Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/177

 

      2023        03          09                                    2023/ШЦТ/177

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Г” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч М.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн М.Э холбогдох эрүүгийн 2211009591969 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн М.Э, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү, охины хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э нь Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ..... тоот байх өөрийн гэртэй байхдаа 2022 оны 4 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд “Tseegii Tseegii, Маралаа Марал гэсэн цахим хаягнаас Т.Ү ын зургийг ашиглан фейсбүүкийн групууд рүү “санхүү авна, дуудлагаар очно, видео калл хийнэ” гэх утга бүхий зарыг байршуулж Т.Ү ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илтэд худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Э нь Т.Ү ын зургийг ашиглан фейсбүүкийн групууд рүү “санхүү авна, дуудлагаар очно, видео калл хийнэ” гэх утга бүхий зарыг байршуулж Т.Ү ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илтэд худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйлд баримт нь:

- Хохирогч Т.Ү ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Vvree Vvree гэх нэртэй фейсбүүк хаягийг 2016 онд өөрөө ашиглахаар нээгээд тэрнээс хойш тухайн хаягийг хэрэглэдэг болсон. 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр манай найзын дүү болох Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг Саранзаяа гэх нэртэй охин надтай фейсбүүкээр холбогдоод “Таны зургийг ашиглаад Маралаа Марал, Tseegii Tseegii гэх нэртэй 2 фейсбүүк нэртэй хаягаас Цогтцэций сумын зарын группүүдэд “Санхүү авна”, “Дуудлагаар очино”, “Video call хийнэ” гэх мэт заруудыг байршуулсан байна гэж хэлсэн. Би тэр үед шууд Цогтцэций сумын зарын групп руу ортол Tseegii Tseegii, Маралаа Марал гэх нэртэй хаягаас миний зургийг нүүр зурган дээрээ байршуулан “Санхүү авна”, “Дуудлагаар очино”, “Video call хийнэ” гэх мэт заруудыг нийтэлсэн байхыг нь олж харсан. Би Tseegii Tseegii болон Маралаа Марал гэх нэртэй фейсбүүк хаяг руу ороод үзтэл илт хуурамч фейсбүүк байгаа нь анзаарагдсан. Ингээд миний зургийг хэн нэгэн хуурамч фейсбүүк ашиглан нүүр зураг дээрээ байршуулж миний нэр төр алдар хүндэд халдаж байгаа талаар Цогтцэций сумын цагдаа дээр өөрийн биеэр очиж гомдол гаргасан. Харин дараа нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуурамч фейсбүүкийн эзнийг нь хэн болохыг тогтоож олж авахын тулд өөрийн найз болох Гантулгатай хамтарч Маралаа Марал гэх фейсбүүк рүү Гантулгын фейсбүүк чатаар “Санхүү егье чи номадс зочид буудалд хүрээд ирээч” гэсэн утгатай чат бичтэл хариуд нь тухайн хаягаас “эхлээд 50653 дугаарын данс руу урьдчилгаа 25.000 төгрөгийг шилжүүлчихвэл байгаа газар чинь яваад очно” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хэн гэж хүнийг нь мэдэхийн тулд Гантулгын эзэмшлийн 5604 дугаарын Хаан банкны данснаас 50653..... дугаарын М.Э гэх хүний данс руу 25.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед шилжүүлэн өгсөн. Гэтэл удалгүй тухайн хаягаас удахгүй очлоо гэж хэлээд дараа нь Гантулгын чатыг блок хийгээд алга болсон. Гантулга бид 2 Маралаа Марал гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчийн чатны хариуд ирсэн 25.000 төгрөгийг урьдчилгаа 50653.... дугаарын Мөнхцэцэг М.Эийн эзэмшлийн Дансны дугаарыг нь цагдаа дээр аваачиж өгөөд цагдаа тухайн дансыг шүүгээд М.Э гэх хүнтэй утсаар холбогдсон. Тэр үед М.Э нь цагдаатай утсаар ярьж байхдаа би 25.000 төгрөгийг авсан нь үнэн би буцаагаад 5604 данс руу нь 25.000 төгрөгийг шилжүүлэн егье гэж хэлээд удалгүй 25.000 төгрөгөө  эргүүлэн өгсөн. Би цагдаагаас М.Эийн 8908... гэх утасны дугаарыг нь олж аваад залгаад ярьтал М.Э намайг уучлаарай чиний зургийг ашиглаж Tseegii Tseegii, Маралаа Марал гэх нэртэй хаяг дээр зургийг чинь байршуулж зар тавьсанд уучлаарай гээд надаас уучлалт гуйсан. Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу очих ажилтай болоод очиход М.Э надтай холбогдож миний хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд Айфоне Экс загварын гар утас надад өгөөд дээрээс нь бэлнээр 200.000 төгрөгийг надаас уучлалт гуйгаад өгсөн. Мөн дараа нь М.Э хохирлын мөнгө гэж нэмж 200.000 төгрөгийг манай нөхрийн эзэмшлийн 546503 дугаарын данс руу шилжүүлэн өгсөн юмаа...” гэх мэдүүлэг /xавтаст хэргийн 27-33 дахь тал/,

- Гэрч О.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байж байхад Т.Ү  над руу залгаад хаана байгаа юм бэ? гэхээр нь өөрийн байгаа Цогтцэций суманд байна гэхэд найздаа нэг туслаач найзынхан зургийг ашиглаад фейсбүүк групп дээр санхүү авна гэсэн зар оруулсан байна чи туслаад уг хүнийг олоод өгөөч гэсэн. Тэгээд Т.Ү  миний амарч байсан Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Нодамс нэршилтэй буудлын 308 тоотод ирсэн. Тэгээд ирэхээр нь Т.Ү аас юу болсон талаар сайн асуухад “Tsetseg Tseegii” гэсэн нэршилтэй фейсбүүк хаягнаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын зарын групп дээр санхүү авна гээд Т.Ү ын зургийг оруулсан нийтлэлийг надад харуулсан. Тэгээд уг фейсбүүк хаягийн эзэмшигчийг олж тогтоох зорилгоор би өөрийн хамаатны ax “Boldbaatar Zorigtbaatar” гэсэн фейсбүүк хаягаасаа “Tseegii Tseegii” гэх нэршилтэй хаягтай хүн рүү санхүү өгье гээд чатлахад миний өөдөөс та өөрөө хаана байгаа юм бэ? гэхээр нь би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Номадс нэртэй 308 тоот өрөөнд байна гэхэд би яг одоохондоо очих завгүй байна та эхний ээлжинд урьдчилгаа 25.000 төгрөгийг өгчих гэж хэлсэн тэгээд би өөрийн хаан банкны 5604 дугаарын дансны уг хүний өөрийнх нь өгсөн М.Э гэсэн эзэмшигчтэй хаан банкны 50653 дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлсний дараа би өөрөө одоохондоо завгүй байна орой 18 цагийн үед яваад очъё гэж хэлсэн. Уг нь тухайн үед би “Tseegii Tseegii” гэх нэршилтэй хаягтай хүнтэй чатлаад видио яриа хийхэд надад царайгаа харуулахгүй байсан тэгээд мөнгө шилжүүлсэн баримтын хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаад Т.Ү  өргөдөл өгсөн юмаа. Тэгээд өргөдөл өгсний дараа цагдаагийн алба хаагч нь уг мөнгө шилжүүлсэн гэх хүнтэй утсаар холбогдон таны данс руу мөнгийг чинь буцаагаад хийчихнэ гэж хэлсэн тэгээд л 2 цагийн дараа миний хаан банкны данс руу 25.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

- Гэрч Б.Э ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би фейсбүүк ухаж байгаад “Санхүү авна дажгүй цэвэрхэн охин байна” гэсэн зарын дагуу Tsetseg tseegii нэртэй хүнтэй чатлаад холбогдоход урьдчилгаа 10.000 төгрөг өгчих, тэгээд яваад очно гэхээр нь 10.000 төгрөгийг данс руу нь шилжүүлтэл, нөгөө хүн нь намайг блоклоод дахин харьцаагүй юм. Тухайн охинд би мөнгө өгвөл надтай ирж уулзаад, бэлгийн харьцаанд орно гэж бодож тухайн мөнгийг шилжүүлсэн юм. Би урьд нь ийм үйлдэл хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

- Хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авч, хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 51-54 дэх тал/,

- Иргэн М.Эийн эзэмшлийн Хаан банк дахь 50653 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /xавтаст хэргийн 60 дахь тал/,

- Шүүгдэгч М.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би өөрийн гаргаж өгсөн 18 хуудас дансны хуулгыг хараад цэнхэр өнгийн балаар өөрийн таньдаг хүмүүсээс орж ирсэн орлогыг гүйлгээг тэмдэглэсэн ба манай төрсөн дүү М.Б , төрөл садангийн дүү М.Э , садангийн ах Б.М , Парис баарны цалин, хүүхэд хардаг байсан цалин, танил ах Д.Д , хүүхдийн тэтгэмж 100.000 төгрөг зэрэг орсон байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 134-135 дахь тал/,

- Гэрч М.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..тухайн газраас цалингаа авахдаа М.Э эгч өөрийнхөө хаан банкны 50653 дугаартай дансаар авдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138 дахь тал/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын 2023 оны 2 сарын 13-ны өдрийн 3 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 139 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч М.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.Эт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Т.Ү  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн М.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН