Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо  даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт О.С холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220******* дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             Шүүгдэгч О.С нь “2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Пламинго баарны үүдэнд “найз дээрэлхсэн” гэх шалтгаанаар хохирогч М.Г нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй”  гэв.

Шүүгдэгч О.С нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Пламинго баарны үүдэнд “найз дээрэлхсэн” гэх шалтгаанаар хохирогч М.Г нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Хохирогч М.Гэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний орой манай 3 найз болох Т, Т, Г нартай хорооллын Өргөө кино театрын замын эсрэг талд байрлах “Пламинго” бааранд орсон. Эхлээд Т, Т, Гнар орсон. Би араас нь найз охин Э-н хамт найзуудыгаа авах гээд орсон. Тэгээд гарах гэж байхад Т, Т, Г нар жаахан байж байгаад гаръя гэж хэлэхээр нь би ариун цэврийн өрөө орчхоод гарч ирэхэд найз охин Э маань бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Гэтэл нэг үл таних залуу ороолтоор биеийг нь ороогоод татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би очоод надтай хамт явж байгаа юм больчих гэж хэлсэн. Тухайн үл таних залуу би бүжиглэж байна хол бай гэсэн. Тэгэхээр нь би тухайн залууг түлхсэн чинь тухайн үл таних залуу гараад ир үзье гэж хэлсэн. Хажуу талаас цэнхэр өнгийн цамцтай үл таних залуу ирээд гар бариад боль гэж хэлээд салсан. Тэр хооронд найз охин маань утсаар ярихаар гарсан. Удалгүй орж ирээд бааранд намайг хоргоогоод байсан залуу гадаа намайг хоёр гарынхаа дунд оруулчхаад оролдоод явуулахгүй байхаар нь би зугтаад гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь гарч очиж уулзан би чамд хоёр дахь удаагаа хэлж байна шүү дээ одоо больчих гэж хэлэхэд намайг цохих гэж оролдсон. Найзууд болох Т, Т, Гнар араас гарч ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл цэнхэр өнгийн цамцтай залуу гарч ирээд миний нүүр хэсэг рүү буюу хамар, нүд хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад тухайн залуугаас холдоход тэр залуу намайг дуудсан. Намайг очиход тухайн залуу яагаад найз дээрэлхээд байгаа юм гэж хэлчхээд гар бариад яваад өгсөн. Дараа нь би найзуудыгаа дагуулж гэмтэл орж үзүүлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хэргийн 7 дугаар хуудас/,

Гэрч Г.Тн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 31-ны шөнө 11 цаг 30 минутын орчим өөрийн ихэр болох Г.Т, Гнартай хамт Хорооллын Өргөө кино театрын замын эсрэг талд байрлах “Пламинго” бааранд орсон. Тэнд хүний 2 шил 0.5 граммын пиво уугаад сууж байсан. Манай найз болох М.Г найз охин Эхамт бид гурвыг авах гэж ирсэн. Тэгэхээр нь бид 3 жаахан байж байгаад гаръя гэж хэлээд суусан. Тэгээд Т найз Г-той хамт би бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Манай найз М.Г андаа гарчхаад ирье гэж хэлээд бид 5 бөөндөө гарсан. Гараад манай найз М.Г үл таних залуутай маргалдаад эхэлсэн. Тэгээд барьцалдаж авахаар нь би болон манай найзууд салгасан. Тухайн үл таних 2 залуутай юм яриад зогсож байсан. Араас нь баарнаас 2 залуу гарч ирээд эхлээд шоотой эрээн өнгийн цамцтай залуу М.Г  нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Дараа нь тухайн залуутай хамт баарнаас гарч ирсэн нэг үл таних залуу нь миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад ариун цэврийн өрөө ороод  цусаа угааж байсан ба миний хамар хэсэг хавдсан байсан. Би жаахан сууж байгаад гарч ирээд цагдаа дуудсан. ...М.Г цохисон залууг харвал танина, намайг цохисон залууг харвал танихгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай найз залуу болох М.Г найзууд нь Хорооллын Өргөө кино театрын зэрэгцээ замын эсрэг талд байрлах “Пламинго” бааранд байгаа хоёулаа манай найзуудыг аваад манай найз О хонохоор болоод тухайн бааранд хамт орсон. Тэгээд манай найз залуу М.Г болон Г.Т, Г.Т, Гнар 1 дуу дуустал бүжиглэхээр болоод бид нар бүжиглэсэн. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад 2 үл таних согтуу залуу ирээд намайг ороолтоороо ороогоод өөр лүүгээ татаад тавихгүй байсан. Манай найз залуу М.Г намайг тухайн 2 залуугаас холдуулсан. Гэтэл тухайн 2 залуу нааш ир, гадаа гараад уулзъя гээд байсан. Гэхдээ манай найз залуу тухайн залуучуудтай ярилцаад учраа олсон. Бид хэд гарахаар болоод би утсаар ярих гээд түрүүлээд гарсан. Миний араас нэг үл таних залуу гарч ирээд гараараа хананд хашиж зогсоод гаргахгүй, миний бие хэсэгт хүрэхээр нь би тухайн залуугаас холдоод найз залуугаа дуудсан. Найз залуу маань гарч ирээд намайг аваад орох гэхэд тухайн 2 залуу маргаан үүсгэсэн. Гэтэл М.Г  нэг үл таних согтуу залуутай маргалдаад зогсож байсан. М.Г найзууд гарч ирээд маргааныг зогсоож орох гэж байтал тухайн согтуу хэл ам гаргаад байсан залуугийн 2 найз нь гарч ирээд шоотой эрээн цамцтай 185 см орчим өндөртэй, биерхүү, бор царайтай, бүлцэн нүдтэй залуу нь М.Г-г  1 удаа нүүр буюу хамар хэсэг рүү нь цохисон. Харин хамт гарч ирсэн үл таних улаан куртиктэй, 170 см орчим өндөр, туранхай V хэлбэрийн царайтай, бор онигор юм уу бүлцэн нүдтэй залуу нь Г.Т-г1 удаа нүүр, хамар хэсэг рүү нь цохисон. Харин эрээн цамцтай залуу бүх хүн рүү дайрч байсан. ...Би харвал танина. Тухайн үед нэг залуу нь надад утасны угаараа өгч байсан бөгөөд 99******** гэсэн дугаартай...” гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 15-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15110 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн:

“1. М.Г-н биед хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хэргийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр би бэлтгэлээ тараад 22 цагийн орчим гэртээ харих гээд явж байхад найз С залгаад Хорооллын эцэст хүрээд ир гэхээр нь яваад очсон. Хорооллын эцэст С Э хамт байсан. Бид тэндээсээ Өргөө кино театрын замын эсрэг талд байрлах “Пламинго” бааранд орж 0.75 граммын архи уунгаа бүжиглэсэн. Манай найз С, Э хамт гарсан. Тэгээд Э гадаа маргаан боллоо, С гадаа хүнтэй маргалдаад, түүнийг нэг үл таних хүн цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очиход манай найз С нэг үл таних залуутай маргалдаад зогсож байсан тул би маргалдаж байсан залуугийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Гэтэл тухайн залуу эргэж хараад тэр хооронд найз охин болон найзтай нь учраа олоод зогсож байхад миний цохисон үл таних залуугийн найз гээд нэг залуу ирээд миний хамрыг танай найз хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө цохисон залуугаас уучлалт гуйж утасны дугаараа өгөөд салсан. ...Алаг шоотой срочкан цамцтай, жинсэн өмдтэй байсан. ...Би тухайн хүний хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 38 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

        Шүүгдэгч О.С нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Пламинго баарны үүдэнд “найз дээрэлхсэн” гэх шалтгаанаар хохирогч М.Г нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, хамар зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.С нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч О.С нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч О.С гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, хохирогч М.Г “...хохирлоо бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол, саналгүй...” гэх хүсэлт /хэргийн 47 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 Шүүгдэгч О.С хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 Шүүхээс шүүгдэгч О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч О.С 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овогт О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч О.С-д урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО