Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00294

 

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2019/00294

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК-нд холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,582,344 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 153/2019/00144/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Нийгмийн даатгалын шимтгэл“ гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан.

Гэтэл харилцагч "Оюу мандал” ххк нь 2013 оны 02 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 12,582,344 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч “Оюу мандал” ххк-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 12,582,344 /арван хоёр сая таван зуун наян хоёр мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Оюу мандал ХХК-нд холбогдуулан 12,582,344 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Оюу мандал ХХК нь 12,582,344 төгрөгийг нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхийг зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Оюу мандал ХХК-нд холбогдуулан 12,582,344 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Оюу мандал ХХК нь 12,582,344 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Насны дурсамж хоршоо нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ