Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 128/шш2021/0809

 

 

 

 

 

  2021              12               01                                            128/ШШ2021/0809      Улаанбаатар хот

  Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “С” ГХОХХК

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “...Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай” тогтоолын “Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах” гэсэн шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д/цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “С” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 7 өдөр 445 тоот тогтоол гарч, энэ тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад зорилтот өөрчлөлт оруулах тухай гэсэн тогтоол гаргаж нэхэмжлэгчийн маргаж буй шаардлагад өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр өмнө нь цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2021 оны мөрдөж ажиллах зорилтын 3 дугаар мөрөнд байсан Эрчим хүчний зохицуулах хорооноос сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн тарифт аудит хийж гаргасны зөвлөмжийн дагуу нар, салхин цахилгаан станцын хөрөнгө оруулалтын өгөөж болон нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 зүйлийн 11.7-д заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдах тарифт өөрчлөлт оруулах саналын 2021 онд багтаан хянаж батлуулах гэсэн заалтыг өөрчлөөд цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах гэж өөрчилсөн.

Өмнө нь маргаж байгаа шаардлага дээр 40 оноо байсан бол 20 оноо болгож өөрчилсөн. Өөрчлөгдсөн тогтоолтой холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс бол нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа. Учир нь шинээр оруулж ирсэн шаардлагад цахилгааныг хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн үйлдвэрлэх гэсэн шаардлага тавьж байгаа. Хамгийн бага өртгийн шалгуур гэдгийг юу гэж ойлгох бэ гэдэг нь Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм зэрэгт бол тодорхойгүй байдаг юм байна.

Үүнийг тодруулахаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахаар албан бичиг өгсөн ба хариуд нь тухайн шаардлагыг аж ахуйн харилцааны дүрмийн 6.8.2.11-т заасны дагуу батлагдсан тарифт тусгагдсан заалтыг үр ашигтай зарцуулж ажиллах аргачлалаар дүгнэдэг гэсэн тайлбар өгсөн байгаа. Тухайн аргачлал нь шинээр оруулж ирсэн шаардлагыг дүгнэх аргачлал огт биш, хамааралгүй гэж үзэж байгаа. Аж ахуйн харилцааны дүрмийн хавсралтаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчийн шаардлага гээд батлагдсан байгаа юм. Тус 7 шаардлагын 7-д нь эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тарифт тусгагдсан зардлыг хэтрүүлэхгүй ажиллах гэж байгаа бол 2-д цахилгаан дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник технологийн шаардлага хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай үр ашигтай явуулах гэж байгаа.

Өөрөөр хэлбэл зохицуулах хорооноос шинээр батлагдсан шаардлагыг үнэлнэ гэж байгаа аргачлал нь 2 төрөлд хамаагүй 7 дугаар төрөлд заасан өөрийнх нь шаардлагыг үнэлэх үнэлэмж байгаа. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй байгаа юм. Огт өөр зүйлийг үнэлэх юмыг Эрчим хүчний зохицуулах хороо энэ зүйлийг үнэлнэ гэсэн тайлбар өгөөд байгаа гэж хараад байгаа.

Хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн цахилгаан үйлдвэрлэх гэдэг нь хууль болон холбогдох журамд тодорхой заагаагүй. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос өөрийн үзэмжээр хамгийн бага өртгийн шалгуур гэдэг нь хамгийн бага тариф юмаа гэж тайлбарлах эрсдэл байна. Эрчим хүчний зохицуулах хорооны анх тавьж байсан шалгуур нь та нар тарифаа буулга, танай батлагдсан тариф өндөр байна гэсэн зүйл ярьдаг.

Эрчим хүчний зохицуулах хороо энэ тарифыг анх тусгай зөвшөөрөл авахад өөрсдөө баталж өгсөн. Одоо болохоор танай тариф өндөр байна тарифаа буулга гэсэн шаардлага тавиад байгаа. Тэрийг нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад өөрчилж оруулж ирж байгаа шаардлага нь болохоор хамгийн бага өртөгт үнэлэх нь эрчим хүч үйлдвэрлэ гэсэн шаардлага оруулж ирж байгаа.

Хамгийн бага тарифаар тарифаа буулгаад хамгийн бага тарифаар эрчим хүч үйлдвэрлэх хоёрыг адилхан гэж хараад байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөн үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьдаг билээ.

Тус хорооны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “С” ГХОХХК-д цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгсөн. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нөхцөл, шаардлагын биелэлтийг жил бүр дүгнэж, түүнийг шинэчлэн тогтоож ирсэн.

Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих үүргийн хүрээнд Хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6 дугаар зүйлд заасны дагуу 2020 онд “С” ГХОХХК-д тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг Дунд үнэлгээгээр дүгнэж, 2021 онд мөрдөж ажиллах нөхцөл, шаардлагын зорилтыг шинэчлэн тогтоож өгсөн.

Эрчим хүчний тухай хууль болон Хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-д заасан бүрэн эрхийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэж, нөхцөл шаардлагын зорилтыг шинэчлэн тогтоож өгдөг. Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасны дагуу энэхүү шинэчлэн тогтоож өгсөн нөхцөл, шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дагаж мөрдөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ГХОХХК-ийн 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 361 тоот тогтоолын хавсралтаар таван зорилт тогтоож өгсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2021 онд багтааж тарифт өөрчлөлт оруулах санал ирүүлэх зорилтод нь өөрчлөлт оруулж 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 445 дугаар тогтоолоор цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагаа техник, технологийн шаардлага хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай үр ашигтай явуулах гэдэг заалтаар сольж оноог нь бууруулж тогтоосон.

Манайх энэ өөрчлөлтийг яагаад хийсэн бэ гэхээр тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэмд заасны дагуу тус дүрмийн хавсралтад заасан цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын долоон шаардлага байгаа. Энэ долоон шаардлагаас Эрчим хүчний зохицуулах хороо, Аж ахуйн харилцааны дүрмийн 5.3, 5.4, 5.5-д заасны дагуу жил бүрийн үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтүүдийг харгалзан жил бүр тогтоодог зохицуулалт байгаа.

Энэ зохицуулалтын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо “С” ГХОХХК-ийн 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоосон. Тогтоохдоо одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу энэ зорилтуудыг тогтоосон. Энэ зорилтын 7 дугаар зүйлд “Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагдсан тарифт тусгагдсан зардлыг хэтрүүлэхгүй ажиллах” гэдэгт хамаарч байна гэж үзсэн. Гэтэл 2021 оны зорилтыг тогтоосон 361 дүгээр тогтоолын хавсралтыг харвал тухайн батлагдсан тарифт нийцүүлж ажиллах гэдэг зорилт байхгүй. Өөрөөр хэлбэл манайх “С” ГХОХХК-ийн жил болгон үйл ажиллагааных нь үзүүлэлтүүдийг харгалзаж үзээд тэр долоон үзүүлэлтүүдээс нь алийг нь авах бэ, алийг нь авахгүй бэ, Алийг нь тус компани энэ жил хэрэгжүүлэх ёстой юм. Үүнийх нь дагуу ямар ажил хийх ёстой гэдгийг бид нар энэ зорилтуудаараа тусгаж өгч байгаа.

Иймд бид тогтоолд өөрчлөлт оруулсан. “С” ГХОХХК нь өмнө нь өндөр үнэтэй батлагдсан. Тэр нь аудитын дүгнэлтээр “С” ГХОХХК-ийн тарифыг бууруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн. Энэ нь хэрэглэгчид очиж байгаа үнэ нь үүнээс шалтгаалаад нөлөөлөл их байгаа учраас бид нар бууруулах арга хэмжээ аваач, тарифаа бууруулах арга зам юу байна гэж маш олон удаа нэхэмжлэгчид албан бичиг өгч, тохиролцох арга хэмжээг авсан боловч тэр тал дээр ахиц гараагүй учраас манайх 2021 оны зорилтод оруулсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар манайх одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд буюу Аж ахуйн дүрэмд заасны дагуу хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай үе шаттай явуулах гэдэг шаардлагаар өөрчилсөн нь одоогийн мөрдөж байгаа Аж ахуйн дүрэм болон хууль тогтоомжид нийцэж байгаа.

Хамгийн бага өртгийн шалгуур гэдгийг бид ор үндэслэлгүй зүйл гаргаж ирээд тавьсан зүйлгүй. Энэ нь Эрчим хүчний тухай хуульд тусгагдсан зохицуулалт байгаа. Тухайлбал Эрчим хүчний тухай хуулийн 9.1.5-д “эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох” гэж заасан ба Эрчим хүчний хорооны бүрэн эрхийн асуудал байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.7-д “эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх” гэж хуульд заасан үндэслэлийнхээ дагуу холбогдох Аж ахуйн харилцааны дүрэмд тусгаж өгсөн зохицуулалт байгаа. Энэ нь ямар нэгэн байдлаар хуулиас давж тогтоосон зохицуулалт биш.

Нэхэмжлэгч нь хамгийн бага тарифаар үйлдвэрлэх гэж тайлбарлаж эрсдэлтэй байна гэж үзээд байгаа. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс та бүхэн зардлаа бага байлга, зардал бага байлгах юм бол үүнийгээ дагаад бусад нөхцөл байдал чинь эерэг нөлөө үзүүлэх юм. Тийм учраас зардал бага байх тал дээр анхаарч ажиллаарай гэдэг үүднээс энэ зохицуулалтуудыг оруулж өгсөн. Шинээр оруулсан хамгийн бага өртгийн зарчим шалгуурт нийцүүлэн гэж байгаа. Тэрнээс хамгийн бага өртгөөр үнэ тарифын асуудлыг зохицуул гэдэг асуудал биш. Хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай үр ашигтай ажил. Бид нар ашиггүй ажил гээгүй. Үр ашигтай ажил. Гэхдээ зохих хэмжээнд хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуул гэдэг шаардлага байгаад байгаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаар тогтоол нь хуульд нийцэж, хууль ёсны дагуу гарсан. Ямар нэгэн хууль зөрчсөн, хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “С” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаарийбуу тус шүүхэд хандаж “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 сарын 20-ны өдрийн 361 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилт”-ын 3 дахь хэсэгт заасан “Тарифт өөрчлөлт оруулах санал гаргах” тухай зорилт буюу шалгуур үзүүлэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай” тогтоолын “Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах” гэсэн шаардлагыг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн, энэ өөрчилсөн шаардлагаа шүүх хуралдааны явцад “...хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар тодруулсан, энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 тоот тогтоолоор олгосон Эрчим хүч үйлдвэрлэх 01/2017 дугаар тусгай зөвшөөрөлтэй, мөн тус хорооны 2015 оны 10 сарын 15-ны өдрийн 268 дугаар “Тариф батлах тухай” тогтоолоор “С” ГХОХХК-ийн нарны цахилгаан станцаас цахилгаан үйлдвэрлэн нийлүүлэх тарифыг 16.5 ам.цент/кВт.ц-аар баталж, уг батлагдсан тарифыг тус компанийн нарны цахилгаан станц цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн өдрөөс эхлэн 20 жилийн хугацаанд мөрдөхөөр тогтоосон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компани нь Диспетчерын үндэсний төв ТӨХК-тай байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 10МВт-ын хүчин чадал бүхий Дархан нарны цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчээ нэгдсэн сүлжээнд тасралтгүй нийлүүлж байгаа гэх ба эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар хурлын тэмдэглэлээс үзвэл “С” ГХОХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн 2020 оны зорилтын биелэлтийг “дунд” гэж дүгнэх, 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоох тухай тогтоолын төслийг зохицуулагчдын 100 хувийн саналаар баталсан, хорооны мөн өдрийн 361 дүгээр “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг дүгнэж, шинэчлэн тогтоох тухай тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.4, 6 дугаар зүйлийн 6.2, 6.7 дахь хэсгийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “С” ГХОХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтын биелэлтийг “Дунд” үнэлгээгээр дүгнэсүгэй” гэж, 2 дахь заалтаар “Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтыг хавсралтын ёсоор баталсугай” гэж шийдвэрлэж, уг тогтоолын хавсралтаар баталсан “Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилт” 1-д “Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг осол, аваар, сааталгүй явуулах. Тасралтыг өмнөх оны гүйцэтгэлээс бууруулах”, 2-т “Нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг тарифт тооцсон хэмжээнд мөрдөж ажиллах”, 3-т “ЭХЗХ-ноос сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийн тарифт аудит хийж гаргасан зөвлөмжийн дагуу нар, салхин цахилгаан станцын хөрөнгө оруулалтын өгөөж болон нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11.7-д заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдах тарифт өөрчлөлт оруулах саналыг 2021 онд багтаан хянуулж, батлуулах” гэж тус тус шинэчлэн тогтоосон байна.

Нэхэмжлэгч нь уг хавсралтын 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 445 дугаар бүхий “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дахь хэсгийг тус тус үндэслэн гаргасан ба уг тогтоолын 1 дэх заалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 361 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “С” ГХОХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтын 3 дугаар мөрөнд байгаа “ЭХЗХ-ноос сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдийг тарифт аудит хийж гаргасан зөвлөмжийн дагуу нар, салхин цахилгаан станцын хөрөнгө оруулалтын өгөөж болон нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11.7 дахь заалтад заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдах тарифт өөрчлөлт оруулах саналыг 2021 онд багтаан хянуулж батлуулах” гэсэн заалтыг “Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах” гэж өөрчилсүгэй гэж”, 2 дахь заалтаар “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 361 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “С” ГХОХХК-ийн цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2021 онд мөрдөж ажиллах зорилтын 1 дүгээр мөрөнд байгаа “15 оноо”-г “20 оноо”гэж, 2 дугаар мөрөнд байгаа “25 оноо”-г “30 оноо” гэж, 3 дугаар мөрөнд байгаа “40 оноо”-г “20 оноо” гэж 5 дугаар мөрөнд байгаа “10 оноо”-г “20 оноо” гэж тус тус өөрчилсүгэй” гэж шийдвэрлэсэн, үүнтэй уялдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 тоот “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөл оруулах тухай” тогтоолын “Цахилгаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах” гэсэн шаардлагыг хүчингүй болгох” гэж өөрчлөн, улмаар шүүх хуралдааны явцад  “хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар тодруулсан болно.

Түүнчлэн “...хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хамгийн бага өртгийн шалгуурт цахилгаан үйлдвэрлэх” гэснийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй буюу Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид ЭХЗХ гэж товчлох/-оос хамгийн бага өртгийн босго шалгуур эсхүл зардлын хязгаарыг батлаагүй тул хороо өөрийн үзэмжээр тус шаардлагыг хамгийн бага тарифаар цахилгаан үйлдвэрлэх гэсэн байдлаар тайлбарлаж, дүгнэх эрсдэл үүсгэж байна...” гэж тодорхойлон маргав.

Эрчим хүчний тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж, 9.1.5-д “эрчим хүчний хэрэглээг хамгийн бага өртгөөр хангах чадавхийг бүрдүүлсэн, зохих ашгийн түвшин бүхий үнэ, тарифын тогтолцоог бий болгох;” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Тариф тогтоохдоо дараахь зарчмыг баримтална:”, 26.2.7-д “эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх”гэж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 4 сарын 11-ний өдөр 181 тоот тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 1.1-д “Эрчим хүчний тухай хуулийн 12.1-д заасан эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нөхцөл, шаардлага тогтоох...хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино” гэж, мөн дүрмийн 5.1-д Эрчим хүчний зохицуулах хороо нь хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл олгохдоо Эрчим хүчний тухай хуулийн 9.1.3 дахь заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төрөл тус бүрээр нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Нөхцөл, шаардлагын хавсралтаар үндсэн тоноглолын үзүүлэлт, үйлчлэх хүрээг тогтооно” гэж, 5.4-т Нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, Эрчим хүчний тухай хуулийн 12.1.1-12.1.10, 12.1.12 дахь заалтад заасан тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд мөрдөж ажиллах зорилтыг хяналт шалгалтын тайлан, үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтүүдийг харгалзан жил бүр тогтоож болно”, мөн дүрмийн 6.2-т “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухай оны зорилтын биелэлтийг жил бүрийн 4 дүгээр сард багтаан Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцэн дүгнэнэ” гэж, заан улмаар дүрмийн хавсралтын 2-т “Цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн шаардлага-Цахилгаан, дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааг техник, технологийн шаардлага, хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн найдвартай, үр ашигтай явуулах” гэж тус тус заажээ.

Хууль болон дүрмийн дээр дурдсан заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн 2021 оны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай” тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн” гэсэн хэсэг нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон эрх хэмжээнд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт байх бөгөөд тухайн захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “."нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” , мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-д “захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.

Хуулийн, дээрхи заалтаас үзвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдсон нөхцөлд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох учиртай бөгөөд тухайн тохиолдолд “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 тоот “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөл оруулах тухай” тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн” гэсэн хэсэг хууль бус болох нь тогтоогдоогүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.  

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/1196 дугаар бүхий “Аудитын зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг, түүний хавсралт болох “Дотоод аудитын тайлан”-гаас үзвэл уг тайлангийн “Тав.Хэрэглэгчийн тарифт үзүүлж буй нөлөөлөл” хэсэгт “Хорооны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар “С” ГХОХХК-ийн тарифын саналыг хэлэлцэх үед хэрэглэгчид үзүүлэх тарифын нөлөөллийг 0.87 кВт.ц төгрөг байхаар тооцоолж байсан бол 2018 оны гүйцэтгэлээр уг нөлөөлөл 1.30 кВт.ц төгрөг болж 49.4 хувиар нэмэгдсэн байна” гэж дүгнэжээ.

Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь Аж ахуйн харилцааны дүрэмд зааснаар нэхэмжлэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн шаардлагын хүрээнд мөрдөж ажиллах зорилтыг хяналт шалгалтын тайлан, үйл ажиллагааны доголдож байгаа үзүүлэлтүүдийг харгалзан тогтоосон нь уг дүрмийн 5.4-т заасантай нийцсэн, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Аудитын тайланг үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн” гэж тайлбар гаргасныг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “Энэ хуулийн 11.1-т заасан үнэ, тарифын хязгаарыг хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтооно” гэж заасан нь нэхэмжлэгчийн тухайд үйлчлэхгүй гэж тайлбарлан маргасны тухайд, хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь  нэхэмжлэгчээс явуулж буй үйл ажиллагаагаа “...хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн” явуулахыг заасан нь нэхэмжлэгчийн мөрдөж буй тарифыг өсгөх бууруулах үр дагаврыг шууд агуулахгүй, нийт зардлыг харгалзан үзэж дүгнэх ба өөрөөр хэлбэл тухайн зорилтыг хэрхэн яаж үнэлэх талаархи аргачлал нь батлагдсан тарифыг өөрчлөх буулгах үр дагавар үзүүлэхгүй талаар хариуцагч захиргааны байгууллагаас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/1076 дугаар албан бичгээр хариу өгснийг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.           Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримлан нэхэмжлэгч “С” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шгаас гаргасан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын зорилтод өөрчлөлт оруулах тухай” тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хамгийн бага өртгийн шалгуурт нийцүүлэн” гэснийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН