| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0941/3 |
| Дугаар | 221/МА2025/0240 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0240
“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т” ХХК
Хариуцагч ХБХСГ
Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Т” ХХК-д Б дүүргийн ** дугаар хороо, Э гудамж, ** хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан ХБХГ-ын /шинэ нэрээр “ХБХСГ”/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** тоот албан бичиг, ХБХСГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/** тоот албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа ХБХСГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох” гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Барилын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаар шийдвэр
Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д
Хэргийн индекс: 128/2024/0941/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь ХБХСГт холбогдуулж “Нэхэмжлэгч “Т” ХХК-д Б дүүргийн ** дугаар хороо, Э гудамж, ** хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан ХБХГ-ын /шинэ нэрээр “ХБХСГ”/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** тоот албан бичиг, ХБХСГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/** тоот албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа ХБХСГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох” гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Барилын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаар шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүргийн **-р хороо Э гудамж, ** хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан ХБХГ-ын /шинэ нэрээр ХБХСГ/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** тоот албан бичиг, ХБХСГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/** тоот албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоож нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа ХБХСГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг ХБХСГт даалгаж” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
“..Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/Ш32025/0082 дугаартай шүүхийн шийдвэрт Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.6-д заасныг баримтлан "Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “захиалагч барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, ** дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” зэрэг хуульд заасан тодорхой нөхцөлүүдийг үндэслэн хариу өгсөн тус байгууллагын 2023 оны 09/**** дугаар, 2024 оны 12/** дугаар албан бичгүүдийг тус тус хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.10-т Засгийн газар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг батлах бүрэн эрх олгосон байдаг. Уг бүрэн эрхийн хүрээнд 2021 оны 213 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна. Уг дүрмийн 7.2 дахь хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжид Барилгын ажлын зөвшөөрөл нөхөж олгохыг хориглосон байх тул шүүхийн шийдвэр буруу гэж үзэж эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь боломжгүй юм. Учир нь Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь цахим системд бүргэгдэж олгогддог ба дугаарлалтыг цахимаас хийдэг тул нэхэмжлэлд дурдсан он сар өдрөөр олгох боломжгүй юм. Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болгох дүрэм”-ийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд нөхөж олгохыг хориглосон зохицуулалттай. Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийг нөхөн олгох зохицуулалт байхгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нийслэлийн Ерөнхий архитектурын 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн МЗХ2023/**-*** дугаар “Архитектур төлөвлөлийн даалгавар”-ыг[1] Нийслэлийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/*** тоот шийдвэрийг үндэслэн Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, Үйлдвэрийн төвийн бүс-2 /*****/ бүсчлэлд, Нийслэлийн **** дугаар цэцэрлэгийн хойд талд байршуулан худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлсэн *********** нэгж талбарын дугаартай 13234 м.кв газрыг үндэслэн “Т” ХХК-д олгожээ.
3. Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1492/**** дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл[2] хийлгэсэн байна.
4. Нэхэмжлэгч Т ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 38/** дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн албан бичгийг[3] хүргүүлж, ХБХГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн тухай” албан бичгээр[4] “Тус хүсэлтэд ирүүлсэн хавсралт баримт бичгийн бүрдлийг хянан үзэхэд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, ** дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” заалтуудыг тус тус зөрчин барилгын угсралтын ажлын хийж гүйцэтгэсэн байна. Иймд Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг өгчээ.
5. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, ** дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж тус тус заасан.
6. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Б дүүргийн ** дугаар хороо, Нарны хорооллын урд талд худалдаа үйлчилгээний цогцолбор барилгын барилга угсралтын ажлыг 2023-2024 онд хийж гүйцэтгэж, ХБХСГ-аас 2024 оны 9 дүгээр сард 2024/** дугаартай Барилгын даацын бүтээцийн төлөв байдлын дүгнэлт[5] гаргуулсан байна.
7. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг хуульд заасан эрх бүхий албан тушаалтнаас авсны дараа барилгын ажил эхлэх бөгөөд уг барилга барих зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглосон. Түүнчлэн, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, гэрчилгээг өмнө нь авсны дараа барилга барихыг зөвшөөрдөг, аваагүй тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хуулиар хориглосон энэ тохиолдолд нэхэмжлэгч “Т” ХХК нь барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч нь маргаан бүхий барилгыг барихаас өмнө бус барилгыг барьж байхдаа Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг шаардаж байгаа нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй ба ХБХГ-ын /шинэ нэрээр “ХБХСГ”/ 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** тоот албан бичиг, ХБХСГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/** тоот албан бичиг нь утга агуулгын хувьд хэнд ч ойлгомжтой байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус актын шинжийг агуулаагүй байна.
9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.
10. ХБХГ-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн тухай” албан бичиг, ХБХСГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/** дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр[6] “Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно” гэж заасны дагуу Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэж тус тус нэхэмжлэгч “Т” ХХК-д хариу хүргүүлжээ.
11. Энэ тохиолдолд хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгох боломжгүй болохыг мэдэгдсэн дээрх албан бичгүүдээр хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.
12. Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгүүдийг барилгын ажлын зөвшөөрөл авахад хавсарган ирүүлж, мөн хуулийн 28.5-д зааснаар хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгохоор зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд ийнхүү барилгын ажлыг эхлүүлсний дараа барилгын ажлын зөвшөөрлийг хүсэж байгаа нь хууль бус байх тул хариуцагчийн татгалзсан шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн байна.
13. Анхан шатны шүүхийн “...барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг тухайлан хориглоогүй, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолд нөхөн олгох боломжийн нээсэн, барилгын хувьд газрын эрх болон барилгын байршилтай холбогдуулан аливаа иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргаагүй, маргаагүй, мөн нэхэмжлэгчээс барилгын ажлын зөвшөөрөл авахтай холбоотой бүх бичиг баримтыг цуглуулж хүсэлтэд хавсаргаж өгсөн байх тул ... барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ” гэх дүгнэлт үндэслэлгүй.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгох боломжгүй... Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь цахим системд бүргэгдэж олгогддог ба дугаарлалтыг цахимаас хийдэг тул нэхэмжлэлд дурдсан он сар өдрөөр олгох боломжгүй юм. Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болгох дүрэм”-ийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд нөхөж олгохыг хориглосон зохицуулалттай. Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрлийг нөхөн олгох зохицуулалт байхгүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2025/0082 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн “Нэхэмжлэгч “Т” ХХК-д Б дүүргийн ** дугаар хороо, Э гудамж, ** хаягт байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохоос татгалзсан ХБХГ-ын /шинэ нэрээр “ХБХСГ”/ Хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И-ын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09/**** тоот албан бичиг, ХБХСГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/** тоот албан бичгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа ХБХСГ-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох” гэж зааснаар нийтийн эрх зүйн харилцаа үүссэнийг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Барилын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА