Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 15

 

Г.Азжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                            Хэргийн индекс: 148/2017/00011/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                                   Б.Батзориг

                             Шүүгчид                                   С.Энхжаргал

                                                                                Г.Давааренчин

                                                      Оролцогчид

                                Нэхэмжлэгч                                      Г.Азжаргал

                                Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           А.Ариунзаяа

                                Хариуцагч                                         Ж.Батбаяр

                               Хариуцагчийн өмгөөлөгч              М.Гансүх

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 61 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Г.Азжаргалын нэхэмжлэлтэй Ж.Батбаярт холбогдох “Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг 2018 оны 02 дугаар  сарын 27-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Нэхэмжлэгч Г.Азжаргал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2010 онд Ж.Батбаяртай танилцан, 2013 оноос хойш гэр бүлийн харилцаатай болж хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү Цэнгүнжав нь мэндэлсэн. Хүүхэд төрснөөс хойш бидний дунд хэрүүл маргаан тасрахаа больж хамт амьдрахад бэрх болсон. Энэ хугацаанд надад хэд хэдэн удаа гар хүрч зодсон. Би хүүгээ бодож өнгөрсөн жилүүдэд удаан тэвчсэн. 2017 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эргэн нийлж хамт амьдрах бодолгүй байгаа тул Ж.Батбаяр нь хүү Цэнгүнжавын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Батбаяр анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би Г.Азжаргалтай эвлэрэх хүсэлтэй байгаа бөгөөд хүүхдээ хамт өсгөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлтэй байна. Г.Азжаргал тусдаа амьдрах хугацаандаа ганцаараа хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Солонгос улсад нэг сар ажиллаад Монгол улсдаа ирж нэг сар амардаг, байнгын тогтвортой ажилтай, би Монголд байх хугацаандаа хүүхдээ өөр дээрээ авч, хэрэгцээтэй зүйлээр нь хангаж, хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг гэдэгт Г.Азжаргал маргахгүй байх. Ийм учраас хүүхдийн асуудлаар олон зүйл дээр тохиролцож, ярилцаж эвлэрэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв эвлэрэх боломжгүй бол миний зүгээс хүүхдийн асрамжийн асуудал дээр маргаан үүсгэх хүсэлттэй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  хянан хэлэлцээд 61 дугаартай шийдвэрээр:

-Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэхь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Цэнгүнжавын эцэг нь Жамъянгийн Батбаяр мөн болохыг тогтоож,

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Цэнгүнжавыг эх Г.Азжаргалын асрамжид үлдээн,

-Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Цэнгүнжавыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ж.Батбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан   хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна  гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж гомдлыг гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зохигчид болон өмгөөлөгчийн эдлэх эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлаж, эдлэх ёстой эрхийг эдлүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Ж.Батбаяр нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу хуулийн хугацаанд эс зөвшөөрсөн тайлбараа тус шүүхэд хүргүүлсэн. Гэтэл Ж.Батбаярын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн, нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байгаа, хэрэв эвлэрэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгч үзвэл цаашид хүүхдийн асрамжийн асуудлаар маргах, мөн нэмэлт тайлбар гаргах зэрэг үндэслэлүүдийг дурдсан тайлбар гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэгчид танилцуулаагүй, хариуцагчид “шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалыг танилцуулаагүй, зохигчдыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, шүүх хуралдааны явцад шүүгч хэт нэг талыг баримтлан хүсэлт хангахаас татгалзсан үндэслэлээ тодорхой хуулийн заалтаар тайлбарлахгүйгээр гомдол гаргах эрхгүй хэмээн удаа дараа дүгнэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх  хязгаарласан.  

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан хариу тайлбарт, нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргаагүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хуульд заагаагүй эрхийг эдлүүлж, түүнээс шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэхийг нь асууж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.4, 6.5-д заасныг огт анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн.  Ийнхүү шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хэргийн зохигчдын эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаа ирүүлээгүй  тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Г.Азжаргал нь хариуцагч Ж.Батбаярт холбогдуулан “хүүхдэд эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 27-ны өдөр шүүхэд гаргасаныг шүүх хүлээн авч 2018 оны 01 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2018 оны 01 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбараа 2018 оны 01 сарын 09-ний өдөр шүүхэд хүргүүлжээ.

  Шүүхээс 2018 оны 02 сарын 01-ний өдөр 272 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шүүх хуралдааныг 2018 оны 02 сарын 06-ны өдөр хийхээр товлосон байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзсэн, хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа дууссан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд  шүүгч хэргийг шүүх хуралдаанаар  хэлэлцүүлэх тухай захирамж гаргадаг.

Тус хэргийн хянан шийдвэрлэх хугацаа дуусаагүй байсан бөгөөд  шүүх хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн гэсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн гэдгийг зохигчид хангалттай нотлох баримт бүрдүүлсэн, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд гаргах хүсэлтгүй болохоо тус тус илэрхийлсэн, тухайн төрлийн маргааныг шийдвэрлэхэд бүрддэг нотлох баримт хангалттай бүрдсэн байхыг ойлгоно.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус өөрөөр хэлбэл 2014 оны 10 сарын 02-ны өдөр төрсөн хүү  Батбаярын Цэнгүнжав болох нь Иргэний бүртгэлийн байгууллагаас олгосон 4301000451 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдсоор байхад ямар шалтгаанаар хүү Б.Цэнгүнжавд  эцэг тогтоолгох тухай шаардлага гаргасан тухай шүүх тодруулаагүй,  хариуцагч нь  “нэхэмжлэгчтэй хүүхдийн асрамж тэтгэлгийн талаар эвлэрэн хэлэлцэх боломжтой” гэсэн агуулгатай хариу тайлбар гаргасныг  нэхэмжлэгчид танилцуулаагүй, зохигчид эвлэрэх боломжтой эсэх талаар нэхэмжлэгчээс асуугаагүй, зохигчдыг эвлэрүүлэх талаар шүүх ямар нэгэн ажиллагаа хийгээгүй атлаа хэрэгт хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчид хэргийн материалыг танилцуулаагүй, ажил эрхлэлтийн онцлогоос шалтгаалан  2018 оны 02 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг үндэслэлгүйгээр татгалзсан,  түүнчлэн хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх гэж байж түүний эцэг эхийг оролцуулахгүйгээр зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны Мэтгэлцэх зарчим, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 заасан зохигчдын хуульд заасан эрхийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 сарын 06-ны өдрийн 61 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Г.Азжаргалын нэхэмжлэлтэй Ж.Батбаярт холбогдох “хүүхдэд эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

        

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН