| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/52 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/52
2023 03 27 2023/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Хохирогч:Д.Б,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Паас Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бгийн Гд холбогдох 2335000090038 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт Бгийн Г /РД:...../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Д.Бг байнга буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зүүн гарын булчин хэсэгт цохисон, 09 дүгээр сарын 25, 26-ны үед элэгдэж, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон, мөн 12 дугаар сарын 21-ний өдөр гар, тохой хэсэгт 2-3 удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Д.Бг байнга буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зүүн гарын булчин хэсэгт цохисон, 09 дүгээр сарын 25, 26-ны үед элэгдэж, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон, мөн 12 дугаар сарын 21-ний өдөр гар, тохой хэсэгт 2-3 удаа цохиж, зодсон болох нь:
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хийгдсэн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Согтуурал шалгасан магадлагаа, тэмдэглэл (хавтаст хэргийн 31, 41 дэх тал),
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд манай нөхөр Б.Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Харин би хувиараа зах дээр лангуун дээр зогсдог. Мөн нөхөр Б.Г бид хоёр дундаасаа 4-13 насны хооронд дахь 3 хүүхэдтэй. Би 2008 онд анх нөхөртэйгээ албан ёсны гэр бүл болж суусан бөгөөд гэр бүл болсон цагаасаа хойш архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг, өөрөөр хэлбэл архины хамааралтай хүн байсан. 2022 онд 04 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд над руу данхны суурь авч шидэж, миний биед халдсан. Мөн 2022 оны 05 дугаар сард чухам хэдний үед гэх талаар мэдэхгүй байна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээд гэртээ хэрүүл маргаан үүсгэж, гар хөл рүү цохиж миний биед халдаж, тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулаад тэр хэрэг нь явсаар байж 2022 оны 09 дүгээр сард 10 хоногийн баривчилгаа аваад гарч ирсэн. Баривчилгаанаас гарч ирээд мөн адил архи согтууруулах ундаа хэрэглэж 2022 оны 09 дүгээр сарын 25, 26-ны үед байх согтуу ирж намайг элэгдэж, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон боловч тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй, чимээгүй өнгөрөөсөн юм. Ингээд дахин 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 00-ын өрөөнөөс гараад ирэхэд манай хүүТ уйлж байсан бөгөөд яагаад уйлсан юм бэ гэхэд миний гитар аваад шидчихлээ аав гэж надад хэлсэн. Тэгээд би нөхрийг болкон дээр байгааг хараад дургүй хүрээд дотроос нь цоожилчихсон тэгтэл 2-3 орчим цонх цохихоор онгойлготол, гарч ирээд яагаад хүн цоожпоод байгаа юм гэж хэлээд миний гар, тохой хэсэгт 2-3 удаа цохиод өнгөрсөн юм. Ингээд тасралтгүй өдөр бүр архи уугаад байхаар би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ер нь бол манай нөхөр архины хамааралтай би хэзээ ч гэртээ тайван байж үзээгүй, дандаа архи ууна багадаа сард 10 удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уусан үедээ гэрт ирээд ямар нэгэн шалтгаангүй, толгой, гар руу зөрөхдөө өнгөрөхдөө санаатай, санаандгүй байдлаар чичэж, цохиж байдаг юм. Намайг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө ямар нэгэн байдлаар зодож, цохиж байгаагүй. Миний хүү Тыг Б.Г ямар нэгэн байдлаар зодож байгаагүй. Би урьд зөрчлөөр мэдүүлэг өгөхдөө хүү Ттай ярилцаад Б.Гыг архины эмчилгээнд явуулах гээд хүү Тт хутга тулгаж, айлган сүрдүүлсэн гээд мэдүүлчихсэн юм. Яг үнэндээ хүү Тын биед халдаж, зодож, цохиж байгаагүй. Би эмнэлгийн байгууллагад ямар нэгнэн байдлаар хандаж, тусламж, үйлчилгээ авч байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Г.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: хохирогчоор өгсөн: “Би ээж Б, аав Б.Г болон Ж, Б нарын хамт амьдардаг бөгөөд 2022 онд 04 дүгээр сарын эхээр аав Б.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд ээж рүү данхны суурь авч шидэж, цохиж байсан. Мөн 2022 оны 05 дугаар сард чухам хэдний үед гэх талаар мэдэхгүй байна, мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ ирээд ээжтэй хэрүүл маргаан үүсгэж, ээжийн гар хөл рүү өшиглөж, гараараа цохисон. Тэр үед ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд аав цагдаа дээр шалгагдаад явж байгаад, 2022 оны 09 дүгээр сард 10 хоногийн баривчилгаанд суугаад гарч ирсэн. Баривчилгаанаас гарч ирээд мөн адил архи согтууруулах ундаа хэрэглэж 2022 оны 09 дүгээр сарын 25, 26-ны үед байх согтуу гэртээ ирж ээжийн толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон боловч тухайн үед ээж цагдаагийн байгууллагад хандаагүй, чимээгүй өнгөрөөсөн юм. Ингээд дахин 2022 оны 12 дугаар сарын сүүлээр гэртээ байж байгаад гэнэт гэр орноо янзлаач гээд миний гитар аваад шидчихсэн. Тэр талаар ээжид хэлэхэд ээж аавыг болкон дээр дотроос нь цоожилчихсон тэгтэл аав 2-3 орчим цонх цохихоор онгойлготол, гарч ирээд яагаад хүн цоожлоод байгаа юм гэж хэлээд ээжийн гар, тохой хэсэгт цохиод өнгөрсөн юм. Манай ээжийн толгой, гар хөл рүү байна байна чичэж, цохиод аав явж байдаг, ээж цагдаагийн байгууллагад 1 удаа хандаж байсан бусад үед ээж цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Намайг манай аав ямар нэгэн байдлаар зодож, цохиж байгаагүй. Би урьд зөрчлөөр мэдүүлэг өгөх үедээж аавыг чинь архины эмчилгээнд явуулья чи надад аав, хутга тулгаж, айлган сүрдүүлж байсан гээд мэдүүлэг өгчих гэж ээж хэлэхээр би тэгж худлаа мэдүүлэг өгсөн. Би тухайн үед тийм мэдүүлэг өгвөл, аавыг архины эмчилгээнд явуулах юм байна гэж бодсон. Яг үнэндээ аав надад ямар нэгэн хутга тулгаж, айлган сүрдүүлж, миний биед халдаж байсан зүйл байхгүй. Манай аав дандаа архи уудаг архи ууж ирээд дандаа ээж аав хоёр маргалдаж, муудалцдаг. Тэгээд аав, ээжийг цохидог юм би бодохдоо архи ууснаас болж хоорондоо маргалдаж, муудалцаж байна гэж ойлгож байгаа. Аав ээжийг цохих үед би хажууд нь байдаг манай хоёр дүү жаахан болохоор айчих байх гээд дүү нартаа харуулдаггүй, ээж бид хоёр дүү нараас энэ талаар нуудаг юм. Аав Б.Гыг ээж Бгийн биед халддаг гэх талаар надаас өөр хүн мэдэхгүй байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаартай “Үзүүлэгч Д.Бгийн биед баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх хүсэлтэд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЗШ/376 дугаартай “Холбогдогч Б.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 13-нд өөрийн эхнэр Д.Бгийн биед халдаж зодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснар 10 цаг албадан сургалтанд хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсугай” гэх шийтгэвэр (хавтаст хэргийн 49-51 дэх тал),
Шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ биед халдаж, чичэж, цохиж түлхдэг нь үнэн тухайн үед би өөрөө мэддэггүй, маргааш нь эхнэр чи намайг ингэсэн гэж надад хэлдэг. Би чухам яг хэзээ гэх талаар мэдэхгүй байна, удаа дараа чичиж түлхэдэг зүйл зөндөө байгаа би гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэнээ хэлнэ. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ эрүл байсан эхнэр хүүхдийн хамт гэртээ байж байгаад хүү Т нь китараа тоглож байгаад уурлаад газар хаячихаар яагаад шидээд байгаа юм энэ китараа хийж ав гэж хэлээд китарын уутыг хүү Т луу шидчихсэн юм. Тэгээд болкон дээр гараад мах янзлаад зогсож байтал эхнэр намайг дотор талаас нь цоожлоод хаячихсан юм. Ингээд би цонх удаа дараа цохиод нэлээн удаан зогсож байгаад эхнэр ирээд онгойлгоод өгсөн. Эхнэрийн хажуугаар өнгөрч байгаад ямар нэгэн зүйл бодохгүй, чи солойтой юм уу гэж хэлээд гар хэсэгт нь чичээд өнгөрсөн. Дахин 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ согтуу ирээд унтаж байтал манай эхнэр захаас ажлаасаа ирээд цагдаа дуудаад өгчихсөн, тухайн өдөр бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан гараагүй, би он сар өдрийг нь санахгүй байгаач ойр ойрхон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ ирээд эхнэртэй маргалдаад гар, хөл рүү нь удаа дараа цохиж байсан. Би хүү Тын биед ямар нэгэн байдлаар халдаж, цохиж байгаагүй. Манай эхнэр Д.Б миний биед халдаж, зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Б.Г, хохирогч Д.Б нар нь 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэснийг Увс аймгийн Малчин сумын 2008 оны гэрлэлтийн бүртгэлийн 16-т бүртгэсэн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 109 дэх тал)-гаар нотлогдож байх тул албан ёсоор гэр бүл болсон эхнэр, нөхөр гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна” гэж заасан тул эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Д.Бг байнга буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зүүн гарын булчин хэсэгт цохисон, 09 дүгээр сарын 25, 26-ны үед элэгдэж, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон, мөн 12 дугаар сарын 21-ний өдөр гар, тохой хэсэгт 2-3 удаа цохисон үйл баримтууд тогтоогдож байна.
Хүнийг цохих, чимхэх, хазах, түлэх, дааруулах, хөлдөөх, зулгаах, амьсгал боогдуулах гэх мэт хүний бие махбодод өвдөлт, зовуурь мэдрүүлсэн бүхий л үйлдлийг бие махбодын хүчирхийлэлд хамааруулж ойлгох бөгөөд цохих буюу зодох нь бие махбодын хүчирхийллийн нэг л хэлбэр юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь “Байнга” гэдэг шинжээр тодорхойлогдох бөгөөд “байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь тухайн үйлдлүүдийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан эсхүл оногдуулж болох зөрчил давтагдах зүй тогтлоороо нийгэмд аюултай үзэгдлийг гэмт хэрэгт шилжүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг онцлогтой.
Шүүгдэгч Б.Гыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Бг байнга буюу 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зүүн гарын булчин хэсэгт цохисон, 9 дүгээр сарын 25,26-ны үед элэгдэж, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон, мөн 12 дугаар сарын 21-ний өдөр гар, тохой хэсэгт 2-3 удаа цохисон 3 удаагийн үйлдэл байнгын шинжийг агуулсан байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан аливаа үйлдлийг бие махбодын хүчирхийлэл гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Бг байнга буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зүүн гарын булчин хэсэгт цохисон, 09 дүгээр сарын 25, 26-ны үед элэгдэж, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон, мөн 12 дугаар сарын 21-ний өдөр гар, тохой хэсэгт 2-3 удаа цохисон 3 удаагийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр буюу хохирогч Д.Бг байнга буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр зүүн гарын булчин хэсэгт цохисон, 09 дүгээр сарын 25, 26-ны үед элэгдэж, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон, мөн 12 дугаар сарын 21-ний өдөр гар, тохой хэсэгт 2-3 удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б нь “Манай нөхөр гэм буруугаа ойлгоод ухаарч, архинаас гарах эмчилгээ хйилгэсэн. Сүүлийн 3 сар ажиглахад гэр бүл архигүй, амар тайван, гоё орчинд амьдарч байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбар, мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Манай аав 80-тай өндөр настай хүн эмнэлэгт хэвтэх гээд бид 2 эмнэлэгээр үзүүлээд явж байгаад ирлээ. Өндөр настай аав хөдөө байдаг. Манайх хөдөө малтай би байнга хөдөө явдаг. Манай малчин айл нүүгээд, би өглөө хөдөө яваад 2 хүүхдээ хүргэчээд ирсэн. Надад тэнсэн харгалзах ял, мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэж хүсэх байна гэх тайлбар, мэдүүлэг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Г урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал)-аар тогтоогдсон
Шүүгдэгч Б.Гын хувийн байдлын талаар: Гэрч Л.Бын өгсөн: “Б.Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггэр бүлдээ чухам ямар харилцаатай байдаг талаар мэдэхгүй байна. Ах дүү хамаатан садан дундаа энгийн харьцаатай, ямар нэгэн муу зүйл муу зуршил гэх зүйлгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал), Гэрч Ч.Бгийн өгсөн: “Би тухайн хүнийг багийн засаг даргын үүднээс оршин суугч гэх утгаар таньж, мэднэ, өөрөөр ямар нэгэн ах дүү төрөл садангийн холбоо хамаарал гэх зүйл байхгүй. Тухайн хүн надаас оршин суугчийн багийн засаг даргын тодорхойлолт авч байсан нийтэч, төлөв даруу зан төрхтэй харагдсан, тухайн хүнийг архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх талаар ямар нэгэн зүйл сонсож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал), Гэрч Г.Эын өгсөн: “Гэр бүлээрээ хувийн бизнес эрхэлж, зах дээр зогсдог бөгөөд зан байдлын хувьд төлөв даруу зантай, ямар нэгэн хорт зуршил байхгүй, хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийнхээ төлөө ажил хийж, хувиараа зах дээр бараа зарж зогсдог. Сүүлийн үед архи согтууруулах ундаа хэрэглэхээ болиод удаж байгаа шинээр байранд орж гэр бүлээрээ амьдарч байгаа ах дүү хамаатан садан дотроо нэр хүнд сайтай хүн байгаа юм. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвдөж зовиурлах зүйл байхгүй, эрүүл саруул биетэй хүн юм ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал) -үүд авагдсан байна.
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 00-ын өрөөнөөс гараад ирэхэд манай хүүТ уйлж байсан бөгөөд яагаад уйлсан юм бэ гэхэд миний гитар аваад шидчихлээ аав гэж надад хэлсэн. Тэгээд би нөхрийг болкон дээр байгааг хараад дургүй хүрээд дотроос нь цоожилчихсон тэгтэл 2-3 удаа цонх цохихоор нь онгойлгоход гарч ирээд яагаад хүн цоожлоод байгаа юм гэж хэлээд миний гар, тохой хэсэгт 2-3 удаа цохиод өнгөрсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал)-ээр 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хохирогчийн гар, тохой хэсэгт 2-3 удаа цохисон үйлдэлд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Б.Гад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Гад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Гад хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Гад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ