Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00293

 

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2019/00293

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Баянгол багт оршин суух, ... дугаарын регистртэй, Г Ш овогтой Сын Жавын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 153/2019/00263/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Жав нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “С.Жав нь 1982 онд Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгсөж цэргийн албанд татагдан барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн алба хааж 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр халагдаж ирсэн.

Цэргээс халагдаж ирээд өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Манхан суманд суурьшин аав ээжийн хамт мал маллан амьдарч байгаад 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нутгийн бүсгүй А.Болормаатай гэр бүл болж одоо хүртэл төрсөн нутагтаа мал маллан амьдарч байна.

1982 онд ээжийн бие өвдөж ааваас өөр мал маллах хүн байхгүй байсан учир сургуулиас гарч мал маллаж, 10 дугаар ангийн хичээлийг бие даан судпаж ангийнхаа хүүхдүүдийн хамт 10 анги төгсөх улсын шалгалтанд орж 10 дугаар анги төгссөн.

Надад байгаа баримтуудыг үндэслэн миний 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн /Баянгол/ 1-р бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч С.Жав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Баянгол бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” ХКомпанид малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Жав нь 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Баянгол бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” ХКомпанид малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 319 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1980-1982, 1985-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,

- Хүсэлт гаргагчийн 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2623 дугаар цэрэгт татагдаж, халагдсан гэх лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- С.Жав, А.Болормаа нарын 126/001695 тоот гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

- Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 79 тоот Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэл нь 1992 оны 02 дугаар сарын 09-нд Баясгалант амьдрал ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн гэх лавлагаа,

- Хүсэлт гаргагчийн 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувиар,

Гэрч Ч.Гүнзэлийн ... “Бид нэг голын, нэг бригадын хүмүүс юм. С.Жав нь 1982 онд Ховд аймгийн Манхан сумын сургуулийг 1982 онд 10 дугаар анги төгсөж, 1982-1985 он цэргийн алба хаасан. 1985-1988 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн бог мал маллаж байгаад 1988 оноос гэр бүл болж 1988-1995 он хүртэл үхэрчнээр ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Ж.Батжаргалын ... “С.Жав нь 1982 онд Ховд аймгийн Манхан сумын сургуулийг 1982 онд 10 дугаар анги төгсөж, 1982-1985 он цэргийн алба хаасан. 1985-1988 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн бог мал маллаж байгаад 1988 оноос гэр бүл болж 1988-1989 он хүртэл үхэр маллаж байсан. 1989 оноос хойш би Ховд аймгийн Мөнххайрхан сум руу шилжсэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Жавыг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гуулин шажин овогт Содовын Жавыг 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Баянгол бригадад малчнаар, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” ХКомпанид малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Жавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ