| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 110/2025/0085/3 |
| Дугаар | 221/МА2025/0248 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2025/0248
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэгийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэг
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Е.Г
Гомдлын шаардлага: Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ********* дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 110/ШШ2025/0004 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Р
Гомдол гаргагчийн өмгөөлөгч К.З
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Е.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э
Хэргийн индекс: 110/2025/0085/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэг нь Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Е.Г-т холбогдуулан “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ********* дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлага гаргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 110/ШШ2025/0004 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасныг баримтлан гомдол гаргагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэгийн гаргасан “Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ********* дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч К.З давж заалдах гомдолдоо:
“...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзээд давж заалдах гомдол гаргаж байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” нөхцөлд зөрчилд тооцож шийдвэрлэх хуулийн заалттай юм.
Зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан Баян-Өлгий аймгийн Мал эмнэлэг цэврийн оношилгооны лабораторийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дээж хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Шинжилгээний дүгнэлтийн хуудас” гаргасан 24-*** дугаар бүртгэлийн Шинжилгээний дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээж авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 24-*** бүртгэлийн дугаартай “Шинжилгээний дүнгийн хуудас” зэрэг Лабораторийн 2 удаагийн дүгнэлтэд дээж өгсөн махны эзэн /зөрчил гаргагч/ Д гэж тодорхой бичсэн байтал Эрх бүхий албан тушаалтан болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Өлгий сумын * дугаар цэцэрлэгийг холбогдогчоор тодорхойлж, шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэх заалтыг зөрчсөн, Баян Өлгий аймгийн Мал эмнэлгийн ариун цэвэр оношилгооны Лабораторийн гаргасан 24-436, 24-40* дугаартай Шинжилгээний дүгнэлтийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэх заалтыг зөрчсөн. Уг бүртгэлийн 24-436, 24-40* дугаартай хоёр төрлийн шинжилгээний дүгнэлт нь малчны нэр Д гэж шинжилгээнд өгсөн махны эзнийг тодорхой заасан байхад Өлгий сумын * дугаар цэцэрлэг холбогдогч байх үндэс, эрх зүйн үр дагавар байхгүй.
Өлгий сумын * дугаар цэцэрлэг нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа Д гэх хүнээс худалдан авсан махны дээжийг өгснөө гомдол гаргаж, Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч Е.Г-т гомдол гаргаж, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж, уг махны эзэн Д гэх хүн гэж зааж өгсөөр байтал Зөрчлийн хэрэг нээж шалгахдаа холбогдогч гэж тодорхойлсон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үйлдэл мөн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хун хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж заасан тул хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй байгаа мах нийлүүлсэн Д нь зөрчлийн хэргийн холбогдогч байх болно. Өлгий сумын * дугаар цэцэрлэг нь иргэн Д тус цэцэрлэгт худалдсан мах хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй муудсан мах байна гэж зөрчлийг өөрсдөө илрүүлж, иргэн Д-д арга хэмжээ тооцуулж, махыг буцаалгах гомдол гаргаж, эрх бүхий албан тушаалтад хандсан үйл баримт эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Зөрчил илрүүлсэн тухай тэмдэглэл, тогооч А-ын мэдүүлэг, дээж хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Өлгий сумын * дугаар Цэцэрлэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчлийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хун, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэсний дагуу Өлгий сумын * дугаар цэцэрлэг зөрчлийн хэргийн хохирогч юм. Гэтэл зөрчлийг шалган шийдвэрлэхдээ эрх бүхий албан тушаалтан болон шүүх хэргийн оролцогчийг буруу тодорхойлсон гэж гомдол гаргаж байна.
Өлгий сумын * дугаар Цэцэрлэгийн зүгээс “хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй, муудсан 173 кг махыг иргэн Д гэх хун худалдсан, эзэн холбогдогч Д-д хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэж тодорхой байдлаар, холбогдогчийг зааж гомдол гаргасан байхад Д-ыг огт шалгаагүй нь түүнд эрх бүхий албан тушаалтан давуу байдал олгосон, эсхүл хамаарал бүхий байна гэсэн хардалт төрүүлж байна. Мөн Мал эмнэлэг ариун цэврийн оношилгооны лабораторийн эрхлэгч С.Б, шинжээч эмч Р.Д нар тухайн махыг 24-*** дугаартай дүгнэлтээр сөрөг дүгнэлт гаргасан байхад нэг хоног өнгөрч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдол гаргаж, Өлгий сумын * дугаар цэцэрлэг гомдол гаргахад эерэг дүгнэлт гаргасан нь анхны шинжилгээний дүгнэлтийг иргэн Д-д үзэмжээр бичиж өгсөн, шинжилгээ хийлгүй бичсэн байх магадлалтай байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28.2-т “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж хуулиар хориглосон байхад Баян Өлгий аймгийн Мал эмнэлэг ариун цэвэр Оношилгооны лабораторийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийн 24-*** дугаартай Шинжилгээний дүгнэлт гаргасан шинжээч С.Б, шинжээч Р.Д нар нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан бүртгэлийн 24-*** дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж, шинжээчээр оролцсон нь хуулийг зөрчсөнөөс гадна хувийн сонирхолтой байна гэж гомдол гаргаж байна.
Ингэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль бус үйлдлийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан орон байранд прокурорын зөвшөөрлийн дагуу үзлэг хийнэ гэж, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт үзлэг хийх саналыг прокурорт хүргүүлэх”, 5 дахь хэсэгт “Прокурор үзлэг хийх ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг юм. Гэтэл эрх бүхий албан тушаалтан Е.Г нь Прокурорын зөвшөөрөлгүй үзлэг хийж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан үйлдэлд анхан шатны шүүх буруу дүгнэлт гаргасан юм.
Зөрчлийн хэрэгт холбогдуулан тухайн махыг Өлгий сумын * дугаар цэцэрлэгт худалдсан гэх Д-ыг огт шалгаагүй явдал нь хэргийг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн хэрэг бөгөөд тухайн хэрэгт Ды оролцоо буй эсэх, Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамтран оролцсон эсэх, түүний үйлдэлд шийтгэл оногдуулж болох эсэхийг шалгах шаардлагатай байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 110/ШШ2025/0004 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Өлгий сумын * дугаар Цэцэрлэгт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс “...Лабораторийн 2 удаагийн дүгнэлтэд дээж өгсөн махны эзэн /зөрчил гаргагч/ Д гэж тодорхой бичсэн байтал Эрх бүхий албан тушаалтан болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Өлгий сумын * дугаар цэцэрлэгийг холбогдогчоор тодорхойлж, шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэх заалтыг зөрчсөн” хэмээн маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэгээс “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан муудаж үнэр орсон, чанар аюулгүй байдал алдагдаж, хадгалалтын горим зөрчигдсөн 97 кг үхрийн мах байна” гэсэн мэдээллийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байна.
4. Энэ үйл явдалтай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газраас шалгалт явуулан, Өлгий сумын * дугаар цэцэрлэгийн:
4.1 Нярав Т.Б-ийн хувьд “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан. 173 кг мах авсан... Мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ байхгүй, МЭАЦ-ийн шинжилгээний бичиггүй байсан. Махны ерөнхий байдлыг үзсэн, мэдрэхүйн үзлэг хийгээгүй. Махыг хүлээж авахдаа тогооч А муу мах байна авахгүй гэж хэлсэн”[1] гэж,
4.2 Багш К.Б-ын хувьд “...2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр оройн хоолонд ногоотой, махтай будаатай хуурга өгсөн. Маргаашийн өдөр арга зүйчтэй хамт судалгаа өгч, 12 цагт ангидаа ирсэн үед хүүхдүүд хоол идэж байсан ба муудсан махны үнэр гарч байсан... Тогооч өнгө өөрчлөгдсөн, харласан мах байсан бид нарт хүчээр өгсөн”[2] гэж,
4.3 Эмч Т.Р-ийн хувьд “...Мах хүлээж авахад мэдсэн, шалгаж авч чадаагүй, шинжилгээний бичиггүй байсан. Гарал үүслийн гэрчилгээтэй мах авдаг гэдгийг мэднэ, тухайн өдөр гарал үүслийн гэрчилгээг шалгаагүй”[3] гэж,
4.4 Тогооч Х.А “...Тухайн махнаас 2 удаа хоол хийсэн, ...Б багш өчигдрийн махтай адилхан үнэр, амт байна. Махаа шинжилгээнд өгөөрэй гэж хэлсэн, ...няравтай хамт шинжилгээнд өгч үзье гэж хэлсэн, эмч Т.Р, нярав Т.Б завгүй гээд угаагч Е-тэй хамт ирж Мал эмнэлгийн газар махаа үзүүлсэн...” гэж тус тус мэдүүлсэн байна.
5. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тухай” тэмдэглэлээр[4] Өлгий сумын хүүхдийн * дугаар цэцэрлэгт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан үхрийн маханд мэдрэхүйн үзлэг хийхэд өнгө өөрчлөгдсөн, маханд үнэр орсон, хадгалалтын горим алдагдсан 97 кг мах байгааг илрүүлж, гэрэл зургаар баталгаажуулж, битүүмжилсэн гэж тэмдэглэл үйлдсэн байна.
6. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлэг ариун цэвэр оношилгооны лаборатори нь махны дээжийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталгаажуулан Шинжилгээний дүнгийн хуудсаар “Өвчтэй ба үхсэн малын махыг ялган тодорхойлоход шүүгдэс тунгалаг буюу бага зэрэг тундастай, өнгөний хувьд тод улаан, цайвар ягаанаас хүрэн хүртэл өнгөтэй, үнэрийн хувьд махны нэр төрөлд тохирсон анхилуун үнэртэй гэж дүгнэж, шинжилгээний стандарт үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Урвалын дүн сөрөг дүн үзүүлэв” гэх 24-*** дугаартай шинжилгээний дүгнэлт,
6.1 Мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталгаажуулан Шинжилгээний дүнгийн хуудсаар[5] “Өвчтэй ба үхсэн малын махыг ялган тодорхойлоход шүүгдэс цэлцгэнүүр маягийн бүлгэн үүссэн, өнгөний хувьд хар ногоон өнгө үүссэн, үнэрийн хувьд муудсан буюу өмхий үнэртэй гэж дүгнэж, шинжилгээний стандарт үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна. Урвал эерэг үр дүн үзүүлсэн” гэх 24-*** дугаартай шинжилгээний дүгнэлтийг тус тус гаргажээ.
7. Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Е.Г-аас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэгт муудсан мах байна гэх асуудлыг хуулийн дагуу шалгаж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ********* дугаар шийтгэлийн хуудсаар[6] Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь заалтын 3.1 дэх хэсгийг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэгт муудсан үхрийн мах хэрэглэн үйлчилсэн гэх зөрчилд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэгийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
8. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн”, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хүнсний сүлжээ гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг” гэж тус тус заасан.
9. Гомдол гаргагч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэг хоол үйлдвэрлэх зориулалтаар иргэнээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 173 кг махыг мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичиггүй байхад хүлээж авч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тухайн махаар хоол хийж цэцэрлэгийн хүүхдүүд болон ажилчдад үйлчилсэн болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
10. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар цэцэрлэг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж, хоол үйлдвэрлэх, түүний түүхий эд буюу махыг хүлээн авч, боловсруулахдаа хяналт, аюулгүй байдлыг хангахад шаардагдах үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас ийнхүү гэрчилгээ, шинжилгээний бичиггүй махыг хүлээн авч, хоол хийсэн нь зөрчилд хамаарахаар байна.
11. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28.2-т “Дахин шинжилгээ хийхэд анхдагч, эсхүл нэмэлт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулахыг хориглоно” гэж хуулиар хориглосон байхад Баян Өлгий аймгийн Мал эмнэлэг ариун цэвэр Оношилгооны лабораторийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бүртгэлийн 24-*** дугаартай Шинжилгээний дүгнэлт гаргасан шинжээч С.Б, шинжээч Р.Д нар нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан бүртгэлийн 24-*** дугаартай шинжээчийн дүгнэлт гаргаж, шинжээчээр оролцсон нь хуулийг зөрчсөнөөс гадна хувийн сонирхолтой байна” гэх давж заалдах гомдлын тухайд:
12. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн * дугаар цэцэрлэгээс махны дээжийг өгснөөр 24-*** дугаартай шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд ДА****, Баян-Өлгий, Өлгий, *-р баг, Х-аас махны дээжийг өгч 24-*** дугаар шинжилгээний дүгнэлт гарсныг яг тухайн цэцэрлэгт өгсөн, хадгалагдаж байсан махнаас өгсөн дээжид хийсэн шинжилгээ болохыг нотлохгүй байх тул улсын байцаагч 24-*** дугаар дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
13. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилын лабораторийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээний дүнгээр, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үхрийн махны дээжийг авч шинжилгээний дүнгээр[7] Лабораторийн эрхлэгч Б.Ф нь 6 үзүүлэлтээс 4 нь байх ёстой хэмжээнээс хэтэрсэн гэх дүнг гаргасан байна.
14. Дээрх шинжилгээний дүгнэлтүүдээр буюу тус цэцэрлэгт хэрэглэн, хадгалагдаж буй махнаас авсан шинжилгээгээр шаардлагад нийцэхгүй мах болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагч нь мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичиггүй махаар хоол хийж цэцэрлэгийн багш, ажилчид, хүүхдүүдэд хоол хийж өгсөн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож буй тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
15. Анхан шатны шүүхийн “...Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасан хуульд заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан болон үйлчилсэн зөрчлүүд нь өөр өөр зөрчил бөгөөд иргэн н.Д-ы тус цэцэрлэгт хүнсний эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах худалдсан гэх зөрчил нь Өлгий сумын * дугаар цэцэрлэгт хамааралгүй зөрчлийн өөр төрөл” гэх дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 110/ШШ2025/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4* дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА