Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

2023         3         17                                   2023/ШЦТ/194

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Шүүгдэгч Ч.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ч.Бэд холбогдох эрүүгийн 2311000000130 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 2-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Ч.Б, 1993 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн 19 дүгээр гудамжны .......тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /РД:............./,

Шүүгдэгч Ч.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цаг 32 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн 19-1155а тоот хаягт байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч С.Цгийн биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд зовхи, нүдний алим, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 01 цаг 32 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Булгийн 19-1155а тоот хаягт байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч С.Цгийн биед халдан, зодож биед нь “баруун, зүүн нүдний дээд зовхи, нүдний алим, зүүн бугалгад цус хуралт” бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Ч.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би тухайн өдөр А гэх найзтайгаа 3-4 дүгээр хороололд 0,75 литрийн нэрийг нь мэдэхгүй ногоон өнгийн шилтэй архи уугаад 23 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэх үед эхнэр Ц, З /12 настай/, Ч /7 настай/, Б /3 настай/, Э /2 настай/ байсан. Эхнэр тэр үедээ жижиг савалгаатай шар айраг 3-4 ширхэгийг уусан байсан. Би унтахаар хэвтсэн ба миний нуруу өвдөөд байсан тул эхнэрийг нуруу дараад өгөөч гэж хэлтэл эхнэр Ц миний нурууг дарж байснаа миний үснээс зулгааж толгой хэсгээр хэд хэдэн удаа гэрийн шал мөргүүлсэн. Тэр үед миний биед учирсан гэмтэл байхгүй болно. Би тухайн үедээ уурлаж гутал өмсөөгүй байсан баруун талынхаа хөлөөр зүүн талын нүд рүү өшиглөсөн. Түүнээс болж Цгийн зүүн нүд хөхөрч хавдсан ба би эхнэрээ цагдаа дуудлаа гэхээр нь сандарч, айсандаа гэрээсээ гарч хашааны дотор байсан тээврийн хэрэгсэлдээ унтсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ ирлээ гэх шалтгаанаар эхнэр уурлаж надтай хэрүүл маргаан хийсэн. Би өдөр нь гэртээ байж байгаад хаашаа явах гэж байгаа талаараа хэлээгүй юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч болсон асуудлын талаар тодорхой санаж байна. Би өөрийгөө хариуцан авч явах чадвартай байсан. Би эхнэр Цтай 2011 оноос хамтран амьдарч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би эхнэр Цтай урьд өмнө нь маргалдаж, муудалцаж байсан ч түүний биед гэмтэл учруулж байгаагүй болно. Би урьд өмнө нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй юм. Би эхнэр Цгаас уучлалт гуйсан ба сайн дурын үндсэн дээр эвлэрч найрсаг харилцаатай байгаа юм..” гэсэн мэдүүлэг /хх-32-33/,

Хохирогч С.Цгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..нөхөр уурлаж оймс дотуур хувцас хийдэг байсан хайрцгаар миний зүүн нүд рүү нэг удаа цохисон. Түүнээс болж миний зүүн нүдний зовхи хэсэг хавдаж түүнээс болж би орчины зүйлсийг харахгүй байсан. Миний биед нөхөр гэмтэл учруулах үед манай 2 хүүхэд болох 12 настай, 3 настай Чинхүслэн нар байсан. ...түргэн тусламждуудажэрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх-9-10/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1835 дугаартай дүгнэлтэд: /хх-20-21/ “..С.Цгийн биед баруун, зүүн нүдний дээд зовхи, нүдний алим, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 04/488 дугаартай албан бичиг, хавсралт баримт /хх-24-25/, Цагдаагийн байгууллагын “АСАР” сан дахь гэмт хэрэг болон зөрчилд холбогдсон талаарх мэдээлэл /хх-49-50/, Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх-54-56/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-58-64/, Аюулгүйн зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-65-66/, шүүгдэгч Ч.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч С.Цд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь хохирогч болох өөрийн эхнэр С.Цгийн нүүрэн тус газар цохиж, үүний улмаас баруун, зүүн нүдний дээд зовхи, нүдний алим, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Бэд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч С.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэд оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР