| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00112/И |
| Дугаар | 00292 |
| Огноо | 2019-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 00292
| 2019 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2019/00292 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, … дугаарын регистртэй, Д овогтой М-ийн Yын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 153/2019/00112/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч М.Н, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Ц.Мөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие нь 1959 оны 8 дугаар сарын 15-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Бага наснаасаа эхлэн эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 1981 оны 6 дугаар сард 0198 дугаар ангиас цэргийн албанаас халагдсан. Хугацаат цэргийн алба хааж ирээд өөрийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад мал маллаж эхэлсэн бөгөөд одоог хүртэл малаа малласаар амьдарч байна. Мал маллах хугацаандаа нэгдлийн хонин сүрэг хариуцан маллаж байсан.
Тухайн үеийн Хөдөлмөрийн дэвтэр гээгдэн алга болсон. Манхан сумын ЗДТГ-т миний мал маллаж байсан талаарх ямар нэгэн баримт байхгүй, Ховд аймгийн Төрийн архиваас надад холбогдох баримт, 70 дугаар данс олдохгүй, гарч ирэхгүй байна. М.Н миний бие нь өсөх наснаасаа өтөл нас хүртлээ төрсөн нутаг болох Ховд аймгийн Манхан сумандаа насаараа мал маллаж амьдарсаар ирснийг нутгийн ард түмэн мэдэж, гэрчилнэ.
Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд улсын мал маллаж байтал 1990-ээд оноос нэгдлүүдийг улс орон даяар хувьчилж эхэлсний дагуу Баясгалант амьдрал нэгдэл ч мөн хувьд шилжиж, би 1991 оноос хувийн мал маллах болсон.
Иймд Дарханыхан овогт Мөнхөөгийн Н намайг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч М.Н нь 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2013 дугаартай албан бичиг,
- Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 05/5158 дугаартай цэрэгт татагдаж, халагдсан гэх архивын лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 381013 дугаар цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Хүсэлт гаргагчийн 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Дурсамж эх хувиар,
Гэрч Ц.Мөнх-Очирын... “Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Ботгон бригадад нэгдэл тартал мал маллаж байсан. М.Н нь цэрэгт явтлаа Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Ботгон бригадад мал маллаж байгаад 1981 онд цэргээс халагдаж ирээд тус нэгдлийнхээ Ботгон бригадад малчнаар ажилласан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан М.Ныг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дарханыхан овогт Мөнхөөгийн Ныг 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Ныг улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ