэгт 2 удаа цохисон. Хамраас цус гоожоод, толгой дүүнгэтээд байсан. Тэгээд би хамраа бариад доошоо харчихсан байж байхад П.Ж миний баруун шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
- Гэрч Э.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...18-19 цагийн үед П.Ж ахын гэр лүү орсон. Намайг ороход П.Ж ах Д ахын нүүр лүү гараараа нэг удаа цохисон... Д ахын хамраас жоохон цус гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1416 дугаартай “...Б.Д гийн биед хоншоор ясны дээд, доод ханын хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо....гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
- Иргэний нэхэмжлэгч Д.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Иргэн Б.Д нь 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ........ тоотод бусдад зодуулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ... регистрийн дугаартай Б.Д нь 2023 оны 1 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 161.000 төгрөгийн зардал бүхий гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг тус тус авсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 04/623 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч П.Ж оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 04/623 дугаартай албан бичиг хавсралтын хамт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч П.Ж ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч П.Ж ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч П.Ж ид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 161.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлсөн, мөн хохирогч Б.Д нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг /бичлэггүй/ хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн П.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч П.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг /бичлэггүй/ хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН