| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0137/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
2023 3 17 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 2311000000110 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.Г, 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нарантуул-2” захт мах бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Төв аймгийн Эрдэнэ сум 3-р баг Баянтуул гэх газарт оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын .... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 1-45 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:.........../
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Г.Утэй 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт биед нь халдаж зодсон, 2022 оны 11 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архины мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар толгойн тус газар гурилын илдүүрээр цохиж хагалсан, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ толгойн тус газар нь цохиж зодсон, 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын ....тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “янхан, гичий” гэж хэл амаар доромжилж нүүрэн тус газарт цохих, үсдэх, толгойн тус газарт тэлээгээр ороолгох зэргээр байнга зодсон,
Мөн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын .....тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Уийг “янхан, гичий” гэх зэргээр хэл амаар доромжилж нүүрэн тус газарт цохих, үсдэх, толгойн тус газарт тэлээгээр ороолгох зэргээр зодож, биед нь хоёр чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүгдэгч Б.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч Б.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн өдөр эхнэр Утэй маргалдаж эрүүлжүүлэх саатуулах байранд хоносон. Би Утэй хамт амьдраад 10 жил болж байгаа ба дундаасаа 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Бид гэрлэлтээ батлуулж 2 жил болж байгаа болно. 2021 оны 11 дүгээр сараас манай эхнэр У шатахуун түгээх станцид түгээгчээр ажилд ороод ажиллах болсон ба тэр үедээ гэр бүлээс гадуур өөр хүнтэй уулзах болсон. Орой ажлаа тарж ирээд гэртээ хоол унд хийхгүй мөн гэр бүлдээ анхаарал халамж тавихгүй болсон. Би тэр үедээ уурлаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа ажил дээр нь очиж агсам согтуу тавиад эрүүлжүүлэх саатуулах байранд хоносон ба тэр үеэс бидний харилцаа хөндийрч эхэлсэн. Уээс “..Чи өөр хүнтэй уулзаад байгаа юм уу..” гэж асуухад надад үгүй л гэж хэлдэг байсан тул би тухайн үедээ тоохгүй өнгөрөөсөн. 2022 оны 10 дугаар сард би 2 сарын хугацаатай самарт яваад 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар хотод ирээд эхнэр Урүү гар утсаар ярихад шинэ жилээ тэмдэглэж байна гэж хэлсэн. Би тэр өдөр өөрийнхөө ээжийн гэрт очиж хоноод маргааш нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 14-285 тоотод гэртээ иртэл манай гэрт танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Би эхнэр Уийг тэр хоёр хүнээс хаана байгаа талаар асуухад тэр хоёр мэдэхгүй гэсэн тул би гэрээсээ тухайн хоёр хүнийг хөөж явуулсан. Би гэрийнхээ хаалгыг түгжээд Урүү гар утсаар ярихад Сүхбаатарын талбай дээр уулзъя гэхээр нь очиж уулзсан ба намайг тээврийн хэрэгслээ өөрийнхөө нэрлүү шилжүүлээд өгчих, хоёулаа салъя, би эгчийндээ байна гэж хэлсэн. Хэсэг яриа өрнүүлж байгаад би дүү Тын гэрлүү эхнэр өөрийнхөө гэрлүү явсан. Хэсэг хугацааны дараа У надруу залгаж“ ..Би хоёр найзтайгаа Улиастай явлаа..” гэж хэлсэн. Би тэр орой гэрлүү очиж үзье гэж бодоод гэртээ иртэл У байхгүй мөн л нөгөө танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр найз нь байсан. Уийг хаана байгаа талаар асуухад Баянхошуунд өөр залуутай байгаа гэж хэлсэн учраас би Урүү залгаж хаана байгаа талаар нь асуухад Баянхошуунд нөхрийндөө байна, манай нөхөр согтуу миний араар унтаж байна гэж хэлсэн. Би гар утсаар ярисаар байгаад Баянхошуунд нэг айлд очтол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сууж байсан. Би эхнэрээ аваад гэртээ ирсэн ба тухайн өдрөөс 2-3 хоног өнгөрсөн ба 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр энэхүү асуудлаас болж багахан маргалдсан ба манай эхнэр би өөр хүнтэй унтсан, тэгээд яадаг юм гэж надад хэлсэн. Би тэр өдөр нь Уийн эрэгтэй найзтай нь гэрийн ойролцоо пабд архи согтууруулах ундааны зүйл би хэрэглэсэн юм. 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр ажилдаа яваад би ажилдаа яваагүй ба эхнэрийг орой ажлаа ирэх үед нь Утэй хэрэлдэж маргалдсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уурандаа эхнэр Уийн үснээс хоёр гараараа үсдэж нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа алгадсан. Тэр үед хамт байсан гэх Уийн хоёр найз болох П, Б нар У бид хоёрыг салгаж болиулсан..” гэсэн мэдүүлэг /хх-33-5/,
Хохирогч Г.Уээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-285 тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг...Одоогоор манай гэрт Бээ болон П нар хамт хэсэг хугацаанд амьдарч байгаа ба найз Бий төрсөн өдөр болсон. Бээ Г хоёр гарчхаад ирье гээд орой 20 цаг 30 минут гэж гараад, 21 цаг 30 минут гээд орж ирсэн юм. Тэгээд нөхөр Г нэлээн согтсон байдалтай байснаа намайг үг хэлээр доромжпоод, хараагаад миний толгой руу гараараа цохисон. Тэгээд Бээ П хоёр салгасан. Маргааш нь Бээ, Пгийн хамт 17 цагт ажлаасаа тараад, 19 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд Г согтуу байдалтай байсан ба мөн дахиад хэрүүл уруул хийгээд, намайг хэл амаар доромжлоод байхаар нь би чимээгүй сууж байгаад сүүлдээ тэсэхээ байгаад, чи тэгвэл яах гэж янхантай суусан юм бэ? Би дөрвөн хүүхдийг чинь гаргасан гэж хэлтэл уурлаад, миний нүүр лүү гараараа цохиод, үсдээд, мөн толгой руу урдаа төмөртэй, арьсан өөрийнхөө тэлээгээр миний толгойг цохисон. Тэгээд Бээ, П нар салгасан. Тэгээд цагдаад дуудлага өгтөл гэрээс хар өмд, хар куртиктэй гэрээс зугтаад гараад явчихсан. ..Намайг сүүлд 3 сар орчмын өмнө гэртээ байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд мөнгө нэхээд байхгүй гэтэл миний толгойг гурилын элдүүрээр цохиж хагалсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаад шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Г цагдаатай уулзалгүй зугатаагаад гэртээ 2 сарын гарангийн дараа ирсэн.. 2022 оны 04 сарын 06-ны өдөр намайг Баянхошуу руу давдаг Горгаз орчимд зодоод Сонгинохайрханы цагдаад хандаж байсан юм. ..Нөхөр Г миний толгой руу гараараа цохиж мөн тэглээгээр ороолгосон. ..Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-10-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 1236 дугаартай дүгнэлтэд: /хх-25-26/ “..Г.Уийн биед хоёр чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх шинжээч эмчийн дүгнэлт,
Гэрч Э.Пгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20/ “..Г гэнэт босож ирээд Уийн үснээс зуураад доошоо дарчихсан би айгаад хажуу тийшээ болоод хараагүй. Тэгэхээр нь манай нөхөр очоод салгаад У цагдаад дуудлага өгсөн. Би өөрөө айгаад харж чадаагүй байж байгаад хартал Уийн хацар, хөл нь хөхрөөд хавдчихсан байсан..” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Гы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-36/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-37/, аюулын зэргийн үнэлгээ /хх-47-49/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн харилцаа хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Г.Утэй 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл удаа дараа буюу байнга зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Уийг “янхан, гичий” гэх зэргээр хэл амаар доромжилж нүүрэн тус газарт цохих, үсдэх, толгойн тус газарт тэлээгээр ороолгох зэргээр зодож, биед нь хоёр чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг мөн хангаж байна.
Шүүгдэгч Б.Г нь прокуророос яллаж буй хэргүүдийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар мөн тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Гы дээрхи үйлдлийн улмаас Г.Уийн биед хоёр чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Гы үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” мөн хуулий тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр гэм буруугаа хүлээсэн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг, мөн түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тус тус сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Г.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” мөн хуулий тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
7. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР