Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга А.Болор,

          Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

          Хохирогч С.Цэдэв /РД: НА83092977/, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /0192/,

          Шүүгдэгч Э.Батчөдөр, түүний өмгөөлөгч Д.Мөнхбаатар /0482/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Батчөдөрт холбогдох эрүүгийн 2016 2501 3310 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1979 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Төв түшээ” ХХК-ний “Говь ресорт” спорт амралтын төвд ээлж хариуцсан менежерийн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 203 дугаар байрын 10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Улаанаа гэж дууддаг, Боржигон овогт Эрдэнэцогтын Батчөдөр, /РД: ТИ79052411/,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Э.Батчөдөр нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт Туул голын эрэг дээр байгууллага хамт олноороо салхинд гарч байхдаа хамт ажилладаг С.Цэдэвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь “Эрүү ясны хугарал, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар цус хуралт, 2 шүдний сулрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөдөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батчөдөрийн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэдэвийн өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгууллага хамт олноороо салхинд гарсан юм. Би тухайн үед согтуу байсан. Тэгээд Батчөдөр бид хоёр хоорондоо маргалдаж Батчөдөр намайг цохисон. Би 8 хоног эмнэлэгт хэвтэж, хагалгаанд орсон. Надад 3.400.000 төгрөгийн хохирол учирсан. Би шүүгдэгчээс 3.000.000 төгрөг нэхэмжилж байсан ба 3.000.000 төгрөгийг надад төлж барагдуулсан. Цаашид би өөрийн шүдэндээ эмчилгээ хийлгэнэ” гэх мэдүүлэг,

 

             Мөрдөн байцаалтанд хохирогч С.Цэдэвийн өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 07 өдөр ажлын газрынхан Гачууртын голын эрэг дээр 16 цагийн үед очсон. Тэнд Өнөржаргал, Төмөрбаатар, Балдан, Батчөдөр, Дэлгэрсайхан, Баянжаргал, Намуунаа нар хамт явсан. Бид нар тэнд очоод 2-3 шил “Соёрхол” нэртэй архи хувааж уусан. Цаг хэд болж байсан талаар бол мэдэхгүй байна, гэгээ тасарч байсан байх, би Баянжаргал гэдэг ажлын охинтой хамт голын эрэг дээр усаар тоглоод байж байхад Баянжаргал уурласан чинь Батчөдөр Баянжаргалыг өмөөрөөд “одоо болио” гэхээр нь, би “та энийг өмөөрөөд яахав дээ” гэж хэлээд хоорондоо маргалдсан чинь Батчөдөр нэг удаа миний шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд цаашаа маргаан зодоон болоогүй, бид хоёрыг ажлын газрын хүмүүс салгаад, би тэндээс харих гэж явж байгаад цагдаатай таараад цагдаад мэдэгдсэн. Батчөдөр Баянжаргалыг өмөөрөөд миний шанаа руу нэг удаа цохисон... Баянжаргалыг тоглоод өргөж байгаад алдаад унагаасан зуйл байхгүй ээ. Уг асуудлаас болж Батчөдөр Баянжаргапыг өмөөрч надтай маргалдаж байгаад намайг цохисон нь үнэн. Миний зүүн эруү 2 газар хугарсан, мөн үүдэн доод хоёр шүд унасан. Өөр гэмтэл байхгүй. Миний эмчилгээний зардал болон шинжилгээ хийлгэсэн эм тариа авсан, эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн нийт 845.000 төгрөг, үүдэн хоёр шүд хийлгэх 4.5 сая төгрөг, ажилгүй үеийн 1 сарын цалын 700.000 төгрөг, сэтгэл санааны хохирол болох 1 сая төгрөг, нийт 7,000,000 /долоон сая/ төгрөг нэхэмжилж байна. Хэрэв энэ нэхэмжилж буй хохирлыг барагдуулах юм бол миний зүгээс гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх.12/,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Төмөрбаатарын өгсөн: “2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манайх ажлын ээлжинд ажилладаг хүмүүс бөөндөө салхинд гарахаар болоод Гачуурт руу явсан. Тэнд голын эрэг дээр нэг ээлжинд хамт гарч байсан Батчөдөр, Балдандаваа, Өнөрцэцэг, Намуунцэцэг, Дэлгэрмаа Баянжаргал нарын хамтаар 14 цагийн үед очсон. Тэнд очоод бид нар майхан саваа бариад, цайгаа уучихаад хөзөр тоглож, хорхог хийж идсэн. Бид нар тэнд 2-3 шил архи тойруулж уусан. Би ер нь архи уудаггүй болохоор анх архи задлах үед нь дээж гээд нэг удаа авсан, тэрнээс хойш уугаагүй ээ... Тэгээд бид нар 15 цагийн орчим хөзөр тоглоод сууж байхад Батчөдөр “чи боль гээд байхад” гээд гэж хэлж байхыг сонссон, тэгээд харсан чинь Цэдэвээ доошоо явган суучихсан байдалтай Батчөдөрт хандаж “чи хоёр шүд хуга цохичилоо шүү дээ” гэж хэлэхээр нь би босоод яваад очоод юу болоод байна гэж асуухад, Батчөдөр хэлэхдээ “Энэ Баянааг өргөөд шидчихлээ, хүн зөндөө хэлээд байхад" гэж байсан. Тэгээд Цэдэвээ Батчөдөр хоёр хоёулаа тус тусдаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх.13-14/,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч П.Өнөрцэцэгийн өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр бид нар ажлаас буугаад манай дээр хүлээн авагч хийдэг Баянжаргал гэх охин ажлаа өгөөд хичээлдээ орж байсан учир гаргаж өгөнгөө, хамт гардаг ээлжийнхээ хүмүүстэй салхинд гарч амрахаар болоод Баянзүрх дүүргийн Гачууртад голын эрэг дээр очсон. Тэнд бид нар 14 цагийн орчимд очоод майхан бариад, хорхог хийгээд, тоглож сууцгаагаад 2 шил архи бөөндөө уусан. Тэнд Батчөдөр, Дэлгэрмаа, Намуунцэцэг, Баянжаргал, Төмөрөө, Цэдэвээ, Балдандаваа нар гээд нэг ээлжинд гардаг 8 хүн хамт явсан. Бид нар тэнд хэсэг хөзөр тоглож суучаад, хоорондоо юм ярьж сууж байсан. Тэр үед би майхан дотор ороод үүдэнд сууж байхад бусад хүмүүс майхны урд тойроод сууж байсан. Майханы хажууд Баянаа уурлаад “зүгээр байгаач, яах гээд байгаа юм” гээд байхаар нь харсан чинь Цэдэвээ 2 гар дээрээ өргөсөн байдалтай байсан. Тэгж байгаад менежер Батчөдөр “яах гээд байгаа юм бэ чи” гээд Цэдэвээд хэд хэдэн удаа хэлсэн чинь, Цэдэвээ “та энэ муу охиныг өмөөрөөд байгаа юм уу” гэж хэлсэн чинь, Батчөдөр уурлаад очоод нүүр лүү нь нэг удаа цохиод “чи яах гээд байгаа юм бэ, хүн түрүүнээс хойш хэлээд байхад чинь” гэж хэлээд салсан. Батчөдөр Цэдэвээг нэг л удаа цохисон, тэгээд өөрөө яваад өгсөн. Харин сүүлд сонссон чинь Цэдэвээ Баянжаргалыг хэд хэдэн удаа унагаахаар нь Батчөдөр очиж цохисон гэж хэлсэн. Би Цэдэвээг Баянжаргалыг өргөж байхыг харсан, харин унагаахыг бол хараагүй майхандаа байж байсан. Тухайн үед тэнд Баянжаргал уйлсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх.16-17/,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Л.Баянжаргалын өгсөн: “... Би он сарыг нь сайн санахгүй байна. 2016 оны 09-р сарын эхээр байсан байх. Би сургуульдаа орох гээд ажлаасаа гарч байсан болохоор манай хамт гардаг нэг ээлжний ажилчид нийлээд Гачуурт луу салхинд гарахаар болсон. Тэгээд Гарчууртын орчим Туул голын эрэг дээр очсон. Тэнд очоод хорхог хийж идээд, 1 билүү 2 шил архи ууж байсан. Зарим нь тоглож, зарим нь урьд өдөр ээлжнээс буусан болохоор майханд унтаж байсан. Би майханд унтаж байгаад сэрээд, хорхог идэх гэж байхад Цэдэв хүрч ирээд намайг араас тэвэрч аваад майхны урд унагаасан. Тэгээд босох гэж байхад дахин барьж аваад голын эрэг руү чирээд байсан. Би болиоч гэж уурлаад хэлсэн чинь тоохгүй чирч байгаад, дахин өргөж байгаад унагаасан. Тэгээд дахиад тэвэрч босгоод өргөж байгаад унагаасан. Ингээд намайг гурван удаа тэвэрч байгаад унагаасан. Би бөгсөөрөө хүчтэй унасан болохоор уурлаад боль гэсэн чинь согтуу байсан болохоор тоохгүй байсан. Тэр үед Батчөдөр ах анх шидэх үед л болиоч гээд уурласан чинь тоохгүй байсан. Гуравдахь удаа уначихаад өвдөөд уйлсан чинь Батчөдөр ах ирээд чи хүний үг сонсохгүй юм гээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Цэдэв цохиулаад доошоо хараад хэвтээд байсан. Дараа нь харсан чинь амнаас нь цус гарсан. Тэр хоёр хоорондоо маргаж байсан. Тэгээд бид нар машинаа дуудаад буцсан. Цэдэв цохиулсны дараа Батчөдөр ахад хандаж “чи намайг энэ нэг муу хүүхнийг өмөөч зодлоо” гээд уурлаад байсан. Тэгж хэлэхэд Батчөдөр ах “энэ жаахан охин оролдоод, юун хүүхэн гэж” гээд намайг өмөөрсөн. Цэдэвээ Балдандаваа гэдэг хүнтэй түрүүлээд явсан. Батчөдөр ах дараа нь харилаа гээд яваад өгсөн... Цэдэвээ нилээд согтолттой байсан. Энд тэнд унаад л байсан. Бид нар унт гэсэн ч яваад байсан. Батчөдөр тийм их согтоогүй, өөрийгаа хянах чадвартай байсан. Манай ажлыхан анх намайг гэрээс ирж авах үед микро автобусан дотор пиво уугаад явж байхдаа Цэдэвээ тэр дунд ганцаараа согтуурхаад өдөөд байсан. Тухайн үед би Цэдэвээгийн гаргасан үйлдэлд ямар нэг зүйл яриагүй байхад, Цэдэвээ өөрөөсөө болж ийм асуудалд орчихоод цагдаагийн байгууллагад Батчөдөр ахыг өгсөн явдалд гомдолтой байна. Батчөдөр ах намайг өмөөрч ирээгүй байсан бол тэр үед үргэлжлээд юу болох байсан талаар би хэлж мэдэхгүй байна. Магадгүй би тэнд хохирогч болсон байхыг үгүйсгэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.19-20/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Намуунцэцэгийн өгсөн: “... Хэрэг болсон өдөр бид нар ажлынхаа нэг ээлжийнхээ хүмүүстэй хамт Гачуурт луу салхинд гарсан. Тэнд бөөндөө 2 шил архи хувааж уугаад, хорхог хийж идээд, тал нь голын эргээр яваад зарим нь хөзөр тоглож байсан. Тэгээд би хөзөр тоглоод сууж байхад, миний ард Цэдэвээ Баянжаргалтай ноцолдоод байх шиг байсан. Баянжаргалын дуу гараад зүгээр бай гэж хэлж байсан. Би өөрөө хөзөр тоглож байсан болохоор хараагүй. Тэгж байхад Батчөдөр ах “Зүгээр байлдаа Цэдэвээ” гээд орилж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа “зүгээр байгаачээ чи” гээд Батчөдөр ах босоод ирсэн. Би эргээд харахад Батчөдөр ах Цэдэвээ дээр очоод зүгээр байлдаа гэж хэлээд нүүр лүү нь нэг удаа цохид авсан. Дахиад цохиогүй ээ. Харин Цэдэвээ доошоо суугаад амнаас нь цус гарч байсан. Тэгээд бид нар больцгооё, явцгаая гээд машинаа дуудаад явсан. Машин ирэхээс өмнө Цэдэвээ Балдандаваатай хамт яваад өгсөн. Батчөдөр ах түрүүлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх.21-22/,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Н.Дэлгэрмаагийн өгсөн: “... Хэрэг болсон өдөр бид нар ажлынхаа нэг ээлжийнхээ хүмүүстэй хамт Гачуурт руу салхинд гарсан. Тэнд очоод бид нар хорхог хийж идэж, ганц нэг нь өглөө буусан болохоор майханд унтаад, бусад нь хөзөр тоглоод сууж байсан. Тэр үед Цэдэв Баянжаргал гэдэг охиныг барьж аваад ус руу оръё гээд өргөөд өөрөө даахгүй унагаад, зууралдаад байсан. Баянжаргал боль гээд уурлаад байхад нь болихгүй зууралдаад байхаар нь Батчөдөр болон бусад хүмүүс болио гэж хэд хэдэн удаа хэлсэн чинь болихгүй унагаагаад уурлуулсан чинь Батчөдөр босож очоод хэсэг маргалдах шиг болоод, нүүрлүү нь нэг цохиод авсан юм шиг байна лээ. Би бол яг цохихыг нь хараагүй. Намайг харахад Цэдэвээ доошоо тонгойгоод нүүрээ дараад суусан байсан. Батчөдөрийг боль боль гэсэн чинь холдоод явсан. Тухайн үед Цэдэвээ нилээд согтуу байсан. Батчөдөр бол халамцуу байсан. Тэгэсгээд бид нар “заза орой болчихлоо, унаагаа дууд, явъя” гээд унаагаа дуудаад явцгаасан. Унаа ирэхээс өмнө Цэдэвээ Балдандаваа хоёр яваад өгсөн. Батчөдөр бас түрүүлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх.24/,

 

             Мөрдөн байцаалтанд гэрч Б.Амарзаяагийн өгсөн: “... Би болсон хэргийн талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Би тухайн үед хамт яваагүй. Миний сонссоноор Цэдэвээ Баянжаргал гэх охиныг ус руу авч шидэх гээд тэвэрч аваад, унагаад, согтчихоод Баянжаргал руу дайраад байхаар нь, манай нөхөр Батчөдөр хэд хэдэн удаа хэлсэн боловч, болихгүй байхаар очоод нэг удаа цохисон гэж л дуулсан. Тэгээд Цэдэвээ гэмтсэн юм шиг байна лээ... Би Цэдэвээтэй 5 жил хамт ажиллаж байна. Ааш зан, ажил төрлийн хувьд сайн. Гэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жаахан тавьтаргүй болчихдог талдаа, өөрөө жаахан архинд дуртай талдаа хүн. Өмнө нь хэд хэдэн удаа амарч зугаалгаар явж байхад архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа өмнөх менежер болон тогоочтой зодоон хийж байсан. Архи уухаараа эмэгтэйчүүдийг тэвэрч аваад үнсэж үнгэх гээд дайраад байдаг хүн” гэх мэдүүлэг /хх.26/,

 

             Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12586 тоот: “Цэдэвийн биед эрүү ясны хугарал, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар цус хуралт, 2 шүдний сулрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.28/,

 

             Мөрдөн байцаалтанд Э.Батчөдөрийн сэжигтнээр өгсөн: “... 2016 оны 09-р сарын 07 өдөр манай ээлжинд хамт гардаг ажилчид бөөндөө Улаанбаатар хотод Гачуурт руу очиж амаръя гээд бөөндөө явсан. Тэгээд Гачууртад голын эрэг дээр Өнөрөө, Төмөрбаатар, Намуунаа, Баянжаргал, Цэдэв, Балдандаваа нарын хамт очсон. Голын эрэг дээр бид нар 13 цагийн үед очоод хорхог хийж идээд хөзөр тоглоод 2 шил 750 грамын хар Чингис нэртэй архи, Баянжаргалаас бусад нь хувааж уугаад байж байсан. Тэгээд 18 цагийн орчим гэхэд тэнд байсан хүмүүс бүгд халсан байдалтай байж байхад, Цэдэвээ Баянжаргал гээд манай амралтын газар хүлээн авч хийдэг, давхар сурдаг эмэгтэйг барьж аваад байснаа, нэг барьж авахдаа өргөж байгаад сул тавиад газар унагаасан. Тэгсэн чинь Баянжаргал доош уначаад тэнд уйлаад байхаар нь би Цэдэвээ дээр очоод “чи эмэгтэй хүнтэй яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь өөдөөс агсраад, пиздаа гэж хараагаад, намайг бараг танихгүй байсан. Тэгж байгаад надтай маргаж байгаад дахиад хараахаар нь би баруун гараараа зүүн шанаа руу нь нэг удаа гараараа цохисон чинь газар унасан. Тэр үед манайхан боль боль гээд салгахаар би болиод байж байхад амнаас нь бага зэрэг цус гарч байсан. Би тэнд хэсэг байж байгаад гэрлүүгээ явсан. Харин маргааш нь Цэдэвээ намайг эрүү хугалсан гээд цагдаад өгсөн байсан... Тухайн үед Баянжаргалыг Цэдэв барьж авч байснаа, өргөөд шийдээд уйлсан болохоор нь Баяржаргалыг өмөөрч очоод эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй шүү дээ гэж хэлсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод, хараагаад, агсраад байхаар нь би нэг удаа цохисон. Уул нь биед нь ийм гэмтэл учруулъя гэж бодоогүй, хамар, нүд ам руу нь цохиод яахуу гэж бодож байгаад, нэг удаа шанаадсан чинь ийм зүйл болсон. Би биед нь гэмтэл учруулсан асуудалдаа харамсаж байна. Би өөрөө 3 эмэгтэй дүүтэй хүн болохоор эмэгтэй хүнтэй эвгүй харьцаад байгаа хүнтэй жаахан тааламжгүй ханддаг аа. Тухайн үед миний охин дүүгээс өөрцгүй Баянжаргалыг унагаад уйлсан болохоор би өмөөрч очоод л ийм ийм болчихлоо. Тэрнээс надад Цэдэвийг цохиж зодох гэмтэл учруулах бодол байгаагүй ээ” гэх мэдүүлэг /хх.34/,

 

          -Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.40/,

          -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.41/,

          -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх.43/,

          -“Төв Түшээ” ХХК-ийн тодорхойлолт /хх.45/,

          -Э.Батчөдөрийн хувийн байдал тогтоосон баримтууд /46-50/,

          -Хохирол төлсөн баримт /хх.61/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Э.Батчөдөр нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутагт Туул голын эрэг дээр байгууллага хамт олноороо салхинд гарч байхдаа хамт ажилладаг С.Цэдэвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь “Эрүү ясны хугарал, эрүү, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар цус хуралт, 2 шүдний сулрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд /хх.12/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэдэвийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд гэрч Ц.Төмөрбаатар /хх.13-14/, П.Өнөрцэцэг /хх.16-17/, Л.Баянжаргал /хх.19-20/, Д.Намуунцэцэг /хх.21-22/, Н.Дэлгэрмаа /хх.24/, Б.Амарзаяа /хх.26/ нарын өгсөн мэдүүлэг,      Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 12586 тоот дүгнэлт /хх.28/, мөрдөн байцаалтанд Э.Батчөдөрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх.34/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Э.Батчөдөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Батчөдөрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцлүүд, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Батчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Цэдэв нь шүүгдэгчид гомдолгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Хохирогч С.Цэдэв нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын бусад нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мөн дурдвал зохино.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Эрдэнэцогтын Батчөдөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батчөдөрт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батчөдөрт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Батчөдөр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 3.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч С.Цэдэв нь гомдолгүй, одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5. Хохирогч С.Цэдэв нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын бусад нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Э.Батчөдөрт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Батчөдөрт авсан урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР