| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 150/2017/00200/И |
| Дугаар | 16 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 16
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 150/2017/00200/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид С.Энхжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 13 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Орхон сумын ******* ******* *******д холбогдох “Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3.314.182 төгрөг гаргуулах, эрүүл ******* даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1999 онд Анагаах ухааны коллеж төгсөөд 18 жил тасралтгүй эрүүл ******* байгууллагад ажиллаж байна. Ингэж ажилласныг маань үнэлж байгууллагын аварга, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, эрүүл ******* яамны жуух бичиг зэргээр шагнаж байсан. Маш их ачаалалтай ажиллаж ирсэн. Уламжлалтын бага эмч, диспансер давхар хийдэг байсан. Хүмүүс Солонгос яваад 3 сар ажиллаад мөнгө төгрөг олоод ирж болдог юм байна гээд яриад байхаар нь би ч бас визээ мэдүүлбэл гарчих юм болов уу? гээд цалинтай, цалингүй чөлөө авч материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд виз гарсан. Би даргадаа өөрийнхөө амьдралын тухай яриад өндөр зээлтэй, 5 ам бүл тэжээж байгаагаа хэлээд бага сага ч гэсэн төгрөг олж амьдрал ахуйдаа нэмэрлэнэ гэж хэлээд чөлөө авсан. Тэгэхэд намайг орондоо ажиллах хүнээ ол гэхээр нь би 2, 3 эмч рүү ярихад хүүхэд харах хүнгүй байна гэсэн. Тэр хооронд ажлаас халсан гэсэн л хариу өгсөн. Сануулах болон цалингийн арга хэмжээнд орж байгаагүй. Намайг өөрт мэдэгдэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Ажилдаа эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл ******* даатгал төлүүлэх хүсэлтэй байна... гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын ******* ******* *******ийн дарга А.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа:
...******* нь 06-р сарын 01-ний өдөр виз мэдүүлэх гэсэн юм гээд чөлөө аваад Улаанбаатар хот яваад ирье гэсэн. Тэгээд дараагийн өдөр нь мөн ажилдаа ирээгүй. Тэрний дараагийн өдөр нь цалингүй чөлөө аваад явсан. Өөрөө “би явж ч магадгүй, явахгүй ч байж магадгүй” гэж ярьж байсан. Хэрвээ явах байсан бол надтай эртнээс ярилцах хэрэгтэй байсан. Тэгж ярилгүй байж байгаад 06 сарын 20-ны үед ирээд виз гарчихсан тийзээ захиалчихсан гэж орж ирсэн. Тэр үед ажил төрлөө зохицуулаагүй, эмч нар хүрэлцээгүй байсан. Хэрвээ эртнээс хэлсэн байсан бол амарч байгаа эмчээ амраахгүй байж байгаад эхлээд ******* эмчийг амруулаад зохицуулах боломж байсан. Хэрвээ ингэж зохицуулсан бол ямар ч асуудал гарахгүй байсан. ******* нь 6-р сарын 21-ний өдөр амралтаа урагш нь татуулж амраад үргэлжлүүлээд 01 сарын цалингүй чөлөө авах тухайгаа өргөдөл бичиж өгсөн. 22, 23-ны өдөр манайх сургалттай байсан юм. Тэрэнд ******* “би явахгүй” гэж байгаад арай гэж явсан. Тэгээд ирсэн өдрөө дуудлагатай байж байгаад дуудлагадаа ч явалгүй утсаа унтраагаад яваад өгсөн. Залгахад утсаа авахгүй, ажил ч хүлээлцээгүй алга болсон. Манай байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар ажлаа таслах нь захиргааны санаачилгаар халах зөрчилд тооцогдох учраас ажлаас халсан... гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 13 дугаартай шийдвэрээр:
-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын ******* ******* *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3.314.182 төгрөг гаргуулах, эрүүл ******* даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал болон мэтгэлцээний явцад зөв дүгнэлт гаргаж нотлох баримтыг үнэлэлгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргалаа гэж нэхэмжлэгч би үзэж гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт шүүх шийдвэртээ “******* чөлөө олгосон тушаал гараагүй байхад ажлаа орхиж явсан үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдож байна” гэж үзэж шүүх шийдвэрээ гаргасан байна. Гэтэл миний бие санаатайгаар ажлаа шууд таслаад явсан зөрчлийг гаргаагүй бөгөөд харин 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ээлжийн амралт болон ажлаас чөлөө олгож өгөхийг хүссэн хүсэл сонирхлоо илэрхийлж өргөдлөө албан ёсоор бичгээр гаргаж өгөөд явсан. Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажилтан хүсэл сонирхлоо илэрхийлсэн тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх тушаал шийдвэрийг ажил олгогч өөрөө гаргах үүрэгтэй байдаг.
Гэвч ажил олгогч миний өргөдлийг шийдэж ээлжийн амралт болон чөлөө олгосон эсэх талаараа ямар ч тушаал шийдвэр гаргалгүй намайг тодорхойгүй нөхцөл байдалд оруулсан юм. Иймд би өргөдлөө өгсөн тул ажил олгогч ажилтныхаа ахуй амьдрал, нөхцөл байдлыг ойлгоод чөлөө олгоно гэдэгт нь итгээд ажил хийж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох, их хэмжээний зээлээ төлөхөд нэмэр болох зорилгоор хүний газар луу явсан. Гэтэл шүүх энэ үйлдлийг минь ажлаа шууд санаатайгаар орхиод таслаад явсан хүнийхтэй адилтгаж үзэж ажил олгогчийн шийдвэрийг зөвтгөсөнд би гомдолтой байна.
Хоёрдугаарт шүүх шийдвэртээ “Ажил олгогч нь ажлаас халах шийдвэрийг 6 сарын дотор ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хуулийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж миний бие үзэж байна. Би ажлаас чөлөө олгохыг хүссэн өргөдлөө 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргаад 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Солонгос улс руу явсан бөгөөд ажил олгогч намайг ажлаас халах шийдвэрийг намайг ирсний дараа буюу би ажилдаа орох хүсэл сонирхлоо илэрхийлсний дараа 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугээр зүйлийн 131.2-т ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасныг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулах тухай богиносгосон хугацааг заасан байхад шүүх тус хугацааг хэрэглэхгүйгээр уртасгасан хугацаа хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд би гомдолтой байна.
Ажил олгогч намайг ажлаас чөлөө хүссэн өргөдлөө өгөөд явахад ажлаас халахгүй 3 сар байлгасан атлаа ирсний дараа халаад байгаа шалтгаан нөхцөлийг би ойлгохгүй байна. Надад Солонгост байхад 2017.07.25-нд “кккк таны амьдралын асуудлыг шийддэг хүн би бишээ, таныг ажлаас халсан” гэсэн мэссэж илгээж байсныг бодоход манай эрхлэгчид үнэхээр субъектив сонирхол байсныг үгүйсгэх аргагүй юм. Хэрвээ хугацаа зааж тэдний дотор ирж ажилдаа ор тэгэхгүй бол ажлаас халлаа гэж хэлж сануулсан байсан бол надад гомдох зүйл байхгүй байсан. Түүнээс биш хөдөө хээр гээд хүн ирж ажилладаггүй, ажилтан хайгаад олдоггүй, байнгын орон тоо дутуу байдаг манай суманд олон жил ажиллаж амьдарч *******хнөсөн намайг заавал ажилгүй болгох шаардлага манай эрхлэгчид байгаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зөрчсөн, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнд ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэн ажлаас халсан нь болон түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Ээлжийн амралт, захиргааны чөлөө олгох асуудал нь хөдөлмөрийн хууль, дотоод журамд заасны дагуу эрх зүйн акт буюу тушаал гарснаар хэрэгжих учиртай. Харин өргөдлөө гаргасан гээд тушаал гараагүй байхад мэдэгдэлгүйгээр ажлаа тасалж, хаяж явсан үйлдэл нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон юм.
Хөдөлмөрийн дотоод журамд 3.3-ын “С” заалтад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгасан байдаг.
******* нь ээлжийн амралтын болон захиргааны чөлөө олгох тушаал гараагүй байхад дур мэдэн ажлаа орхиод явсан бөгөөд нийтдээ 56 хоног буюу 448 цагийн ажил тасалж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. ******* нь Солонгос улс руу явж ажиллах саналаа илэрхийлж, ээлжийн амралт дээрээ нэмж захиргааны чөлөө авья гэж хүсэлтээ гаргаснаас бус ээлжийн амралт, чөлөө олгох асуудал нь шийдвэрлэгдээгүй, тушаал гараагүй, ажлаа хүлээлцээгүй, орны хүн нь томилогдоогүй байхад шууд ажлаа орхиод явсан үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдож байгаа тул түүнийг ажлаас халсан нь үндэслэлтэй юм.
2. Хөдөлмөрийн тухай хуулинд ажилтан жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх эрхтэй гэж заасан хэдий ч аж ахуйн нэгж, байгууллага нь ээлжийн амралтын хувиарыг нь гаргаж, энэ хувиарынхаа дагуу ажилтан нартаа ээлжийн амралтыг тушаал гаргаж биеэр нь эдлүүлдэг. Үүний дагуу ******* 8 дугаар сард ээлжийн амралт эдлэх хувиартай байсан байна.
Нэхэмжлэгч нь захиргааны чөлөө аваад явсан гэж нэхэмжлэлдээ болон гомдолдоо тусгасан нь үндэслэлгүй бөгөөд чөлөө өгөөгүй тушаал гараагүй ажлыг нь орлон ажиллах хүн томилогдоогүй, ажил хүлээлцээгүй байхад урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлаа хаяад явсан нь тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. ******* нь “намайг ажилдаа ирээгүй хугацаанаас хойш 3 сарын дараа ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлгүй” гэж маргаж байна. Ажил олгогч ажилтныг ажилд эргэн ирсэн хугацаагаар зөрчил гаргасан хугацааг тогтоож, сахилгын зөрчил ногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын ******* ******* *******д холбогдуулан “ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл ******* даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын ******* ******* *******д багийн бага эмчээр ажиллаж байсан бөгөөд тус *******ийн даргын 2017 оны 10 сарын 12-ны Б/44 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Ажлаас чөлөөлсөн Б/44 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 6.1.в, 6.7-ын 3-т заасныг баримтлан ажилтан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчин удирдах албан тушаалтантай зөвшилцөлгүйгээр ажлын байрыг ажлын 56 хоног орхигдуулж, нийт 448 цагийн ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.
Ажилтан ******* нь хувийн шалтгаанаар Солонгос улс руу зорчих болсон гэсэн үндэслэлээр ээлжийн амралтаа баталсан хуваариас урьд 2017 оны 06 сарын 25-ны өдрөөс 08 сарын 08-ны хооронд авч үргэлжлүүлэн 09 сарын 15-ны өдрийг хүртэл ажлаас чөлөө хүсэх тухай өргөдлийг ажил олгогчид гаргасан байх ба ажил олгогч өргөдлийг хүлээн авч “хүний нөөцийн хүрэлцээ муу байгаа гэсэн үндэслэлээр чөлөө олгох боломжгүй” тухай хариуг ажилтанд мэдэгдсэн, ажил олгогчоос албан ёсоор чөлөө олгоогүй гэдгийг мэдсээр байж ажилтан ажлын байраа орхин улмаар 3 сарын хугацаагаар Солонгос улс руу явсан нь хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон ажилтны ажил олгогчид гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Байгууллагын дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.
Ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг цуцалсан нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.3 С, Байгууллагын дотоод журмын 6.7-д “урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын 8 буюу түүнээс дээш цагаар ажил тасалсан...” бол ноцтой зөрчилд тооцож гэрээг цуцална гэснийг зөрчөөгүй байх ба ******* нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, энэ үндэслэлээр нь ажил олгогч ажилтныг халсан нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ тайлбарлахдаа ажил олгогчид Солонгос улс руу зорчих болсноо мэдэгдсэн, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасныг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулах” тухай заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь удаан хугацаагаар Солонгос улсад зорчих тухайгаа ажил олгогчид мэдэгдсэн боловч ажил олгогчийн зүгээс чөлөө олгох боломжгүй тухай хариу мэдэгдсэн, ажлаас чөлөөлсөн тухай тушаал гараагүй байхад ажлаа орхисон нь ажлаа тасалсан гэж үзсэн нь үндэслэлтэй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “ажил олгогч нь сахилгын зөрчил гаргасныг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна” гэж заасан боловч ажилтны ажлаа тасалсан үйлдэл нь 2017 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл хугацаагаар үргэлжилсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар түүний давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН