Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/959

 

                                                                                                                                                                        

 

 

 

 

 

 

 

 

      2022            12              20                                            2022/ШЦТ/959                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                                                               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  Э холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220****** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             Шүүгдэгч Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайж” зочид буудлын гаднаас хохирогч Г барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулахаар өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн “Айфоне 12 про” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулж, завших гэмт хэрэг үйлдэн бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайж” зочид буудлын гаднаас хохирогч Г барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулахаар өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн “Айфоне 12 про” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулж бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Гандангийн баруун талаас такси бариад 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудал хүртэл явж таксинаас буун “Тайж” зочид буудлын баруун талд байдаг баар руу орсон. Тухайн баар руу орохдоо барьсан гэх таксины жолоочид чи надтай хэдэн цаг хамт явчих, өглөө ажилд хүргэж өгнө шүү, мөнгийг нь хангалттай өгнө гэж хэлээд баар руу дагуулж орсон. Бааранд 04 цагийн үед ороод ойролцоогоор 30 минут суусан байх, баар хаах болоод гарах гээд текен дээр ирж картаа уншуулахад 90.000 төгрөг дутсан тул баарны хүнд гар утсаа орхиод маргааш өглөө ирж авъя гэж хэлэхэд хамт явж байсан таксины жолооч залуу надад хандаж ойрхон ломбард байгаа, би яваад таны гар утсыг ломбарданд тавиад мөнгө аваад ирэх үү гэхээр нь итгээд тэр залууд гар утасныхаа кодыг хэлж өгөөд явуулсан ба тухайн үед би гар утасныхаа дугаарыг бичиж өгөөд явуулсан. Тэгээд тэр залууг ирэхийг өглөө 07 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь тэндээсээ явсан. 2022 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Авто тээврийн үндэсний төв рүү залгаж 6442 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой холбож өгөөч гэхэд намайг нэг дугаартай холбож өгсөн. Аваад ярихад нөгөө таксины жолооч мөн байсан. Би гар утсаа авъя гэхэд би тэр гар утсыг чинь зараад юм аваад тансаглаад дуусгасан гэж хэлээд тасалсан. Би утасны дугаарыг нь мэдэх зорилгоор чи надад дугаараа хэлчих, өөр хүний утаснаас залгаад байгаа юм биш үү гэхэд 99543088 гэсэн дугаарыг надад өгсөн. ...Би “Айфоне 12 про” евро хувилбарыг нь алдсан. ...6442 УБЗ улсын дугаартай хар өнгийн приүс 20 маркын машинтай жолооч байсан. ...Би гар утсаа 2021 онд Теди гар утасны худалдааны төвөөс 3.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан, хөх өнгийн гадаргуутай, гадуураа хар өнгийн резинен кейстэй, кейс дээрээ спорт брендийн бичигтэй байсан. ...Гар утасныхаа имей кодыг сайн мэдэхгүй, одоо 3.000.000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-н 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №БГ2-22-1710 дугаартай шинжээчийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/-р үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хэргийн 19-21 дүгээр хуудас/,

 Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна, санал, хүсэлт байхгүй. ...Гар утсыг барьцаанд тавиад ир гэсэн. “Айфоне 12 про” загварын гар утас байсан. ...Би уг гар утсыг ломбардад тавих гээд хайгаад явж байсан боловч ломбард олдохгүй болохоор нь нэг танихгүй хүнд 500.000 төгрөгөөр зарсан. Би уг хүнтэй утас авна, зарна гэсэн зарын дагуу холбогдсон, зарыг ямар хаягаас тавьсан байсныг санахгүй байна. Мөн би уг хүний утасны дугаарыг утсан дээрээсээ устгаад хаячихсан тул санахгүй байна. Уг мөнгийг хувьдаа зарцуулаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 33 дугаар хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 34 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 35 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 36-55 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

             Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

          Шүүгдэгч Б нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайж” зочид буудлын гаднаас хохирогч Г барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиулахаар өөрт нь итгэмжлэн хариуцуулж өгсөн “Айфоне 12 про” загварын гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй худалдан борлуулж бусдад 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс итгэлцлийн үндсэн дээр өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосныг,хөрөнгө завших” гэж гэмт этгээдэд итгэмжлэн олгогдсон эд хөрөнгө хууль ёсоор шилжиж, хууль бус хэлбэрээр буюу бусдад худалдах, бэлэглэх, өрөнд шилжүүлэх, түрээслүүлэх гэх мэт хэлбэрээр бусдад шилжиж, гэмт этгээд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн өмч мэт ашигласан, захиран зарцуулсан үйлдлийг тус тус ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г 1.850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...Хэрэг шалгагдаж байх хугацаанд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол, саналгүй” гэсэн хүсэлт /хэргийн 61 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 289 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

         Улсын яллагчаас шүүгдэгч Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Б нь улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

         Шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн авч шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО