Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2019/02244

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.П

 

Хариуцагч: “Д ” ХХК нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,787,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч Д.П, хариуцагч “Д ” ХХК-ийн төлөөлөгч Ц.О, иргэдийн төлөөлөгч Л.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орой 22 цаг 08 минутанд гэртээ байж байх үед дээд айл болох 58 тоот айлаас их хэмжээний ус алдаж тухайн айл эзэнгүй байсан тул контор цагдаа, онцгой байдал, орон сууц нийтийн аж ахуйн контор, конторын дарга гэх мэт хүмүүст мэдэгдэж 22 цаг 57 минутанд хаасан. Их хэмжээний ус алдсаны улмаас эд хөрөнгөнд их хохирол учирсан.

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Б” ХХК-иар хийлгэсэн үнэлгээний тайланд X Box тоглоомны үнэ 400,000 төгрөг, засварласан дүн 100,000 төгрөг, зөрүү 300,000 төгрөг, TCL зурагт үнэ 260,000 төгрөг,  засварласан дүн 130,000 төгрөг, зөрүү 130,000 төгрөг, угаалгын машин үнэ 150,000 төгрөг, засварласан дүн 50,000 төгрөг, зөрүү 100,000 төгрөг, Samsung хөгжим үнэ 215,000 төгрөг, засварласан дүн 25,000 төгрөг, зөрүү 190,000 төгрөг, компьютер үнэ 350,000 төгрөг, засварласан дүн 25,000+25,000 төгрөг, зөрүү 300,000 төгрөг болсон. Дээрх цахилгаан барааг засварласан үнийн зөрүү болох 1,020,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлээс хасч тооцож, өмнө нь үнэлгээнд ороогүй Haier  печь 60,000 төгрөгөөр, тоос сорогч 60,000 төгрөгөөр засуулсныг нэхэмжлэлд нэмж тооцсоноор  4,687,000-1,020,000=3,667,000+120,000=3,787,000 төгрөг. Нийт нэхэмжилж буй 4,687,000 төгрөгийн үнийн дүнг 3,787,000 төгрөг болгон багасгасан. Шинжээчээс “Д ” ХХК-ний буруутай ажиллагаа ус алдахад нөлөөлсөн гэх тул хохирлыг энэ компаниас гаргуулъя, хариуцагч Д.П-с татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 22:00 цагийн үед халуун усны далд шугам гэмтэж ус алдах үед бид гэртээ байгаагүй, гадуур ажилтай явж байгаад ирэхэд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч, ОСНААК-н “Д ” ХХК ажилтан, СӨХ-ийн албан хаагчид байсан.

Далд шугамын гэмтлийн улмаас ус алдсан нь манай гэр бүлээс шалтгаалаагүй тул бид хохирлыг барагдуулах үндэслэлгүй юм.

Бүх айлын халуун усны далд шугамыг 2017 онд ОСНААК-аас нэгдсэн журмаар солих шаардлагатай гэсэн учраас манайх дээд 5 давхрын айлтай холбоотой шугамыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ОСНААК-н “Д ” ХХК-ийн сантехникчээр солиулсан. Ийнхүү хоолойг солиход 70,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн хэсгийг байрны мөнгө төлөхөд гүйцээж төлсөн. Доод 3 давхрын 51 тоот айлтай холбогдсон шугамыг доод айл чинь солиулахгүй гэсэн тайлбар хэлсэн учир солигдоогүй байж байгаад 2018 онд 51 тоотын айл шугам хоолойг сольсон. Доод давхрын Д.Н халуун усны шугам хоолойг солиулахдаа манай гэрт орж ирж хувь хүнээр солиулсан. ОСНААК-аар солиулаагүй. Бид мэргэжлийн байгууллагаар солиулсан тул хариуцлага хүлээх үндэслэлгүй болно.

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ус алдахаас хэд хоногийн өмнө доод айл угаалгын өрөөндөө засвар хийсэн нь шугам хоолойг оролдож ачаалал өгсөн байж болзошгүй. Учир нь шугам хоолой буудаж ус алдсан хэсэгт хоолой нь 1-1,5 см орчим зайтай болсныг сантехникийн засварчин тайлбарласан.

Аливаа ус алдах, шугам хоолой гэмтэх зэрэг тохиолдолд яаралтай арга хэмжээ авах зориулалттай ус хаах хаалт байрлах талбайд айл оруулж, айл нь эзэнгүй байсан нь усыг яаралтай хааж, арга хэмжээ авах боломжийг хязгаарласан байсан. ОСНААК нь тухай үед шуурхай арга хэмжээ авч шугамын доод хаалтыг хааж ус алдалтыг зогсоох үүргээ биелүүлээгүй болно.

Дээрх бүгдээс үзэхэд энэхүү ус алдсан явдал нь манай гэр бүлээс шалтгаалаагүй тул бид хохирлыг барагдуулах үндэслэлгүй.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх зүйн үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна гэжээ.

 

Хариуцагч “Д ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Орон сууцны контор нь өөрийн харьяаллын байруудын гадна инженерийн шугам сүлжээ, байрны узелийн тоног төхөөрөмж болон узелийн эхний хаалт хүртэлх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийж ус дулааны хэвийн ажиллагааг хангах, нийт хэрэглэгч буюу оршин суугчдаас ирсэн дуудлагыг 24 цагаар хүлээн авч барагдуулах үндсэн үүрэгтэй.

Энэ үүргийнхээ дагуу 2018 оны 01-р сарын 23-ны өдрийн 22 цаг 15 минутанд 53-51 тоотоос ...дээд айлаас ус алдаад байна гэх дуудлагыг хүлээн авч дээд айл 53-58 тоотод очиход эзэнгүй байсан тул СӨХ-ны захиралаас өрөөний түлхүүрийг нь авч подвольд орж таван айлын босоо шугамын хаалтыг 22 цаг 35 минутанд хааж ус алдалтыг зогсоох арга хэмжээ авсан.

53-58 тоотын эзэд 23 цаг өнгөрч байхад ирж гэрт нь орж үзэхэд хэрэглээний халуун усны босоо шугамын холбох задарч ус адсан байсныг шинэчлэн хэвийн болгож халуун усыг нээсэн.

Манай байгууллагын зүгээс ирсэн дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч мэргэжлийн байгууллагын арга хэмжээг авч ажилласан тул хохирол барагдуулахад хамтран хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Мөн оршин суугчид сантехникийн шугам сүлжээний болон бусад гарч болох эрсдэлээс өөрийн эд хөрөнгийг бүрэн хамгаалах бүх төрлийн даатгалд хамрагдах учиртай, 51 тоотын айл энэ үүргээ биелүүлээгүй даатгуулаагүй байдаг.

Д.Н-ийн нэхэмжилсэн 3,787,000 төгрөг нь нийт гэмтсэн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнээс засвар хийлгэсэн дүнг хасаад гарсан төлбөр байгаа гэтэл үндсэн эд хөрөнгөө засуулаад одоо хэрэглэж байгаа тул дээрх нэхэмжлэл үндэслэлгүй. Харин засвар хийлгэсэн дүнгээр хохирол нэхэмжлэх үндэслэлтэй байх. Гэхдээ энэ хохирлыг манайх хариуцах учиргүй. Шинжээчийн дүгнэлтэнд  хананд бэхлээгүй гэх асуудлын хувьд хэрэглэгч нар нь өөрсдөө бэхлүүлээгүй, хананд бэхлэхэд бэлдэж өгөөгүй. Барилга барьсан, бариулсан компани нь ус хаах хаалтгүй хүлээлгэж өгсөн, доод давхартаа өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Д.П, “Д ” ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3,787,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигч буюу нэхэмжлэгч тал нь ...шинжээчээс босоо шугам задрахад “Д ” ХХК-ийг буруутай гэсэн дүгнэлт гарсан, ус алдсанаас учирсан эд хөрөнгийн хохирлыг Д  хариуцах ёстой гэж, хариуцагч Д  ХХК нь ...босоо шугам задрахад манай буруу байхгүй, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, тухайн шугамыг өөрсдөө сольсон, засвар хийхдээ салгасан байх гэж, хариуцагч Д.П  нь ...шугам задрахад манайх гэртээ байгаагүй, босоо шугамыг бид хариуцахгүй, шинжээчийн дүгнэлт ч гарсан байна гэж тус тус тайлбар гарган маргадаг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлээр олгогдсон эрх болон хуульд заасан нэхэмжлэгчийн эрх хэмжээний дотор хариуцагч Д.П-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байгаа хуулийн дагуу байх тул түүнд холбогдуулан гаргасан Д.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Хэрэгт цугларсан бичмэл баримтуудаас үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Д.П ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 000 байрны 58 тоот орон сууцны халуун усны босоо шугамын холбогч задран ус алдаж, улмаар нэхэмжлэгч Д.Н-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 000 байрны 51 тоот орон сууцны 00 өрөөний тааз, гал тогоо, том өрөөний тааз, том өрөөний ханын обой, паркетан шал, цахилгааны далд монтаж, хивс, модон ор матрас, цахилгаан хэрэгслүүд /хөргөгч, копьютер, дэлгэц, зурагт, шарах шүүгээ, систем хөгжим, цахим тоглоом, халуун тогтоо, угаалгын машин/, хувцасны шкаф, ханын стенкийг норгож гэмтээсэн болох нь ОСНАА-н “Д ” ХХК-ийн ус алдсан талаарх техникийн комиссын акт, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Б” ХХК-ийн ус алдсаны улмаас үүссэн хохирлыг үнэлсэн үнэлгээний тайлан, “Р” ХХК-ийн инженерийн тодорхойлолт, эд хогшил норсон байдлыг харуулсан гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч “Д ” ХХК нь дээр дурдсан үйл явдал болон ус алдсаны улмаас эвдэрч гэмтсэн зүйл, тоо ширхэгийн талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...халуун усны босоо шугамын холбогч задрах болсон нь хариуцагчийн хүсэл зоригоос гадуур болсон үйл явдал, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалтыг бид хариуцдаг, хэрэглэгчийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Д.П  нарын өмчлөлийн орон сууц нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 “Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийтийн зориулалттай орон сууцны байшин”-д хамаарах бөгөөд Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д тус тус зааснаар, орон сууцны “ариун цэврийн өрөөний хэсэг”, уг хэсэгт байрлах хэрэглээний халуун усны босоо шугамын холбогч нь нийтийн зориулалттай орон сууцны дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаардаг хэдий ч тухайн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага буюу хариуцагч “Д ” ХХК хариуцах учиртай.

 

Тодруулбал, хариуцагч “Д ” ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай 12 дугаар зүйлийн 12.1 “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ” гэж заасны дагуу мөн хуулийн 12.2.4 “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.5 “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.6 “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.7 “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.8 “бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгогджээ.

 

Улмаар хариуцагч “Д ” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 000 байрны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг талаар мэдүүлдэг ба талууд энэ талаар маргаагүй. Харин хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, засвар хийхдээ шугамыг татсан, хөдөлгөсөн, мэргэжлийн байгууллагаар шугамаа солиулаагүй, ус алдаж гэм хор учирахад манай буруу байхгүй гэх тайлбарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хэргийн оролцогчийн эрх үүргээ хэрэгжүүлээгүй, үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотлоогүй болно.

 

Дээрх үүргээ хэрэгжүүлээд тайлбараа нотолж чадвал түүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар хариуцлагаас чөлөөлөх боломжтой, түүнчлэн гэм хор учрахад нэхэмжлэгчийн үйлдэл нөлөөлсөн болохыг нотлож чадвал мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээг бууруулах боломжтой хэдий ч хариуцагч нь энэ үүргүүдээ биелүүлж чадаагүй.

 

Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр оршин суугч буюу өмчлөгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”, 14.7-т “Орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтэл /цэвэр, бохир ус, халаалт, хэрэглээний халуун усны шугам, тоног төхөөрөмж хагарч гэмтэх зэрэг/-ийг арилгах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцна” гэж оршин суугч болон мэргэжлийн байгууллагын үүргийг тодорхойлсон байна. Нэгэнт мэргэжлийн байгууллага болох ОСНАА-н “Д ” ХХК нь оршин суугч нарын дуудлагаар шугам сүлжээ засварлах, мөн ашиглалт, үйлчилгээг хариуцахаар ажиллаж байгаа, энэ талаар гэрээ байгуулаагүй гэж маргаагүй учир хэрэглээний халуун усны шугамын холбогч гэмтсэний улмаас бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

Түүнчлэн хариуцагч “Д ” ХХК-ийн буруутай үйлдлийн талаар шүүхээс томилогдсон шинжээчийн баг “...хэрэгцээний халуун усны босоо шугамыг шинэчлэн сольж угсрахдаа Ф20 мм босоо шугамыг хананд бэхэлгээ огт хийгдээгүй угсарсан нь даралт байнга хэлбэлздэг усан хангамжийн системд шугам хоолойн холбогчоор салах үндсэн шалтгаан болсон, ус алдсан нь ашиглагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

 

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “...Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасанчлан хариуцагч “Д ” ХХК-иас өөрт учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгч Д.Н шаардах эрхтэй.

 

Шүүх хуралдааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “Б” ХХК-ийн ус алдсаны маргааш буюу 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр биет үзлэг хийгдэж гарсан хохирол үнэлсэн үнэлгээний тайлан болон шинжээчээр томилогдсон “И” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлын хэмжээг барилгын нөхөн сэргээх өртөг 1,135,000 төгрөг, засварласан буюу засварлах эд хогшлын үнэлгээ цахим тоглоом 100,000 төгрөг, зурагт 130,000 төгрөг, угаалгын машин 50,000 төгрөг, систем хөгжим 25,000 төгрөг, компьютер, монитор 50,000 төгрөг, шарах шүүгээ 60,000 төгрөг, хөргөгч 280,000 төгрөг, 3ш хивс 70,000 төгрөг, гутлын тавиур 50,000 төгрөг, гал тогооны ком 200,000 төгрөг, ханын шкаф 480,000 төгрөг, ханын стенк 474,840 төгрөг, хөрөнгийн хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 158,000 төгрөг гэж тооцон 3,787,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,262,840 төгрөг болгон хариуцагч “Д ” ХХК-иас гаргуулна гэх мэдүүлгийг өгсөн байна.

 

Хариуцагчаас “Б” ХХК-ийн хохирлын хөрөнгийн үнэлгээнээс нөхөн сэргээх өртөг 1,135,000 төгрөгийн талаар маргаагүй ба эд хогшлын үнэлгээнээс зарим нэр төрлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбар, хүсэлтийг үндэслэн “И” ХХК-ийг шинжээчээр томилон дахин хөрөнгүүдийг үнэлүүлсэн бөгөөд аль аль нь хохирлын үнэлгээг гаргахдаа засварын ажлын хөлс, материалын зардал зэргийг засвар хийхээс өмнөх үеийн ханшаар, зах зээлийн бодит мэдээлэл, үнэ ханшаар тооцсон гэж үзэхээр байна. Сэргээгдсэн буюу засвар хийсэн хөрөнгийг үнэлэхдээ нэгэнт гарсан, бодит зардлыг харгалзаж, “өртгийн арга”-ыг хослуулан хэрэглэх тухай Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу үнэлгээг гаргасан нь хуульд нийцэж байна.

 

Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй дээрх багасгасан шаардлага болох 3,262,840 төгрөгийн хохирлын тооцоо нь хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагуудын ус алдсаны улмаас эвдэрч гэмтсэн эд хөрөнгө, нөхөн сэргээх засах өртөг, үнэлгээ, тайлангаар, техникийн комиссын дүгнэлтээр, гэрэл зургуудаар, цахилгаан хэрэгслүүдийг засварласан засварын газрын нэхэмжлэх, баримтаар, хөрөнгийн үнэлгээний газарт зардал төлсөн баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлдөг байна.

 

Иймд хариуцагч “Д ” ХХК-иас гэм хорын хохиролд 3,262,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, хариуцагч Д.П д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “Д ” ХХК-иас гэм хорын хохиролд 3,262,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 524,160 төгрөгийн шаардлагыг болон Д.П д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 89,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д ” ХХК-иас 67,155 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                 Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                         Б.ХИШИГБААТАР