Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

     2023         03            29                                         2023/ШЦТ/246

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох эрүүгийн 2305001940200 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны 7 дугаар сарын 13-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** хорооны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 80 хувийн группт байдаг, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

            *** овогт ***ын *** /РД:***/.  

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч *** нь “...шунахай нь сэдэлтээр, амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн 7-р төв эмнэлгийн 7 тоот өрөөнд хамт хэвтэн эмчлүүлж байсан, хохирогч ***ын эзэмшлийн алтан бөгж 2 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 1.761.000 төгрөгийн үнэ бүхий гоёл чимэглэлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...шунахай нь сэдэлтээр, амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн 7-р төв эмнэлгийн 7 тоот өрөөнд хамт хэвтэн эмчлүүлж байсан, хохирогч ***ын эзэмшлийн алтан бөгж 2 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 1.761.000 төгрөгийн үнэ бүхий гоёл чимэглэлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305001940200 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7-р төв эмнэлэгт дотрын тасагт хэвтэн эмчлүүлэхээр болж, тус эмнэлгийн 7-р давхрын 7-р палат өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны 19 цаг орчимд дэрэн доор байсан түрийвчээ үзэхэд түрийвчид байсан 1 ширхэг өрөөсөн алтан ээмэг, 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг монетон бөгж байхгүй болсон тул цагдаад хандсан. Алдагдсан гэх эд зүйлсээ 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дусал тариа хийлгэж байхад холгоод байхаар нь түрүүвчиндээ хийсэн. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цаг орчимд түрийвчээ үзэхэд байсан. Намайг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дусал хийлгэж байхад хажуу оронд хэвтэж байсан *** гэх хүн нь над руу харсан хэвтэж байсан ба өрөөндөө 4 хүнтэй байсан. *** нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өглөө эмнэлгээс гарсан. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өглөө эмнэлгээс гарсан *** гэх хүнийг сэжиглэж байна. Би өөрийн алдсан эд зүйлийг тоо ёсоор бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад ***ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад санал, хүсэлт, гомдол огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр миний бие өөрийн ажилдаг *** дүүргийн *** хороо *** тоотод орших *** ломбардад 09 цагт ирсэн. Ажлаа хийж байхад цэнхэр өнгийн куртиктэй, бор өнгийн малгайтай, том нүдний шилтэй 40 орчим насны эмэгтэй хүн орж ирээд “Хоёр ширхэг алтан бөгж, нэг ширхэг өрөөсөн алтан ээмэг, нэг ширхэг монетон бөгжийг хамгийн дээд үнэлгээ нь хэд хүрэх вэ, тулгаад тавья” гэсэн бөгөөд тухайн эд зүйлсийг үзэж 1.050.000 төгрөгөөр үнэлж тухайн хүнд зээл олгосон. Тухайн хүн нь өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээгүй, “Бичиг баримт байхгүй, зүгээр хэлье” гэхээр нь би “Бичиг баримтгүй хүнд манай байгууллага үйлчлэхгүй, та лавлагаа аваад ир” гэж гаргахад тухайн хүн нь *** овогтой *** гэх өөрийн лавлагааг авч ирсний дагуу зээл олгосон. Тухайн гэмт хэрэг хийсэн хүнээс 1.100.000 төгрөг нэхэмжилж байна. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр алдагдсан гэх эд зүйлсийг манай ломбардад түр барьцаанд тавьж, зээл олгосон бөгөөд одоог хүртэл сунгалт хийсэн тохиолдол байхгүй, хүү нь 49.000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-723/4570 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 тал/,

 

“***” нэртэй ломбардын барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 35 тал/,

 

Алдагдсан эд зүйлийг иргэн ***оос хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 42 тал/,

 

Алдагдсан гэх эд зүйлийг хохирогч ***д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 43 тал/, 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч *** нь “...шунахай нь сэдэлтээр, амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн 7-р төв эмнэлгийн 7 тоот өрөөнд хамт хэвтэн эмчлүүлж байсан, хохирогч ***ын эзэмшлийн алтан бөгж 2 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 1.761.000 төгрөгийн үнэ бүхий гоёл чимэглэлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан...” болох нь хохирогч ***ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Тогосын мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-723/4570 дугаартай шинжээчийн дүгнэлт, “***” нэртэй ломбардын барьцаат зээлийн гэрээ, алдагдсан эд зүйлийг иргэн ***оос хураан авсан тухай тэмдэглэл, алдагдсан гэх эд зүйлийг хохирогч ***д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч ***ийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

 

Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ийн “...шунахай нь сэдэлтээр, амар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн 7-р төв эмнэлгийн 7 тоот өрөөнд хамт хэвтэн эмчлүүлж байсан, хохирогч ***ын эзэмшлийн алтан бөгж 2 ширхэг, алтан ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг зэрэг нийт 1.761.000 төгрөгийн үнэ бүхий гоёл чимэглэлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч ***аас авсан 1.761.000 /нэг сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий гоёл чимэглэлийн эд зүйлсийг буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч ***т учирсан хохирол болох барьцаат зээлийн үйлчилгээний төлбөр 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч ***ээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлсөн гэж мэтгэлцсэн боловч хавтаст хэрэгт баримтаар тогтоогдохгүй байгаа болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан, Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан, Баянгол дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс  1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***т олгосугай.

 

6. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ